Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2022/0507/З |
Дугаар | 221/МА2022/0669 |
Огноо | 2022-10-19 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2022/0669
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Д.Батмагнай
Нэхэмжлэгч: “С” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2022/0616 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж\ нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 128/2022/0507/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “С” ХХК нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2022/0616 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан “С” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийдвэрийн “С” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2 “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.”, 34 дүгээр зүйлийн 34.6 “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна.”, 34.7 “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд ...” гэж зааснаар нэхэмжлэгч нь MV-001497 дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө төлөх байсан боловч хуульд заасан боломжит хугацаа дууссаны дараа 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлжээ.” гэсэн байна.
3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан.
3.3. “С” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MV-001497 дугаартай тусгай зөвшөөрлийн 23 дахь жилийн ээлжит төлбөрийг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө төлөөгүй, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, тухайн төлбөрийн алдангийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тус тус төлсөн байна.
3.4. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно.” гэж заасны дагуу тус газрын Кадастрын хэлтэс ашигт малтмалын ашиглалтын MV-001497 дугаартай тусгай зөвшөөрлийн 23 дахь жилийн ээлжит төлбөрийг төлсөнд тооцож хүлээн авсан тухай бүртгээгүй байна.
3.5. “Нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан төлбөр төлөх “боломжит хугацаа”-г 11 хоногоор хэтрүүлснийг нь зөвтгөх боломжгүй ч, хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 5.1.2 “Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд бүрэн төлөөгүй” гэсэн хуулийн урьдчилсан нөхцөл буюу төлбөр төлөөгүй бол цуцлах нөхцөл арилснаас хойш 9 сар 10 гаруй хоног өнгөрсний дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимд нийцээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл “тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдсөн” бодит нөхцөл байдал бий болсон буюу зөрчил арилсан, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлсний дараа 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 135 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг нь цуцалсан нь бодит байдалд нийцэхгүй, захиргааны шийдвэрийн үндэслэл болсон үйл баримт үгүйсгэгдэж байна” гэж дүгнэсэн байна.
3.6. Эрх зүйт төрийн зарчмын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд заасанчлан хууль дээдлэх ёсыг төрийн байгууллагын үндсэн зарчим болохыг заасан. Энэ зарчмын хүрээнд захиргааны байгууллагын тухайд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар “хуульд үндэслэх” зарчмыг баримтлан шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах үүргээ хэрэгжүүлэн Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэн гаргасан Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Нийслэл дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2022/0616 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “С” ХХК-ийн 1999 онд олгогдсон MV-001497 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалжээ.
3. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасны дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Дундгол нэртэй газарт орших 28 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МV-001497 дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит 23 дахь жилийн төлбөр төлөх хугацаа нь 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөх хугацаа нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байсан, тусгай зөвшөөрөл эзэмшигч “С” ХХК нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр буюу 11 хоногийн хугацаа хэтрүүлэн төлсөн шалтгаанаа хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар тайлбарлан маргасан байна.
3.1. Нэхэмжлэгчээс хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсөн шалтгаанаа “2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш Ковид-19 цар тахлын улмаас хатуу хөл хорионд орж Өмнөговь аймаг “Эко ногоон бүс” болох зорилт тавьж орох, гарах хөдөлгөөн хаасан. Монгол Улсад Ковид-19 цар тахлын вакцинжуулалт эхэлж 2 тун вакцин хийлгэсэн хүн 14 хоног өнгөрсний дараа орох, гарах эрхээ 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс авсан тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлсөн” гэж тайлбарлаж байна.
3.2. Хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/159 дүгээр захирамж, 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/308 дугаар захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/369 дүгээр захирамжуудаар тухайн хугацаанд Өмнөговь аймагт Ковид-19 цар тахалтай холбоотой хөл хорионы онцгой дэглэм тогтоож, Өмнөговь аймгаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан байсан болох нь тогтоогдож байх ба энэ талаарх нэхэмжлэгчийн хуулиар тогтоосон хугацааг хожимдуулж төлбөр төлснийг буруутгах боломжгүйгээс гадна 23 жилийн хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг тогтоосон хугацаанд тухай бүр бүрэн төлж байсан нөхцөл байдал, энэ тохиолдолд төлбөрөө хожимдуулж төлсөн нь тодорхой шалтгаантай байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
3.3. Нөгөөтэйгүүр хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч компанид 2 удаа тусгай зөвшөөрөл олгогдсон байх ба анх 1999 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрөл олгогдож, харин уг талбайд 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дахин олгосон байх бөгөөд сүүлд олгосон тусгай зөвшөөрлийн хугацаагаар тооцоход нэхэмжлэгч “С” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хуулийн хугацаанд буюу 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг бас буруутгах боломжгүй байна.
Учир нь өмнө олгогдсон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож дахин тусгай зөвшөөрөл олгосон хугацаа нь 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэж үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд төлбөр төлөгдсөн гэж үзэхээр байна.
3.4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заажээ.
Гэтэл хариуцагчаас тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдсөн буюу 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлбөр төлөгдсөнөөс хойш 10 сарын дараа тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй үндэслэлээр маргаан бүхий актыг гаргасан нь хуулийн дээрх зарчимд нийцээгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2022/0616 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ