Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 31

 

Б.Т-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                           Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: С.Энхням,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 он 03 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Тд  холбогдох, эрүүгийн 1819000000019 дугаартай, 1 хавтас 77 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурор С.Энхнямын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн ....... суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар баг Рашаантад оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Б-ййн Т /РД: ЕТ92101613/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Быг хутгалсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Батзоригийн Тыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь торгуулийн ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлйн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг устгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэшт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Энхням давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анх гомдол мэдээллийг шалгах явцад хэсгийн төлөөлөгч Гыг хохирогчоор тогтоогоод мэдүүлэг авсан байсан. Хавтаст хэрэгт Г.Г хохирогчоор мэдүүлэхдээ “... би өөрөө Тын хутган дээрээс барьж гараа эсгэсэн..” /хх-22-25-р тал/ гэж, шүүгдэгч Б.Т мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт мөн Г.Гыг “өөрөө хутганаас барьж гараа эсгэсэн” гэж мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй учраас Тыг Гын үйлдэл дээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдах үед Тыг Бын биед хөнгөн хохирол учруулсан гэж үзэж, прокуророос шүүгдэгч Б.Тыг хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан ба анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгтээ шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018.01.31-ний шөнө Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Б, Г.Г нарыг хутгалсаны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүгдэгч Б.Тыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэн “тогтоох” хэсэгтээ Б.Тыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Тыг Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн анхан шатны шүүх бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Давж заалдах шатны шүүх прокурор С.Энхнямын бичсэн эсэргүүцлийн дагуу тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцвэл хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх ба энэ зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Хэрэгт Б.Б, Г.Г нарыг хохирогчоор тогтоож байцаалт авч, хохирогч нарын биед учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт гаргасан боловч хохирогч Г.Гын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан хэргийг шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

Уг үйлдэл нь яллагдагчийн үйлдэлд холбогдолгүй гэж үзвэл прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр гаргах байтал гаргаагүй,

Мөн прокурорын бичсэн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт Г.Гыг хохирогчоор бичиж шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтооно гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-д заасантай нийцэхгүй байх тул прокурорын гаргасан энэ алдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ.

Иймд прокурорын шүүгдэгч Б.Тыг хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн байхад анхан шатны шүүх түүнийг хохирогч Б.Б, Г.Г хоёрын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй тул тогтоолд өөрчлөлт оруулуулахаар бичсэн эсэргүүцэл нь үндэслэлгүй болсон байх тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх энэ нөхцөл байд лыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх ажиллагаа“-ны үед өөрийн санаачлагаар урьдчилан хэлэлцүүлгээр хэлэлцүүлж шийдвэрлүүлэх боломжтой байхад яллагдагчийг шүүхэд шилжүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.