Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/277

 

 

 

 

 

 

2021         03          05                                      2021/ШЦТ/277

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч М.Оюунбат,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Эд холбогдох 2006 04437 0167 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2000 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 9 дүгээр гудамжны 397с тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Бын Э /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Мөнх Хөхий” рестораны хашаанд байрлах ТҮЦ-нд иргэн Н.Жанчивыг “... манай ээжийг хулгайч гэж хэллээ...” гэх шалтгаанаар маргалдаж улмаар биед нь халдан зодож, цохисны улмаас эрүүл мэндэд нь “Тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун өвдөг, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Жанчивын өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Мөнх хөхий” төвийн рестораны хашаанд байрлах, ТҮЦ-нд махаа зараад сууж байсан. Манай ТҮЦ-ийг хамтарч Мөнхзул түрээсэлдэг байсан ба би махаа зардаг. Мөнхзул нь жимс ногоогоо зардаг байсан. Тухайн Мөнхзулын оронд охин Энхтуул нь зогсоод наймаагаа хийж байсан. 13 цагийн орчимд Мөнхзул охин Этайгаа хамт ирсэн. Би 3-4 хоногийн өмнө махаа Мөнхзулыг зарж байгаарай гээд үлдээчихсэн байсан. Тэгтэл махыг минь зарчхаад мөнгийг нь өгөхгүй байсан ба сүүлд нь өгсөн мөнгө нь зарсан манхны үнээс бага мөнгө надад өгсөн. Энэ асуудлаас болж Мөнхзул бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгтэл Мөнхзулын охин Э нь ээжийгээ өмөөрөөд над руу хүнсний ногоо шидэж байгаад гартаа барьсан цүнхээрээ толгой руу цохисон. Миний хэвлий рүү жийгээд намайг хоёр хөргөгчийн голоор оруулсан. Мөн миний үснээс зулгаагаад өвдөг, шилбэ, гуяны хэсэг рүү олон удаа өшиглөсөн. Би зодоон болохоос өмнө цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Э намайг зодчихоод зугтаагаад гараад явчихсан ба ээж Мөнхзул, эгч Энхтуул хоёр нь ТҮЦ-дээ үлдсэн... Намайг Э ганцаараа зодсон ба ээж Мөнхзул нь Э намайг үсэдсэн байхаар нь тавиулах гэж татсан...” гэх мэдүүлэг /хх.15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Баяржаргалын өгсөн: “... Би цаашаа хараад юм хийж байтал манай эхнэр лүү Э дайраад өрөөтэй байсан ногоо бусад зүйл эхнэр лүү шидээд байсан. Тэгээд манай эхнэрийг үсэдчихсэн байхаар нь Мөнхзул бид хоёр салгасан. Манай эхнэр сүүлд нь хэлэхдээ намайг Э үсдээд өшиглөсөн гэж байсан... Манай эхнэр орой гэртээ очоод хувцсаа тайлахад гуя нь хөхөрсөн байсан. Б.Э гуя руу нь өшиглөсөн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхзулын өгсөн: “... Тухайн өдөр намайг орж ирэхэд Н.Жанчив мах тооцоо дутаад байна гээд уурлаад байсан. Өмнө нь 2-3 хоногийн өмнө Н.Жанчив ТҮЦ-нд зардаг махаа надад захиж үлдээгээд явсан. Би махыг нь зараад 30.500 төгрөг Жанчивт өгсөн. Тэгтэл Жанчив 80.000 төгрөгийн мах байсан, чи надад дутуу өгсөн байна гээд маргаан эхэлсэн. Тухайн өдөр үүнээс болоод дахин маргалдаад Жанчив намайг хэл амаар доромжилсон. Тэгтэл манай охин Б.Э намайг өмөөрөөд Жанчивтай муудалцаад маргалдсан. Жанчив манай охин руу ТҮЦ-нд байсан эд зүйл шидээд манай охин үснээс нь татаад, Жанчив бас манай охины үснээс татсан. Тэгэхээр нь би очоод охиноо салгаж аваад Н.Жанчивын нөхөр нь Жанчивыг салгасан...” гэх мэдүүлэг /хх.22/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12934 дугаартай:

          “1. Н.Жанчивын биед тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, эрүүнд сорив гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

          3. Тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл нь шинэ гэмтэл байна. Эрүүний сорви хуучин гэмтэл байна

          4. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Цаашид  эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.29-30/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Э нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Мөнх Хөхий” рестораны хашаанд байрлах ТҮЦ-нд иргэн Н.Жанчивыг “... манай ээжийг хулгайч гэж хэллээ...” гэх шалтгаанаар маргалдаж улмаар биед нь халдан зодож, цохисны улмаас эрүүл мэндэд нь “Тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун өвдөг, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Жанчивын өгсөн: “... Тэгтэл Мөнхзулын охин Э нь ээжийгээ өмөөрөөд над руу хүнсний ногоо шидэж байгаад гартаа барьсан цүнхээрээ толгой руу цохисон. Миний хэвлий рүү жийгээд намайг хоёр хөргөгчийн голоор оруулсан. Мөн миний үснээс зулгаагаад өвдөг, шилбэ, гуяны хэсэг рүү олон удаа өшиглөсөн... Намайг Э ганцаараа зодсон ба ээж Мөнхзул нь Э намайг үсэдсэн байхаар нь тавиулах гэж татсан...” гэх мэдүүлэг /хх.15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Баяржаргалын өгсөн: “... Би цаашаа хараад юм хийж байтал манай эхнэр лүү Э дайраад өрөөтэй байсан ногоо бусад зүйл эхнэр лүү шидээд байсан. Тэгээд манай эхнэрийг үсдчихсэн байхаар нь Мөнхзул бид хоёр салгасан. Манай эхнэр сүүлд нь хэлэхдээ намайг Э үсдээд өшиглөсөн гэж байсан... Манай эхнэр орой гэртээ очоод хувцсаа тайлахад гуя нь хөхөрсөн байсан. Б.Э гуя руу нь өшиглөсөн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхзулын өгсөн: “... Жанчив манай охин руу ТҮЦ-нд байсан эд зүйл шидээд манай охин үснээс нь татаад, Жанчив бас манай охины үснээс татсан. Тэгэхээр нь би очоод охиноо салгаж аваад Н.Жанчивын нөхөр нь Жанчивыг салгасан...” гэх мэдүүлэг /хх.22/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12934 дугаартай:

          “1. Н.Жанчивын биед тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, эрүүнд сорив гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

          3. Тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн гуя, баруун өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл нь шинэ гэмтэл байна. Эрүүний сорви хуучин гэмтэл байна

          4. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Цаашид  эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.29-30/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар Б.Эын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Н.Жанчив нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Б.Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн  үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Б.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Жанчив нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.Эын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Б.Эд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Б овогт Бын Эыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Эд сануулсугай.

5. Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Жанчив нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР