| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2021/0079/Э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2021-02-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 84
2021 02 02 2021/ШЦТ/84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, хохирогч Ж.Д-, шүүгдэгч Б.У-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г овогт Б-ы У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010021611140 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Г овгийн Б-ы У,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У- нь Хан-Уул дүүргийн Рапид харш хотхоны 4 дүгээр байрны 45 тоот 1 өрөө байрыг өөрийнхөө байр гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 1 сарын 600,000 төгрөгөөр 6 сарын хугацаатай түрээслэн гэрээ байгуулж, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 4,200,00 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч: “...2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Б.У-тай уулзаад яаралтай байр түрээслэх хэрэгтэй байна гээд 6 сарын хугацаатай 4,200,000 төгрөгөө өгөөд байранд нь орсон, тухайн байрыг өөрийнхөө байр гэж хэлсэн, гэтэл өөрийнх байр биш байсныг сүүлд мэдсэн. Би анх уулзахдаа сарын 550,000 төгрөгөөр түрээслээд төлбөрөө 4 сараар өгьё гэхэд үгүй гэсэн, би 4 жоохон хүүхэдтэй учир яалт ч үгүй орсон. 2020 оны 10 дугаар сарын 8-нд усны мөнгө их гарахаар нь гайхаад У-аас асуухаар залгахад утсаа авахгүй байсан учир СӨХ-оос утасдаж асуусан. Тэр хавьд тавилгатай байрыг сарын 600,000 төгрөгөөр түрээслэдэг, тавилгатай байр гээд байгаа гэтэл гал тогооны тавилга, номын шүүгээ нь Сувд-Эрдэнийх, бусад нь У-ынх. Цахилгаан зуух минийх байсан, учир У-ын цахилгаан зуухыг хэрэглээгүй. Тэгээд би 8 сар бүтэн суугаагүй, 8 сарын 7-ны өдрөөс суусан. У- надад эргүүлж 900,000 төгрөгийг өгсөн, 550,000 төгрөгийг өөрөөсөө гаргаад 10, 11 сарын түрээсийн төлбөрөө төлөөд явж байгаа. Өмнө нь төлөөгүй байсан СӨХ болон усны мөнгийг барьцааны надаар төлүүлэх гээд байна, би 4,200,000 төгрөгийг өгсөн, одоо үлдэгдэл 499,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Шүүгдэгч Б.У-: “...Анх би 4 сард Сувд-Эрдэнэтэй жилийн гэрээ байгуулаад түрээсэлсэн, эхнэр жирэмсэн болоод зургуулаа амьдрах болоод том байранд амьдрах болсон, нэг сарын 600,000 төгрөгөөр бодож, 6 сарын түрээсийн төлбөрт 4,200,000 төгрөг авсан, хохиролд 4,200,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр төлсөн. Давхар түрээслэхдээ Сувд-Эрдэнэд хэлээгүй, цаашаа бусдад түрээсэлсэн нь зүй бус, энэ үйлдэлдээ гэмшиж байгаа, буруу гэдгээ ухамсарласан, дундаас нь ашиг олоогүй. Сувд-Эрдэнэтэй сарын 450,000 төгрөгөөр гэрээ байгуулсан, тэнд манай гэрийн тавилга байгаа л даа, тавилгатай гэдэг утгаар нь 600,000 төгрөгөөр түрээсэлсэн. Хохирогч зарим мөнгөө аваагүй гээд байгаа, Сувд-Эрдэнэ эгчид барьцаа мөнгө байгаа гэж үзэж байгаа, Д- барьцааны мөнгө 550,000 төгрөг өгөх ёстой, энэ мөнгийг шингээвэл би өглөггүй юм. Барьцааны мөнгийг суутгана гэж үзэж байгаа...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Ж.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Үнэгүй.мн-ээс зарын дагуу, Хан-Уул дүүргийн Рапид харш хотхон 4-45 тоот байрыг У- гэгчээс 1 сарын 600,000 төгрөгөөс тооцон 6 сарын 4,200,000 төгрөг түрээсэлж 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүүхдүүдийн хамт нүүж орсон. Анх байранд орохдоо байрныхаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ үзүүлээч гэхэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ зуслан дээр баахан бичиг баримт дунд орчихсон, имэйлээр явуулчихья, энэ бол миний байр санаа зоволтгүй гэж хэлсэн боловч ирүүлээгүй. ...Байранд орсноос хойш усны тоолуурын хуримтлалын мөнгө гэж 70988 төгрөг гарж ирэхээр нь Цэнгэлдэх ОСНААҮГ дээр очиход байрны эзэн өөр хүн гараад ирсэн. Тэгээд би У- болон эхнэрийнх нь утас руу залгахад утсаа авахгүй байхаар нь жинхэнэ эзний утсыг контороос мэдэж аваад ярихад намайг энэ байранд орсныг ч мэдээгүй байсан. Байрны жинхэнэ эзэн Сувд-Эрдэнэтэй 3 удаа уулзсан. ...У-ын эхнэр жирэмсэн, өөрөө надад 4 дэх хүүхдээ төрүүлэх гэж байгаа, адилхан 4 хүүхэдтэй юм байна, бид нар залилдаг хүмүүс биш гээд байхаар нь би итгэсэн. ...Байрны эзэнд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр түрээсээ төлөх ёстой байсан боловч төлөөгүй байсан. Одоо байрны эзэн намайг түрээсээ төл, эсвэл байрнаас гар гээд удаа дараа шаардаад байгаа, би байсан бүх мөнгөө У-т өгсөн. ...У- 8 сарын хагас мөнгө, 9 сарын бүтэн мөнгө нийлээд 900,000 төгрөг, цагдаад өргөдөл гаргаснаас хойш 1,000,000 төгрөг буцааж өгсөн. Одоо үлдэгдэл 2,300,000 төгрөг өгчихвөл гомдол санал байхгүй...” /хх-ийн 12-13, 14-15/ гэсэн,
Гэрч Л.Сувд-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн Рапид харш хотхоны 4 дүгээр байрны 45 тоот байр нь миний эзэмшлийнх. У- 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сарын 450,000 төгрөгөөр 3 сарын хугацаатай түрээсэлсэн. Байрны түрээсийг 3 сараас төлдөг байсан бөгөөд надад 2020 оны 9 дүгээр сар хүртэлх түрээсийн төлбөрөө төлсөн байсан. ...2020 оны 10 дугаар сарын эхээр Д- гэх эмэгтэй залгаад та СӨХ-ны төлбөрөө төлөхгүй юм уу гэхэд би яахаараа төлдөг билээ, та нар өөрсдөө төлөх ёстой гэсэн чинь та надтай гэрээ хийсэн хүн мөн үү, би уг байрыг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр түрээсэлсэн хүн байна гэсэн. Энэ үед У- надаас түрээсэлсэн байраа өөр хүнд давхар түрээслээд мөнгийг нь бэлнээр аваад явсан талаар мэдсэн. ...У- надад мэдэгдэхгүйгээр байраа хүлээлгэн өгөхгүйгээр бусдад түрээсэлж болохгүй...” /хх-ийн 16-17/ гэсэн,
Шүүгдэгч Б.У- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би эгчийнхээ байр мэтээр хэлж түрээслүүлсэн нь миний буруу. Би одоо хохирогчид 2,300,000 төгрөг барагдуулах болно. Эхнэр жирэмсэн байсан болохоор мөнгөний хэрэгтэй байсан...” /хх-ийн 34-35/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /хх-ийн 4-5/,
- Орон сууц түрээслэх гэрээний хуулбар /хх-ийн 22/,
- Хохирлын баримтууд /хх-ийн 23-25/,
- Хохирогч Ж.Д-ын Хаан банкны дансны хуулга /хх-ийн 26/
- Орон сууц хөлслөх гэрээний хуулбар /хх-ийн 28-29/,
- Шүүгдэгч Б.Улсбаяын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 41-42/, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.У-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.У- нь Хан-Уул дүүргийн Рапид харш хотхоны 4 дүгээр байрны 45 тоот 1 өрөө орон сууцыг өөрийнхөө байр гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 1 сарын 600,000 төгрөгөөр 6 сарын хугацаатай түрээслэн гэрээ байгуулж 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 4,200,00 төгрөгийг Ж.Д-аас шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Д-ын “...Үнэгүй.мн-ээс зарын дагуу, Хан-Уул дүүргийн Рапид харш хотхон 4-45 тоот байрыг У- гэгчээс 1 сарын 600,000 төгрөгөөс тооцон 6 сарын 4,200,000 төгрөг түрээсэлж 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүүхдүүдийн хамт нүүж орсон. Анх байранд орохдоо байрныхаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ үзүүлээч гэхэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ зуслан дээр баахан бичиг баримт дунд орчихсон, цахилгаан шуудангаар явуулчихья, энэ бол миний байр санаа зоволтгүй гэж хэлсэн боловч ирүүлээгүй. ...Байранд орсноос хойш усны тоолуурын хуримтлалын мөнгө гэж 70988 төгрөг гарж ирэхээр нь Цэнгэлдэх ОСНААҮГ дээр очиход байрны эзэн өөр хүн гараад ирсэн. Би тэгээд У- болон эхнэрийнх нь утас руу залгахад утсаа авахгүй байхаар нь жинхэнэ эзний утсыг контороос мэдэж аваад ярихад намайг энэ байранд орсныг ч мэдээгүй байсан. Байрны жинхэнэ эзэн Сувд-Эрдэнэтэй 3 удаа уулзсан. ...У-ын эхнэр жирэмсэн, өөрөө надад 4 дэх хүүхдээ төрүүлэх гэж байгаа адилхан 4 хүүхэдтэй юм байна, бид нар залилдаг хүмүүс биш гээд байхаар нь би итгэсэн...” /хх-ийн 12-13, 14-15/ гэсэн, гэрч Л.Сувд-Эрдэнийн “...Хан-Уул дүүргийн Рапид харш хотхоны 4 дүгээр байрны 45 тоот байр нь миний эзэмшлийнх. У- 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сарын 450,000 төгрөгөөр 3 сарын хугацаатай түрээсэлсэн. Байрны түрээсийг 3 сараас төлдөг байсан бөгөөд надад 2020 оны 9 дүгээр сар хүртэлх түрээсийн төлбөрөө төлсөн байсан. ...2020 оны 10 дугаар сарын эхээр Д- гэх эмэгтэй залгаад та СӨХ-ны төлбөрөө төлөхгүй юм уу гэхэд би яахаараа төлдөг билээ, та нар өөрсдөө төлөх ёстой гэсэн чинь та надтай гэрээ хийсэн хүн мөн үү, би уг байрыг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр түрээсэлсэн хүн байна гэсэн. Энэ үед У- надаас түрээсэлсэн байраа өөр хүнд давхар түрээслээд мөнгийг нь бэлнээр аваад явсан талаар мэдсэн. ...У- надад мэдэгдэхгүйгээр байраа хүлээлгэн өгөхгүйгээр бусдад түрээсэлж болохгүй...” /хх-ийн 16-17/ гэсэн, шүүгдэгч Б.У-ын “...Би эгчийнхээ байр мэтээр хэлж түрээслүүлсэн нь миний буруу. Би одоо хохирогчид 2,300,000 төгрөг барагдуулах болно. Эхнэр жирэмсэн байсан болохоор мөнгөний хэрэгтэй байсан...” /хх-ийн 34-35/ гэсэн мэдүүлгүүд, орон сууц түрээслэх гэрээний хуулбар /хх-ийн 22, 28-29/, хохирогч Ж.Д-ын Хаан банкны дансны хуулга /хх-ийн 26/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Бусдыг хуурч мэхлэх арга нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бусдын итгэлийг урвуулах ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэх бөгөөд шүүгдэгч Б.У-ын дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэв.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.У-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.У-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Д-ын эд хөрөнгөд 4,200,000 төгрөгийн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь 1,900,000 төгрөгийн хохирлыг хохирогчид төлж барагдуулсан /шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн/ гэх бөгөөд энэ талаар шүүгдэгч, хохирогч нар хэн аль нь маргаагүй, хохирогч тухайн байранд , сараас хойш амьдарч байгаа, хохирлын мөнгөнөөс хасуулж тооцвол 499,000 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа тул энэ мөнгийг нэхэмжилнэ гэсэн учир хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн хэмжээгээр гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.У- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, хохирол бүрэн төлөгдөөгүй нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 2010021611140 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.У- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдолтой гэснийг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Б-ы У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан бусдыг хуурч, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ы У-ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.У-т оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У- оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-аас 499,000 /дөрвөн зуун ерөн есөн мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Ж.Д -д олгосугай.
6. Эрүүгийн 2010021611140 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.У- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ж.Д- гомдолтой гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР