Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лодойн Цэрэндулам |
Хэргийн индекс | 156/2017/00086/И |
Дугаар | 186 |
Огноо | 2017-03-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 186
2017 оны 03 сарын 22 өдөр Дугаар 156/ШШ2017/00186 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 156/2017/00086/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг оролцов.
Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багт оршин суух Хуацай овогт Даваажавын Баярмаагийн “ Ц.Батхүрэлийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Д.Баярмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа:.. Миний нөхөр Ц.Батхүрэл нь 1992 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Биндэр сумын Засаг даргын тамгын газарт зарлагаар ажилд ороод 1994 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдан хилийн цэргийн 0146 дүгээр ангид алба хаагаад 1995 оны 6 дугаар сарын 20-ны өдөр халагдаж ирээд 1995 оны 10 дугаар сарын 16-ны өдөр буцаж ажилдаа орж 1997 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн юм.
Миний нөхөр Ц.Батхүрэл нь 2017 оны 02 дугаар сарын 3-ны өдөр нас барж оршуулгын тэтгэмж, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн материал бүрдүүлж өгөхөд 1992 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр ажилд орсон тушаал нь олдсон боловч 1994 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь архивт шүүлгэж үзэхэд олдохгүй байна.
Иймд Ц.Батхүрэлийн 1992 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэжээ. (хх-ийн 1, 18 тал)
Хүсэлт гаргагч Д.Баярмаа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 5 настай хүүхдээ түр зуур хүнд орхиод ирсэн, яаралтай буцах шаадлагатай байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулалгүйгээр шүүх хуралдаан хийж өгнө үү гэжээ. (хх-ийн 25 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Д.Баярмаа нь Ц.Батхүрэлийн 1992 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын тамгын газарт зарлагаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.Баярмаа нь “Ц.Батхүрэлийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-оор аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хандахад ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь байхгүй тул тэжээгчээ алдсаны тэтгэмж олгох боломжгүй шүүхэд хандах хэрэгтэй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу Ц.Батхүрэлийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Д.Баярмаа нь “Ц.Батхүрэлийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох”-оор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.
Ц.Батхүрэл нь СЖ-75111031 регистрийн дугаартай, Халбин овогт Цэвэлмаагийн Батхүрэл нь 1992 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын тамгын газарт зарлагаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1.Гэрч Т.Амгаланжаргалын:... Би Ц.Батхүрэлтэй нэг нутаг усны хүмүүс байгаа юм. Бид Хэнтий аймгийн Биндэр сумын 10 жилийн дунд сургуульд цуг сурч байсан. Би 1993 оноос 2005 он хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багт малчнаар ажиллаж байлаа... Ц.Батхүрэл нь 1992 онд Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын тамгын газарт галчаар ажиллаж байгаад 1994 оноос 1995 оны хооронд Сүхбаатар аймгийн Онгон суманд цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж дуусгаад 1997 оныг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын тамгын газарт зарлагаар ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн гэсэн мэдүүлэг...(хх-ийн 22-23 тал)
2. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт:...Халбин овогт Цэвэлмаагийн Батхүрэл 1975 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, СЖ-75111031 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 5 тал)
3. Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын тамгын газрын 1993 оноос 1997 оны цалингийн тодорхойлолтод:.. Ц.Батхүрэлийн 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал авч байсан цалинг он, сараар бичсэн байна. (хх-ийн 7-8 тал)
4. Хэнтий аймгийн Биндэр сумын “Ардын хурлын гүйцэтгэх захиргааны захирамжийн хуулбарт:...Цэвэлмаагийн Батхүрэлийн 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тамгын газрын зарлагаар томилсугай... гэжээ (хх-ийн 10 тал)
5. Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын захирамжийн хуулбарт:...Биндэр сумын Тамгын газрын зарлагын ажилтай Ц.Батхүрэлийг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 1997 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсүгэй. ...гэжээ. (хх-ийн 9 тал)
6. Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Хил хамгаалах ерөнхий газрын төв архивын лавлагаанд:.. Цэвэлмаагийн Батхүрэл нь 1994 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар Хэнтий аймгаас 6 дугаар сарын 20-нд хугацаат цэргийн албанд татагдан хилийн цэргийн 0146 дүгээр ангид алба хаагаад хилийн цэргийн удирдах даргын 1995 оны 6 дугаар сарын 12-ны 442 тоот тушаалаар 06 дугаар сарын 20-нд халагджээ...гэжээ. (хх-ийн 6 тал)
7. № 12 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбарт: Халбин овогт Цэвэлмаагийн Батхүрэл эрэгтэй (СЖ-75111031), Хуацай овогт Даваажавын Баярмаа нар 2006 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 012 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэжээ... (хх-ийн 12 тал)
8. № 0000172217 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбарт:.. Халбин овогт Цэвэлмаагийн Батхүрэл эрэгтэй (СЖ-75111031), 42 настайдаа 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр эмнэлэгт нас барсныг 2017 оны 02 дугаар сарын 6-ны өдөр нас барсны бүртгэлийн 03 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэжээ... (хх-ийн 12 тал)
9. Д.Баярмаагийн шүүхэд гаргасан тайлбар,хүсэлт (хх-ийн 1, 18 тал) зэрэг болно.
Хүсэлт гаргагч Д.Баярмаа нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна. (хх-ийн 25 тал)
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан СЖ-75111031 регистрийн дугаартай, Халбин овогт Цэвэлмаагийн Батхүрэлийг 1992 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын тамгын газарт зарлагаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Ц.Батхүрэл нь 1994 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ