Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/60

 

2021        01             21                        2021/ШЦТ/60                                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2021/0044/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч З.Энхжаргал,

шүүгдэгч О.О /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                                          

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн   17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.О-д холбогдох эрүүгийн 1909033811310 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 42-481 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О.О / /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.О нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 16-393А тоотод оршин суух хохирогч Б.Даваажавын гэрт хамт архи ууж байхдаа түүний эзэмшлийн “Huawei Y-7” маркийн гар утсыг хулгайлан авч 559.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О-н өгсөн: “...тухайн үед би Эрдэнэтээс хүн ирээд архи уусан байсан. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Дахин ийм хэрэг хийхгүй. Би ажил хийдэггүй, манай охин ажил хийдэг. Түүний орлогоор амьдардаг. Надад хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Даваажав мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад өдрийн 12-13 цагийн орчимд дэлгүүр орсон, дэлгүүр дотор О.О гэж эмэгтэйтэй тааралдсан /тэр өдөр л танилцсан хүн байгаа юм/. Тэр эмэгтэй хажуудаа жаахан хүүхэд хөтөлчихсөн, нөхөр нь бололтой нэг хүнтэй цуг явсан. Тэгээд би дэлгүүрээс 1 шил архи авсан, тэгсэн чинь "ганц юм авах гэсэн юм мөнгө дутаад байна, нэмээд өгөөч" гээд гадаа уух гээд байхаар нь та одоо ийм настай хүн гадаа ууж яах юм бэ манайд оръё гээд дагуулаад орсон. Бэлхэд байдаг гэртээ ороод тэр 2 хүнтэй цуг авсан архиа ууж сууж байгаад би нам унтаад өгсөн байсан. Тэгээд оройны 18-19 цагийн үед сэрсэн чинь тэр 2 хүн гараад явчихсан, миний хажууд байсан гар утас маань алга болчихсон байсан. Тэр өдрөө би тэр хүмүүсийг олоогүй, маргааш нь олоогүй гайхаад яадаг юм билээ гээд байж байгаад нөгөөдөр нь О.О гэж эмэгтэйг олоод гар утсаа авья гэж хэлсэн чинь эгч нь чиний утсыг Нарантуул зах дээр аваачаад хүнд зарчихсан" гэж хэлэхээр нь тэр утсан дээр хэрэгтэй зүйл байгаа гэдгээ хэлсэн. Тэгээд "та миний утсыг олж авч өг" гэтэл "эгчид нь мөнгө байхгүй ээ гэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

Иргэн Б.Даваажаваас Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан гомдол /хх-ийн 20 тал/,

Б.Даваажавын гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр О.О түүний нөхрийн хамт бид гурав манай гэрт архи уусан юм. Өнөөдөр О.О-н гэрийг хайж олоод гэрт нь явж ороод гар утсаа авья гэсэн чинь О.О Нарантуул олон улсын худалдааны  төв дээр 170.000 төгрөгөөр худалдан борлуулчихсан гэхээр нь цагдаагийн байгууллага дээр өөрийн биеэр авчирсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

"Дамно" ХХК-ийн гаргасан эд хөрөнгийн: “Huawei Y7 маркийн гар утас 559.200 төгрөг гэсэн үнэлгээ /хх-ийн 48-49 тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 тал/,

О.О-н яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед жаахан архи уучихсан байсан. Тэгээд хохирогчийг тасраад унасных нь дараа гарч яваад хаалганы тэнд угаалгын машин дээр байсан гар утсыг нь авчихсан юм. Би авсан гар утсаа Нарантуул зах дээр танихгүй хүнд 170.000 төгрөгөөр зарсан юм. Тэгээд дараа нь хэсэг чимээгүй байсан, тэгээд манай байрны жижүүр гадаа дуудаж байна гэхээр нь би байрны дэлгүүрт ороход хохирогч цагдаатай зогсож байсан. Тэгээд намайг хараад энэ эгч мөн гэж хэлж байсан. Тэгээд тэр чигээрээ цагдаатай цуг явж Нарантуул зах дээр очоод утас зарсан хүнээсээ гар утсыг нь авч өгсөн. ...Би гэр рүү оччихоод нөхөр, зээ хүүхдээ үлдээгээд ганцаараа Нарантуул зах руу явсан юм. Намайг гар утас авсан талаар манай нөхөр мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Шүүгдэгч О.О нь согтуугаар 2019.08.31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 16-393А тоотод оршин суух хохирогч Б.Даваажавын гэрт хамт архи ууж байгаад согтсоныг нь далимдуулан түүний эзэмшлийн Huawei Y-7 маркийн гар утсыг хулгайлан авч 559.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд архидан согтуурах, мөн амар хялбар аргаар бусдын эд зүйлийг хулгайлж мөнгө болгож амьдрах гэсэн шунахай зан байдал нь нөлөөлжээ.

  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.О-н тухайн өдөр анх удаа таарсан халамцуу явсан хохирогчийн эд зүйлийг хулгайлах зорилгоор түүнтэй хамт гэрт нь очиж архи ууж улмаар хохирогч согтож унтсан хойгуур түүний гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Даваажавт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “би гар утсаа тухайн үед олоод авчихсан, Надад одоо ямар ч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би шүүх хуралдаанд оролцохгүй” гэх хүсэлтийг хэлсэн байх тул шүүгдэгч О.О-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч О.О-д 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн 50 нас гарсан зээ охины хамт хоёул амьдардаг хувийн байдал, мөн анх удаа эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж зэргийг харгалзан түүнийг нийгмээс тусгаарлах, хорих шаардлагагүй гэж үзэн шүүгдэгч О.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч О.О нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн  бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь түүнд оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай. 

 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч О.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.БОЛДБААТАР