Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 175

 

 

 

 

 

 


2017 оны 03 сарын 17 өдөр           Дугаар 156/ШШ2017/00175      Хэнтий аймаг

        
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00082/И

           Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
         Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багт оршин суух, Шарайд овогт Чимэддоржийн Дашренчин /РД:СБ77013011/-гийн нэхэмжлэлтэй
    Хариуцагч: Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багт оршин суух, Халбин овогт Бодийн Булганмаа /РД:СЙ80062609/-д холбогдох
            Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Дашренчин, хариуцагч Б.Булганмаа, хэлмэрч Ч.Сэвжид, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов. 
          
       
ТОДОРХОЙЛОХ НЬ:

             Нэхэмжлэгч Ч.Дашренчин нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
              Миний бие 2008 оны 11 дүгээр сард Бодийн Булганмаатай гэр бүл болсон. Бид хоёрын дундаас хүү Халиунболд төрсөн. Булганмаа нь надтай амьдрахаас өмнө охин Санчирыг төрүүлсэн байсан. Бид хамтран амьдрах хугацаандаа таарч, тохирохгүй, үргэлж хэрүүл маргаантай амьдрах болсон. Их цочмог ууртай, хүний үг сонсохоор муу өөрийнхөөрөө зүтгэдэг. Гэр орондоо тогтохгүй, өглөө гараад орой шөнө болсон хойно ирдэг. Гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй ба үр хүүхдээ хараа хяналтгүй орхих нь элбэг байдаг. Архи их уух дуртай. Эхнэр Булганмаа ч намайг сонсохгүйгээр далимдуулж, дүлий тэнэг мангараар маань дууддаг. Маргалдаж зөрчилдсөн тохиолдолд ах Болдоороо намайг зодуулдаг. 2016 оны 01 дүгээр сард жирэмсэн болсон ба намайг дургүй байхад авахуулж, үр хөндүүлсэн. 2016 оны 03 дугаар сарын 18-нд эхнэр Булганмаа нь надтай хамт амьдрахгүй гээд гэр доторх бүх юмаа аваад явсан. Үүнээс хойш эвлэрч, хамт амьдрахыг гуйсан. Салснаас хойш хүү Халиунболд маань ихэнхдээ надтай хамт байсан. Миний хөл, гар, нуруу маш их өвддөг. 2016 оны 08 дугаар сарын сүүлээр ах дүү нарынхаа дэмжлэгтэйгээр Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан ба явахдаа хүү Халиунболдыг эгч Ч.Сэвжидийн асрамжинд үлдээсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Халиунболдыг миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1, 21х/

    Нэхэмжлэгч Ч.Дашренчин нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
    Хүү Халиунболдыг өөрийнхөө асрамжинд авч, Б.Булганмаагаас гэрлэлтээ цуцлуулна. охин Санчирыг авахгүй... Булганмаа өөр хүмүүстэй миний байхгүйд эзгүйчилдэг, надад маш их уурлаж, байнга мөнгө нэхдэг, өөрөө хөдөө явдаг, аавынхаа архийг авахуулж мөнгө нэхдэг. Энэ надад хэрэггүй гэж тагтан дээрээс үсэрч байсан. Гэдэс рүүгээ хутга дүрнэ гэж айлгаж байсан. Байнгын мөнгө ол гэж дарамталж байдаг байсан. Булганмаа гэрт байгаа хөргөгч, зурагтаа аваад явсан... Булганмаа намайг цохидог, зөндөө зоддог, майждаг над руу майжиж боох гээд би зугтааж холддог. Болох уу болохгүй юу гээд ярилцах гэхээр уурлаж харилцдаг байсан... Аймаар хэцүү байсан өөрөө мэдэж байгаа. Хүүхдээ нялх байхад нь муухай гээд шүлсээрээ нулимж байсан тэгэхэд нь би уурлаад Булганмааг зодож байсан... Булганмааг  архи уухаар нь би барьцаж адилхан уудаг. 
Хүүхдүүдээ яахыг Булганмаа өөрөө мэднэ. Өөрөө мэдэг. Том болоод миний хүү өөрөө ирэх байлгүй дээ. Байшингаа би өөрөө босгосон. Шинэ мотоциклоо зарж хашаа авч байсан. Булганмаагаас гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ Булганмаагийн асрамжинд өгч, Батширээт суман дахь хашаа байшингаа газрын хамт Булганмаад өгөхийг зөвшөөрч байна. Булганмаа нь байшингаа нүүлгээд явна уу,яана уу өөрөө мэднэ гэв. 

              Хариуцагч Б.Булганмаа нь шүүхэд гаргасан тайлбартаа: 
    Миний бие 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ч.Дашренчинтэй гэр бүл болж, 2010 оны 09 дүгээр сарын 27-нд хүү Халиунболд төрсөн. Бид хамтран амьдрах хугацаандаа хашаа байшинтай болсон. Одоо бид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Халиунболдыг миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 21х/
    
    Хариуцагч Б.Булганмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:    
Би Дашренчинтэй 2007 онд танилцаад 2008 онд гэр бүл болсон.Нөхөр маань анх эгчийндээ амьдардаг байсан. Би 1 нас хүрээгүй охинтой байхдаа Дашренчинтэй суусан. 3 жил хамт амьдрах гэж зөндөө үзсэн. Бид  “Ар хөвчийн шинэс” ХХК-д ажил хийдэг байсан. Би цуг явж хамт ажлыг нь хийлцдэг байсан. Дашренчинг эхнэр хүүхэдтэй болсон гээд захирал нь байшингийн мод гаргаж өгнө гэж хэлсэн. 2010 онд олон хүмүүсийн дэмжлэгээр бид хашаа байшинтай болсон. Манай нөхөр гарын дүйтэй, зүгээр байна гэсэн ойлголтгүй, хувиараа ажил хийж амьдралаа залгуулж явдаг байсан.Тэр хооронд группийн мөнгө гэж авдаг байсан. Манай гэр бүл  2 жилийн хугацаанд мөнгийг нь авч амьдралдаа зарцуулсан. Эгч нь бусдыг нь авдаг байсан. Орлогоосоо илүү зарлага нь их байдаг, хийсэн ажлын хөлсөө өр ширэндээ  өгдөг байсан. Хүмүүс ажил хийлгээд мөнгө өгөхөөсөө илүү архи өгдөг байсан. Архи уухаараа гэр орондоо юу ч авахгүй  агсам тавьдаг, охин Санчирыг өөр эцэгтэй манайхаас яв яв гэж хөөдөг байсан. Манай эгч хувиараа цайны газартай сургуульд үдийн цай хөтөлбөрт хоол цай хийдэг байсан. Би очиж байнга тусалдаг, эгч маань миний нийгмийн даатгалыг төлдөг байсан. Би гэртээ байнгын хоолны мах, хуурай идэх юмаар тасалж үзээгүй. Эгч нь намайг гэр орондоо байдаггүй, үр хүүхдээ хайхардаггүй гэсэн байсан. Нэхэмжлэл дээр эгч нь цуг амьдарч байгаагүй мөртлөө ямар ч ор үндэсгүй юм дундуур орж ярьсан.  Өдий олон жил болоход би амьдръя гэсэн хүсэлтэй байсан. Одоо буцаад нийлье гэсэн сэтгэл ойлголт байхгүй. Би хальт    3 сар ухаарах байх гэж бодон эгчийн гуанзанд амьдарч байсан энэ хугацаанд Дашренчин ухаан суухгүй улам л агсам тавьж би хүүхдээ авна, энэ байшинг чи авахгүй шүү гэсэн. Би 9 дүгээр сард самарт яваад 11 дүгээр сард ирэхэд  бичиг баримтаа авна сална гэж манай аав ээж рүү ирсэн байсан. 12 дугаар сарын 02-нд эгч нь бичиг баримтаа өг гээд орой болсон хойно өөр эгчтэйгээ ирээд бичиг баримтаа өг учраа мэдэхгүй 40 гарсан авгай минь гээд дарамталж байсан. Би өглөө өгнө одоо надаа байхгүй байна гээд явуулж байсан. Өглөө нь манай нөхөр бичиг баримтаа өг гэхээр нь бичиг баримтаа өгөх гээд явж байхад эгч нь намайг машинд суулгаад доромжилсон. Нэхэмжлэл дээр ор үндэслэлгүй зүйл бичсэн байна лээ. Би байнгын дарамт шахалтанд амьдарч байсан. Ашиглах гэж суусан гэж эгч нь дарамталсан. Байшинд эд хогшил гэж юу ч байхгүй, хөдөө яваад ирэхэд хамаг эд зүйлээ архи уугаад хагалж эвдэлдэг байсан. Бид 2 хамт амьдрах хугацаанд нөхөр намайг цохиод би цусаа гаргаад эгч дээр нь очиж байсан. Би хүүхдээ тэврээд айгаад эгчийндээ очоод дуу чимээ намдахаар нь би буцаад очсон. Эгч нь архи уусан хүн нь хамаатан чинь хамаатнаараа дүүг маань зодууллаа гээд намайг үсдээд дарж унаад байхад хажуу айлын хүмүүс харж байсан. Тэр үед  нөхөр маань хараад л сууж байсан. Эгч нь мөнгөгүй, хүүхдүүд нь цэцэрлэгт явахгүй болохоор дүүдээ буруугаар ойлгуулж надад агсам тавиулдаг байсан....Би хүүхдээ өгөхгүй асран халамжлагчтай хүнд хүүхдээ өгөхгүй, өөрөө хүүхдээ авч өсгөнө. Одоо Дашренчин Улаанбаатар хотод 3 өрөө байранд байдаг. Өөрийг нь авч явах хүн гарч ирээд байгаа. Германы хөрөнгө оруулалттай Улаан загалмайн хүүхэнтэй хамт байдаг гэсэн... Ч.Дашренчингээс гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авна. Харин Ч.Дашренчингээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Батширээт суман дахь байшиндаа хүүхдүүдтэйгээ хамт амьдармаар байна. Айлын тогоо өнгийж, хүүхдүүдтэйгээ энд тэнд явмааргүй байна гэв.
    
              Шүүх хуралдаанаар зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                             
                                                                                                                        
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Дашренчин нь хариуцагч Б.Булганмаагаас гэрлэлтээ цуцлуулж, хүү Д.Халиунболдыг өөрийн асрамжинд авахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
    
              Нэхэмжлэгч Ч.Дашренчин нь хариуцагч Б.Булганмаатай 2007 онд танилцан улмаар хайр сэтгэлийн холбоотой болж 2008 онд охин Б.Санчирыг 1 ой гарантай байхад нь гэр бүл болсон нь №0059968/24 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 10х/, Шарайд овогт Дашренчингийн Халиунболдын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 9х/, Халбин овогт Булганмаагийн Санчирын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 29х/,  нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг  баримтуудаар тогтоогдож байна. 

    Нэхэмжлэгч Ч.Дашренчингийн хувьд сонсгол алдагдахад хүргэсэн чихний төрөлхийн гажиг буюу төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй болох нь Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0153089 дугаартай актаар /хх-ийн 7/ тогтоогдож байна. 

           Зохигчид нь амьдралын бэрхшээлт байдал, хоорондын таарамжгүй харьцааны улмаас архидан согтуурч, бие биендээ гэр бүлийн хүчирхийлэл, дарамтыг ээлжлэн үзүүлж, биесээ зодож цохих, хардах, салж явах зэрэг байдлуудыг гаргасаар одоо хэн аль нь бие биедээ сэтгэл хөрсөн, хамт амьдрах тухай бодолгүй болсон байна.
           Зохигчдын энэхүү байдал нь хүүхдүүдийн эрүүл мэнд, хүмүүжил, ёс суртахуунд ноцтойгоор нөлөөлж болзошгүй байдалтай байна. 

         Иймд тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

         Харин хүүхдүүдийн асрамжийн тухайд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч                Ч. Дашренчингийн зүгээс хүү Халиунболд, охин Санчир нарыг эх Б. Булганмаагийн асрамжинд байхыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч Б. Булганмаагийн хувьд ч         2 хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна.

    Иймээс 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Халиунболд, 2007 оны 01 сарын 10-ны өдөр төрсөн охин Санчир нарыг эх Б.Булганмаагийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна. 

         Харин хариуцагч Б.Булганмаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэхүү шаардлагаасаа татгалзаж, цаашид  Ч.Дашренчингээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн баталгааг бичгээр гаргасан болохыг дурдах нь зүйтэй юм. 

        Түүнчлэн зохигчид нь Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багийн Нисэхийн 1-10 тоотод байрлалтай 5.2*5.2 харьцаатай мансардтай дүнзэн байшинг хэн аль нь өөрийн өмчлөлд авна гэж маргаж байсан боловч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч Ч.Дашренчин нь гэр бүлдээ буюу  хариуцагч Б.Булганмаа, охин Б.Санчир, хүү Д.Халиунболд нарт уг байшинг, хашаа газрын хамт өгөхөөр тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй байна. 
 
              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:         
          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6--д зааснаар нэхэмжлэгч Шарайд овогт Чимэддоржийн Дашренчин /РД:СБ77013011/, хариуцагч Халбин овогт Бодийн Булганмаа /РД:СЙ80062609/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
          2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Б.Санчир /РД:СБ07211001/, 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Д.Халиунболд /РД:СБ10292711/ нарыг эх Б.Булганмаагийн асрамжинд үлдээсүгэй.
          3. Хариуцагч Б.Булганмаа нь нэхэмжлэгч Ч.Дашренчингээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, цаашид Ч.Дашренчингээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн баталгааг бичгээр гаргасан болохыг дурдсугай. 
 
         4. Зохигчид нь Хэнтий аймгийн Батширээт сумын Норовлин багийн Нисэхийн     1-10 тоотод байрлалтай 5.2*5.2 метрийн харьцаатай мансардтай дүнзэн байшинг хэн аль нь өмчлөлдөө авах талаар маргаж байсан хэдий ч нэхэмжлэгч Ч.Дашренчин нь уг байшинг хашаа, газрын хамт хариуцагч Б.Булганмаа, охин Б.Санчир, хүү Д.Халиунболд нарт өгөхөөр болж бичгээр баталгаа гаргасан болохыг дурдсугай. 

            5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан нь хүүхдийн эрх ашиг сонирхлыг хөндөхгүй ба хүүхдийн эцэг, эх болохын хувьд хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй болохыг хэн алинд нь анхааруулсугай.
 
     6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

  7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Дашренчингээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг  улсын орлого болгож, хариуцагч Б.Булганмаагаас нөхөн төлүүлэх шүүхийн зардалд 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Дашренчинд олгосугай.

  8. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР