| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 156/2016/00636/И |
| Дугаар | 184 |
| Огноо | 2017-03-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 184
2017 оны 03 сарын 21 өдөр Дугаар 156/ШШ2017/00184 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00636/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 1 дүгээр хороо 65-2-15 тоотод оршин суух, Боржигон овогт Цэдэндамбын Наранцэцэг /РД:СА65061707/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 1 дүгээр хороо 57-1-7 тоотод оршин суух, Боржигон овогт Доржийн Мөнгөнцэцэг /РД:СФ72121805/-т холбогдох,
“1 500 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг, хариуцагч Д.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Бэрх хот 1 дүгээр хороо 51 дүгээр байр 2 дугаар орцны 12 тоот 1 өрөө байрыг 7 000 000 төгрөгөөр Д.Мөнгөнцэцэгтэй үнэ тохиролцож, худалдсан. Д.Мөнгөнцэцэг нь 5 500 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн бөгөөд үлдсэн 1 500 000 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сард багтаан гүйцээж өгнө гэж тохиролцсон. Энэ тухайгаа бичгээр гэрээ хийж, харилцан тохиролцож гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулан хүчин төгөлдөр баримттай болсон.
Гэтэл Д.Мөнгөнцэцэг нь надад өгөх ёстой 1 500 000 төгрөгийг бүтэн 2 жил 4 сар гаруй төлөлгүй иргэн намайг хохироож байх тул Д.Мөнгөнцэцэгээс 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/
Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2012 онд Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны 51 дүгээр байрны Д.Мөнгөнцэцэгийн эзэмшлийн 1 өрөө байрыг тухайн үеийн ханшаар 5 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод би 4 000 000 төгрөгийг нь бэлнээр буюу дансаар өгч, үлдсэн 1 000 000 төгрөгийг байрны ордерийг миний нэр дээр шилжүүлсний дараа өгөхөөр харилцан тохиролцсон. Ингээд 2 жил болоод би хоёр өвөл халаалтын мөнгийг нь төлсөн. Д.Мөнгөнцэцэг нь ордерийг нь сольж өгнө гээд яваад байсан. Би ордерийг нь шилжүүлсэний дараа өөрийнхөө байрыг зараад дараа нь оръё гэж бодоод ороогүй юм. Эхэн үедээ Д.Мөнгөнцэцэг нь ордероо шилжүүлж чадахгүй байна. Сэргэлэн надаас мөнгө нэхээд байна гэсэн зүйл ярьсан. 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр намайг нэхээд байхаар Д.Мөнгөнцэцэг нь надтай ирж уулзаад “Надад Сэргэлэнд өгөх мөнгө байхгүй учраас би байрныхаа ордерыг сольж чадахгүй байна. Тийм учраас би байраа зарахаа болиод охиноо тэр байранд оруулахаар боллоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.Мөнгөнцэцэгт анх авч байснаас хойш 2 жил өнгөрсөн тийм учраас одоо үеийн ханшаар ав гэж хэлсэн. Бүрэн засвар хийсэн 1 өрөө байр тухайн үед 7 000 000 төгрөгийн ханштай байсан. Тэгээд Мөнгөнцэцэг нь зөвшөөрөөд миний өгсөн 4 000 000 төгрөг дээр 1 500 000 төгрөгийг нэмээд 5 500 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Үлдсэн 1 500 000 төгрөгийг 4 дүгээр сард өгнө гэж хэлээд тохиролцож, гэрээ байгуулж гарын үсэг зуруулсан. Иймд үлдэгдэл 1 500 000 төгрөгийг хариуцагч Д.Мөнгөнцэцэгээс гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нь шүүх хуралдаанд гаргасан тайбартаа:
Ханшны зөрүүнээс гарсан мөнгийг нэхэмжилж байгаа. Байрны ордерийг сарын дотор гаргаж өгнө гэж анх тохиролцсон. Тухайн үед уурхайн мэдлийн байр байсан 2000 онд хувьчлалд оролгүй үлдсэн байр. Сэргэлэн өөрийн нэр дээр байраа авч чадалгүй яваад байсан. Д.Мөнгөнцэцэг анхнаасаа ордергүй байрыг Ц.Наранцэцэгт зарж, ордероо гаргаж чадахгүй болохоор буцааж худалдаж авсан. 280 000 төгрөгийн халаалтын төлбөр гарсан. Өнөөдөр Ц.Наранцэцэг 2 жилийн дараах ханшаараа байраа өгье гээд зөвшөөрч гэрт нь гэрээ хийж гарын үсэг зурж Ц.Наранцэцэг түлхүүрээ өгч тохиролцсон. Хэрэгт байгаа нотлох баримтуудаар нэхэмжилсэн үнийн дүн тодорхой байгаа. Ц.Наранцэцэгээс бодитойгоор 1 500 000 төгрөгний зардал гарсан. 2 жилийн дараагаар бий болсон ханшийн зөрүүг нэхээд байгаа. Д.Мөнгөнцэцэгтэй 7 000 000 төгрөг гэж тохиролцсон. Өөрөө зөвшөөрөөд шүүх хуралдаанд ярьсан нь нотлох баримтаар нотлогдож байна. Ханшны зөрүү 1 500 000 төгрөг нэхэмжилж байгаа. Д.Мөнгөнцэцэгээс 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Мөнгөнцэцэг нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Д.Мөнгөнцэцэг би Ц.Наранцэцэгтэй тохиролцон энэ тухай бичгээр гэрээ хийсэн. Энэ хавтаст хэрэгт байгаа нотариатаар батлуулсан баримт бичгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зарагдсан гэх байрны ордер Ц.Наранцэцэгийн нэрнээс миний нэр дээр шилжээгүй байгаа. Энэ бүгдийг шалгаж өгнө үү гэжээ. /хх-ийн 15х/
Хариуцагч Д.Мөнгөнцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би байраа 2012 онд нэхэмжлэгч Ц.Наранцэцэгт 5 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Ингээд 3 750 000 төгрөгийг бэлнээр авсан. Худалдсан хугацаандаа би уг байрны ордерыг Ц.Наранцэцэгийн нэр дээр шилжүүлж өгөх гэсэн боловч чадаагүй.
Ц.Наранцэцэг 1 500 000 төгрөгийн засвар хийсэн гэж байгаа боловч би өөрөө обойг нь хотоос захиж авчран, өөрөө обойг нь наасан. Би засварт хэдэн төгрөг орсныг сайн мэдэж байна. Ц.Наранцэцэгийн яриад байгаа 1 500 000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Би Ц.Наранцэцэгт 5 500 000 төгрөгийг өгөөд буцаагаад байраа авсан. Би мөнгөний хэрэгтэй үедээ авч байсан. Би охиныгоо энэ байранд оруулах гэж яваагүй манай охин тусдаа гарах насанд хүрээгүй байгаа. Одоо цуг амьдардаг. Би энэ хүнийг хохироогоогүй гэж үзэж байна. Тийм учраас би нэхэмжлэгчид мөнгө өгөх ямар ч үндэслэл байхгүй юм. 2014 онд байгуулсан Худалдах худалдан авах гэрээ нь хуурамч, хэрэгт байгаа нотлох баримтууд өөрөө хуурамч би хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.
Ц.Наранцэцэг хэрвээ байрны ордерийг миний нэр дээр болгоод өгвөл би энэ 1500000 төгрөгийг өгч болох юм. Ц.Наранцэцэгтэй 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Бэрх хот 1 дүгээр хороо 51 дүгээр байрны 12 тоот 1 өрөө байрыг 7 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон нь үнэн. Гэхдээ би гэрээг бичгээр хийгээгүй, ноториат дээр очоогүй. 2014 онд Ц.Наранцэцэгээс авсан энэ байраа одоо хүмүүст түрээслүүлж байгаа гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын өгч буй тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас хх-ийн 56-57 хуудсанд байх Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Төгөлдөрийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 21 тоот дүгнэлт, хх-ийн 6 дугаар хуудсанд байх Байр худалдсан тухай баримт зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг нь хариуцагч Д.Мөнгөнцэцэгт холбогдуулан 1 500 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг хариуцагч Д.Мөнгөнцэцэг нар нь Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 1 дүгээр хороо 51 дүгээр байр 2 дугаар орцны 12 тоот 1 өрөө орон сууцыг 2012 он, 2014 онуудад хэлцэл хийх замаар 2 удаа бие биендээ худалдсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байр худалдах гэрээ /хх-ийн 6х/, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2017.021 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-65х/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч Д.Мөнгөнцэцэг нь нэхэмжлэгч Ц.Наранцэцэгтэй орон сууц худалдах, худалдан авах тухай хэлцлийг хийсэн болохоо, уг орон сууцны худалдан авах үнийг 7 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон тухайгаа хэлж мэдүүлж байна.
Зохигчдын хийсэн хэлцлийн үндсэн дээр Бэрх тосгоны 1 дүгээр хороо 51 дүгээр байр 2 дугаар орцны 12 тоот 1 өрөө орон сууц нь 2014 оноос хариуцагч Д.Мөнгөнцэцэгийн өмчлөлд шилжсэн байна.
Хариуцагч Д.Мөнгөнцэцэгийн хувьд нэхэмжлэгчтэй орон сууцыг 7 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож ихэнх төлбөрийг хийж, орон сууцыг өмчлөлдөө хүлээн авсан боловч орон сууцны үлдэгдэл төлбөр болох 1 500 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Иймд нэхэмжлэгч Ц.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д. Мөнгөнцэцэгээс орон сууцны төлбөрийн үлдэгдэл 1 500 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.Мөнгөнцэцэгээс 1 500 000 төгрөгийг гаруулж, нэхэмжлэгч Ц.Наранцэцэгт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Мөнгөнцэцэгээс нөхөн төлүүлэх шүүхийн зардалд 38950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Наранцэцэгт олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР