Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 751

 

 
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “М****” ХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: “М****” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын газар эзэмших эрхийг дутуу шийдвэрлэсэн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойт 99/А хаяганд байрлах үлдэгдэл 22,820 мкв газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох,
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 тоот захирамжийг хүчингүй болгуулах, “М****” ХХК-ийг 27340 м2 газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож, 27340 м2 газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Дамчаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зулбаяр, С.Эрдэнэтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг, гуравдагч этгээдийн төлөөлөгч Л.Зориг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Х.Отгончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М****” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний хууль зүйн үндэслэлээ: “...Манай компанийн өмч хөрөнгө болох Сонгино-Хайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойт 99/А тоот хаягт байрлах компанийн конторын барилга бүхий газрыг тухайн үеийн компанийн эрх бүхий албан тушаалтнууд хууль бус тогтоол шийдвэр гарган, хуурамч бичиг баримт үйлдэж, гэмт хэргийн шинжтэй үйлдлээр бусдын эзэмшилд шилжүүлсэн. Энэ талаар хувьцаа эзэмшигчдээс хууль хяналтын болон шүүхийн байгууллагаар олон жил явсны эцэст манай газрыг эзэмшиж байсан “М****” ХХК-ны газар эзэмших ашиглах эрхийг Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/448 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Ингээд 2015 оны 4-р сарын 27-ны өдөр “М****” ХХК-иас Захиргааны хэргийн шүүхэд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/448 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг захиргааны хэрэгт “М****” ХК нь гуравдагч этгээдээр оролцож байсан.
Ингээд Захиргааны хэргийн гурван шатны шүүхээс “М****” ХХК-ны нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож урьд өмнө нь Захиргааны хэргийн шүүхээс шийдвэрлэж байсан “М****” ХК-ны хувьцаа эзэмшигч Ж.Дамчаагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэсэн шийдвэрүүдийг баталгаажуулсан.
Ингээд удаа дараагийн захиргааны хэргийн шийдвэрийг үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн А/68 тоот захирамжаар манай хэрэгт “М****” ХК-д 3820 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар, 700 м.кв газрыг конторын зориулалтаар олгож шийдвэрлэсэн. Уг захирамж нь манай компанийн төдийгүй компанийн 3396 тооны хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд эерэгээр нөлөөлсөн шийдвэр мөн боловч манай компанийн зүгээс үлдсэн 22820 м.кв газрын асуудлыг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргаж байгаад гомдолтой байна. Учир нь удаа дараагийн шүүхийн шийдвэрүүдээр “М****” ХХК-ны 27340 м.кв газар эзэмших эрхийг цуцалсан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/448 дугаар захирамжийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байтал уг 27340 м.кв газрын эзэмших манай компанийн эрхийг сэргээж өгөхгүй байгаад гомдолтой байна...” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болорчулуун шүүхэд ирүүлсэн хариу тайлбар түүний хууль зүйн үндэслэлээ:
“...2008 онд “М****” ХК-ны хувьцаа эзэмшигч иргэн Ж.Дамчаагийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэж шүүхээс иргэн Ц.Амарсайханаас Т.Цоггэрэлд маргаан бүхий газрыг ашиглах эрхийг шилжүүлсэн  талаар эрх бүхий албан тушаалтны захирамж гарсан эсэх, түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамжаар маргаан бүхий газрыг ашиглах эрх олсон атал хугацааг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга сунгасан нь хуульд нийцсэн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”-ийг тогтоож, судалсны үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын 2006 оны 434 дүгээр захирамжийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
Иргэн Ж.Дамчаагийн гомдлоор эрүүгийн хэрэг үүсээд шалгах явцад дээрх шүүхийн шийдвэрт тусгасан дахин судал гэсэн нөхцөлийг эрх бүхий хуулийн байгууллагаас дээрх шүүхийн шийдвэрт нөхцөл байдлуудыг тодруулахад 2010 оны Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Отгончимэгийн 2010 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Эрүүгийн Хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээрх эрүүгийн хэрэг хянан шалгах явцад яллагдагч Ц.Амарсайханы “М****” ХХК-ний эд хөрөнгийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авч, үйл ажиллагаа явуулж, компанийн удирдах ажлыг ямар нэгэн тогтоол шийдвэргүйгээр /өөрөөр хэлбэл 2000 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон гэх боловч улсын бүртгэлд бүртгэгдээгүй байдаг гүйцэтгэж хувь нийлүүлэгчдийн өмч хөрөнгийг бусдад хууль бусаар худалдсан, мөн яллагдагч Г.Мөнхбилэг, П.Мөнхчулуун нар нь 1997 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан “Монгол-эд" ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн ээлжит 4 дүгээр хурлаар Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаараа П.Мөнхбилэг гэгчийг сонгосон ба Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 1997 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 тоот тогтоолоор “Монгол эд” ХХК-ний гүйцэтгэх захирлаар П.Мөнхчулууныг томилсон байдаг. Гэтэл тус компанийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Г.Мөнхбилэг, гүйцэтгэх захирал П.Мөнхчулуун нар нь дээрхи албан тушаалуудад томилогдохоос өмнө 1997 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 05 тоот Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын тогтоолыг хуурамчаар үйлдэн тус компани өмч болох СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, энх тайвны өргөн чөлөөнд байрлах 2.7 га газар бүхий конторын барилга, агуулах, 238 ширхэг бетонон хашаа, түүний барилга зэргийг иргэн Ц.Амарсайханд худалдахыг гүйцэтгэх захирал П.Мөнхчулуунд зөвшөөрсөн нь хууль бус гэж тогтоосон байдаг.
Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 361 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 150 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24 өдрийн А/68 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сонсголонгийн замын уулзварын хойд талд байрлах 3820 м2 газрыг аж ахуйн зориулалтаар, 700 м2 газрыг конторын зориулалтаар тус тус 15 жилийн хугацаатай “М****” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.
 Иймд нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Гуравдагч этгээд “М****” ХХК нь шүүхэд ирүүлсэн бие даасан шаардлага түүний хууль зүйн үндэслэлээ: “...Манай компани Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 434 захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 27340 м.кв газар эзэмшдэг.  Энэхүү газрыг анх Нийслэлийн Засаг даргын 1997 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай” А-138 тоот захирамжийн хавсралтаар “М****” ХХК-нд ашиглуулсан байна. Улмаар “М****" ХК-иас Ц.Амарсайханд, Ц.Амарсайханаас Т.Цоггэрэлд, Т.Цоггэрэлээс 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 434 тоот захирамжаар манай компанид шилжсэн.
Гэтэл “М****” ХК-ийн хувийн хувьцаа эзэмшигч Ж.Дамчаа 434 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 288 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 434 тоот захирамжийг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 288 дугаар шийдвэр нь Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 361 тоот магадлалаар хэвээр үлдэж хүчин төгөлдөр болсон.
“М****” ХХК-ийн хувьд газар эзэмших эрх хүчин төгөлдөр болсон харин үйлчлэл нь шинэ акт гартал түдгэлзсэн байдалтай үлдсэн.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаартай захирамжаар шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа гэсэн тайлбартайгаар манай компанийн эзэмшлийн газраас нийт 4520 м.кв газрыг “М****” ХК-д 15 жилийн хугацаатай олгосон байна. Энэхүү захирамж нь хууль зөрчиж байгаа юм.
Шүүх тухайн актыг шинэ акт гартал түдгэлзүүлсэн бөгөөд Засаг дарга шинэ акт гаргахдаа мөн л хуулийн дагуу гаргах үүрэгтэй. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн тэнхимийн давж заалдах шатны хуралдааны 288 дугаартай магадлалаар 434 захирамжийг түдгэлзүүлсэн болохоос хүчингүй болгоогүй. Иймээс эзэмших эрх “М****” ХХК-нд өнөөг хэр хадгалагдаж байгаа.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Мөн Иргэн аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр газар эзэмших ашиглах хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамт эрх бүхий газрын албанд гаргадаг. Энэхүү баримт бичгийн үнэн зөвийг иргэн аж ахуйн нэгж нь өөрөө хариуцдаг ба газрын алба нь баримт бичгийн бүрдлийг шалгаж авдаг. Үүний дагуу "М****" ХК нь газрын албанд гаргаж өгсөн баримт бичгийнхээ үнэн зөвийг өөрөө хариуцах үүрэгтэй.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх ...” гэж, 9.4 дэх хэсэгт “дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон компанийн үйл ажиллагааг бусад хэлбэрээр тодорхойлох эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээд өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцна” гэж тус тус заасны дагуу "М****" ХК нь хууль бус тогтоол үйлдсэн эрх бүхий албан тушаалтнуудаар хохирлоо барагдуулахаар эрх бүхий байгууллагад хандах ёстой.
"М****" ХХК нь маргаан бүхий газрыг шударгаар олж авсан шударга эзэмшигч. Тухайн үед бид дүүргийн газрын алба, нийслэлийн газрын албанаас бидний авах гэж байгаа газар эрх зүйн зөрчилтэй эсэх асуудлаар лавлагаа авч зөрчилгүй гэсэн хариу гарсны үндсэн дээр газрыг шилжүүлж авсан. Өнөөдрийн үнэлгээгээр бид тус эзэмшлийнхээ газарт 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний дээр манай компанийн улс орон даяарх нийт сүлжээ дэлгүүрүүдийн гадаад татан авалт, дотоод бэлтгэн нийлүүлэлтийн хамгийн том бааз, агуулахыг бий болгоод байна.
Иймд М**** ХХК-ийг 27340 м2 газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож, 27340 м2 газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад өгсөн тайлбар, түүний үндэслэлдээ:“...Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад Сонгино-Хайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойт 99/А тоот хаягт байрлах компанийн конторын барилга бүхий газрыг “М****" ХХК-д газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2006 оны 434 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар компанийн хувьцаа эзэмшигчдээс нэхэмжлэл гаргаж байсныг шүүхээс түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болж уг захирамж одоог хүртэл түдгэлзсэн байдалтай мэтээр бичжээ. Харин дээр дурдаад байгаа шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг дарга 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/448 дугаар захирамж гарган “М****” ХХК-ны газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон. Ингээд “М****” ХХК-иас Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/448 захирамжийг хүчингүй болгуулахаар энэхүү бие даасан шаардлагатай ижил агуулгатай нэхэмжлэл гаргадаг боловч Нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн А/448 дугаартай захирамж нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрийг үндэслэж, Захиргааны байгууллага албан тушаалтан хэргийн нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр бүрэн эрхээ хэрэгжүүлж хуулийн хүрээнд гаргасан, эрх зүйн үндэслэл бүхий шийдвэр болохыг нотолж гурван шатны шүүхээс “М****” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
“М****” ХХК-ны зүгээс манай компанид газар олгосон 2006 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 434 дугаар захирамжийг хэрхэх эсэх нь шийдвэрлэгдээгүй учир газар давхцаж олгосноос ялгаагүй зүйл болж байна гэжээ. Уг маргаан болж өнгөрсөн газар нь анх Ц.Амарсайхан гэх хүн хуурамчаар баримт бүрдүүлж авсан байдгаас гадна Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлэх ашиглах ёстой газрыг Амарсайханы хуурамч бичиг баримтыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга сунгасан нь эрх хэмжээгүй албан тушаалтан шийдвэр гаргасан үйлдэл гэдэг нь тодорхой байсан. Цаашилбал “М****” ХХК-д уг газрыг худалдсан Цоггэрэл гэх хүнд уг газар эзэмших эрхийг шилжүүлээгүй байдаг. Ийм байхад “М****” ХХК-ны зүгээс урьд өмнө болон энэ шүүхийн маргаан дээр өөрийгөө шударга эзэмшигч гэж тайлбар  гаргадаг нь үндэслэлгүй юм. “М****” ХХК-ны бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад өгсөн тайлбар, түүний үндэслэлдээ: “...Анх маргаан бүхий газрын тухайд Газар эзэмших эрхийн актууд гарсан байдлаар дурьдах нь зүйтэй байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 1997 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/138 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршуулан 2.7 га газрыг анх 4 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар “М****” ХК-нд эрх олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 1999 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай” А-211 дугаар захирамжаар иргэн Ц.Амарсайханд 2 жилийн хугацаатай ашиглуулахаар газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/31 дүгээр захирамжаар иргэн Ц.Амарсайханы газар эзэмших эрхийг 4 жилийн хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн.
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/54 дүгээр захирамжаар иргэн Т.Цоггэрэлд эзэмшүүлсэн гэх гэрчилгээ байх боловч тус захирамжид байхгүй байна. Харин газар ашиглах эрхийг иргэн Ц.Амарсайханаас Т.Цоггэрэлд шилжүүлсэн талаар эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй бөгөөд “Газар ашиглах гэрээг шилжүүлэх тухай” гэх хүсэлтийг 2002 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ц.Амарсайхан, Т.Цоггэрэл нар Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд тус тус гаргаж байжээ.
Нийслэлийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 434 дүгээр захирамжаар тус газрын эзэмших эрхийг иргэн Т.Цоггэрэлээс “М****” ХХК шилжүүлж шийдвэрлэсэн байдаг бөгөөд үүнийг эс зөвшөөрч “М****” ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 288 дугаар шүүхийн шийдвэрээр иргэн Ц.Амарсайханаас Т.Цоггэрэлд маргаан бүхий газрыг ашиглах эрхийг шилжүүлсэн талаар эрх бүхий албан тушаалтны захирамж гарсан эсэх, түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамжаар маргаан бүхий газрыг ашиглах эрх олсон атал хугацааг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга сунгасан нь хуульд нийцсэн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг тодруулсны үндсэн дээр “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”-ийг тогтоож, судалсны үндсэн дээр Нийслэлийн Засаг даргын 2006 оны 434 тоот захирамжийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн байхад шүүхийн шийдвэрийн дагуу шалган шийдвэрлэлгүйгээр Нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 19-ны 677 тоот захирамжаар “М****” ХХК газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 5 жилийн хугацаатай сунгаж шилжүүлснийг Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/448 тоот захирамжаар хүчингүй болгож нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 288 дугаар шийдвэрийн дагуу судлан шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/448 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар “М****” ХХК нь нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, улсын дээд шүүхийн тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.
“М****” ХХК нь бие даасан шаардлагад дүүргийн болон Нийслэлийн газрын албанаас газар эрх зүйн зөрчилтэй эсэх лавлагаа авсан гэдэг нь үндэслэлгүй бөгөөд төрийн Захиргааны байгууллагаас эрх зүйн дүгнэлт огт өгдөггүй бөгөөд тийм эрх зүйн дүгнэлтийг эрх зүйн зөвлөгөө гаргадаг байгууллагаас авдаг болно.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн А/68 тоот захирамжаар Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 361 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 150 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сонсголонгийн замын уулзварын хойд талд 3820 м.кв талбай бүхий газрыг аж ахуйн зориулалтаар, 700 м.кв талбай бүхий газрыг конторын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг “М****” ХК-д газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.
“М****” ХХК-ийг 27340 м.кв газрыг хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож, 27340 м.кв газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах боломжгүй бөгөөд хуулиар олгогдсон эрх ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж байх тул бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч “М****” ХК-ийг төлөөлж тус компанийн захирал Ж.Дамчаа тус шүүхэд хандаж “М****” ХК-д 22820 мкв газрыг олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт 99/А тоот хаягт байрлах үлдэгдэл 22820 мкв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээд “М****” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Л.Зоригтоос “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, М****” ХХК-ийг 27340 мкв газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож, 27340 мкв газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэсэн бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.
            Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...шүүхийн шийдвэрээр 27340 мкв газрыг хууль бусаар бусдад шилжүүлсэн болохыг удаа дараагийн шүүхийн шийдвэрээр тогтоосон... шинээр захиргааны акт гарах хүртэл захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн... байхад 3820 мкв газрыг аж ахуйн зориулалтаар, 700 мкв газрыг конторын зориулалтаар олгохдоо үлдэх 22820 мкв газрыг манай компанид эзэмшүүлэлгүй үлдээсэн нь хуул бус...” гэж, гуравдагч этгээд бие даасан шаардлагын үндэслэлээ “...шүүхээс 3 үндэслэл, нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин захиргааны акт гарга гэж шийдвэрлэсэн байхад Нийслэлийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлж байна гэсэн тайлбартайгаар манай компанийн эзэмшил газраас 4520 мкв газрыг Монгол эд импщкс ХК-д олгосон нь хууль бус...манай компани шударга эзэмшигч тул уг газрыг бүхэлд нь манай компани эзэмших эрхтэй” гэж тайлбарласныг хариуцагч аль алиныг нь эс зөвшөөрч маргаж байна.
Хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн үйл баримтуудыг дурдвал:
1. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 434 дүгээр захирамжаар иргэн  Т.Цоггэрэлээс "М****" ХХК-д 27340 мкв газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг  хүчингүй болгуулахаар "М****" ХК нэхэмжлэл гаргасныг:
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 288 дугаар шийдвэрээр “...хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь "М****" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 1997 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Үндсэн хөрөнгө худалдах тухай” 05 дугаар тогтоол хуульд нийцсэн эсэх, иргэн Ц.Амарсайханаас Т.Цоггэрэлд маргаан бүхий газрыг ашиглах эрхийг шилжүүлсэн талаар эрх бүхий албан тушаалтны захирамж гарсан эсэх, Нийслэлийн Засаг дарга газар ашиглах эрх олгосон атал Дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан нь хуульд нийцсэн эсэхийг тодруулсны үндсэн дээр шийдвэрлэх боломжтой” гэсэн үндэслэлээр дахин шинэ акт гартал  Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 434 дүгээр захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2008 оны 361 дүгээр магадлалаар уг шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.
2. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/448 дугаар “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар...”Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2008 оны 361 дүгээр магадлалаар Нийслэлийн Засаг даргын 2006 оны 434 дүгээр захирамжийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлж... "М****" ХХК-д газар эзэмших эрхийн хугацааг сунгаж баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 677 дугаар захирамжийн "М****" ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцсон байна. Уг А/488 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар "М****" ХХК нэхэмжлэл гаргаснаар: 
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16 дугаар шийдвэрээр өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт дурдсан “иргэн Ц.Амарсайханаас Т.Цоггэрэлд маргаан бүхий газрыг ашиглах эрхийг шилжүүлсэн талаар эрх бүхий албан тушаалтны захирамж гарсан эсэх, Нийслэлийн Засаг дарга газар ашиглах эрх олгосон атал дүүргийн Засаг дарга сунгасан нь хуульд нийцсэн эсэхийг тодруулах” ажиллагааг хариуцагчаас хийгээгүй байна гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/448 дугаар захирамжийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 169 дүгээр магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, Улсын дээд шүүхийн тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн нь тус тус хуулийн хүчин төгөлдөр болжээ.
            Анх Нийслэлийн Засаг даргын 1997 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай” А-138 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд байрлах 27,3 га газрыг "М**** ХК"-д 4 жилийн хугацаатай ашиглуулахаар, уг эрхийг Нийслэлийн Засаг даргын 1999 оны А-211 дүгээр захирамжаар иргэн Ц.Амарсайханд шилжүүлэн олгохоор, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/31 дүгээр захирамжаар Ц.Амарсайханы газар ашиглах эрхийн хугацааг 4 жилийн хугацаатай сунгахаар, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 434 дүгээр захирамжаар уг газрын ашиглах эрхийг иргэн Т.Цоггэрэлээс М**** ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 677 дугаар захирамжаар М**** ХХК-д өмнө шилжүүлэн олгосон 27340 мкв газрын эзэмших эрхийн хугацааг 5 жилийн хугацаагаар сунгасан, Нийслэлийн Засаг даргын А/448 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 677 дугаар захирамжийг хүчингүй болгосон үйл баримтууд тус тус тогтоогдож байна.
Нэг. “М****” ХК-иас гаргасан, “М****” ХК-д 22820 мкв газрыг олгохгүй 3820 мкв газар олгосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт 99/А тоот хаягт байрлах үлдэгдэл 22820 мкв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар...Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.1.5-д заасныг тус тус үндэслэн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2008 оны 361 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 150 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн замын уулзварын хойд талд 3820 мкв газрыг аж ахуйн зориулалтаар,700 мкв газрыг конторын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг “М****” ХК-д олгожээ.
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2008 оны 361 дүгээр магадлалаар ”М**** ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 1997 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Үндсэн хөрөнгө худалдах тухай” 05 дугаар тогтоол хуульд нийцсэн эсэх, иргэн Ц.Амарсайханаас Т.Цоггэрэлд маргаан бүхий газрыг ашиглах эрхийг шилжүүлсэн талаар эрх бүхий албан тушаалтны захирамж гарсан эсэх, Нийслэлийн Засаг дарга газар ашиглах эрх олгосон атал дүүргийн засаг дарга сунгасан нь хуульд нийцсэн эсэхийг тодруулсны үндсэн дээр шийдвэрлэх боломжтой гэсэн үндэслэлээр дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн ба энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь эдгээр ажиллагаануудыг хийсний үндсэн дээр шинээр захиргааны акт гаргаж шүүхийн шийдвэрийг биелүүлэх учиртай.
Гэтэл хэрэгт цугларсан баримтуудаар хариуцагч нь "М****" ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 1997 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Үндсэн хөрөнгө худалдах тухай” 05 дугаар тогтоол хуульд нийцсэн эсэх, иргэн Ц.Амарсайханаас Т.Цоггэрэлд маргаан бүхий газрыг ашиглах эрхийг шилжүүлсэн талаар эрх бүхий албан тушаалтны захирамж гарсан эсэх, Нийслэлийн Засаг дарга газар ашиглах эрх олгосон атал Дүүргийн засаг дарга сунгасан нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй, нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг гүйцэд хийгдээгүй байна.
Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 150 дугаар тогтоол болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 161 дүгээр магадлалд “...хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалд дурдсан асуудлыг хэрхэн тодруулсан нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтгүй байхад зөвхөн "М****" ХХК-ийн  хүсэлтээр газар эзэмших эрхийг шууд сунгаж шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 677 дугаар захирамж Улсын дээд шүүхийн 361 дүгээр магадлалыг хэрэгжүүлэх хүрээнд гарсан “захиргааны шинэ акт биш” гэсэн дүгнэлт хийснээс үзвэл Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 288 дугаар шийдвэр,  Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2008 оны 361 дүгээр магадлалын заалтыг хариуцагч хэрэгжээгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй...” бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 150 дугаар тогтоолд “...хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 288 дугаар шийдвэрт дурдсан ажиллагааг гүйцэтгэж, “шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэх талаар” шинэ акт гаргаж шүүхийн уг шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй” гэж тусгайлан дүгнэжээ.
Гэтэл хариуцагч Нийслэлийн Засаг даргаас дээрх шүүхийн магадлал, тогтоолд заасан нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг хийгээгүй атлаа нэхэмжлэгч "М****" ХК-д газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэж, гуравдагч этгээд “М****” ХХК-д газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Хоёр. Гуравдагч этгээд “М****” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Л.Зоригтоос гаргасан, “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, М****” ХХК-ийг 27340 мкв газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож, 27340 мкв газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэсэн бие даасан шаардлагын тухайд:
Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар...Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3, 28.1.5-д заасныг тус тус үндэслэн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны 2008 оны 361 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 150 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн замын уулзварын хойд талд 3820 мкв газрыг аж ахуйн зориулалтаар,700 мкв газрыг конторын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг “М****” ХК-д олгожээ.
Уг захиргааны актын үндэслэл болгосон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор маргаж буй газрын эзэмших эрхийг бүхэлд нь нэхэмжлэгч “М****” ХК-д шууд олгох үндэслэлтэй гэж шийдвэрлээгүй бөгөөд тухайн газрын эзэмшлийн асуудлыг шийдвэрлэхдээ тодорхой нөхцөл байдлуудыг тогтоосны үндсэн дээр дахин захиргааны акт шинээр гаргахаар шийдвэрлэсэн байхад хариуцагч Нийслэлийн Засаг дарга эдгээр магадлал, тогтоолыг илт буруу тайлбарлан хэрэглэж  нэхэмжлэгчид гуравдагч этгээдийн эзэмшилд буй газраас өөр өөр хэмжээгээр 2 хувааж олгосон нь үндэслэлгүй.
Тухайлбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 161 дүгээр магадлалаар “...Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/488 дугаар захирамжаар “М****” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан захирамжаа хүчингүй болгосноор тухайн газартай холбоотой, нэхэмжлэгчийн эрх дуусгавар болохгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх талаар дахин захиргааны акт гаргах шаардлага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу үүснэ, үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн” гэж дүгнэсэн байна.
 Гэтэл хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалд дурдсан асуудлыг хэрхэн тодруулсан нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтгүй, “М****” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэн олгосон Нийслэлийн Засаг даргын А-211 дүгээр захирамж хүчин төгөлдөр байхад зөвхөн "М****" ХК-д 3820 мкв газрыг аж ахуйн зориулалтаар, 700 мкв газрыг конторын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын А/68 дугаар захирамж нь шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан захиргааны акт гэж үзэх боломжгүй.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 болон 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт тус тус зааснаар газар эзэмшүүлэх тухай засаг даргын шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгохоор, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж... болно, эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг тухайн шатны засаг дарга хүлээн авч...шийдвэр гаргахаар мөн хуулийн 38.4-т, газар эзэмших эрх дуусгавар болох үндэслэлүүдийг мөн хуулийн 39 дүгээр зүйлд, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг мөн хуулийн 40 дүгээр зүйлд тус тус заажээ.
Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн талаар шүүхийн шийдвэр, магадлалд дурдсан нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин захиргааны акт гаргах нь зүйтэй, энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчээс гаргасан, “М****” ХК-д 22820 мкв газрыг олгоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт 99/А тоот хаягт байрлах үлдэгдэл 22820 мкв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдээс гаргасан “М****” ХХК-ийг 27340 мкв газрын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоож, 27340 мкв газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгуулах бие даасан шаардлагын тухайд:
2006 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс Монгол эд имтпекс ХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Дамчаагийн гомдлоор Ц.Амарсайханд холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг шалгаж гаргасан тогтоолд “...тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Мөнхбилэг, Гүйцэтгэх захирал П.Мөнхчулуун нар нь тухайн албан тушаалд томилогдохоос өмнө 1997 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 05 тоот тогтоол гэгчийг хуурамчаар үйлдэн тус компанийн өмч болох 2,7 га газар...-ыг иргэн Ц.Амарсайханд худалдахыг П.Мөнхчулуунд зөвшөөрсөн...энэ тогтоолыг үндэслэн уг газрыг “М****” ХК-иас иргэн Ц.Амарсайхан нь хууль бусаар өөртөө шилжүүлэн авч...” гэж тодорхойлсон боловч энэ нь М**** ХХК-ийг уг газрын эзэмшигч биш гэж тогтоосон шийдвэр биш юм.
Түүнчлэн тус компанийн Гүйцэтгэх захирлын 30 дугаар тушаалаар иргэн Ц.Амарсайханд тухайн газар болон үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар шийдвэрлэсэн, уг тушаалын талаар маргаан үүсээгүй, Нийслэлийн Засаг даргын 1999 оны А-211 дүгээр захирамжаар уг газар эзэмших эрхийг "М****" ХК-иас иргэн Ц.Амарсайханд шилжүүлсэн, энэ захирамж хүчин төгөлдөр байгаа,  2002 онд Ц.Амарсайхан нь газар эзэмших эрхээ Т.Цоггэрэлд шилжүүлэх хүсэлтээ зохих журмын дагуу дүүргийн засаг даргад гаргаснаар Т.Цоггэрэлд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгогдсон, уг гэрчилгээг эрх бүхий этгээд хүчингүй болгоогүй, улмаар Т.Цоггэрэл нь 2006 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Газар худалдах, худалдан авах гэрээ”-г "М****" ХХК-ийн захирал С.Сэргэлэнтэй байгуулсан, уг гэрээг үндэслэн маргаж буй 2,7 га газар эзэмших эрхийг "М****" ХХК нь шилжүүлэн авсан,  уг гэрээний талуудын хооронд маргаан үүсээгүй, түүнчлэн уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон шүүхийн шийдвэр гараагүй үйл баримтууд тогтоогдож байна.
Үүнээс үзвэл уг газрыг эзэмших, ашиглах эрхийг "М****" ХХК нь гэрээний үндсэн дээр олж авсан байх бөгөөд ийнхүү эзэмшсэнээс хойших хугацаанд сонирхогч этгээдийн зүгээс уг газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээний талаар маргаан үүсгээгүй, тухайн газрын хууль ёсны эзэмшигч биш гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, удаа дараагийн шүүхийн шийдвэр магадлалаар...“М****” ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлсэн асуудлаар эхэлж шинэ захиргааны акт гаргах нь зүйтэй гэж тогтоосон байгаа нөхцөлд хариуцагч Нийслэлийн Засаг даргад нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн нэгэнд нь 22820 мкв газрыг бүхлээр нь эсхүл хувааж олгохыг шууд даалгаж шийдвэрлэх боломжгүй.
Иймд нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс гаргасан даалгуулах нэхэмжлэлийн шаардлага нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн, хэргийн нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах замаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.


           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:


1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 32 дугаар зүйл, 33.1, 38 дугаар зүйлийн 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан  Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь М****” ХХК-д эрх шилжүүлэн олгосон 27340 мкв газрын асуудлаар эхэлж шинэ захиргааны акт гаргасны дараа уг газрыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд олгох эсэх, олговол ямар хэмжээгээр олгох талаар тус тус шийдвэр гаргаж энэ шийдвэрийг биелүүлэхийг даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Нийслэлийн Засаг дарга нь шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/68 дугаар захирамжийг хүчингүй болгохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс тус тус улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
 
 

 


 
                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.ДУЛАМСҮРЭН