Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 145

 

 

 

2017 оны 03 сарын 03 өдөр     Дугаар 156/ШШ2017/00145    Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2017/00034/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт  гаргагч: Б.Мөнх-Очир,
Нарийн бичгийн дарга: Н.Энхзул оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг, Саригийн 14 дүгээр гудамжийн 9 тоотод оршин суух, Баатар овогт Буузгарын Мөнх-Очирын “ажиллаж байсан байдлыг тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох” хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 02-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Мөнх-Очир нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестэд жолооочоор ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэрт овог нэр зөрүүтэй байх тул би дээр хугацаанд ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож, мөн 089225 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1, 25 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Баатар овогт Буузгарын Мөнх-Очир нь 1983 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестэд жолооочоор ажиллаж байсан байдлыг болон 089225 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна. 
Шүүх хүсэлтийг бүрэн хангах нь зүйтэй гэж үзсэн байна. 
Хүсэлт гаргагч Б.Мөнх-Очирын хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Мөнх-Очир нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч ЦА-56092571 регистрийн дугаартай, Баатар овогт Буузгарын Мөнх-Очир нь 1983 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестэд жолооочоор ажиллаж байсан болон 089225 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 
1. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын барилга, барилгын материалын үйлдвэрийн яам, зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн дэргэдэх Монгол ажилчдын захиргааны даргын 450 дугаартай тушаалын хуулбарт:  1985 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс автокомбинатын дараах жолоочид сарын цалинг хадгалан ээлжийн амралт олгосугай. ... Үүнд: Б.Мөнх-Очир 1985 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 25 ажлын хоногоор ... гэжээ. (хх-ийн 7, 17 тал)
2. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын барилга, барилгын материалын үйлдвэрийн яам, зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн дэргэдэх Монгол ажилчдын захиргааны даргын 140 дугаартай тушаалын хуулбарт: ... Буузгар овогт Мөнх-Очирыг 5 сарын 18-ны өдрөөс нэгдүгээр авто комбинатын 2 дугаар зэргийн жолоочоор авсугай /дугаар №9/1529/ ... гэжээ. (хх-ийн 5, 18 тал)
3. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын барилга, барилгын материалын үйлдвэрийн яам зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн дэргэдэх Монгол ажилчдын захиргааны даргын А/218 дугаартай тушаалын хуулбарт: ... Жолооч нарын мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх дамжаанд сурахтай холбогдуулан автокомбинатын 1 дүгээр зэргийн жолооч Б.Мөнх-Очир /№9/1520/, .... нарыг 1988 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл ажлын 18 хоногоор Монгол ажилчдын захиргаанаас цалинг олгуулан дундаж цалинг олгон ажлаас чөлөөлсүгэй ... гэжээ. (хх-ийн 6, 19 тал)
4. Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: Б.Мөнх-Очирыг ... 1982 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн авто баазад жолоочоор ажиллуулсугай гэжээ. (хх-ийн 9-10 тал)
5. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Баатар овогт Буузгарын Мөнх-Очир, 1956 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, ЦА-56092571 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 15 тал)
6. Цэргийн батлахын үнэмлэхийн хуулбарт: Буузгарын Мөнх-Очир нь 1974 оны 6 дугаар сарын 10-ны өдөр цэрэгт татагдаж, 1977 оны 6 дугаар сарын 10-ны өдөр цэргээс халагдсан гэжээ. (хх-ийн 11 тал)
7. Хүсэлт гаргагч Б.Мөнх-Очирын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар (хх-ийн 1, 25 тал)  зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ЦА-56092571 регистрийн дугаартай, Баатар овогт Буузгарын Мөнх-Очир нь 1983 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотын Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестэд жолооочоор ажиллаж байсан болон 089225 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг сэргээн тогтоосугай, 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Ц.Мөнх-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
3. Хүсэлт гаргагч Ц.Мөнх-Очир нь 1974 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс, 1977 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг дурьдсугай. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ