Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 213/МА2017/00009

 

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газар,

сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 131/ШШ2017/00124 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Алтан завъяа ундарга ХХК-ийн захирал *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газар, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 28.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч *******ын өмгөөлөгч *******ийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 5-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, *******, нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн “Алтан завъяа ундарга” ХХК-ийн захирал *******оос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай “Алтан завъяа ундарга” ХХК нь 2014 онд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын "Цахилгаан дамжуулах агаарын шугaмын 04 квт-ын цахилгаан дамжуулах шугамын өргөтгөл хийх" ажил гүйцэтгэх ШЖ2014/17 тоот гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан. Тухай гэрээний төсөвт өртөг буюу эхний жилийн санхүүжилт нь 50.000.000 төгрөг байхаар гэрээгээр харилцан тохиролцон баталсан. Гэтэл Шинэжинст сумын ИТХ-аас, тоггүй байгаа айлууддаа нэмж татмаар байна гэсэн хүсэлт гаргасны үндсэн дээр, ажлын ерөнхий зураг дээр гараар нэмж зурж манайх ажлаа нэмж явуулан нийт 69.000.000 төгрөгийн өртөг бүхий ажлыг 2014 онд хийж гүйцэтгэсэн. Харин 2015 онд Шинэжинст сум нь тухайн ажилд зориулан 15.000.000 төгрөг төсөвт суулгасан, танай илүү хийсэн ажлын хөлсийг өгнө гэж мэдэгдэж байсан боловч манайд одоо хүртэл олгоогүй. 

Иймд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул захиалагч тал болох Шинэжинст сумын Засаг даргын тамгын газар болон өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ-ын дарга нараас 28.500.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа учраас хуулийн дагуу шийдэж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай дүү нь ажилтай тул би түүнийг төлөөлөн оролцох болно. Энэ ажлыг анхнаас нь гүйцэтгэж дуусах хүртэл хариуцаж байсны хувьд миний бие шүүхэд төлөөлөх бүрэн боломжтой гэж үзэж байна. Хамгийн анх 2014 онд гэрээнд заасны дагуу зураг төсвийн дагуу 50 сая төгрөгийн хийх ёстой ажлаа хийж дуусгасан. Энэ ажлаа хийж дууссаны дараа үнэхээр тоггүй байсан айлууд байсан. Сумын засаг дарга нь биднийг өрөөндөө дуудсан энэ үед Тамгын газрын дарга, төрийн санч нь цуг байсан. Нэмэлт ажил хийх шаардлагын хувьд энэ ажил нь 2014-2015 онд үргэлжилж хийгдэх ёстой ажил тул бид хийх болсон. Бид энэ ажлыг хийх гэж банкнаас хүртэл зээл авсан. Энэ ажил нь 19.000.000 төгрөг болсон. Аудитын шалгалтаар гүйцэтгэх ажлын санхүүжилт 15 сая төгрөг нь сумын төсөвт байна гэсэн. Нэхэмжлэлийн мөнгийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Шинэжинст сумын Засаг даргын тамгын газрын төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Сум орон нутагт төсөв батлах эрхтэй газар нь сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байдаг, яагаад 146.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан атал 50.000.000 төгрөгийн төсөв баталсан нь ойлгомжгүй байна. Гэрээнд бол 2014 онд 50.000.000 төгрөгийн ажил хийх тул 50.000.000 төгрөг л төсөвлөх ёстой. Ажлын хэсгийн ажил хүлээн авсан актанд 19.000.000 төгрөгөнд ийм ийм ажил нэмж хийлээ гэсэн ямар ч тэмдэглэгээ байхгүй байна.

Ажлын хэсэгт ******* гэж хүн байсан атлаа энэ талаар огт санал гаргаагүй байна. Бид өмнө нь ажиллаж байгаагүй учир одоо байгаа баримтанд тулгуурлаж л шийдвэр гаргах болно. Хэрвээ энэ байгууллага 69.000.000 төгрөгийн ажил хийсэн бол ийм үнэлгээтэй ажил хийлээ гэдгээ огт гаргаж танилцуулаагүй байна. Иймд нэхэмжлэгч байгууллага нь 69.000.000 төгрөгийн ажил хийсэн гэдгээ нотолж холбогдох баримтаа гаргаж өгсөн бол мөнгийг төлөхгүй гэх зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Шинэжинст сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Санхүүжилтийн хувьд 2014 онд 50.000.000 төгрөгийн ажил хийлгэнэ гээд төсвийг баталж гэрээний үүргийн дагуу зарим зардлыг хасаад 46.931.289 төгрөгийг төлсөн байгаа юм. Нэмэлтээр 19.000.000 төгрөгийн ажил хийсэн гэх боловч сумын захиргааны зүгээс нэмэлт ажил хийлгэх хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй, баримт бичиг байхгүй байна.

Мөн хийгдсэн ажлууд нь хэдэн төгрөгийн ажил болсныг мэдэх боломжгүй баримт үнэлгээ байхгүй байгаа юм. Нэхэмжлэгч байгууллага нь 19.000.000 төгрөг нэхэмжилж хүсэлт гаргаж байсан талаар мөн баримт архивт байхгүй байна. Мөн сумын үндсэн хөрөнгийн бүртгэлд тухайн ажлыг 50.000.000 төгрөгөөр хүлээн авч бүртгэсэн, ямар ч өр үүсгэсэн талаар дурдаагүй байна.

Мөн ажил хүлээн авсан актыг бодит байдал дээр хийгдсэн ажилтай тулгаж нэг бүрчлэн үнэлгээ гаргаад ирвэл бодит байдалд нийцэх байх гэж бодож байна. Нотлох баримтаар өгсөн гэрэл зураг бусад баримтыг хараад бид 50.000.000 төгрөгийн ажил уу 69.000.000 төгрөгийн ажил уу гэдгийг мэдэх боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 345 дугаар зүйлийн 345.1-д заасныг тус тус баримтлан Алтанзавъяа ундарга ХХК, захирал *******ын нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газар, дарга *******, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Иргэдийн Төлөөлөгчидийн хурал, хурлын дарга ******* нарт холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл болон гүйцэтгэсэн ажлын хөлс 19.000.000 төгрөг, алданги 9.500.000 төгрөг, нийт 28.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300.450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******гийн ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“Алтан завьяа ундарга” ХХКомпани нь 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Шинэжинст сумын “Цахилгаан дамжуулах агаарын шугамын 04 квт-ын цахилгаан дамжуулах шугамын өргөтгөл хийх” ажлын нийт өртөг нь 146.308.023 төгрөгийн санхүүжилттэй байсан ба эхний санхүүжилтийг 50.000.000 төгрөг байхаар гэрээг байгуулсан.

Ингээд тухайн жил буюу 2014 онд тухайн ажлыг хийж гүйцэтгэх явцад Шинэжинст сумын ИТХ-аас тоггүй айлуудын тогыг нэмж татах хүсэлт гаргасны дагуу нийт 15.000.000 төгрөгийн ажлыг үндсэн хийж гүйцэтгэх ажил дээрээ нэмэлтээр хийж тухайн сумын удирдлагуудтай амаар тохиролцон тус ажлыг хийж гүйцэтгэсэн ба энэ талаар нэхэмжлэл болон тухайн ажлын гэрээ, хэлцэл бусад баримтуудыг өгсөөр байхад хариуцагч талын хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбарт үндэслэн манай гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нйицээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй гэж үзнэ.

Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт судлах үүргээ шүүх гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл юм. Нэхэмжлэгч тал нь тухайн байгууллага хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, нэмэлтээр хийсэн ажлын гүйцэтгэл зэргийг нотлох баримтаар өгсөн, тухайн хийсэн ажлыг гэрэл зургаар баталгаажуулан өгсөөр байхад нотлох баримтыг шүүх үнэлж үзээгүй.

Шүүх иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344.1, 345.1-д заасныг удирдлага болгон зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тухайн хуулийн агуулга, зүйл заалтыг буруу хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Гэрээнд заасан ажлыг хйиж гүйцэтгэсэн талаар төсөв, ажлын гүйцэтгэлийг хийсэн боловч харин захиалагч тал нь гарын үсэг, холбогдох баримт бичиг ирүүлэхгүй байсан нь тэдгээрийг зөвтгөх үндэслэл биш юм. Нөгөө талаар хариуцагч байгууллагын тухайн үеийн дарга удирдлагууд солигдож харилцан тохиролцож гэрээ байгуулсан гэдгийг мэдэхгүй шинэ удирдлагууд томилогдсон нь энэ хэлцэл хийгдсэн эсэхийг тогтооход нөлөө үзүүлж байгааг шүүх харгалзан үзсэнгүй. Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 131/ШШ2017/00124 тоот шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Алтан завъяа ундрага ХХК-ийн захирал ******* нь Шинэжинст сумын Засаг даргын тамгын газар, дарга *******, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дарга ******* нараас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл болон ажлын хөлс 28.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Дамбын Даншийцоодол гэдэг хувь хүн нэхэмжлэл гаргасан, дараа нь нэхэмжлэгч хариуцагч нарын нэршлийг зөвтгүүлэхээр хүсэлт гаргаж, /хх-ийн 82 дугаар тал/ нэхэмжлэгч нь Алтан завъяа ундрага ХХК-ийн захирал Дамбын Даншийцоодол гэдэг нэрээр нэхэмжлэл гаргасан боловч ******* нь Алтан завъяа ундрага ХХК-ийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй байна.

Шинэжинст сумын Засаг даргын тамгын газар эсхүл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын аль нь хариуцагч гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага нь хэнд холбогдуулж хэнээс нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод байгаа *******, ******* нар нь ямар албан тушаал эрхэлдэг болон тухайн сумын Засаг даргын тамгын газар, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж оролцох эрхтэй эсэх нь тодорхойгүй, байгууллагын бичгээр олгосон итгэмжлэл байхгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар эрх үүрэгтэй оролцох нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн зөрчилтэй болжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “..анхан шатны шүүх хуралдаан дээр шүүх хуралдааныг хойшлуулах, нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй..” гэсэн гомдол гаргасан, мөн шүүх хуралдааны тэмдэглэлийг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* давж заалдах шатын шүүх хуралдаан дээр тайлбар гаргахдаа “..намайг хэргийн материалтай танилцуулаагүй гомдолтой..” гэсэн тайлбар өгсөн зэрэг байдлууд нь хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй байна гэж үзлээ.

Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хүсэлт гаргах, шийдвэрлүүлэх, нотлох баримт гаргаж өгөх, хэргийн материалтай танилцах зэрэг хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх үндэстэй байтал анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул өмгөөлөгч *******ийн давж заалдсан гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Алтан завъяа ундрага ХХК-ийн захирал *******оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 300.450 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 13-ний өдрийн 131/ШШ2017/00124 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 300.450 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                  Г.УЛАМБАЯР