Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2017/00720

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ю.Х

 

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 1/5 тоот тогтоол, болон 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Ю.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, хариуцагчийн төлөөлөгч Б.Золбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Тодорхойлох нь:

  

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ю.Ю.Х миний улсын бүртгэлийн Г-2206010466 бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Барилга 3 дугаар гудамж, 34 тоот хаягт байрлалтай 422 м.кв талбайтай газар, дутуу баригдсан барилгын хамт үйлгээчний тогтоосон зах зээлийн үнэ 9.052.600 төгрөг буюу 50 хувь болох 4.526.300 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах  тухай мэдэгдлийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн аваад тус үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийг 2 дах албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын дагуу явагдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн албадан дуудлага худалдаанаас төлбөр төлөгч Ю.Ю.Хд холбогдох, түүний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, барилга 3/34 тоотод байрлах 422 м.кв газар, дутуу барилгын 2 дах дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үнэлгээг хүчингүй болгуулах, 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. 2 дах шатны дуудлага худалдаа болсон юм байна. Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй юм байна. Тийм учраас 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үнэлгээг хүчингүй болгох нь дуудлага худалдаатай холбогдож байгаа. Үнэлгээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэгдээд дуудлага худалдаанд 50 хувиар оруулж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн  39.1, 39.5-д тодорхой заасан байгаа. Албадан дуудлага худалдааг явуулахдаа эд хөрөнгийг хурааснаас хойш 6 сарын дараа үнэлж, дуудлага худалдаанд оруулсан. Хуульд эд хөрөнгийг хураан авснааас хойш 2 сарын дотор дуудлага худалдаанд оруулах ёстой гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжпэгч Ю.Ю.Х нь эрхийн улсын бүртгэлийн Г-2206010466 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг,  14 дүгээр хороо Барилга-3 гудамжны 34 тоот хяагт байршилтай 422 м.кв газар дутуу баригдсан барилгын хамт “Итгэлт-эстимэйт” ХХК-иар үнэлүүлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжпэл гаргажээ.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 481 дүгээр шийтгэх тогтоолоор Ю.Ю.Хаас 10.000.000 төгрөгийг гаргуулж Б.Бат-Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүрэгт байршилтай 422 м.кв газрыг дутуу баригдсан барилгын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 184/12, 184/03-29 тоот тогтоолоор битүүмжилж, 184/03, 184/04 тоот тогтоолоор тус тус хураан авсан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн санал авахад төлбөр төлөгч Д.Ю.Х өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо Барилга 3-34 тоотод байрлах 422 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, дутуу баригдсан барилгын хамт 15.000.000 төгрөгөөр үнийн санал ирүүлснийг төлбөр авагч Б.Бат-Эрдэнэ хүлээн зөвшөөрөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилсон.

“Итгэлт-эстимэйт” ХХК нь Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Барилга-3 гудамж 34 тоотод байрлах 422 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, дутуу баригдсан барилгын хамт 9.052.600 төгрөгөөр үнэлгээ тогтоосон.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувь буюу 6.336.820 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувь буюу 4.526.300 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус тус оруулахад худалдан борлогдоогүй, үнийн санал ирээгүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгч Ю.Ю.Х нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, хугацаа хожих замаар үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байх тул нэхэжмлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Ю.Ю.Х нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 1/5 тоот тогтоол, болон 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь 2 дахь албадан дуудлага худалдааны үнэлгээнд гомдол гаргасан ба шүүх хуралдаанд 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 1/5 тоот тогтоол, болон 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн  2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 481 дүгээр тогтоолоор Ю.Ю.Хаас  10.000.000 төгрөгийг гаргуулж Б.Бат-Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн ба уг тогтоолын дагуу 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 803 дугаар тоот гүйцэтгэх хуудас бичиж, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 644 дүгээр тогтоолоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “эд хөрөнгө хураах” тухай 184/12 тоот тогтоолоор Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Барилгын 3-34 тоотод байрлах газар, дуусаагүй барилгыг битүүмжилсэн ажиллагаанд Ю.Ю.Х биечлэн оролцсон ба битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 189/04 тоот тогтоолоор хураан авсан байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа ирүүлэхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэхэд Ю.Ю.Х нь Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Барилгын 3-34 тоотод байрлах газар, дуусаагүй барилгыг 15.000.000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч Б.Бат-Эрдэнэ нь үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэн байна.

 

Төлбөр төлөгч болон төлбөр авагч, талууд дуудлага худалдаагаар санал болгох үнийн талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 148 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр “Итгэлт Эстимэйт“ ХХК-ийг томилсон байна.

 

Шинжээч “Итгэлт Эстимэйт“ ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтээр Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Барилгын-3, 34 тоотод байрлах газар, дуусаагүй барилгын зах зээлийн үнэлгээг 9.052.600 төгрөг гэж үнэлжээ.

 

“Итгэлт Эстимэйт“ ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа хууль, дүрэм, журамд заасны дагуу гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нь анхны болон хоёр дахь албадан дуудлага албадан дуудлага худалдааны үнэлгээнд гомдол гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 117.4 дэх хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Барилгын-3, 34 тоотод байрлах газар, дуусаагүй барилгын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд, 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 1/5 тоот тогтоолыг нэхэмжлэгч Ю.Ю.Хд танилцуулсан болох 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3/2211 дүгээр мэдэгдэх хуудсаар тогтоогдов.

 

Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Барилгын-3, 34 тоотод байрлах газар, дуусаагүй барилгыг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах зарыг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Үндэсний шуудан сонины 008 дугаарт нийтлүүлсэн нь хуульд нийцсэн байна.

 

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 1/5 тоот тогтоолын дагуу явагдсан ажиллагаанд Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Барилгын-3, 34 тоотод байрлах газар, дуусаагүй барилгад үнийн санал ирээгүй болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 481 дүгээр тогтоолоор Ю.Ю.Хаас  10.000.000 төгрөгийг гаргуулж Б.Бат-Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.3 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 1/5 тоот тогтоол, болон 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ю.Ю.Хын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР