Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч М.Сайнзаяа, өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүгдэгч Д.Д , шүүгдэгч, хохирогч Ч.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д , мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б  нарт холбогдох 163/2020/0005/Э индекстэй, эрүүгийн 2015000000244 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 12-нд Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Хашаат суманд түр отроор оршин сууж байгаа, /Баянхонгор аймгийн Жинст суманд оршин суух бүртгэлтэй/ урьд өмнө ял шийтгэлгүй, Б овгийн Д.Д,

Шүүгдэгч: онгол Улсын иргэн, 1976 оны 6 дугаар сарын 16-нд Булган аймгийн ... суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн ... т оршин суух хаягтай, 1997 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.2 дугаар зүйлд зааснаар 60.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Д  овгийн Ч.Б //,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Д  нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ...ийн нутаг “С” гэх газар байх өөрийн гэртээ иргэн Б.Ш тэй маргалдаж толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

2020 оны 11 дүгээр сарын 09-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ...ийн нутаг “С” гэх газар байх өөрийн гэртээ иргэн Ч.Б гийн бие эрх чөлөөнд халдаж толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ч.Б  нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ...ийн нутаг “С” гэх газарт иргэн Б.Г гийн бие эрх чөлөөнд халдан толгойн тус газарт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ч.Б гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хохирогч болохыг хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

2015000000244 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Б.Ш гийн өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Булган аймгийн ... сумын төвд гэртээ ганцаараа байсан. Найз Б  бид хоёр манай гэрт 2.5 литрийн хоёр ширхэг пиво хувааж уусан. Үдээс хойш 14-15 цагийн орчимд Б  бид хоёр манай гэрээс гараад ... сумаас баруун хойш “С” өвөлжөө 6-7 км газарт байх манай малыг маллаж байсан Д ын гэрт очсон ба гэрт нь Б , Д  бид гурав 0.75 грамм Алтантүрүү архи хувааж уусан. Дараа нь хар экс архи уусан юм шиг байна лээ. Би нэлээн согтсон байсан. Сүүлд юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэг дээр ирээд ухаан орсон. Сүүлд намайг сумын эмнэлэгт ухаангүй байхад манай эхнэр Н  хамт байсан. Б  эхнэрт хэлэхдээ Д  архины шилээр цохисон гэж хэлсэн гэсэн. Гэмтлийн эмнэлэгээс 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гарсан. Биеийн байдал хөл, гар хөдөлгөөн муу, босч явж чадахгүй, толгой эргээд байгаа. Цаашид гэмтлийн эмнэлэгт хэвтсэн зардал, мөн 6 сарын дараа сэргээн засах эмчилгээнд явах зардал, толгойд хуванцар, төмрөөр гавал ясны нөхөх эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн ба ер нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-21 дүгээр хуудас/,

Хохирогч Ч.Б гийн өгсөн: “...архиа ууж байхад Ш  болон нөгөө айлын Д  гэх залуу хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн. Тэгсэн энэ үед Д  гэх залуу Ш г ууж байсан архины шилээр толгойг нь нэг удаа цохиж хагалчихаад дахиад цохих гэхээр нь би дундуур нь орж салгах гэж байгаад толгойгоо хагалуулсан... би тухайн үед толгойдоо хоёр удаа цохиулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Хохирогч Б.Г гийн өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Ш  ах түүний найз гэх Б  буюу С  Т  нар манай нөхөр бид хоёрыг хэл амаар доромжлоод байсан ба сүүлдээ бүр манай нөхрийн уур нь хүрээд Ш  ах түүний найз гэх Ш  ах түүний найз гэх Б  бюу С  Т  нарыг архины шилээр толгойн тус газар нь цохиж гэмтээсэн. Энэ үед мөн Б  буюу С  Т  нь намайг архины шилээр толгойн тус газарт маань цохиж толгойг маань хагалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Гэрч Б.Г гийн өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр 18 цаг болж байхад Ш  ах С  Т  гэх хүний хамт цэнхэр өнгийн портертой өвс аччихсан архи уусан маягтай ирсэн. С  Т  гарч бие засахдаа манай гэрийн хаалгыг өшиглөж гараад, орж ирэхдээ савж орж ирсэн. Би та яаж байгаа юм айлын хаалга эвдэллээ гэхэд “дуугүй бай муу гичий” минь гэж намайг доромжилсон. Манай нөхөр гарч бие засчихаад би унтлаа шүү хонио сайн хараарай гэж надад хэлээд хувцсаа тайлаад хэвттэл “бос чи унтах ёсгүй” гээд манай нөхрийг татаж босгоод манай нөхөр нөгөө үлдсэн жоохон архийг нь аягаласан. Тэгснээ суугаагаараа үүрэглээд байж байхад нь “нугаслаад хаячихвал мэдэхгүй унтах юм биш” үү гэж Ш  ах хэлсэн. Тэгэхээр нь би нөхрөө хажуу тийш нь татахад уначихсан. Тэр үед С  Т  чи наадахаа татаад яадгийн унтжил байг чам шиг гичий надтай унт гэж хэлсэн. Тэгэхэд манай нөхөр гэнэт босч ирээд та яахаараа манай эхнэрийг өөртэйгээ унт гэж хэлж байгаа юм хүний нутагт яваа гэхээр унтах ёстой юмуу гэж Т  гэх ахад хэлсэн. Тэгсэн Т  гэх ах манай нөхрийг ар нуруу хэсэг рүү нь гараа зангидаад цохисон. Тэр үед манай нөхөр нөгөө хар эксийн архины хоосон шилээр Т  ахыг сууж байхад нь толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон, цохиход архины шил хагараагүй. Тэгээд манай нөхөр эргээд харахад Ш  ах ар нуруу хэсэг рүү нь гараараа цохиход манай нөхөр нөгөө барьж байсан архины шилээрээ Ш  ахын толгой хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэр үед Ш  ах газарт унасан. Манай нөхрийг Ш  ах болон Т  гэх ах нарын толгой руу архины шилээр цохиход тэр хоёрын толгой хагарч цус гараад манай гэрийн шалан дээр цус гоожсон. Тэгээд манай нөхөр Д  Ш  ахыг цохихдоо архины шилээ гараасаа алдсан. Тэр үед Т  гэх ах нөгөө архины шилийг аваад манай нөхрийг цохих гэж байхад нь би дундуур нь ороод салгахад миний толгой руу архины шилээр цохиод миний толгойг хагалсан. Түүний дараагаар би гэрийнхээ шалан дээрх цусыг угааж цэвэрлэсэн. Тэгээд байж байтал Ш  ах, Т  гэх ах хоёр утаад өгсөн. Өглөө болоод би босоход Т  гэх ах босч ирээд явах гэтэл Ш  ах унтаад сэрэхгүй хурхираад байсан. Би цохиулсны дараа нь Ш  ахаа босоод ир цусыг чинь угаагаад өгий гэхэд өвдөг дээрээ сөхөрч суугаад цусаа угаалгаад явъя, явъя гэж байсан. Тэгээд буцаж хэвтээд хурхираад унтаад өгсөн. Ахиж бол босч ирээгүй. Архины шилээр аль алиных нь толгой хэсэг рүү нэг, нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-35 дугаар хуудас/,

Гэрч М.М ын өгсөн: “...дуудлага өгсөн айлд очиход ... сумын С  Т  гэх ах эхнэрийн хамт, ухаангүй хэвтэж байгаа хүний эхнэр гээд эгч нар гэрт байсан..., ухаангүй хүн маань гэрийн баруун талд хоймор луу толгойгоо харуулаад үүд рүү хөлөө жийсэн, хурхираад, духны баруун хэсэгт ярагдсан ил шархтай байсан. Би тэгээд даралт, амин үзүүлэлт, зүрхний цохилт зэргийг үзсэн... би асуухад С  Т  гэх ах Өвөрхангайн хүн орж ирээд архины шилээр цохисон би танихгүй юм билээ гэж хэлсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч архины шил нь хаана байна гээд аваад гарсан. Ухаангүй байгаа хүний хэвтэж байсан толгойн хэсэг дээр цус болчихсон, мөн шалны алчуур цустай, зүүн талын гар нь нил цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /ххийн 39-41 дүгээр хуудас/,

Гэрч Ч.Б гийн өгсөн: “...архиа ууж байхад Ш  болон нөгөө айлын Д  гэх залуу хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн..., тэгсэн энэ үед Д  гэх залуу Ш г ууж байсан архины шилээр толгойг нь нэг удаа цохиж хагалчихаад дахиад цохих гэхээр нь би дундуур нь орж салгах гэж байгаад толгойгоо хагалуулсан..., маргааш нь би эрт гэгээ ороход сэрээд тэр айлын эзэн Д  гэх залууг сэрээгээд чи хоёр хүний толгой хага цохичихсон, энэ хүн ухаан орохгүй байх шиг байна гэж Ш  ах руу заагаад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,           Яллагдагчаар Д.Д  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад тогтоолтой холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй, архийг бид гурав хувааж уусан ба архи ууж байхад би нэлээн согтсон. Маргааш өглөө нь манай эхнэр надад хэлэхдээ намайг Ш  ах болон түүний найз Б  буюу С  Т  ах нарыг архины шилээр толгой руу нь цохиод толгойг нь хагалсан гэж хэлсэн.

Тэгээд л энэ үед би өчигдөр болсон явдлынхаа талаар мэдсэн. Би одоогийн байдлаар Ш  ахад эмчилгээний төлбөр болох 3 сая төгрөг өгсөн байгаа. Хохирлоо бүрэн төлнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-96 дугаар хуудас/,

        Яллагдагчаар Ч.Б  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ш  бид сумын төв дээр архи ууж байгаад Ш гийн гэрийн гадаа буусан гэх отроор яваа нэг айлд хамт очсон. Намайг тэр айлд очиход нэг залуу эхнэр жаахан хүүхдийнхээ хамтаар гурвуулаа байсан. Тухайн үед тэр айл Ш д нэг шил архи гаргаж өгсөн. Энэ архийг нь Д  гэх залуу Ш  бид гурав хувааж уусан. Тэгж байж байгаад ... сумын төв рүү архинд явсан. Төв ороод тэр залуу нэг шил архи авсан. Тэр архийг нь аваад буцаад тэр айлд очсон. Авч очсон архиа ууж байхад Ш  болон нөгөө айлын Д  гэх залуу хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн.  Би тухайн өдөр нэлээн согтсон байсан учраас Б.Г г цохисон үгүйг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 93-96 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13166 дугаартай: Б.Ш гийн биед суман, титэм заадас дагасан, баруун талд титэм заадаснаас баруун зулай, чамайрхай яс руу, зүүн талд титэм заадаснаас доош зүүн чамархай яс руу үргэлжилсэн хугарал, хугарлын харалдаах тархины хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, дух баруун, зүүн зулай, чамархайн хуйхан доорх цус хуралт, духанд зулгаралт, хоёр нүдний зовхины дотор буланд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хх-ийн 49-51 дүгээр хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай: Ч.Б гийн биед баруун духанд язарсан шарх, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал 3 тооны гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хх-ийн 61-65 дугаар хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 333 дугаартай: Б.Г гийн биед толгойн зулай хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 105-106 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107, 113 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Д  нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ...ийн нутаг “С” гэх газар байх өөрийн гэртээ иргэн Б.Ш тэй маргалдаж толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

2020 оны 11 дүгээр сарын 09-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ...ийн нутаг “С” гэх газар байх өөрийн гэртээ иргэн Ч.Б гийн бие эрх чөлөөнд халдаж толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ч.Б  нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ...ийн нутаг “С” гэх газарт иргэн Б.Г гийн бие эрх чөлөөнд халдан толгойн тус газарт нь архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Б.Ш , Б.Г , Б.Б , гэрч М.М  нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Б.Ш гийн биед суман, титэм заадас дагасан, баруун талд титэм заадаснаас баруун зулай, чамайрхай яс руу, зүүн талд титэм заадаснаас доош зүүн чамархай яс руу үргэлжилсэн хугарал, хугарлын харалдаах тархины хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, дух баруун, зүүн зулай, чамархайн хуйхан доорх цус хуралт, духанд зулгаралт, хоёр нүдний зовхины дотор буланд цус харвалт гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 20ны өдрийн 13166 дугаартай, Б.Г гийн биед толгойн зулай хэсгийн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 333 дугаартай Ч.Б гийн биед баруун духанд язарсан шарх, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал 3 тооны гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай дүгнэлтүүд зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүгдэгч Д.Д , Ч.Б  нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Ч.Б гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, шүүгдэгч Д.Д ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

   Хохирогч Б.Ш , Б.Г , Ч.Б  нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч Д.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, шүүгдэгч Ч.Б г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Д , Ч.Б  нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Д , Ч.Б  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон алаг өнгийн хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон алчуур, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Алтантүрүү гэсэн бичигтэй 0.75 литрийн архины шил, цусаар бохирлогдсон Arkhi Export гэсэн бичигтэй 0.75 литрийн архины шил тус бүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Д , Ч.Б  нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

  1. Шүүгдэгч Д овгийн Ч.Б г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Б овгийн Д.Д ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”,  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Ч.Б г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар, Шүүгдэгч Д.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныгбаримтлан мөн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгний торгуулийн ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д т оногдуулсан 450.000 төгрөгний торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт 10.450.000 төгрөгөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Д.Д т оногдуулсан 10.450.000 төгрөгний торгуулийн ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаарялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
  6. Шүүгдэгч Д.Д , Ч.Б   нарт нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчнар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон алаг өнгийн хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон алчуур, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Алтантүрүү гэсэн бичигтэй 0.75 литрийн архины шил, цусаар бохирлогдсон Arkhi Export гэсэн бичигтэй 0.75 литрийн архины шил тус бүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Түшигбаярт даалгасугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д , Ч.Б   нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ж.ДЭЛГЭРМӨРӨН