| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2021/0007/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/07 |
| Огноо | 2021-02-05 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/07
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн шүүгдэгч ******** овогт ******** ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2027001490003 дугаартай, 146/2021/0007/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг, Зүүн сөдтий гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******** овогт ******** ******** /РД:********/ гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** овогт ******** ******** нь 2020 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг Зүүн Сөдтийн дөрвөлжин гэх газрын ойд 42 ширхэг мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж ******** улсын дугаартай Зил 130 маркийн автомашинаар тээвэрлэсэний улмаас байгаль экологид 661,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч ******** овогт ******** ******** нь 2020 оны 07 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг Зүүн Сөдтийн дөрвөлжин гэх газрын ойд 42 ширхэг мод зөвшөөрөлгүйгээр бэлтгэж ******** улсын дугаартай Зил 130 маркийн автомашинаар тээвэрлэсэний улмаас байгаль экологид 661.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд: Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Миний буруу. Би буруу ажил хийсэн байна. Дахиж ийм хэрэг хийхгүй гэв.
Шүүгдэгч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2020 оны 07 дугаар сарын 05-ны үеэр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар баг Зүүн сөдтий гэх газрын Дөрвөлжин гэх амнаас унанги хуш мод бэлтгээд Бат-Өлзий сумын төвд байдаг ******** гэдэг 130 маркийн машинтай хүнийг гуйгаад 2020 оны 07 дугаар сарын 10-ны үеэр ачиж ирээд Бат-Өлзий сумын төвд байдаг найз ******** хашаанд очоод ******** би нөхөрлөлөөс хуш мод хийгээд зарахаараа авна гарал үүслийн бичигтэй гэсэн. ...Би унанги байсан 7 хуш модыг 2 метрээр тайраад 42 ширхэг болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 83 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Надаас тус хүн 2020 оны 06 дугаар сард 8м куб түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Харин хуш мод бэлтгэх эрхийн бичиг бол аваагүй. ******** бэлтгэсэн мод зөвшөөрөлгүй мод байсан. Улсын тусгай хамгаалалттай газарт ордоггүй орчны бүс юм. Би тус газрыг хариуцсан байгаль хамгаалагчаар ажилладаг... гэх мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/,
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...2020 оны 07 дугаар сарын үеэр манай найз ******** нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Зүүн Сөдөт гэх газраас ирээд манай хашаанд хуш мод буулгаад тэгж байгаад зарахаараа авна шүү гэхээр нь би гарал үүслийн бичиг баримт байгаа юмуу гэсэн чинь нөхөрлөлд гараад хийсэн юм тэгж байгаад авч ирж өгнө гэхээр нь би хашаандаа буулгасан юм. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр цагдаа нар манай хашааны гадаа машин шалгаж байгаад ороод ирсэн. Тэгээд манай хашаанд орж ирээд модны бичиг баримтыг шалгуул гэсэн. Тэгээд ******** гэдэг хүн манай хашаанд тэр хуш моднуудыг буулгахдаа бичиг өгөөгүй тул байхгүй гэсэн. ...******** Өвөрхангай аймаг Бат-Өлзий сумын 2 дугаар баг Зүүн Сөдтий гэх газраас мод бэлтгэсэн гэж авч ирсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 82 дугаар хуудас/,
Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...Садан төрлийн холбоо байхгүй нэг нутгийн хүмүүс байгаа юм. ...******** намайг мод татаад өгөөрэй гэсэн. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын эхээр бид миний ******** улсын дугаартай 3ил-130 маркийн тээврийн хэрэгслээр Зүүн Сөдөт гэх газар руу явсан. Тэнд очоод газрын унанги 2 метр гаран урттай хуурай хуш, янз бүрийн галын түлээний мод ойролцоогоор 40-50 ширхэг байсан. Бүгд урт нь ижилхэн байсан. ...Модоо ачиж ирээд ******** гэх айлын хашаанд буулгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 84 дүгээр хуудас/,
Өвөрхангай,аймгийн Сум дундын Ойн ангийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 46 дугаартай ...1. ******** бэлтгэсэн 42 ширхэг мод нь бүх төрлийн хэрэглээний хуурай модны төрөлд орно. 2. Экологи эдийн засгийн нийт үнэлгээ нь 661800 төгрөг болж байна... гэсэн дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Яллагдагч ******** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******** Зил-130 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-42, 62-64, 74-77 дугаар хуудас/,
Яллагдагч ******** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан сүх, цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-44, 53-54, 58-61 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ойд мод бэлтгэх зөвшөөрлийг аваагүй болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ******** ...надаас 8м куб түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Харин хуш мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэх мэдүүлгээр, ойд зөвшөөрөлгүй хуш мод бэлтгэж тээвэрлэсэн болох нь гэрч ********, ******** нарын мэдүүлэг, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь ойд 42 ширхэг хуурай хуш мод бэлтгэсэн үйлдлийн улмаас экологи эдийн засагт 661800 төгрөгийн хохирол учруулсан байна.
Иймд шүүгдэгч ******** зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр бэлтгэсэн модоо тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж шийтгэв.
Шүүгдэгч ******** нь нойтон шинэс мод хууль бусаар бэлтгэж, ******** эзэмшлийн ******** улсын дугаартай Зил 130 маркийн тээврийн хэрэгсэлээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр модыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдэж, байгаль орчинд 661,800 төгрөгийн хохирол учруулсан, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар ойн санд учруулсан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулахаар заасан байна. Нөхөн төлбөрт 1,985,400 төгрөгийг Бат-Өлзий сумын Байгаль орчны санд төлсөн болох нь ХААН банкны банк хоорондын шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******** нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар мод тээвэрлэх гэмт хэргийг үйлдэхдээ ******** эзэмшлийн 800,000 төгрөгийн үнэ бүхий ******** улсын дугаартай, Зил 130 маркийн автомашиныг ашигласан байна. Вендо ХХК-ийн автомашины техникийн үнэлгээний тайлангаар ******** улсын дугаартай, Зил 130 маркийн тээврийн хэрэгслийг 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 35-38 дугаар хуудас/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх байх тул тээврийн хэрэгслийн үнэ 800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн батгалгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэг, 2 метрийн урттай 420,000 төгрөгийн үнэлгээтэй 42 ширхэг хуш модыг хурааж улсын орлогод оруулах, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******** улсын дугаартай Зил 130 маркийн машиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүйд тооцож, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт ******** ******** зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр бэлтгэсэн модоо тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овогт ******** ******** 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тортох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн бариултай, цагаан өнгийн цахилгаан хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхэг, 42 ширхэг 2 метрийн урттай 420,000 төгрөгийн үнэлгээтэй хуш модыг хурааж улсын орлогод оруулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******** эзэмшлийн ******** улсын дугаартай, Зил 130 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Шүүгдэгч энэ хэрэг цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******** эзэмшлийн ******** улсын дугаартай, Зил 130 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА