Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 87

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Ариунаа, шүүгдэгч Г.Ц-, түүний өмгөөлөгч Ч.Ням, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Бовогт Г-ийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2003005270006 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                       Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Бовогт Г-ийн Ц,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Ц- нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 05 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн хойд замд “Тоёота приус” маркийн 0000 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а./ ...мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас гүүрний бетон хашлагыг мөргөж, зорчигч Б.Н-йн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Г.Ц-: “...Шүүхэд мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, жолооч болоод нэг жил болж байсан, талийгаач манай төрсөн ахтай үерхэж байсан, манай бэр болох байсан, эхнэр Нандин-Эрдэнэ бид хоёр хот орчхоод эргээд буцах гэж байхад талийгаач хамт явъя гэж эхнэртэй яриад суусан. Гадаа бүрэнхий байсан, аав, ээжийн ах, дүү нар болон би өөрөө талийгаачийн ажил явдалд оролцсон, их бага хэмжээгээр мөнгөн тусламж хүссэн, талийгаачийн ах А-аас өөрийн биеэр уучлал хүссэн. Тухайн үед гэнэт нохой гарч ирээд хажуу тийш нь дарсан, дараад амжаад замдаа орчих байх гэж бодсон, гэтэл амжаагүй хашлага мөргөсөн. Одоо хүүхэд маань 9 сартай, эхнэртэйгээ 2020 онд гэр бүл болсон...” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10-11 цагийн орчим төрсөн ах Бэхбат над руу утсаар залгаад дүү чинь осолд орсон байна. Яаралтай хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би тэр орой Эрдэнэтээс вагонд суугаад маргааш өглөө нь Улаанбаатар хотод ирсэн. Шууд гэр лүүгээ Төв аймгийн Алтанбулаг суманд очсон. Тэнд очоод дүүгээ нас барсан гэдгийг мэдсэн. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар явж дүүгийнхээ шарилыг хүлээж аваад Төв аймгийн Алтанбулаг сум руу аваад явсан. ...Жолооч Г.Ц- нь миний талийгаач дүүгийн ажил явдалд зарцуулсан зардал болох 10.000.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад болон манай гэр бүлийн зүгээс жолооч Г.Ц-д ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ээ...” /хх-ийн 27-29, 30-31/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Хадбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...0000 УНТ улсын дугаартай автомашиныг би Ц-гийн төрсөн ах Пүрэвцэндэд бэлэглэж байсан. Энэ хоёр хүүхэд багаасаа өнчин байсан, би энэ хоёр хүүхдийг мал дээрээ ажилд оруулаад дүү нартаа урамшуулал болгож машиныг бэлэглэсэн. ...Надад Ц-гаас нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 34-36/ гэсэн,

 

Гэрч Б.Нандин-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Шөнө 04 цаг дөхөж байхад ...талийгаач Н-тэй утсаар холбогдоод байгаа газрыг нь заалгуулаад гадаа очсон. Талийгаач Н- гарч ирээд манай машинд суугаад бид нар Төв аймгийн Алтанбулаг сум руу хөдөлсөн. Замдаа Цэндээ Нисэхийн тэнд эмийн сан орж хүүхдэдээ ханиадны эм авчхаад шууд хотоос гарсан. Бид нар замдаа Биокомбинатын Сод Монгол шатахуун түгээх станцаас машиндаа шатахуун авсан. Тэгээд бид цаашаа хөдлөөд удаагүй би унтсан байсан, нэг мэдэхэд осол болсон, осол болох үед би шууд сэрсэн. Намайг сэрэх үед миний урд талын цагаан өнгийн ослын дэр задарсан байсан. Тэр үед Ц- Өөскө, Номио та хоёр зүгээр үү гэж орилж байсан. Цэндээ бид нарыг машинаас хурдан гараарай гэж хэлэхээр нь би машинаас буух гэсэн өөрөө бууж чадахгүй байсан. Тэр үед машины хаалгыг нэг нь гаднаас нь онгойлгож өгөхөөр машинаас буусан. Тухайн үед би хамгаалах бүсээ яаж тайлснаа, машинаас яаж бууснаа мэдэхгүй байгаа. Би нэлээн цочирдсон байсан. Намайг машинаас буусны дараа Цэндээ талийгаачийг машинаас тэвэрч буулгаад гадаа гаргаад зам дээр хэвтүүлсэн. Тэр үед Цэндээ яанаа Номио ухаангүй байх шиг байна гэж хэлээд хиймэл амьсгал хийж байсан. ...Намайг түргэн тусламж руу дуудлага өгөөрэй гэхээр нь би талийгаачийн утсыг аваад 103-т дуудлага өгсөн. ...Замд явж байсан нэг машин зогсоод цагдаад дуудлага өгсөн...” /хх-ийн 41-42/ гэсэн,

 

Насанд хүрээгүйг  гэрч Ш.Өсөх-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед машин дотор Ц- ах, Нандин-Эрдэнэ эгч хоёр явж байсан. Өөр хүн байгаагүй, би буцаад унтаад өгсөн. Нэг мэдэхэд осол болсон байсан. Тэр үед миний хажууд нэг танихгүй эгч толгой нь хагарсан байдалтай байсан. ...Ц- ах тэр толгой нь хагарсан эгчийг машинаас буулгаад зам дээр хэвтүүлсэн...” /хх-ий 44-45/ гэсэн,

 

Гэрч Г.Сүхээ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө Шувуун фабрик орох гээд явж байхад аврах ангийн наана байдаг гүүрний бетонон хашлагыг цагаан өнгийг Тоёота Приус 20 маркийн автомашин урдуураа мөргөсөн байдалтай харагдсан. Тэгэхээр нь би явж очиход гадаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүн сандарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө утсаар 102, 103-т дуудлага өгсөн. Тэр үед 25 орчим насны залуу ахаа та энэ хүнийг үзээд өгөөч гэж хэлэхээр нь машины зүүн зам дээр талд дээлэнд ороогоод тавьсан тавьсан байсан. ...Би тэр хүн дээр очиход 20 орчим насны эмэгтэй хүн байсан. Тэгээд би тэр эмэгтэй хүний гүрээний судсыг хуруугаараа дарж үзэхэд цохилт мэдэгдэхгүй байхаар нь нас барсан бололтой байна гэж тэр залууд хэлсэн. Тэгээд юу болсон талаар асуухад машин жолоодож яваад зүүрмэглээд орчихлоо гэж надад хэлсэн...” /хх-ийн 46/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 11 дүгээр сарын 06-ны ...21 цагийн үед Алтанбулаг сумаас хөдлөөд Улаанбаатар хот руу явсан. ...Шөнийн 04 цагийн үед талийгаач Н-йг аваад шууд Алтанбулаг сум руу хөдөлсөн. Тэгээд Морингийн даваа уруудаад Био комбинатын Сод Монгол шатахуун түгээх станцаас машиндаа шатахуун хийлгээд цаашаа хөдөлсөн. Тухайн үед эхнэр миний хажууд буюу урд талын сандал дээр сууж явсан. Дүү Өсөх-Эрдэнэ эхнэрийн ард талд машины хойд суудалд дээр, харин талийгаач Н- миний хойд талд машины арын сандал дээр сууж явсан. Тухайн үед эхнэр машинд унтаж байсан, хойд талын хоёр унтаж байсан эсэхийг анзаараагүй. Тэгээд цаашаа яваад Өлзийт салдаг уулзвар өнгөрөөд Шувуун фабрикийн замаар явж байтал машины урдуур хар өнгөтэй нохой баруун гар талаас гэнэт гараад ирэх шиг болсон. Тэгэхээр би жолооны хүрдээ баруун гар тал руугаа дарсан. Тэгсэн тас хийгээд л яваад өгсөн. Тэгсэн чинь эхнэр миний гэдэс өвдөөд байна гээд байсан. Би эхнэрийн суудлын бүсийг тайлаад дараа нь өөрийнхөө бүсийг тайлаад би машинаасаа буугаад машины нөгөө талаар нь очиж эхнэрийг машинаас буулгаад, дараа нь би машины зүүн хойд талын хаалгыг онгойлгоод Өсөхөөг зүгээр үү гэж асуухад Өсөхөө би зүгээрээ гэж хэлж байсан. Дараа нь талийгаач Н-йг дуудтал өөдөөс хариу өгөхгүй байсан. Тэгэхээр нь би тэврээд сэрээрэй гэсэн боловч ямар ч хариу өгөхгүй байсан. Тухайн үед талийгаачийн толгойноос цус их гарч байсан. ...Би 50-60 км/цаг хурдтай явж байсан. ...Би нохойг тойроод гарья гэж бодоод жолоогоо баруун тийшээ огцом дарсан...” /хх-ийн 109-110/ гэсэн мэдүүлгүүд,

- Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “Зам тээврийн осол хэрэг гарсан гэх газар нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг Гал түймэр унтраах аврах 65 дугаар ангийн хойд замд үйлдэгдсэн. Уг зам нь шулуун тэгш, хуурай, гүүр, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, тухайн үеийн цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, хоёр эгнээтэй, хашлагагүй, хайстай, асфалтан, зам байлаа...” /хх-ийн 5-7/ гэсэн,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №12899 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Нандин-Эрдэнийн биед баруун шанаанд зулгаралт, цээж, зүүн хөх, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хх-ийн 59-60/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №2350 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2. Б.Н-йн биед гавлын орой яс зүүн зулай яс болон дагз ясны цөмөрсөн ба шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн голомтлог, баруун, зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн голомтлог аалзан хальсан доорхи цус харвалт, зулайн хуйханд шарх, цус хуралт, баруун хөлийн дунд чөмөгт ясны далд зөрөөтэй хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд хатуу мохоо зүйлийн тухайлбал авто ослын үед үүсгэгдсэн байх боломжтой.

3. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй.

4. Талийгаач Б.Н- нь дээрх гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ.

5. Талийгаач гуравдугаар бүлгийн цустай байна.

6. Талийгаачийн цусанд этилийн спирт илрээгүй болно...” /хх-ийн 61-70/ гэсэн,

 

- Тээврийн цагдаагийн албаны  мөрдөгчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №237 дугаартай магадалгаанд: “...Дүгнэлт 1. Тоёота Приус маркийн 0000 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г- овогт Ц- Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а./ ...мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Зорчигч Батсайхан овогт Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1 Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ: а/. хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /хх-ийн 93-94/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-18/,

- Цогцост гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-24/,

- Баримт бичиг түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 25/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №13039, №14898, №4442, №6118, №49 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 53-58, 72-75, 76-78, 80-84/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн болон химийн шинжилгээний хариу /хх-ийн 61-64/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 86-89/,

- Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 153/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 156/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт /хх-ийн 160/,

- Шүүгдэгч Г.Ц-гийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.Г-, Б.Тэмүүлэн нарын мэдүүлэг /хх-ийн 48-49, 50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111/, жолоочийн лавлагаа /хх-ийн 112/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 116/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 119/, боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 120-129/, шагнал урамшууллын хуулбарууд /хх-ийн 132-151/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч, насанд хүрээгүй гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч  Г.Ц- нь 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 05 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн хойд замд “Тоёота Приус” маркийн 0000 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/. хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг,

мөн дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а./ ...мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас гүүрний бетонон хашлагыг мөргөж, зорчигч Б.Н-йн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-, иргэний нэхэмжлэгч Г.Хадбаатар, гэрч Б.Нандин-Эрдэнэ, насанд хүрээгүй гэрч Ш.Өсөх-Эрдэнэ, гэрч Г.Сүхээ, шүүгдэгч Г.Ц- нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны №12899 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “...Дүгнэлт Б.Нандин-Эрдэнийн биед баруун шанаанд зулгаралт, цээж, зүүн хөх, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй....” /хх-ийн 59-60/ гэсэн, мөн хүрээлэнгийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны №2350 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “...Дүгнэлт Б.Н-йн биед гавлын орой яс зүүн зулай яс болон дагз ясны цөмөрсөн ба шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай хэсгийн голомтлог, баруун, зүүн тал бөмбөлгийн дагз хэсгийн голомтлог аалзан хальсан доорх цус харвалт, зулайн хуйханд шарх, цус хуралт, баруун хөлийн дунд чөмөгт ясны далд зөрөөтэй хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн тухайлбал авто ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Б.Н- нь дээрх гавал тархины ил гэмтлийн улмаас нас баржээ...” /хх-ийн 61-70/ гэсэн, Тээврийн цагдаагийн албаны  мөрдөгчийн 2020 оны №237 дугаартай магадалгаанд: “...Дүгнэлт Тоёота Приус маркийн 0000 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоч Г- овогт Ц- Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/. хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, мөн дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а./ ...мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зорчигч Батсайхан овогт Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1 Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ: а/. хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /хх-ийн 93-94/ гэсэн дүгнэлтүүд, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-18/, цогцост гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-24/, баримт бичиг түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 25/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №13039, №14898, №4442, №6118, №49 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 53-58, 72-75, 76-78, 80-84/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн болон химийн шинжилгээний хариу /хх-ийн 61-64/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 86-89/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 153/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Ц- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас Б.Н-йн амь нас хохирсон, иргэний нэхэмжлэгч Г.Хадбаатарын эд хөрөнгөд 4,010,000 төгрөгийн хохирол тус тус учирсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А- оршуулгын зардалд 10,000,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-, иргэний нэхэмжлэгч Г.Хадбаатар нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-ийн 34-36, 160/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байан.

 

Шүүгдэгч Г.Ц- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Г.Ц-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн гурван жилийн хугацаанд шүүгдэгч Г.Ц-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Ц- тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав.

 

Хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулахтай холбогдуулан хэрэгт хураагдаж ирүүлсэн Г.Ц-гийн №1336112 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхийн газарт хүргүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах ялыг түүнд албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

 

Эрүүгийн 2003005270006 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Ц- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-, иргэний нэхэмжлэгч Г.Хадбаатар нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бовогт Г-ийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийн Ц-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн гурван жилийн хугацаанд шүүгдэгч Г.Ц-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.Ц- нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс буюу 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн 2003005270006 дугаартай хэрэгт хураагдаж ирсэн Г.Ц-гийн №1336112 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхийн газарт хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн 2003005270006 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Ц- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-, иргэний нэхэмжлэгч Г.Хадбаатар нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Д.АЛТАНЖИГҮҮР27.