Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 32

 

 

 

Ц.А-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ө.Мөнхнавч,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Эрдэнэбаатар, Г.Ганбадрах,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 он 03 дугаар сарын 15-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.Аод  холбогдох эрүүгийн 1719000740063 дугаартай, 2 хавтас 257 хуудас бүхий эрүүгийн хэргийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар, Г.Ганбадрах нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүгийн нягтлан бодогч, мэргэжилтэй, Сайншанд дахь ........... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот,  Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Ц-ийн  А /РД:ЧС72022917/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Ц.А нь ........аймгийн Сайншанд сум дахь .......... улсын байцаагчаар ажиллаж байхдаа Дорноговь аймгийн ........ сумын нутаг дэвсгэр,  ...... хилийн боомтод 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн, 76,8 кг чулууг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал бий болгон, зөрчил гаргагч Т.О- буцаан өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.А-ыг албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ао-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 GB флашийг хэрэгт хавсарган үлдээж, 71 кг  “Хас” чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аод оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ао-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгчид холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн нь гэмт хэргийн шинжийг зөв үнэлээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.11-д зааснаар гаалийн улсын байцаагч нь эрх бүхий албан тушаалтан бөгөөд Ц.А нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрх хэмжээ, Сайншанд дахь ..... газрын даргын 2016.11.04-ний өдрийн А/09 дүгээр тушаалаар батлагдсан ажил үүргийн хуваарь болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу 76.8 кг байгалийн чулууг зөрчлийн хэргийн эд мөрийн баримтаар хураан авсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хураан авсан эд зүйлийн талаар авах арга хэмжээтэй холбогдон үүсэх харилцааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1, 21.3, 21.4, 21.5 дугаар зүйлд заасан журмаар зохицуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрх бүхий албан тушаалтан хураан авсан эд хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын хадгалалт, хамгаалалтыг хариуцна” гэж заасан. Иймд шүүгдэгчийг эрх бүхий албан тушаалтан гэж үзэх үндэслэлтэй. Харин Ц.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь гэмт хэргийн шинжид нийцнэ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй байна.  Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохоор заасан байгаа. Шүүгдэгч А-ын үйлдсэн хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь уг хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зохицуулсан журамтай тохирч байна. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн болон нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болон хувийн байдлыг шүүх харгалзан үзэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх үндэслэлтэй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоол нь шударга ёс, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч урьд нь гэмт хэрэг эрх зүйн зөрчилд холбогдож байгаагүй, ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд О-ийн бага насны хүүхэд нь элэгний эдгэшгүй өвчтэй, өр ширээ дарж амьдрал ахуйгаа өөд татах гэсэн хүсэл сонирхлыг нь харгалзаж өрөвдсөний үндсэн дээр түүнд чулууг өгсөн болохоо хуулийн байгууллагад мэдүүлсэн. Бусдаас мөнгө, шан харамж нэхээгүй, аваагүй болох нь тогтоогдсон. Гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч Аын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2,  6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улсаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан. А-ын хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь хэргийн 42, 43-р хуудсанд авагдсан нотлох баримтаас харагдаж байгаа. Шүүгдэгчийн охин Анхилуун 1 нас 10 сартай, Ану 6 нас 8 сартай хүүхдүүд байгаа. Эхнэр болох Болормаа нь одоогоор ажилгүй. Иймд гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хянан шийдвэрлэж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү гэв.

Прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, санал, дүгнэлтдээ: Өмгөөлөгч Эрдэнэбаатарын өмгөөлөлд “Эрүүгийн хуулийн 21.10 дугаар зүйлд буюу битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэсэн зүйл ангиар зүйлчлэх боломжтой” гэж яригдлаа. Энэ тохиолдолд  тухайн эд хөрөнгө нь гэмтсэн, үрэгдсэн байхыг шаарддаг ба хүндрүүлэх бүрэлдэхүүнд нь тухайн битүүмжлэн хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан нь завшсан байх талаар хуульчилж өгсөн. Гэтэл А-д  завшсан асуудал байхгүй, гол нь өөрийнхөө албан тушаалаа урвуулан ашиглаад бусдад давуу байдал бий болгосон. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан хэргийн шинжийг агуулж байгаа, энэ зүйлчлэлээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа хөнгөрүүлэн авч үзэх нөхцөл байдлын хувьд шүүхээс тухайн үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хэрэглэнэ гэж заасан байгаа, тэрнээс заавал хэрэглэнэ гэсэн асуудал  биш. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд дараах үндэслэлээр өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын гомдлын зарим хэсгийг ханган, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, өмгөөлөгч Г.Ганбадрахын гомдлыг бүхэлд нь хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Хавтаст хэргийн материалаас үзэхэд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гаалийн улсын байцаагчаар ажиллаж байсан Ц.А нь Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь, Ханги хилийн боомтод гаалийн хяналт шалгалт хийх явцдаа Улсын хилээр нууж, гаргах гэж байсан 76,8 кг чулууг илрүүлэн хураан авчээ.

Тэрээр хураан авсан дээрх чулууг, гаалийн байцаагчийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон зөрчил гаргагч Т.О-д буцааж өгсөн үйл баримт тогтоогдсон байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Харин шүүгдэгч Ц.А-ыг Эрүүгийн хуулийн 21.10 дугаар зүйлд заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдохгүй байх тул түүний өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын ”...шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь гэмт хэргийн шинжид нийцнэ” гэсэн гомдол үндэслэлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж, мөн зүйлийн 3-т “мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэжээ.

Хуулийн дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг магадлаж үзэхэд:

Шүүгдэгч Ц.А гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн буюу “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, 76,8 кг чулууг зөрчил гаргагч Т.Оюун-Эрдэнэд буцаан өгсөн” талаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлжээ.  

Тухайн үйл баримтын талаар гэрч /зөрчил гаргагч/ Т.О-ээс “...тэр өдрийнхөө орой гаалийн байцаагч А ахтай уулзахаар гэрт нь очсон. Хураалгасан чулуугаа авья гэж хэлсэн, бага хүүхэд маань элэгний хүнд өвчтэй, чулууг урагшаа гаргаад хэдэн төгрөг болгох гэсэн юм гэдгийг хэлсэн. А ах болохгүй гэж хэлж байсан. Би гэрт нь очихдоо нэг шил Болор архи авч очсон. Маргааш өглөө дахин гэрт нь очиж нэг шил Болор архийг хувааж уусан. Ингээд 2017 оны 08 дугаар сарын 18-ны орой ажил тарснаас хойш ажил дээрээс  нь очиж чулуугаа авсан. Тэрээр чулууг хадгалж бай гэж хэлээд надад өгч явуулсан, надаар баримтад гарын үсэг зуруулсан. Чулууг авсны дараа гэртээ оруулж задлаад оронд нь газраас байгалийн чулууг түүж аваад яг хуучин байгаа байдлаар нь хийж, жинг нь тааруулаад савлаж боогоод машиныхаа ард ачсан. Улмаар 2017 оны 08 дугаар сарын 24, 25-ны хавьцаа  шөнө 12 цагийн үед Аын хамтаар чулууг аваад Сайншандын гаалийн газрын сахиул манаачид хүлээлгэж өгөөд цаашаа хот руу явсан, хотод ирээд салцгаасан” гэж мэдүүлжээ. 

Түүнчлэн  битүүмжилж, хураан авсан 76.8 кг чулууг Ц.А  нь гаалийн улсын байцаагчийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, уг чулууг солих боломж, нөхцөл байдлыг бий болгон зөрчил гаргагч Т.Оюун-Эрдэнэд буцааж өгсөн нь гэрч Б.Мөнхтуяа /1-р хх 7-9, 64-65/, З.Алтанчимэг /1-р хх-63/, Б.Ганзориг /1-р хх-69/ нарын болон Ц.Аын /1-р хх 10-11/ гэрчээр өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-15/, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /1-р хх 18-19/, геологийн төв лабораторийн шинжилгээний дүн /1-р хх-22/, зөрчлийн хэрэг бүртгэлийн материал болон бусад нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдож байна.

Мөн гэрч Т.О болон бусад гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлснийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судлаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлаж үзэхэд шүүгдэгч Ц.Аыг “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн”  буюу “хувьдаа авсан, өөртөө ашиг хонжоо олсон, эсхүл устгаж үгүй хийсэн” гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин “Улсын байцаагчийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, 76.8 кг чулууг зөрчил гаргагчид буцааж олгосон” нь тогтоогдож байх тул прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан дээрх гэмт хэрэгт яллаж, анхан шатны шүүхээс тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.    

Харин шүүгдэгч Ц.А-ын үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн гэмт хэрэг”-ийн ангилалд хамаарч байгаа, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг нь харгалзан  түүнд холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэж, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолын холбогдох заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.    

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 он 03 дугаар сарын 15-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох  хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,

6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аод оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдсугай” гэснийг,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасах ялын хугацааг тэнсэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчилж,

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг хүчингүй болгож,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах учрыг анхааруулсугай.” гэж нэмж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч Ц.А нь 31 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг сулласугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                  Н.БОЛОРМАА