| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2021/0045/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/61 |
| Огноо | 2021-01-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/61
2021 01 21 2021/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2021/0045/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
улсын яллагч И.Мөнхцэцэг,
шүүгдэгч Ц.М. /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн В танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М.д холбогдох эрүүгийн 1909031961110 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, авто цахилгаан засварын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ҮЭ гудамж, 7в байр 9 тоотод оршин суух хаягтай, урьд:
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Ц.М. /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.М. нь 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 61 дүгээр байрны 19 тоотоос хохирогч Г.Билэгт-Очирын “Iphone-6” загварын гар утас, “Jordan” загварын цагаан өнгийн пүүз, хар өнгийн бомбер жакет, алаг өнгийн үүргэвч, бор өнгийн түрийвч, бэлэн 20.000 төгрөгийг, хохирогч Ц.Уянгын 500 ам.доллар зэрэг эд зүйлсийг тус тус нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М. мэдүүлэхдээ: “Би хохирогчийн гэрт нь хонож байгаад явахдаа эд зүйлийг нь хулгайлсан. Би хохирлыг нөхөн төлнө.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс:
Хохирогч Ц.Уянгын өгсөн: "...2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр манай хүүгийн найз Ц.М. нь манайд 2 хоноод 2019 оны 08 дугаар сарын 18-ны өглеө бид нарыг унтаж байхад юу ч хэлэхгүй гараад явсан. Тэгээд тухайн өдрийн орой нь 18 цагийн үед манай том хүү Солонгос улсаас ирэх гээд бид 2 нисэх явах гээд түрийвчээ үзтэл 500 доллар байхгүй байсан. Би 500 доллараа хэд хоногийн өмнө Голомт банкнаас бэлнээр авч байсан. Би гомдолтой байгаа Ц.М.д хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү..." гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 тал/,
Насанд хүрээгүй хохирогч Г.Билэгт-Очирын өгсөн: "...би 2019 оны 7 дугаар сараас 8 дугаар cap хүртэл Хандгайтад байдаг Янзага зусланд амрах үедээ Ц.М.тэй танилцсан. Тэгээд зуслан дээр найз болоод 08 дугаар сарын 05-ны өдөр манай гэрт надтай ирээд 2 хоносон. Тэрний дараа 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай аавын бие муудчихлаа Орос руу явлаа гэсэн ба Оросын хил дээр баригдаад СХД-ийн 2 дугаар хэлтэс дээр хонолоо гэж хэлж байсан. Тэгээд ээж нь гэх хүн над руу утсаар яриад би өөрөө Орост байгаа юм Ц.М.ыг 2, 3 хоног гэртээ байлгаач гэсэн би хариуд нь зөвшөөрөөд ээждээ хэлсэн манай гэрт 2 хоноод буюу 2019 оны 08 дугаар сарын 18-ны үүрээр гараад явсан. Миний айфоне 6 загварын гар утас, жордан загварын цагаан өнгийн пүүз, хар өнгийн бомбер жакет, алаг өнгийн үүргэвч, бор өнгийн түрийвч тэгээд манай ээжийн түрийвчинд байсан 500 доллар хулгайлсан байсан. Би гомдолтой байгаа Ц.М.од хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү.." гэх мэдүүлэг /хх-ийн 18-21 тал/,
Насанд хүрээгүй гэрч Г.Билэгт-Очирын өгсөн: "...Ц.М. өөрийгөө Бээжинд шивээсчнээр сурч байгаа гэсэн ба аав нь нисгэгч, ээж нь эмч гэж ярьж байсан ба өөрийгөө Бээжинд алдартай бүжигчин гэж ярьж байсан гэр орныг сайн мэдэхгүй.." гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,
Гэрч Ц.Уянгын өгсөн: "...манай хүү Билэгт-Очир нь над руу зуслангаасаа манай зуслан дээр танилцсан найз байгаа аав, ээж нь гадаадад байдаг гэртээ 2 хонуулчихъя гээд гуйгаад байхаар нь эхэндээ дургүйцэж байгаад зөвшөөрсөн. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчимд манай гэрт хүү болон хүүгийн найз гэх хүүхэд ирсэн ба манай гэрт 3 хоночхоод Бээжин явлаа гээд явсан. Тэгээд 3 хоногийн дараа буцаж ирээд ОХУ руу явлаа гээд дахин 2 хоног явсан ба маргааш нь хил дээр баригдсан гэсэн ба дахин манай гэрт 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ирсэн. Тэгээд 2 хоночхоод өнөөдөр өглөө 08 цагийн үед ээжтэйгээ уулзаад ирье гэж хэлээд гарсан ба миний түрүүвчнээс 500 ам доллар хулгайлаад явсан байсан. Мөн хүүгийн эд зүйлийг хулгайлсан байсан. Би 500 ам долларыг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Голомт банкнаас бэлнээр авсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
Дамно ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн СБ1 -19-843 дугаартай "алдагдсан эд зүйлийн үнэлгээ 318.200 төгрөг" гэх үнэлгээний тайлан /хх-ийн 32-36 тал/,
Ц.М.н гэрчээр өгсөн: " би 2019 оны 7 дугаар сарын сүүлээр Хандгайт дахь Янзага зусланд амарсан тэнд Билгээ гэдэг залуутай танилцсан тэр нь 16 настай хүүхэд байсан. Тэгээд хотод ирээд гэрт нь 2 хоносон, тэгэхдээ цагаан өнгийн 41 размерын пүүз, айфоне 6 маркийн саарал өнгийн утас, бор өнгийн түрийвчнээс нь бэлнээр нь 20000 төгрөгийг авсан. Түүнээс 500 доллар байгаагүй. Пүүзийг нь өмсөөд дуусгасан гар утсыг нь хаясан учир нь өөр сим карт хийхээр код нэхээд байсан мөнгийг нь бол үрсэн.." гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 47 тал/,
Яллагдагч Ц.М.н мэдүүлэг /хх-ийн 37-39 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
Шүүгдэгч Ц.М. нь 2019.08.18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 61 дүгээр байрны 19 тоотод оршин суух хохирогч Цогийн Уянгын гэрээс түүний 500 америк доллар, хүү нь болох насанд хүрээгүй хохирогч Ганбаатарын Билэгт-Очирын Iphone-6 загварын гар утас, Jordan загварын цагаан өнгийн пүүз, хар өнгийн бомбер жакет, алаг өнгийн үүргэвч, бор өнгийн түрийвч зэрэг 318 200 төгрөгийн эд зүйл, бэлэн 20.000 төгрөг зэргийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Ц.М.г бусдын эд зүйлийг хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Ц.М.н үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогддог бөгөөд шүүгдэгч гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ц.М.д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт өгч байгаа гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.М.н бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.М. нь насанд хүрээгүй хохирогч Г.Билэгт-Очирт 318.200+20 000 төгрөг нийт 338 000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Уянгад 500 ам долларын хохирлыг тус тус төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар уг хохирлыг шүүгдэгч Ц.М.с гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.М.н үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж, хохирол төлбөртэй байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын санкцийг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.М.н урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн №176 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байх бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж зэргийг харгалзан Ц.М.од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.М.н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 82 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус, шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.М.г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М.д 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.М.д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн №176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 08 сар 16 хоног /найман сар арван зургаа/-ийн хорих ялыг нэмж нэгтгэн, Ц.М.н нийт биечлэн эдлэх ялыг 01 /нэг/ жил 02 /хоёр/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М.д оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.М.н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 82 /наян хоёр// хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.М.с 338.200 /гурван зуун арван найман мянга хоёр зуу/ төгрөг болон 500 /таван зуу/ америк долларыг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 19-61 тоотод оршин суух Бүргэдаа овогт Цогийн Уянга /РД: /-д олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ц.М.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР