Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/63

 

 

 

 

 

 

 

 

   2021        01         21                                       2021/ШЦТ/63

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2019/0679/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал,

улсын яллагч: Н.Булганчимэг,

хохирогч Ди Эй Эм Өү Эй capital банк бус санхүүгийн байгууллагын хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэл, түүний өмгөөлөгч Ц.Билэгсайхан, С.Энхбат,

хохирогч Тайгын булаг авто ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Батням, түүний өмгөөлөгч Т.Багахүү,

гэрч Б.Бүжинлхам,

шүүгдэгч: Ц.Б, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн, Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн 1809041360020 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25 дугаар гудамж, 114 тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 45-76 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэгт холбогдох үедээ Эй Би Эм Финанс ТМЗ ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилтай байсан гэх Ц.Б /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ди эй эм өү эй” капитал ББСБ-д өөрийн өмчлөлийн 80.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 73-77 УНБ улсын дугаартай Тоёото ланд крузейр-200 маркийн автомашиныг 57.000.000 сая төгрөгөөр барьцаалж тус байгууллагын өмчлөлд шилжүүлсэн байсан автомашиныг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн огноотой барьцаанаас чөлөөлсөн тухай албан бичгийг хуурамчаар үйлдэж, ашиглан авто тээврийн төвд хандаж өөрийн нэр дээр 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шилжүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 57.000.000 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын 10-1А тоотод үйл ажиллагаа явуулдаг “Тайгын булаг авто” ХХК-д 73-77 УНБ улсын дугаартай автомашиныг өөрийн өмчлөлийн автомашин гэж хуурч, зээлийн гэрээ байгуулж 31.000.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр  сарын 10-ны өдөр нэмж барьцаат зээлийн гэрээ байгуулж 10.439.030 төгрөг нэмж авч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж нийт 41.439.030 төгрөгийн хохирол учруулж бусдад нийтдээ 98.439.300 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Өнгөрсөн хугацаанд “Тайгын булаг авто” компанийн бодит хохирлыг төлсөн. Харин сүүлд оны өмнө Ди Эй Эм Өү Эй капитал ББСБ-тай хохирлын талаар тохиролцож Эвлэрлийн гэрээ хийсэн. Би цаашдаа хохирлоо төлнө, машинаа өгнө, дээр нь нэмээд мөнгө өгнө. Би “Тайгын булаг авто” ХХК-д 41.000.000 төгрөг 2019 онд төлсөн. Гэтэл одоог хүртэл хүү, алдангийг тооцож, нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “Ди Эй Эм Өү Эй” капитал банк бус санхүүгийн байгууллагын  хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэл мэдүүлэхдээ: “Ц.Б нь анх манай Ди Эй Эм Өү Эй капитал ББСБ-аас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 73-77 УНБ гэсэн улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн авто машиныг фидуцийн гэрээний дагуу “Ди Эй Эм Өү Эй капитал” ББСБ-ын өмчлөлд шилжүүлж, 3 сарын хугацаатай, хүү төлөх графикаар 50.000.000 /тавин сая/ төгрөгийн зээл авсан. 091828 тоот зээлийн гэрээний дагуу манай байгууллага Ц.Бын Худалдаа хөгжлийн банкны 410028661 гэсэн дансанд 50.000.000 төгрөгийн зээл олголтыг шилжүүлсэн. 091828 зээлийн гэрээний дагуу Ц.Б гэрээгээ 2 удаа сунгасан байгаа. Нэг сунгалт нь 2 сараар, дараагийн сунгалт нь 3 сараар сунгасан байгаа. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл зээлийн хүүг цаг тухайд нь төлж байсан ба 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээг 3 сараар сунгаснаас хойш нэг ч төлөлт хийхгүй явсаар байгаад энэ гэрээний хугацаа  2 сарын 27-ны өдөр дуусгавар болсон. Гэрээний хугацаа дуусгавар болсноор манай зээлийн гэрээний дагуу манай хүү 4.5 хувь болж өсдөг журамтай. Энэ журмын дагуу зээлийн гэрээний үнэ өссөнөөс болоод төлбөрөө төлөх чадваргүй байна гээд манай байгууллагад зээлийн гэрээгээ өөрчлөх хүсэлт тавьсан. Ингээд хүсэлт  тавьсны үндсэн дээр гэрээг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зээл чөлөөлдөг хүнээр 57.000.000 төгрөгийг хаалгуулж зээлийн гэрээ байгуулж 57.000.000 төгрөгийг Ц.Бт олгосон байгаа. Үүнээс хойш Ц.Б нэг ч төлөлт хийгээгүй, өдийг хүртэл манай компани 138.542.300 төгрөгийн хохиролтой байгаа. Энэ нь хэрхэн бодогдсон бэ гэвэл үндсэн зээл 57 000 000 төгрөг дээр хүү болох 68.295.500 төгрөг, мөн алданги 13.246.800 төгрөгийг нэмээд нийт 138.542.300 төгрөг болж байгаа. Гэхдээ манай компани манайх 73-77 УНБ гэсэн улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн авто машиныг өөрийн өмчлөлдөө шилжүүлээд, дээр нь нэмээд 15.000.000 төгрөгийн нөхөн төлбөр авах хүсэлтэй байгаа. Энэ талаар Ц.Бтой тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “Тайгын булаг авто” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ч.Батням мэдүүлэхдээ: Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн 73-77 УНБ улсын дугаартай, мөнгөлөг өнгөтэй Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашиныг  барьцаалан зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж, 31.000.000 /гучин нэгэн сая/ төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээл авснаас хойш эргэн төлөлтийн графикийн дагуу нэг сарын дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 22-нд төлөх ёстой байсан боловч төлөөгүй. Гар утас руу залгахаар нь авдаггүй байсан. 2018 оны 8 дугаар сард гэрт нь очиход өөрөө байгаагүй. Эхнэр нь санхүүгийн асуудал хүндэрсэн байгаа учраас одоохондоо төлөх боломжгүй байна. Удахгүй төлнө гэх зүйлийг хэлсэн байдаг. 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Ц.Б нь зээл авсан салбар дээр очиж уулзаад автомашинаа барьцаанд тавиад нэмж 10.439.030 төгрөгийг авсан байдаг. Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэрээндээ хоёр зүйлийг нэмсэн. Нэгт: нийт зээлийн дүнг 50.000.000 төгрөг болгож, Хоёрт: барьцаа хөрөнгийг өөрсдийн эзэмшил ашиглалтанд авч, зогсоолд байршуулсан. Өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийгдээгүй. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч Б.Ууганбаяр гэх хүнд хандан Прокурорын эд хөрөнгө хураан авах тухай зөвшөөрлийн дагуу ирж уг автомашиныг хураан авсан. Манай байгууллагаас зээл авснаас хойш нийт 678 хоногийн хугацаа өнгөрсөн байдаг. Энэ хугацаанд огт төлбөр хийгдээгүй. Үндсэн зээл 50.000.000 төгрөг, зээлийн хүүг 254 хоногоор тооцон 14.816.836 төгрөг, алданги 25.000.000, зогсоолын төлбөр 542.000 төгрөг, нийт 90.816.836 төгрөгийн хохиролтой болсон байна. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай компанид мэдэгдэлгүйгээр 41.439.030 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг 90.816.836 төгрөгөөс хасаагүй. Анхнаасаа автомашинаар хохирол барагдуулахаар тохиролцсон байсан. Иймд 73-77 УНБ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашинаар хохирлыг барагдуулах хүсэлтэй байна.” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч “Ди Эй Эм Өү Эй” капитал банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Уранчимэгийн "...73-77 УНБ улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг анх 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр иргэн Ц.Б, Н.Бүжидмаа нар нь манай ББСБ-д барьцаалан 50 сая төгрөгийн зээл авсан... 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хураан авахаар гэрийнх нь гадаад очоод ачигч машин дуудаад машиныг нь ачуулах гэж байхад хэн нь юм бүү мэд нэг нь тэр машиныг унаад зугтчихсан байсан. Тэгээд унаад зугтаад явчихаар нь Авто тээврийн үндэсний төвийн лавлах 1900-1234 дугаарт залгаж тус машиныг эзэмшигчийн мэдээллийг шалгуулахад тэр машин нь манай байгууллагын нэр дээр биш “Тайгын булаг авто” ХХК буюу “Сайн” авто ломбардны нэр дээр шилжсэн байсан юм. Ингээд би Авто тээврийн үндэсний төв дээр очиж уулзаж лавлахад тус машиныг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 004 дугаартай манай компанийн тамгатай, захирал Sung Hyun Kwak-ийн гарын үсэгтэй албан бичгийг үндэслээд Ц.Б-н нэр дээр шилжүүлэн өгсөн гэж надад тус албан бичгийнх нь хуулбарыг өгсөн. Тэр албан бичгийг харахад манай байгууллагын бланк биш, дугаарлалт нь биш, мөн баруун дээд буланд нь бичигдсэн байгууллагын дугаар нь биш /Н.Бүжидмаагийн эзэмшлийн Эй Би эм финанс ТМЗ ХХК-ийн дугаар бичигдсэн байсан/, манай компанийн тамга биш байсан бөгөөд сайн харвал дуурайлган хийсэн юм шиг зарим бичгүүд нь хэмжээний хувьд өөр, зайтай байгаад байгаа юм. Мөн дээр нь манай захирал Sung hyunk Кwak нь өөрөө харчихаад тэр хуурамч албан бичиг дээрх гарын үсэг минийх биш, дуурайлган зурсан юм шиг байна гэж хэлж байсан... Одоо ойролцоогоор 72 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. ...57.000.000 төгрөгийг Ц.Б-д дансанд шилжүүлэн өгсөн... Хохирол хор уршгийг Ланд круйзер 200 маркийн автомашинаар барагдуулах хүсэлтэй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 39-44 тал/,

Худалдаа хөгжлийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /хх-ийн 46-47 тал/,

“Ди Эй Эм Өү Эй” капитал банк бус санхүүгийн байгууллагын Ц.Б-тэй хийсэн гэрээний хуулбарууд /хх-ийн 176-189 тал/,

2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-ийн 49-53 тал/,

Гэрч Kwak Sung Hyun /Гуаг Сон Хён/-ий "...2018 оны 4 сард манай нэр дээр байсан 73-77 УНБ улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг Сайн ломбард руу шилжүүлсэн байсан. Бид түүнийг нь 2018 оны 8 сард мэдсэн юм. Ц.Б нь хуурамч бичиг баримт бүрдүүлж тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн гэрчилгээг "Сайн" ломбард руу шилжүүлж тээврийн хэрэгслийг унаж явах нөхцөлтэйгөөр барьцаалж 30.000.000 төгрөгийн зээл авсан байсан... гэтэл яг энэ өдрөө Ц.Б нь “Сайн” авто ломбард дээр очоод зээлийг 50.000.000 төгрөг болгож өсгөж авсан байсан юм..." гэх мэдүүлэг/хх-ийн 65 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.Б-н гэрчээр өгсөн: "...Би өөрийн эзэмшлийн 73-77 УНБ улсын дугаартай, саарал өнгийн Ланд круйзер 200 маркийн авто машиныг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр СБД-ийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чонон бөртэ төвийн 3 давхарт үйл ажиллагаа явуулах “Ди эй эм өү эй” капитал ББСБ-д барьцаалан, зээлийн гэрээ байгуулж, 3 сарын хугацаатай, сарын 3,5% хүүтэй 50 сая төгрөгийг зээлж авсан... Энэ үед би “Ди эй эм өү эй” капитал ББСБ-аас миний зээл дуусч машиныг барьцаанаас чөлөөлсөн тухай албан бичгийг дуурайлгаж, хуурамчаар хийгээд өөрийн нэр дээр тус машинаа шилжүүлэн аваад түүнийгээ өөр ББСБ-д барьцаалж тэр ББСБ-аас авсан мөнгөөрөө ЖДҮДС-аас газар тариалангаараа төсөл бичиж зээл авахад зуучилж байсан хүндээ төлбөрийг нь өгч, зээлээ бүтээлгээд гараад ирчих юм бол тус ЖДҮДС-аас авсан зээлээрээ энэ 2 ББСБ-ын зээлийг төлөөд хаачихна гэж тооцоолоод дээрх автомашиныг чөлөөлсөн албан бичиг хуурамчаар хийлгэхээр болсон юм.... Нэг удаа явахдаа Өвөрмонгол таксины жолоочоор хуурамч баримт бичиг хийдэг хүнийг олуулаад энэ “Ди эй эм өү эй” капитал ББСБ-ын албан бичиг, тамга тэмдгийг нь  хуурамчаар дуурайлган хийлгүүлээд, захирал “Гуаг Сон Хёон”-ы гарын үсгийг би өөрөө дуурайлган зурчихсан юм. Тэгээд баруун дээд буланд нь байсан байгууллагынх нь дугаарыг өөрчлүүлээд би өөрийн “Эй Би Эм финанс ТМЗ” ХХК-ийн оффисын дугаарыг тавьчихсан юм. Учир нь Авто тээврийн үндэсний төвөөс тус ББСБ руу утасдаад мэдчихэж магадгүй гэж бодоод өөрчлөөд өөрийн ажлын газрын утсыг тавьсан юм. Ингээд хуурамчаар хийлгэсэн албан бичгийг би Авто тээврийн үндэсний төвд өгч, тус машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан юм. Ингээд энэ машинаа “Тайгын булаг авто” ХХК-д буюу “Сайн” авто ломбардад зээлийн барьцаанд тавьж, 30 сая төгрөгийг зээлж авсан юм. Би гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж байгаа, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн  66-67 тал/,

шүүгдэгч Ц.Б-н дахин өгсөн "...Тухайн үед би “Ви чат” ашигладаг байсан ба “Ви чат”-аар надад “Ди Эй Эм Өү Эй” гэх нэртэй ББСБ-н бичиг баримтыг гаргаад өгье гэсэн хүн рүү “Ди Эй Эм Өү Эй” гэх нэртэй ББСБ-н тамга тэмдэгтэй цаасны зургийг явуулсан. Тэгээд 3, 4 хоногийн дараа “Ди Эй Эм Өү Эй” гэх нэртэй ББСБ-н албан бичиг нь Замын үүдээр машинаар хүнд дайгаад явуулсан байсныг би авсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 115-116 тал/,

Гэрч М.Пүрэвдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Миний бие Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн хэлтэст мэргэжилтнээр 2010 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Би энэ 73-77 УНБ улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг “Ди эй эм өү эй” капитал ББСБ-н өмчлөлөөс иргэн Ц.Бт шилжүүлэх бүртгэлийг хийсэн... Би энэ машиныг иргэн Ц.Бын нэр дээр шилжүүлэхдээ “Ди эй эм өү эй” капитал ББСБ-ын 2018 оын 4 дүгээр сарын 24-ний өдрийн 004 дугаартай албан бичгийг үндэслэж шилжүүлж өгсөн...Энэ албан бичгийг хуурамч гэдгийг тухайн үедээ мэдээгүй. Харин одоо энд ирээд мэдэж байна. Тэр машины архивын материалыг шүүж үзэхэд Ц.Б нь өөрийн нэр дээр тэр машиныг шилжүүлж аваад, богино хугацааны дотор дахин өөр ББСБ буюу “Тайгын булаг авто” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “277 дугаартай шинжээчийн дүгнэлт

1. Авто тээврийн үндэсний төвийн архивт хадгалагдаж буй ШхСХШ 0868-0946, 2018.04 cap гэсэн хавтаст материалын 012 дугаар хуудсанд авагдсан Damao capital 2018.04.24 гэсэн огноотой №004/ "Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст" гэсэн баримтын доод хэсэгт "ЗАХИРАЛ" гэсний ард. /SUNG-HYUN KWAK/ гэсний урд зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Гуаг Сон Хёоны гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй.

Харин дээрх баримтын доод хэсэгт байх улаан өнгийн тэмдэгний дардас гэх зүйлийн гадна хүрээг тэмдэгний бараар дарж, дотор бичгүүдийг хэвлэсэн хуурамч тэмдэгний дардас байна.

2.3. Тохирохгүй байгаа шинж тэмдгүүдийг "Үзлэг ба шинжилгээ "Хүснэгт №1, 2", Гэрэл зургийн үзүүлэлт" хэсгүүдээс дэлгэрэнгүй үзнэ үү”. гэх дүгнэлт /хх-ийн 82-94 тал/,

Скайтел компаниас гаргаж өгсөн дугаарын тодорхойлолт /хх-ийн 124 тал/,

Ц.Бын гадаад паспортын хуулга /хх-ийн 132 тал/,

Ц.Бын Худалдаа хөгжлийн банкны 410028661 дугаарын

дансны хуулга /хх-ийн 222-224/

“Ди Эй Эм Өү Эй” капитал ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 49505990 дугаартай дансны хуулга /1хх-ийн 235 тал/,

Гэрч Х.Гэрэлийн өгсөн: "...2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Бүжидмаа, Ц.Б нар 091828 дугаартай зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийн зээл манай ББСБ-с авсан. Зээлийн хүү 3.5% байсан. Тэгээд зээлийн гэрээ 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дууссан гэрээний хугацаа дуусаад зээлийн хүү 4.5 хувь болдог журамтай. Тэгээд анх зээл авсан өдрөөс зээл, зээлийн хүү төлөөгүй болохоор 56.650.000 төгрөг болсон. Тэгээд өндөр хүүтэй зээлийн гэрээний дагуу мөнгөө төлж барагдуулж чадахгүй байсан болохоор зээлийг дуусгавар болгох шаардлага тавьсан. Тэгээд Бүжидмаа Ц.Б нар мөнгөгүй байсан болоод зээл чөлөөлдөг хувь хүмүүс өдрийн 1 хувийн хүүтэй зээлийг хааж өгдөг. Энэ хүмүүст мөнгө байхгүй байсан болохоор манай байгууллагын захирал өөрийн таньдаг хүнээр 0.5 хувийн хүү 56.650.000 төгрөгийг хааж өгсөн. Тэгээд 091828 дугаартай зээлийн гэрээ дуусгавар болсон. Тэгээд зээл чөлөөлсөн хүний төлбөр гаргаж өгөхийн тулд Ц.Б манайхаас 092077 дугаартай зээлийн гэрээ байгуулж 57.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй зээл авсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 236 тал/,

Гэрч Б.Бүжинлхамын шүүх хуралдаанд өгсөн: "...Ингээд Ц.Б, Н.Бүжидмаа нар нь зээл чөлөөлдөг гэх хүнээр 56.650.000 төгрөгийг манайд төлүүлж зээлээ хаалгасан.

Харин бид тус өдөрт дахин зээлийн гэрээг шинэчилж байгуулан Ц.Б-д тус өдөр 57 сая төгрөгийг түүний Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлж өгсөн юм..." гэх мэдүүлэг

“Ди Эй Эм Өү Эй” капитал ХХК-аас гаргаж ирүүлсэн албан бичиг /1хх-ийн 247 тал/,

Хохирогч “Тайгын булаг авто” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантөмөрийн "...Манай “Тайгын булаг авто” ХХК-ийн эрхлэн үйл ажиллагаа явуулдаг Баянгол дүүргийн 1 дүгээр хороо “Богд-Ар” хорооллын 10-1A тоотод хаягтай “Сайн” авто ломбардны 8 дугаар салбар дээрээс Цогтсайхан овогтой Ц.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн 73-77 УНБ улсын дугаартай. 01946206 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, РЭТХГ09Р7Б5О67173 арлын дугаартай, 2013 онд үйлдвэрлэгдэж, мөн ондоо Монгол улсад орж ирсэн, мөнгөлөг өнгийн Тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг манай байгууллагад барьцаалан, зээлийн гэрээ байгуулан 31,000.000 төгрөгийг зээлж авсан. 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр унах нөхцөлтэй зээлийн гэрээгээ шинэчлээд машинаа манай зогсоолд байршуулан, зээлийн гэрээг 50.000.000 төгрөгийн дүнтэй болгож зөрүү 10 орчим сая төгрөгийг бэлнээр нь аваад явсан.... Хураан авч явах үед нь би Ц.Б нь тус машиныг өөр ББСБ-ын нэр дээр барьцаанд тавьчихаад хуурамч бичиг баримт ашиглан манай байгууллагад өмчлөх эрхийг шилжүүлэн зээл авч залилсныг мэдсэн. Манай байгууллагад 57.302.000 төгрөгийн хохирол учирсан байна. Задаргааны хувьд үндсэн авсан мөнгө нь 50,000,000 төгрөг, 7,302,000 төгрөг нь өнөөдрийн байдлаарх хүү, алданги, бусад зардлын төлбөр байгаа... Манай байгууллагын дансанд Ц.Б нь өөрөө 41.439.030 төгрөгийг биднээс асуухгүйгээр хийсэн байна лээ. Энэ манай дансанд орж ирсэн байгаа юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 56-62 тал/

Гэрч Д.Дарханбаатарын өгсөн: “...2018 оны 9 сарын үед байх манай зээлийн эдийн засагч Сайнбилэгээс иргэн Ц.Б нь автомашинаа барьцаалан унаж явах нөхцлөөр зээл авсан ба зээлийн эргэн төлөлт огт хийхгүй байсан тул     Ц.Б-г дуудан уулзахад тэрээр бидэнд хандан миний хувьд зээлийн төлөгдөөгүй дүн дээр эргэн төлөлт хийгээгүйн улмаас үүссэн хүү алдангийн дүнг нэмээд тус дүнд нь барьцаат зээлийн гэрээ байгуулан машинаа танайд байршуулья гэдэг санал тавьсан түүнийг нь хүлээн авч би төлөгдөөгүй дүн дээр хүү алданги нэмэхэд 39.560.970 төгрөг болсон бөгөөд Ц.Б нь өөрөө нэмж мөнгө аваад дүнгээ тэгшлээд 50.000.000 төгрөгийн зээл болгоё гэхээр нь мөн зөвшөөрч 10.439.030 төгрөгийг нэмж бэлнээр өгөөд 2018 оны 9 сарын 10-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулаад машиныг зогсоолд байршуулсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 75 тал/,

Гэрч Ш.Сайнбилэгийн өгсөн: “...Миний бие “Сайн” авто ломбарданд 2018 оны 02 дугаар сараас эхлэн одоог хүртэлх хугацаанд зээлийн мэргэжилтнээр ажиллаж байгаа. 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Ц.Б нь зээл авахаар манайд хандсан юм. Түүний дагуу тэрээр манай байгууллагын нэр дээр шилжүүлэх албан бичгийг нотариатаар батлуулан түүнд бэлнээр 31.000.000 төгрөгийг гарган өгсөн... Ингээд эргэн төлөлт хийхгүй явсаар 2018 оны 09 дүгээр сард манай байгууллага дээр өөрөө ирж уулзаад барьцаалсан машинаа манай байгууллагын хашаанд байршуулж тавьдаг нөхцлөөр дахин зээл нэмж авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 тал/,

“Тайгын булаг авто” ХХК-аас Ц.Б-д 31 сая төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 28, 159 тал/,

Ц.Бын Гадаад паспортын хуулбар /хх-ийн 132 тал/,

73-77 УНБ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашины талаарх мэдээллүүд /хх-ийн 143-153 тал/, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн хуулбарууд,

2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “Тайгын булаг авто” ХХК-д шүүгдэгч Ц.Б нь 41.439.030 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 157 баримт/,

Дамно хөрөнгийн үнэлгээний газрын эд хөрөнгийн үнэлгээ /73-77 УНБ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашин /хх-ийн 80-81/ тал,

“Тайгын булаг авто” ХХК-тай байгуулсан гэрээний хуулбар 2018.04.27 /1хх-ийн 20-29 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Бын яллагдагчаар өгсөн: "...би тухайн үедээ хуурамч бичиг баримт ашиглан автомашинаа өөрийн нэр дээр шилжүүлж аваад түүнийгээ өөр газар барыдаалж мөнгө аваад зээлж авсан мөнгөөрөө бусад бага сага өрөө дараад үлдсэн мөнгөө хүмүүст өгч зуучлуулаад хүү багатай их хэмжээний зээл гаргуулан аваад ББСБ-даа зээлээ төлж машинаа чөлөөлж авна гэж тооцоолсон юм. Тэгтэл миний тооцоолсноор болоогүй. Өөр нэг өртэй байсан хүмүүс гэнэт гарч ирж мөнгөө нэхэж авснаар санасандаа хүрээгүй юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 тал/,

73-77 УНБ улсын дугаартай автомашиныг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 31-35 тал/,

Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн 73-77 УНБ улсын дугаартай авто машины лавлагаа болон бусад баримтууд /1хх 134-153 тал/,

Хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 156-157 тал/,

7377 УНБ улсын дугаартай автомашины шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан тухай баримт /1хх-ийн 161, 224 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

шүүгдэгч Ц.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2017.06.30-ны өдөр болон 2018.03.30-ны өдөр тус тус Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг Ди Эй Эм Өү Эй capital банк бус санхүүгийн байгууллагад өөрийн өмчлөлийн 80.000.000 /наян сая/ төгрөгийн үнэлгээ бүхий 73-77 УНБ улсын дугаартай Тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг 57.000.000 сая төгрөгийн барьцаанд тавихаар Зээлийн гэрээ болон  Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г байгуулж тус ББСБ-ын өмчлөлд шилжүүлсэн байсан автомашиныг 2018.04.24-ний өдрийн огноотой Ди Эй Эм Өү Эй capital банк бус санхүүгийн байгууллагын албан бланк, тамга тэмдэг болон тус ББСБ-ын захирал БНСУ-ын иргэн Гуаг Сон Хёоны гарын үсгийг хуурамчаар үйлдэж ашиглан автомашиныг барьцаанаас чөлөөлсөн тухай хуурамч албан бичгийг үйлдэж Авто тээврийн үндэсний төвд хандаж уг 73-77 УНБ улсын дугаартай Тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг өөрийн нэр дээр 2018.04.27-ны өдөр хууль бусаар шилжүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан,

2018.04.27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын 10-1А тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч Тайгын булаг авто ХХК-д 73-77 УНБ улсын дугаартай Тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг Ди Эй Эм Өү Эй capital банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн барьцаанд тавьж, автомашины өмчлөлийг уг ББСБ-д шилжүүлсэн гэдгээ нууж өөрийн өмчлөлийн автомашин, эрхийн ямар нэгэн зөрчилгүй гэж хуурч, Тайгын булаг авто ХХК-тай Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-г байгуулж 31.000.000 төгрөг, 2018.09.10-ны өдөр барьцаат зээлийн гэрээ дахин байгуулж 10.439.030 төгрөг нэмж авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

        Шүүгдэгч нь эхэлж Ди Эй Эм Өү Эй capital ББСБ-ыг зээл авчихаад уг ББСБ-ын албан бланк, тамга тэмдэг, захирлынх нь гарын үсгийг хуурамчаар үйлдэж ашиглан 73-77 УНБ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн авто машины өмчлөлийг өөрийн нэр дээр төрийн эрх бүхий байгууллагыг хуурах замаар шилжүүлэн авч дахин Тайгын булаг авто ХХК-ийг  хуурч, залилан 41.439.030 төгрөгийн зээл авч хохироосон үйлдэл нь үргэлжилсэн үйлдэлтэй залилах гэмт хэрэг мөн болно.

Шүүгдэгч Ц.Б-н дээрх үргэлжилсэн үйлдлээр залилан мэхлэх гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай хэмжээнд нотлогдон тогтоогдож байгаа түүнчлэн шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй учир шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “Ди Эй Эм Өү Эй” capital ББСБ нь шүүгдэгч Ц.Б-с үндсэн зээл 57.000.000 төгрөг, зээлийн хүү 68.295.500 төгрөг, алданги 13.246.800 төгрөг, нийт 138.542.300 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд гэрээний зүйл болох 80.000.000 төгрөгийн үнэлгээтэй 73-77 УНБ улсын дугаартай Тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг хохиролд тооцож авах, дээр нь 15.000.000 төгрөг нэмж авах хүсэлтэй байгаа, мөн энэ талаар шүүгдэгчтэй Эвлэрлийн гэрээ байгуулсан талаар илэрхийлсэн.

Харин хохирогч Тайгын булаг авто ХХК нь шүүгдэгч Ц.Б-с үндсэн зээлд 50 000 000 төгрөг, зээлийн хүүнд 46 000 000 төгрөг, алдангид 25 000 000 төгрөг, зогсоолын төлбөр 4 558 000 төгрөг нийт 125.558.333 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд бид 73-77 УНБ улсын дугаартай Тоёота ланд круйзер-200 маркийн автомашины шударга эзэмшигч учраас авто машиныг өмчлөлдөө авч, хохирлоос хасаж тооцон, үлдсэн хохирлыг Ц.Б-с гаргуулах хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн.

Хохирогч Ди Эй Эм Өү Эй capital ББСБ-ын хувьд 2017.06.30-ны өдөр шүүгдэгч Ц.Б-той харилцан тохиролцож байгуулсан Зээлийн гэрээ, мөн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээгээр        73-77 УНБ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн автомашины эзэмших, өмчлөх эрх Ц.Б-с Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-т: Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ, 90 дүгээр зүйлийн 90.1-т: Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.., 93 дугаар зүйлийн 93.1-т: Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй, 106 дугаар зүйлийн 106.1-т: Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй...зэрэг иргэний эрхзүйн харилцааны нийтлэг зохицуулалтын дагуу Ди Эй Эм Өү Эй” capital ББСБ-д шилжсэн байна.

Иймд 73-77 УНБ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашины хууль ёсны эзэмшигч, өмчлөгч нь Ди Эй Эм Өү Эй capital ББСБ мөн болохыг шүүхээс тогтоох нь зүйтэй байна.

Харин Тайгын булаг авто ХХК-ийн шүүгдэгч Ц.Б-той 2018.04.27-ны өдөр байгуулсан №08800502 дугаартай Зээлийн гэрээ болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээний хувьд шүүгдэгч нь эхнээсээ тус компанийг хууран мэхлэх, хохироох зорилготой бичиг баримт, тамга тэмдэг, албан бланкийг хуурамчаар үйлдэж ашиглан автомашиныг эрхийн ямар ч зөрчилгүй, бусдын өмнө хүлээсэн үүрэггүй гэж итгүүлэн жинхэнэ бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэрээ, хэлцэл хийсэн бөгөөд энэ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл мөн байх тул уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. 

Иймээс иргэний эрхзүйн суурь зарчмын үүднээс хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх, хэлцлээр шилжүүлэн авсан зүйлээ буцааж өгөх, боломжгүй бол үнийг нь төлөх үүрэг хүлээх бөгөөд шүүгдэгч Ц.Б-с “Тайгын булаг авто” ХХК-ийн дансанд шилжүүлсэн 41 439 030 төгрөгийг Тайгын булаг авто ХХК-д олгож, уг мөнгийг Тайгын булаг авто ХХК нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцон авч захиран зарцуулах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т: Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно..., 2.5 дугаар зүйлийн 2-т: Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...2.5 дугаар зүйлийн 5-д: Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж тус тус заажээ.

Шүүхэд хуулиар олгосон дээрх эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Ц.Б-н гэмт хэрэг үйлдэж учруулсан бодит хохирлоос гадна түүний үйлдсэн гэмт хэргийн хохирлын улмаас  бусдад  учирсан хор уршгийг тусад нь тооцон хохирол төлбөрийг тогтоож, энэхүү төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Энэ агуулгын хүрээнд хор уршгийг тооцож тогтоохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан Анзийн зохицуулалтыг хэрэглэхээр тогтов.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т: Хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз  гэнэ..., Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т: ..анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй..., Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д: Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж тус тус заасан байна.

Дээрх анзыг хэрэглэх аргачлалаар тооцвол шүүгдэгч Ц.Б-н Тайгын булаг авто ХХК-аас үндсэн зээл болон нэмэлт зээл хийж авсан 41 439 030 төгрөгийн 50 хувь нь болох 20 719 515 төгрөгийг гэмт хэргийн хор уршигт тооцон шүүгдэгчээс гаргуулж хохирогч Тайгын булаг авто ХХК-д олгож, Тайгын булаг авто ХХК-ийн нэхэмжилсэн 125 558 333 төгрөгийн нэхэмжлэлээс үлдэх 63 399 788 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин Ди Эй Эм Өү Эй capital ББСБ-д учирсан хор уршгийн тухайд хэдийгээр хохирогч болон шүүгдэгч талууд хохирол төлбөрийн асуудлаар Эвлэрлийн гэрээ байгуулсан боловч энэ хэрэг нэгэнт эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж байгаа учраас шүүгдэгчийн эдийн засгийн байдал, хохирол төлбөр нөхөн төлөх чадавх,  хохирогч талын шүүгдэгчээс хохирол төлбөрөө гаргуулж олж авах боломж зэргийг харгалзан хохирол, иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хор уршигт тооцон хамт шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Иймээс 80.000.000 /наян сая/ төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй Тоёота Ланд круйзер-200 маркийн авто машин болон шүүгдэгч Ц.Б-н Ди Эй Эм Өү Эй capital ББСБ-аас авсан үндсэн зээл 57 000 000 төгрөгийн зөрүүнд харьцуулалт хийж 23 000 000 /хорин гурван сая/ төгрөгийг гэмт хэргийн хор уршигт тооцон шүүгдэгчээс гаргуулж хохирогч  Ди Эй Эм Өү Эй capital ББСБ-д олгож, Ди Эй Эм Өү Эй capital ББСБ--ийн 38 542 300 төгрөгийн нэхэмжлэлээс үлдэх 58 542 300 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Ингэхдээ гэмт хэргийн хор уршигт тооцсон 23 сая төгрөгийг 80 сая төгрөгийн үнэлгээтэй Ланд круйзер-200 маркийн автомашины үнэлгээ, үнэ төлбөрт суутган оруулж тооцлоо.

Нэгэнт шүүхээс 73-77 УНБ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашины хууль ёсны эзэмшигч, өмчлөгч нь Ди Эй Эм Өү Эй capital ББСБ мөн болохыг тогтоосон учраас энэ тухай улсын бүртгэлд зохих бүртгэлийг хийж гэрчилгээ олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Авто тээврийн Үндэсний төвд тус тус даалгаж, дээрх автомашины шилжилт хөдөлгөөнийг хориглосон болон битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, 80.000.000 /наян сая/ төгрөгийн үнэлгээ бүхий уг автомашиныг шүүгдэгч Ц.Б-н гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон  Ди Эй Эм Өү Эй capital ББСБ-д олгох нь зүйтэй болно.

Ийнхүү шүүгдэгч Ц.Б-н үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь хангалттай нотлогдож тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн арга хэлбэр, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, бусдад учруулсан хохирол төлбөрөө төлөөгүй зэрэг байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, 73-77 УНБ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашины бичиг баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц.Б-г үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

5. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 93 дугаар зүйлийн 93.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар 73-77 УНБ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашины хууль ёсны эзэмшигч, өмчлөгч нь Ди Эй Эм Өү Эй capital ББСБ мөн болохыг тогтоосугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар 80 000 000 /наян сая/ төгрөгийн  үнэлгээ бүхий Тоёота Ланд круйзер-200 маркийн уг автомашиныг шүүгдэгч Ц.Б-н гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон Ди Эй Эм Өү Эй capital ББСБ-д олгосугай.

7.  73-77 УНБ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашины шилжилт хөдөлгөөнийг хориглосон болон битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож уг автомашины өмчлөгчөөр Ди Эй Эм Өү Эй capital ББСБ-ыг бүртгэж тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт хийж гэрчилгээг олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Авто тээврийн Үндэсний төвд тус тус даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хохирогч Ди Эй Эм Өү Эй capital ББСБ-аас нэхэмжилсэн 138 542 300       /Нэг зуун гучин найман сая таван зуун дөчин хоёр мянга гурван зуу/ төгрөгийн нэхэмжлэлээс үлдэх 58 542 300 /тавин найман сая таван зуун дөчин хоёр мянга гурван зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

9. Шүүгдэгч Ц.Б-с Тайгын булаг авто ХХК-ийн дансанд шилжүүлсэн 41 439 030 /дөчин нэгэн сая дөрвөн зуун гучин есөн мянга гуч/ төгрөгийг Тайгын булаг авто ХХК-д олгож Тайгын булаг авто ХХК нь  энэ мөнгийг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол төлбөрт тооцон авч захиран зарцуулах эрхтэй болохыг дурдсугай.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-с 20.719.515 /хорин сая долоон зуун арван есөн мянга таван зуун арван тав/ төгрөгийг түүний гэмт хэрэг үйлдэж учруулсан хор уршигт тооцон гаргуулж хохирогч “Тайгын булаг авто” ХХК-д олгосугай.

11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хохирогч Тайгын булаг авто ХХК-ийн нэхэмжилсэн 125.558.333 /Нэг зуун хорин таван сая таван зуун тавин найман мянга гурван зуун гучин гурав/ төгрөгийн нэхэмжлэлээс үлдэх 63.399.788 /жаран гурван сая гурван зуун ерэн есөн мянга долоон зуун наян найм/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

12. Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, 73-77 УНБ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-200 маркийн авто машины болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

13. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар нь эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.БОЛДБААТАР