Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 85

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч М.Н-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х овогт М-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010023691098 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дэлгэрэх” ХХК-нд гадна засал чимэглэгч хийдэг, ам бүл 4, эхнэр хүүхдийн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт М-ын Н,  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Н- нь 2020 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1 дүгээр гудамжны 14 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа Б.Ц-г хүүхдээ уйлуулсан гэх шалтгаанаар гараар алгадах, хөлөөрөө өшиглөн зодож, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулд шарх, цус хуралт, тархи доргилт, ооч, хүзүү, цээжинд зулгаралт, мөр бугалга, шуу, гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч М.Н-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, сарын 1,500,000 төгрөгийн орлоготой, одоогоор ажилгүй, эхнэр хүүхдээ хараад гэртээ байгаа...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цагийн орчим манай нөхөр, хүүхэд бид гурав манай нөхрийн найзын гэрээс гарч 02 цагийн орчимд гэртээ ирсэн. Гэртээ ирээд байж байхад хүүхэд уйлахаар нь би мөөмөө өгөхөд хүүхэд маань мөөмөө идэхгүй түлхээд уйлагнаад байсан чинь нөхөр Н- “ чи наад хүүхэд хөхүүлээд унтуул л даа” гэхээр нь би “хүүхэд мөөм хөхөхгүй байна” гэж хэлэхэд “чи надад худлаа хэллээ” гээд миний зүүн хацар руу баруун гараараа 10 гаран удаа алгадаад байсан. Тэгэхээр нь би айгаад нүүр ам хөх алаг өнгөтэй болчих нь, согтуу хүнтэй юу ярих вэ гэж бодоод гэрээсээ гарч хашаан дотроо жимсний модон дотор орж нөхрийгөө унтахыг хүлээж 30-40 орчим минут нуугдаж суусан. ...Тэгээд чимээгүй болчихоор нь би гэрийнхээ хаалгаар шагайхад манай нөхөр, хүүхэд хоёр хоёулаа унтчихсан байсан. Тэгэхээр нь гэрээс машины түлхүүр аваад машин дотроо орж халуун паар тавьж 30 орчим минут сууж байтал ...намайг машин дотроос хүчээр чирч буулгаж гэр рүү чирч оруулаад хардаж байгаа бололтой уурлаад “чи муу ямар овоо зэвүүн гичий вэ? хүүхэд уйлаад байхад хаагуур явж байгаад ирж байгаа юм” гэж хэлээд эргэнэг дээр байсан бор иштэй махны хутга барьж аваад “чамайг алчих нь шүү” гэхээр нь би нөхөртөө “тэгээд алаач чи” гэхэд “би чамайг алчхаад хонь хариулах настайгаа гарч ирж чадна шүү” гэж хэлээд хутгаа орны доогуур шидээд баруун хөлөөрөө миний цээж рүү жийж унагахаар нь яаж байгаа юм бэ гээд би босоод ирсэн чинь дахиж жийж орны урд унагаагаад миний нүүр рүү нүцгэн зүүн хөлөөрөө 2-3 удаа, миний зүүн гуя болон цээж хэсэг, зүүн хөхний дээд хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөөд байхаар нь доошоо хараад хэвтчихсэн чинь зодохоо болиод орон дээрээ хэвтээд унтаад өгсөн...”  /хх-ийн 17-18/ гэсэн,

 

Гэрч Б.Ганхөлөг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ унтаж байхад 07 цагийн орчимд ...Ц- залгаад “Би урд шөнө нойргүй хонолоо, Н-т шөнөжингөө зодууллаа, та манайд хүрээд ир” гэсэн. ...Намайг дүүгийнхээ ажил дээр ороход манай дүүгийн доод уруул, зүүн хацар нь хавдчихсан, зүүн нүдний доохон хэсэгт улайсан, нэлээн уйлсан бололтой байсан. Тэгэхээр нь би дүү Ц-гоос юу болов, юунаас болоод чамайг зодов” гэж асуухад “хүүхдэдээ мээмээ өгсөнгүй” гээд хүүхдээс л болж зодлоо гэж Ц- надад хэлсэн...” /хх-ийн 19-21/ гэсэн,

 

Гэрч Г.Чулуунсүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө үүрээр намайг унтаж байхад 06 цагийн орчим Б.Ц- над руу залгаад “Чука эгчээ би өнөөдөр ажилдаа очиж чадахгүй нь” гэхээр нь “яасан бэ, юу болсон” гэхэд “манай нөхөр өчигдөр согтуу агсам тавьж намайг зодоод нүүр ам хүн харах юмгүй хөх алаг болчихлоо” гэж ярьсан. ...Тэгэхээр нь би гэрт нь очиход Ц-гийн хоёр хацар улайсан, зүүн талын нүд нь хөх туяа татчихсан, мөн дээд бил үү доод уруул нь хавдаад язарчихсан бэлцийтлээ уйлчихсан ...сууж байхаар нь би хүүхэдтэй нь цуг аваад ажил руугаа явсан...” /хх-ийн 22-23/ гэсэн,  

 

Шүүгдэгч М.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ...20 цагийн үед ...эхнэрийн найз болох Заяагийн гэрт очиход Заяа нөхөртэй хоёулаа байсан. Тэгээд Заяагийн гэрт 0,75 литрийн архи 2 ширхэг, 2,5 литрийн пиво ...Цоомоо, Заяа, Жижгээ бид дөрөв хувааж ууж дуусгаад Цоомоо бид хоёр хүүхдээ аваад гэртээ ирсэн. Гэртээ ирээд юу болсон гэдгийг санахгүй байна. Өглөө 06 цагийн үед сэрэхэд би хүүхэдтэйгээ хоёулаа унтаж байсан. Гэрээсээ гараад харахад эхнэр машинд унтаж байхаар нь хүүхэд уйлаад байна, гэртээ орооч гэж хэлээд машинаа унтрааж гэртээ орсон. Гэртээ ороод эхнэр, хүүхдээ хөхүүлж байхдаа захирал руугаа залгаад би өнөөдөр ажилдаа очиж чадахгүй нь чөлөө авъя гэж ярьсан. Тэгээд байж байхад эхнэрийн ажлын газрын захирал Чука ирээд эхнэр, хүүхэд хоёрыг аваад явсан. ...Захирал нь манай гэрт орж ирээд нүд амаа яасан юм гэхэд Билгээ цохисон гэж хэлсэн. ...Би нэлээн согтуу байсан болохоор юу болсныг сайн санахгүй байгаа...” /хх-ийн 40-41, 20-21/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр №12891 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Ц-гийн биед баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулд шарх, цус хуралт, тархи доргилт, ооч, хүзүү, цээжинд зулгаралт, мөр бугалга, шуу, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрчийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” /хх-ийн 31-32/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 12/,

- Өргөдөл /хх-ийн 13-15/,

- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 48-52/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 53-61/,

- Шүүгдэгч М.Н-ийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.Тогтох, Ж.Нармандах нарын мэдүүлэг /хх-ийн 26-28/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.Н-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2020 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1 дүгээр гудамжны 14 тоотод хамтран амьдрагч Б.Ц-г хүүхдээ уйлуулсан гэх шалтгаанаар гараар алгадах, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулд шарх, цус хуралт, тархи доргилт, ооч, хүзүү, цээжинд зулгаралт, мөр бугалга, шуу, гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Ц-гийн “...2020 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагийн орчим нөхөр, хүүхдийн хамт гэртээ ирсэн. ...Хүүхдэдээ мөөмөө өгөх гэсэн боловч идэхгүй байсан бөгөөд хүүхэд маань уйлагнаад байхад Н- “хүүхэд хөхүүлээд унтуул л даа” гэхээр нь “хүүхэд мөөм хөхөхгүй байна” гэж хэлсэн чинь “чи надад худлаа хэллээ” гээд миний зүүн хацар руу баруун гараараа 10 гаран удаа алгадсан. Тэгэхээр нь би айгаад гэрээсээ гарч хашаан дотроо жимсний модон дотор орж нөхрийгөө унтахыг хүлээж 30-40 орчим минут нуугдаж суусан. ...Тэгээд чимээгүй болчихоор нь би гэрээс машины түлхүүр аваад машин дотроо орж халуун паар тавьж 30 орчим минут сууж байхад ...нөхөр гарч ирээд намайг машин дотроос хүчээр чирч буулгаж гэр рүү чирч оруулаад хардаж байгаа бололтой уурлаад “чи муу ямар овоо зэвүүн гичий вэ? хүүхэд уйлаад байхад хаагуур явж байгаад ирж байгаа юм” гэж хэлээд баруун хөлөөрөө цээж рүү жийж унагаасан, мөн миний нүүр рүү нүцгэн зүүн хөлөөрөө 2-3 удаа, миний зүүн гуя болон цээж хэсэг, зүүн хөхний дээд хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн...”  /хх-ийн 17-18/ гэсэн, гэрч Б.Ганхөлөгийн “...2020 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 07 цагийн орчимд ...Ц- залгаад “Би урд шөнө нойргүй хонолоо, Н-т шөнөжингөө зодууллаа та манайд хүрээд ир” гэсэн. ...Дүүгийнхээ ажил дээр намайг ороход Ц-гийн доод уруул хавдчихсан, зүүн хацар нь хавдчихсан зүүн нүдний доохон хэсэгт улайсан, нэлээн уйлсан бололтой байж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад “хүүхдэдээ мээмээ өгсөнгүй” гээд хүүхдээс л болж зодлоо гэж Ц- надад хэлсэн...” /хх-ийн 19-21/ гэсэн, гэрч Г.Чулуунсүрэнгийн “...2020 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө ...би Ц-гийн гэрт нь очиход Ц-гийн хоёр хацар улайсан, зүүн талын нүд нь хөх туяа татчихсан мөн дээд бил үү доод уруул нь хавдаад язарчихсан бэлцийтлээ уйлчихсан ...сууж байхаар нь би хүүхэдтэй нь цуг аваад ажил руугаа явсан...” /хх-ийн 22-23/ гэсэн,  шүүгдэгч М.Н-ийн “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ...20 цагийн үед ...эхнэрийн найз болох Заяагийн гэрт очиход Заяа нөхөртэйгөө хоёулаа байсан. Тэгээд Заяагийн гэрт архи 2 ширхэг, пиво зэргийг ...Цоомоо, Заяа, Жижгээ бид дөрөв хувааж ууж дуусгаад Цоомоо бид хоёр хүүхдээ аваад гэртээ ирсэн. Гэртээ ирээд юу болсон гэдгийг санахгүй байна. Өглөө 06 цагийн үед сэрэхэд хүүхэдтэйгээ хоёулаа унтаж байсан. Гэрээсээ гараад харахад эхнэр машинд унтаж байхаар нь хүүхэд уйлаад байна, гэртээ орооч гэж хэлээд машинаа унтрааж гэртээ орсон. Гэртээ ороод эхнэр хүүхдээ хөхүүлж байхдаа захирал руугаа залгаад би өнөөдөр ажилдаа очиж чадахгүй нь чөлөө авъя гэж ярьсан. Тэгээд байж байхад эхнэрийн ажлын газрын захирал Чука ирээд эхнэр, хүүхэд хоёрыг аваад явсан. ...Захирал нь манай гэрт орж ирээд нүд амаа яасан юм гэхэд Билгээ цохисон гэж хэлсэн...” /хх-ийн 40-41, 20-21/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №12891 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт Б.Ц-гийн биед баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулд шарх, цус хуралт, тархи доргилт, ооч, хүзүү, цээжинд зулгаралт, мөр бугалга, шуу, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 31-32/ гэсэн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 48-52/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 53-61/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч Б.Ц-гийн биед учирсан “...баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулд шарх, цус хуралт, тархи доргилт, ооч, хүзүү, цээжинд зулгаралт, мөр бугалга, шуу, гуянд цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч М.Н-ийн түүнийг өшиглөх, цохих зэргээр зодсоноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Н-ийн хохирогч Б.Ц-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.

 

Шүүгдэгч, хохирогч нар нь хамтран амьдардаг гэр бүлийн харилцаатай болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдох бөгөөд тэдгээрийн хэн аль нь энэ талаар маргахгүй тул М.Н-ийн хамтран амьдрагч Б.Ц-гийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Н-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц-гийн эрүүл мэндэд баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулд шарх, цус хуралт, тархи доргилт, ооч, хүзүү, цээжинд зулгаралт, мөр бугалга, шуу, гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.  

 

Шүүгдэгч М.Н- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд шүүгдэгч М.Н-т хуульд заасны дагуу торгуулийн ял оногдуулж, шүүгдэгч М.Н- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2010023691098 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Ц- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овот М-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М-ын Н-ийг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Н-т оногдуулсан 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н- нэг сая хоёр зуун төгрөгийн торгуулийн ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2010023691098 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Н- бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Ц- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР