Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 101

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч О.Б-, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б- овогт О-гийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2010006330022 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын зочид буудлын менежмент мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овогт О-гийн Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Б- нь 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Петровис колонкийн урд байрлах байранд хохирогч З.Б-тай “хөгшөөн” гэж дуудлаа гэх шалтгаанаар маргалдан толгойд нэг удаа алгадаж, биед нь баруун чихний хэнгэрэг хальсны цоорол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч О.Б-: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв, шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, буруу үйлдэл хийсэндээ гэмшиж байна, хохирогч хохирол нэхэмжлээгүй, нэхэмжилбэл төлж барагдуулна, сард 2 сая орчим төгрөгийн орлоготой...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч  З.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 3 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Петровисын урд талын байранд найз Одбаярын танил ахынд орж юм яриад хоол идээд байж байхад Одбаярын ах Баясаа хэвтэж байсан. Тэгээд юм ярьж байтал Баясаа ахын найз Оюукатай цэнэглэгчээс болж юм яриад ам мурийх гээд байсан. Тэгээд Баясаа ах хажуу талаас наад охин чинь чамд алгадуулах гээд байгаа юм биш үү гэхээр нь би Баясаа ахыг болиоч андаа гэж хэлтэл өө одоо анд болцон уу гэж хэлсэн. Тэгэхээр нь анд гээд хэлчихлээ гэж хэлтэл ойртоод ирэхээр нь би босоод зогсоод хувцсаа аваад гарья гэж бодоод алхтал араас баруун чих рүү алгадсан. Тэгээд шууд тухайн айлаас гарч Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлсэн...”  /хх-ийн 18-19/ гэсэн,

 

Гэрч  М.Оюундарь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 3 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө З.Б-тай яриад хаана байгааг нь асуухад Одко ахынд байна гэсэн. Тэгээд би Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Петровис шатахуун түгээх станцын урд байрлах байранд Баясаа гэх ахынд орсон. ...Хоол идэх гээд бүгд сууж байтал Баясаа гэх ахыг З.Б- санамсаргүй андаа гээд хэлчихсэн, тэгээд тэр хоёр үл ойлголцож З.Б- бостол араас нь Баясаа гэх ах нэг удаа алгадсан...” /хх-ийн 19-20/ гэсэн,  

 

Шүүгдэгч О.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай найз уг байрыг түрээсэлж байсан. Тэнд архи ууж байгаад хэсэг унтаад сэрэхэд найзын дүү орж ирчихсэн эхлээд “ах аа” энэ тэр гээд юм ярьж байснаа жоохон байж байгаад “хөгшөөн” гээд маазраад эхэлсэн. Тэгэхээр нь нэг удаа алгадчихсан. ...Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” /хх-ийн 39-40/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №3781 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. 3.Б-ын биед баруун чихний хэнгэрэг хальсны цоорол бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хх-ийн 25-26/ гэсэн дүгнэлт,

- Өргөдөл /хх-ийн 13/,

- Шүүгдэгч О.Б-гийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 44-45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, О.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч  О.Б- нь 2020 оны 3 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Петровис шатахуун түгээх станцын урд байрлах байранд хохирогч З.Б-тай “хөгшөөн” гэж дуудлаа гэх шалтгаанаар маргалдан толгойд нэг удаа алгадаж биед нь баруун чихний хэнгэрэг хальсны цоорол бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч  З.Б-ын “...Тэгээд юм ярьж байтал Баясаа ахын найз Оюукатай цэнэглэгчээс болж юм яриад ам мурийх гээд байсан. Тэгээд Баясаа ах хажуу талаас наад охин чинь чамд алгадуулах гээд байгаа юм биш үү гэхээр нь би Баясаа ахыг болиоч андаа гэж хэлтэл өө одоо анд болцон уу гэж хэлсэн. Тэгэхээр нь анд гээд хэлчихлээ гэж хэлтэл ойртоод ирэхээр нь би босоод хувцсаа аваад гарья гэж бодоод алхтал араас баруун чих рүү алгадсан...”  /хх-ийн 18-19/ гэсэн, гэрч  М.Оюундарийн “...Би 2020 оны 3 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө З.Б-тай ярьж байгаад Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Петровис шатахуун түгээх станцын урд байрлах байранд Баясаа гэх ахынд орсон. ...Хоол идэх гээд бүгд сууж байхад Баясаа гэх ахыг З.Б- санамсаргүй андаа гээд хэлчихсэн тэгээд тэр хоёр үл ойлголцож З.Б- босоход араас нь Баясаа гэх ах нэг удаа алгадсан...” /хх-ийн 19-20/ гэсэн,  шүүгдэгч О.Б-гийн “...Манай найз уг байрыг түрээсэлж байсан. Тэнд архи ууж байгаад хэсэг унтаад сэрэхэд найзын дүү орж ирчихсэн эхлээд “ах аа” энэ тэр гээд юм ярьж байснаа жоохон байж байгаад “хөгшөөн” гээд маазраад эхэлсэн. Тэгэхээр нь нэг удаа алгадчихсан. ...Өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” /хх-ийн 39-40/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №3781 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 3.Б-ын биед баруун чихний хэнгэрэг хальсны цоорол бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 25-26/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч З.Б-ын биед учирсан “...баруун чихний хэнгэрэг хальсны цоорол...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч О.Б- түүний толгойд нь цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.Б-гийн хохирогч З.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Б-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч З.Б-ын эрүүл мэндэд баруун чихний хэнгэрэг хальсны цоорол бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гэмтэлтэй холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Хохирогч З.Б- цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч О.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч О.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Б- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2010006330022 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Б- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч З.Б- гомдол саналгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овогт О-гийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-гийн Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч О.Б-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Шүүгдэгч О.Б- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн 2010006330022 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Б- энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч З.Б- гомдол саналгүй гэснийг тус тус дурдаж, хохирогч З.Б- нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР