Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 165

 

 

 

 

 

 


2017 оны 03 сарын 14 өдөр           Дугаар 156/ШШ2017/00165      Хэнтий аймаг

        
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00074/И

           Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
         Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Цогт-Өндөрийн 10-9 тоотод оршин суух, Сүмбэр овогт Чулуунбаатарын Хэрлэнбаяр /РД:СЮ85102075/-ын нэхэмжлэлтэй
    Хариуцагч: Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багт оршин суух,  Дулят овогт Энхбаатарын Намуунцэцэг /РД:СЖ88040205/-т холбогдох
            Хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Хэрлэнбаяр, хариуцагч Э.Намуунцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга НЭнхзул нар оролцов. 
        
ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Нэхэмжлэгч Ч.Хэрлэнбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
              Миний бие 2008 онд Намуунцэцэгтэй танилцаж, 2008 оны 08 дугаар сарын 18-нд охинтой  болсон юм. Хамтын амьдрал таарч тохирохгүйн улмаас 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхээр гэр бүлээ цуцлуулж, охин Х.Ариунсайханыг эх Намуунцэцэгийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэгийг төлөх шийдвэр гаргасан юм. Үүнээс хойш миний бие хүүхдийн тэтгэлэгийг сар бүр тогтоосон хугацаанд нь төлсөөр ирсэн. Харин Намуунцэцэгийн хувьд надаас салснаас хойш аймгийн төвд дэлгүүрт ажилласан цагаасаа охиноосоо тусдаа байсан бөгөөд 2012 оноос өөр хүнтэй сууж 2 хүүхэдтэй болж өнөөдрийг хүртэл миний охин Х.Ариунсайханыг өөрийн аав Энхбаатарынд амьдруулсаар байна. Намуунцэцэгийн хувьд нөхөр хүүхдийн хамт хаана амьдарч байгаа нь тодорхойгүй бөгөөд охин Х.Ариунсайхан нь Биндэр суманд өвөө, эмээ дээрээ амьдарч байгаа. 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүхийн шийдвэрт охин Ариунсайханыг асран хамгаалах, хүмүүжүүлэх үүргийг эх Намуунцэцэгт олгосон боловч өндөөрийг хүртэл энэ үүргээ биелүүлэхгүй байгаа учраас миний бие охин Ариунсайханыг өөрийн асрамжинд авч харж хамгаалахыг хүсч байна. Э.Намуунцэцэг нь анх хүүхдээ асрамжиндаа авахдаа өөрөө асран хүмүүжүүлнэ гэж авсан юм. Тэр цагаас өөрийн асрамжиндаа байлгаагүй. Иймд охин Х.Ариунсайханыг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна гэжээ. /хх-ийн 1х/ 
    Хариуцагч Э.Намуунцэцэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
    Миний бие Ч.Хэрлэнбаяртай 2008 оны 08 дугаар сараас хамтран амьдарч, 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдөр охинтой болсон. Таарч тохирохгүйн улмаас 2010 оны 05 дугаар сараас тусдаа амьдрах болсноос хойш 2011 оны 12 дугаар сарын 04-нд шүүхээр гэр бүлээ цуцлуулж охин Ариунсайханаа өөрийн асрамжинд авсан. Ч.Хэрлэнбаяр нь хүүхдийн тэтгэлэгээс зайлсхийж охин Ариунсайханыг өөрийн асрамжинд авах хүсэлт гаргасан байна. Энэ байдлыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Хэрлэнбаяр нь охин Ариунсайханыг 6 сартайгаас нь 7 нас хүртэл нь нэг ч удаа уулзаж, асарч халамжилж байгаагүй. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд хэцүү байна. Би хүүхдээ өөрийн асрамжинд авмаар байна гэж хэд хэдэн удаа ярьж байсан. Би хөдөө мал малладаг учраас охиноо хичээл сургуульд нь явуулахын тулд өвөө, эмээ дээр нь байлгадаг юм. Ч.Хэрлэнбаяр нь надаас хойш 2-3 удаа гэрлэж, салсан. Тиймээс дахиад хэдэн удаа салахыг мэдэхгүй. Тиймээс ийм хүнд охиноо даатгаж өгч чадахгүй. Эдгээр байдлыг харгалзан үзэж охин Ариунсайханыг миний асрамжинд үлдээж өгнө үү гэжээ. /хх-ийн 13х/

    Хариуцагчийн өмгөөлөгч Л.Наранчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
    Ч.Хэрлэнбаяр Э.Намуунцэцэг нар нь 2008 оны 08 дугаар сараас гэр бүл болж амьдарч байгаад 2011 онд гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш охин Ариунсайханыг эх Э.Намуунцэцэгийн асрамжинд өгсөн. Үүнээс хойш Ч.Хэрлэнбаяр нь охинтойгоо нэг ч удаа очиж уулзаж байгаагүй. Эх Э.Намуунцэцэг нь амьдралын нөхцөл байдлаас болж хөдөө мал маллаж байгаа. Тиймээс охин Ариунсайханыгаа өөрийн төрсөн ээж, аав дээрээ түр хугацаагаар амьдруулж байгаа. Э.Намуунцэцэг нь Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ хүмүүжүүлэх эрх, үүргийг хэрэгжүүлж ирсэн гэж үзэж байна. Иймд эх Э.Намуунцэцэгийнх нь асрамжинд үлдээж өгнө үү гэжээ. 

        Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             
                                                                                                                        
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Хэрлэнбаяр нь хариуцагч Э.Намуунцэцэгт холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
    
              Нэхэмжлэгч Ч.Хэрлэнбаяр нь Э.Намуунцэцэгтэй 2008 онд гэр бүл болж, тэдний дундаас 2008 оны 08 дугаар сарын 18-ны өдөр охин Ариунсайхан нь төрсөн байх ба зохигчид нь 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан болох нь Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 555 дугаартай шүүхийн шийдвэр /хх-ийн 4-5х/-ээр тогтоогдож байна.

           Одоо нэхэмжлэгч Ч. Хэрлэнбаярын хувьд Хэрлэн сумын 6 дугаар багт хувийн бизнес эрхэлж, бусадтай гэр бүл болон амьдарч байгаа, хариуцагч                           Э.Намуунцэцэгийн хувьд Баянхутаг суманд хувийн болон бусдын малыг маллан амьдарч байна.
           
           Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийг хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй, хамт  байдаггүй тул хүүхдийн асрамжийг өөр дээрээ болгох хүсэлтэй гэж маргаж байгаа хэдий ч хариуцагч Э.Намуунцэцэгийн хувьд үр хүүхэддээ халамж анхаарал хандуулдаггүй гэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байх ба шүүхийн зүгээс охин Х.Ариунсайханаас санал асуухад...ээж маань илүү анхаарал халамж тавьдаг, ээж, дүү нартайгаа хамт амьдрах хүсэлтэй, хичээл ном хэрэгслийг ээж бэлдэж өгдөг, ..хичээлийнхээ амралтаар ээж дээрээ ирдэг юм ./хх-ийн 16х/гэсэн санал хэлж байна. 

                Иймд нэхэмжлэгч Ч.Хэрлэнбаярын охин Х.Ариунсайханыг өөрийн  асрамжинд авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байх тул уг нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
      
              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:         
          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар нэхэмжлэгч Ч.Хэрлэнбаярын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Намуунцэцэгт холбогдох охин Х.Ариунсайханыг өөрийн асрамжинд авах  тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Хэрлэнбаяраас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР