| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0248/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/276 |
| Огноо | 2021-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/276
2021 03 05 2021/ШЦТ/276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Хохирогч Ж.Оюунцэцэг,
Шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.Эд холбогдох 2106 00238 0263 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Увс аймагт 1971 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын тээвэрлэлт үйлчилгээний хэлтсийн 1 дүгээр хэсэгт нийтийн тээврийн автобусны жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 2-Б хэсгийн 1530 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Чын Э /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ч.Э нь согтуурсан үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2-Б хэсгийн 1530 тоот гэртээ эхнэр болох У.Оюунцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний хацрын тус газар хутгаар зүсэж эрүүл мэндэд нь “зүүн хацарт шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай уруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Эийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Оюунцэцэгийн өгсөн: “Тэр өдөр бид хоёр 2 пиво уусан. Ер нь ууж идээд байдаггүй. Дүү нь 9 сард өнгөрсөн. Тэрнээс хойш манай хүн их эмзэг болсон байсан. Фейсбүүк хаягийн тухай ярьж байтал дүүтэй нь ижилхэн нэртэй хүний фейсбүүк хаяг гарч ирээд тэрнээс болж маргалдаад ийм асуудал болсон. Өмнө ийм асуудал болж маргалдаад байдаггүй. Ажил ихтэй завгүй байдаг. Ханьдаа гомдох зүйл байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3-4/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх.9-15/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.17/,
Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх.19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Оюунцэцэгийн өгсөн: “... Би 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 2Б хэсэг, 1530 тоотод байрлах гэртээ нөхөр Ч.Э болон 2 хүүхдийнхээ хамтаар шинэ жилийн баяраа тэмдэглээд, нөхөр бид хоёр 2 ширхэг 2.5 литрийн Боргио нэртэй пиво хувааж уусан. Тэгээд пивоо бараг ууж дуусаад байж байтал нөхөр надаас манай хүргэн дүүгийн фейсбүүк хаягийг асуухаар нь би хэлээд өгтөл өнөөх миний хэлсэн хаяг нь нөхрийн саяхан талийгаач болсон дүүгийн нэртэй адилхан байж таараад үүнээс болж Э над руу уурлаж “чи миний үхсэн дүүгийн ясыг өндөлзүүллээ” гэж хэлээд бид хоёрын дунд танайхан, манайхан гэсэн хэрүүл маргаан үүссэн чинь Э ширээн дээр байсан хутгыг авч, миний зүүн талын хацрын тус газар өнөөх хутгаараа 1 удаа хатгасан... тухайн үед бид хоёрын хажууд манай 1 нас гаруйтай хүү л байсан... би нөхөртэйгөө нэг гэрт бараг 10-аад жил хамт амьдарч байна... миний нөхөр намайг өмнө нь нэг удаа ч зодож, цохиж байсан асуудал байхгүй... надад ямар нэгэн гомдол санал байхгүй...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх.28-29/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн:
1. Ж.Оюунцэцэгийн биед зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх №466 дугаартай дүгнэлт /хх.44-45/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Эийн яллагдагчаар өгсөн: “... баяр болж байгаа юм даа гэж бодоод 2 ширхэг 2.5 литрийн пиво хувааж ууж байгаад нилээн согтоод хоорондоо танайхан, манайхан гэх ярианаас болж маргалдаад би өөрийн мэдэлгүй ширээн дээр байсан хутгийг аваад Оюунцэцэгийн зүүн талын хацар руу нь 1 удаа хатгасан... өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... эхнэр Оюунцэцэг бид хоёр одоо ч гэсэн хамт нэг гэрт эвтэй сайхан амьдарч байгаа. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх.102/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ч.Э нь согтуурсан үедээ буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2б хэсэг, 1530 тоот гэртээ эхнэр болох У.Оюунцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний хацрын тус газар хутгаар зүсэж эрүүл мэндэд нь “зүүн хацарт шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай уруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3-4/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх.9-15/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.17/,
Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх.19/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Оюунцэцэгийн өгсөн: “... Э ширээн дээр байсан хутгыг авч, миний зүүн талын хацрын тус газар өнөөх хутгаараа 1 удаа хатгасан...” гэх мэдүүлэг /хх.28-29/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн:
1. Ж.Оюунцэцэгийн биед зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх №466 дугаартай дүгнэлт /хх.44-45/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Эийн яллагдагчаар өгсөн: “... би өөрийн мэдэлгүй ширээн дээр байсан хутгийг аваад Оюунцэцэгийн зүүн талын хацар руу нь 1 удаа хатгасан...” гэх мэдүүлэг /хх.102/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Оюунцэцэгийн өгсөн: “... Фейсбүүк хаягийн тухай ярьж байтал дүүтэй нь ижилхэн нэртэй хүний фейсбүүк хаяг гарч ирээд тэрнээс болж маргалдаад ийм асуудал болсон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Эийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Эийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Ч.Эийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Ж.Оюунцэцэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд Ч.Эийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Ч.Эийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Ч.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Ч.Эийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Ч.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ч.Эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Б овогт Чын Эийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ч.Эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.Эд сануулсугай.
5. Ч.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.Оюунцэцэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР