Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 33

 

 

А.М, Д.А, Б.Г, Э.Б, С.Г,  

                 У.М, Н.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Шүүгдэгч  А.М, Б.Г нарын өмгөөлөгч: Б.Дагийнамжил,

Шүүгдэгч  Д.А, С.Г нарын өмгөөлөгч: Н.Ууганцэцэг,

Шүүгдэгч У.Мын өмгөөлөгч: Т.Урангоо,

Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн өмгөөлөгч: Л.Ганчимэг,

Шүүгдэгч: А.М, Д.А, Б.Г, Э.Б, С.Г,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 он 02 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.М, Д.А, Б.Г, Э.Б, С.Г, У.М, Н.Г нарт нарт холбогдох, эрүүгийн 201710010029 дугаартай, 3 хавтас 643 хуудас бүхий хэргийг хохирогч А.Н, А.Т, шүүгдэгч А.М, Д.А, Б.Г,  Э.Б, С.Г, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Дагийнамжил, Н.Ууганцэцэг, Л.Ганчимэг нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ........ сумын харъяат, 1986 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Залуус хорооллын 36-04 тоотод оршин суух, Дорноговь аймгийн .......... жолооч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Боржигон овогт А-ын М /РД:ФБ86011457/,

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, 1995 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, ээж, эгч, дүү, эхнэрийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын ......... тоотод оршин суух , .......... ХХК-д жолооч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, бие эрүүл, Боржигон овогт Д-ийн  А /РД: ЕЭ95062812/,

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харъяат, 1987 оны 12 дугар сарын 15-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, ......... тоотод оршин суух, хувиараа гар утас засвар ажиллуулдаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 07 сарын 22-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 8 сарын хугацаагаар хойшлуулсан, мөн шүүхийн 2006 оны 04 сарын 13-ны өдрийн 36 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил, 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, Өлзийт овогт Б-ийн Г /РД: ЕО87121577/,

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан сумын харъяат, 1990 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, ........ тоотод оршин суух, Дорноговь аймаг дахь Төмөр замын барилга, ашиглалтын үйлчилгээнд шавар будагч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Боржигон овогт Э-ийн Б /РД: ЖИ90092331/,

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, 1994 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, 2 дүүгийн хамт амьдрах, хувиараа бусдын мал малладаг, Дорноговь аймгийн ....... сумын 1 дүгээрт багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл, Лхангар овогт С-ийн Г /РД: ЕЭ94091918/,

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Мандах сумын харъяат, 1995 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, ээж, эгч дүүгийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр баг, ........... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Дашням овогт У-ийн М /РД: ЕЕ95110216/,

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, 1995 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, ачаа вагон хүлээлцэгч мэргэжилтэй, ам бүл 4, ээж, аав, дүүгийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр баг, .......... гэх газар нутагладаг, хувиараа мал малладаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Боржигон овогт Н-ын Г /РД:НВ95100213/ нарт холбогдуулан Дорноговь аймгийн Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2017 оны 06 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч А.М, У.М, Э.Б, Д.А, С.Г нар давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцож, хутга, бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, бусдын эзэмшлийн 89-27 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2016 оны 12 дугаар сарын дундуур бэлчээрт байсан иргэн А.Н-ын 1 тооны үхрийг хулгайлж, 1300000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч А.М, Д.А, С.Г, Э.Б, Б.Г Н.Г нар нь бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцож, хутга, бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, бусдын эзэмшлийн 89-27 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан, 2017 оны 01 дүгээр сарын 23-24 нд шилжих шөнө иргэн С.Ш-ын бэлчээрт байсан 1 тооны хязаалан насны бухыг хулгайлж, 800000 төгрөгийн буюу бага бус хохирол, иргэн А.Т-ийн бэлчээрт байсан хязаалан бух 1, эр үхэр 1, охин бяруу 1, эр бяруу 1, нийт 4 үхэр хулгайлж, 3500000 төгрөгийн буюу багас бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч А.М, У.М, Д.А, С.Г, Б.Г нар давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга,  бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, бусдын эзэмшлийн 89-27 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 16-17-ны үед бэлчээрт байсан иргэн А.Н-ын эр бяруу 2, эр үхэр 1, үнээ 2, нийт 5 үхэр хулгайлж, 4800000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 

шүүгдэгч А.М, Д.А, Э.Б, Б.Г нар давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцож, хутга, бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж бусдын эзэмшлийн 59-01 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2016 оны 12 дугаар сарын дундуур бэлчээр байсан иргэн А.Н-ын 1 тооны бухыг хулгайлж, 1300000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч А.М, Д.А, Э.Б, Б.Г нар давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, хутга, бээлий, мяндсан бугуйл, дэвсгэр зэргийг тусгайлан бэлтгэж, бусдын эзэмшлийн 59-01 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2016 оны 12 дугаар сарын сүүлээр бэлчээрт байсан иргэн А.Н-ын эр үхэр 1, үнээ 1, нийт 2 үхэр хулгайлж, 2600000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Амаржаргалын М, Боржигон овогт Даваасүрэнгийн А, Боржигон овогт Эрдэнийн Б, Өлзийт овогт Батсүхийн Г, Лхангар овогт Сүхээгийн Г, Дашням овогт Уранцэцэгийн М нарыг бусадтай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан, Боржигон овогт Наранбаярын Гыг бусадтай бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар 145.2-д заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шүүгдэгч А.М, Д.А нарыг тус бүр 2 жил, 6 сарын хорих ялаар, шүүгдэгч Э.Б, Б.Г, С.Г нарыг тус бүр 2 жилийн хорих ялаар, шүүгдэгч У.Мыг 5 сарын баривчлах ялаар, шүүгдэгч Н.Гыг 3 сар, 10 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгэж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.М, Д.А нарын эдлэх 2 жил, 6 сарын хорих ялыг, шүүгдэгч Э.Б, Б.Г, С.Г нарын эдлэх 2 жилийн хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.М, Д.А, Б.Г, Э.Б нарын тус бүр цагдан хоригдсон 12 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар баривчлах ял нь шинэ эрүүгийн хуулиас хасагдсан учир шүүгдэгч У.Мыг 5 сарын баривчлах ялаас, шүүгдэгч Н.Гыг 3 сар, 10 хоногийн баривчлах ялаас тус тус чөлөөлж

шүүгдэгч С.Г, У.М, Н.Г нар цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.А, Д.Г, Э.Б, У.М, С.Г, Н.Г нарын иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Мын 1120163 тоот нийгмийн даатгалын дэвтэр, эхнэр Д.Цэцэгдэлгэрийн жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч дэвтрийг тус тус буцаан олгож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.М, Д.А, Э.Б, Б.Г, С.Г, У.М, Н.Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 20000000 төгрөгний үнэлгээтэй, 59-01 ДГА улсын дугаартай Навара маркийн авто машиныг иргэний нэхэмжлэгч Мэдээлэл, Холбооны сүлжээ ТӨХХК-ийн Дорноговь аймгийн газарт, 7000000 төгрөгний үнэлгээтэй 89-27 ДГА улсын дугаартай, УАЗ 22069033 маркийн авто машиныг иргэний нэхэмжлэгч Д.Азжаргалд тус тус буцаан олгож, тэдгээрийн үнэ болох 27.000.000 төгрөгийг шүүгдэгч А.М, Д.А, С.Г, Э.Б, Б.Г нараас хувь тэнцүүлэн тус бүр 4.333.333 төгрөгийг, шүүгдэгч У.Моос 3.333.333 төгрөгийг, шүүгдэгч Н.Гаас 1.000.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 20.000.000 төгрөгний үнэ бүхий 59-01 ДГА улсын дугаартай, Навара маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 28-ны өдрийн, 7.000.000 төгрөгний үнэ бүхий 89-27 ДГА улсын дугаартай УАЗ 22069033 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 сарын 30-ны өдрийн, шүүгдэгч Д.Аын эзэмшлийн 63-46 ДГО улсын дугаартай, Тоёото эстима маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 04 сарын 17-ны өдрийн, шүүгдэгч С.Гын улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн Вохер маркийн мотоцикль, соёолон эр хонь 3, шүдлэн эр хонь 4, соёолон эр ямаа 5, хязаалан эр ямаа 4, хургатай эм хонь 8 толгой зэргийг битүүмжилсэн 2017 оны 04 сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М, Д.А, Э.Б, Б.Г, С.Г нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч У.М, Н.Г нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгчид, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Хохирогч А.Т давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А.М, Б.Г нар нь 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр манай бэлчээрт байсан 4 үхрийг У.М, Н.Г, Д.А, С.Г нартай хамт хулгайлан авч 3500000 төгрөгний хохирол учруулсан. Надад учирсан хохирлыг зөвхөн А.М, Б.Г нар төлсөн бусад хүмүүс нь яаж төлсөнийг мэдэхгүй бидэнтэй ирж уулзаагүй. С.Г бол манай үхрийг таних л хүн дээ. Гэвч А.М, Б.Г нар нь удаа дараа манай гэрт ирж, уучлалт гуйж надад учруулсан хохирлоо бүрэн, сайн дураараа төлж барагдуулсан. Бид нар ёстой муухай юм хийлээ эгчээ, бид дахин гэмт хэрэг хийхгүй байж чадна гэж дахин, дахин уучлалт гуйж байсан. Мөн А.Нынд очиж уучлалт гуйна гэж манай нөхрөөр газарчлуулж лав 1 удаа явж байсан. Би хохирогч хүний хувьд эх хүний хувьд А.М, Б.Г нарт гомдол санал байхгүй гэдгээ илэрхийлж А.М, Б.Г нарт анхан шатны шүүхээс ногдуулсан 2 жил 6 сар, 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шүүхийн шийдвэрийг өөрчилж болдог бол өөрчилж өгнө үү гэжээ.

Хохирогч А.Н давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А.М, Б.Г нар нь бусадтай хамтран манай 9 үхрийг хулгайлан авч 10000000 төгрөгний хохирол учруулсан боловч учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлж барагдуулсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. А.М, Б.Г нар нь манай гэрт ирж уучлалт гуйсан, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн. Иймд А.М, Б.Г нарт анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэх ялаар сольж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.А, С.Г нарын өмгөөлөгч Н.Ууганцэцэг давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Д.А, С.Г нарт 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэж шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан боловч шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Д.А, С.Г нарын хувьд анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, мөн Д.Аын хувьд байнгын эрэгтэйчүүдийн эмчийн хяналтанд байдаг, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байгаа ба шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжих боломжтой гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт шүүх ямар үндэслэлээр шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх боломжгүй буюу оногдуулсан хорих ялыг тэнсэх боломжгүй гэж үзсэн, хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх үндэслэлийн талаар дүгнээгүй,  энэ нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхэд хүрч байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 59-01 ДГА, 89-27 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн үнийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, утсгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.  Дээрх тээврийн хэрэгслүүдийн хувьд шүүгдэгч А, Г нарын өмчлөлийн эд хөрөнгө биш бөгөөд тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Азжаргал, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХХК нар тогтоогдсон ба тус зүйлд улсын орлогод оруулах талаар зохицуулалт байхгүй байхад 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг хэрэглэж байсан зохицуулалтаар хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч А, Г нарт ял оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг буюу шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү.

Шүүгдэгч Э.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Л.Ганчимэг давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна. Үүнд: Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулсан атлаа 2015 оны Эрүүгийн хуулийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлийг үндэслэсэн нь буруу байна. Ялтан Бд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, 55.1.9-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байхад шүүх харгалзан үзээгүй байна. Шүүх шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт дүгнэсэн атлаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын өмчлөлийнх биш байхад Бэс 59-01 ДГА дугаартай Навара маркийн машин мөн УАЗ322069033 маркийн авто машинуудын үнэ болох 4333333 төгрөгийг гаргуулж хуулийг буруу хэрэглэсэн байна. Ялтан Э.Б нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл нилээд байгаа бөгөөд хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна. Мөн Б нь суурь боловсролтой, мод үржүүлэгч ойжуулагч, барилгын өргөн мэргэжил, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан мэргэжилтэй, 3-8 насны 2 охинтой, төрсөн эцэг Эрдэнээ нь өвчний учир хөдөлмөрийн чадвар 70 хувь алдсан, хувийн байдлаар сайн, ар гэр ахуй амьдралын хувьд нилээд хүнд хүн юм. Иймд Бд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэх боломжтой тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар тэнсэж, тодорхой хугацаагаар хянан харгалзаж, мөн түүнийг 4333333 төгрөг гаргуулж улсын орлого болгох нэмэгдэл ялаас чөлөөлж өгнө үү гэв.

Шүүгдэгч А.М, Б.Г нарын өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: 2016 оны 12 сарын дундуур буюу анх удаагийн явалтаар Нын 1 тооны үхрийг хулгайлах үйлдлийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байна гэдгийг А.М, Б.Г нар мэдээгүй. Ямар машинтай хэн хэн явсан оролцоо зэргийг тодорхойлолгүй төлбөрийг тэнцүү хувааж ногдуулсан нь эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэлээ гэж үзэж байна. Дорноговь аймаг дахь Мэдээлэл, холбоо сүлжээ ТӨХХК-ийн Навара маркийн автомашиныг 20 сая төгрөгөөр үнэлсэн нь бодит үнэнд нийцэхгүй байна. Тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнцэцэгийн /хх-69/ мэдүүлэгт элэгдэл, хорогдлыг тооцохоор маш бага үнэлгээ гарна, учир нь эдэлгээний хугацаа дууссан машин гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны шатанд уг автомашины үнэлгээг зөвшөөрөхгүй талаар хүсэлт гаргаж байсан. Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтний гаргасан дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч дахин дүгнэлт гаргахдаа машиныг үзээгүй, бичиг баримтыг шинжлэн судлаагүй байдаг. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна. Тухайн ТӨХХК-ийн гаргасан журмаар тус Навара автомашины элэгдлийг 1 жилд үндсэн үнийн дүнгийн 14.29%-ийг хасч тооцдог бөгөөд уг автомашиныг 7 жил ашиглаад акталдаг журамтай юм байна. Үүнийг анхан шатны шүүх анхаарч хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно. А.М нь хулгайн хэрэгт холбогдсоноо мэдсэнээс хойш хийсэн хэргээ чин санаанаасаа гэмшин хохирогч нарт учруулсан хохирлоо эн тэргүүнд төлж барагдуулсан, хохирогч нартай олон удаа гэрт нь очиж уулзаж уучлалт гуйж, аж амьдралд нь тусалсан, тэрээр тогтвортой гэр бүл, тогтвортой ажлын байртай, цалин орлоготой, анх удаа гэмт хэрэг үйлдсэн чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хохироос өөр төрлийн ялаар сольж өгөхийг хүсч байна. Мөн Б.Гыг  тухай хэрэгт ямар санаа зорилготой, ямар идэвхитэй үйлдлээрээ хамтран оролцсон талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Б.Г хэлэхдээ хүмүүс надтай хаашаа явах, яах гэж байгаагаа хэлж ярьж байсан удаа байхгүй, сүүлийн 5 үхэр хулгайлахад нь би хулгай хийж байгааг нь мэдсэн гэж мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хорихоос өөр төрлийн ялаар өөрчилж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж туйлын ихээр харамсаж, гэм буруугаа хүлээж байна. Би 3-8 насны Энхжин, Номинжин гэдэг 2 охинтой, миний 2 охин ээж, аав хоёрын маань асрамжинд өсч хүмүүжиж байна. Учир нь миний эхнэр Булгантуяа нь бага охиноо 7 сартай байхад 2 охиноо манай ээж, аав хоёрт үлдээгээд салаад явсан. Одоо өөр хүнтэй сууж хүүхэд төрүүлсэн. Бид 2 гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа. Би суурь боловсролтой, 2017 оны 11 дүгээр сард Хөдөлмөрий аюулгүй байдлын мэргэжилтний сургалтанд сууж төгссөн мөн барилгын өргөн мэргэжилтэй юм. Цаашид мэргэжлийнхээ дагуу ажил хөдөлмөр эрхэлж үр хүүхэд, ээж аав, гэр орноо халамжилж тэжээн тэтгэх хүсэлтэй байна. Иймд шүүхээс намайг анх удаа гэмт хэрэгт холбогдсон, залуу хүний хувьд алдаж оносныг минь харгалзан үзэж надад шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж, гүн туслалцаа үзүүлнэ үү. Би дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадна гэв.

Шүүгдэгч Д.А давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч А.Н, С.Ш, А.Т  нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирол, гомдол саналгүй, малын үнэлгээг багаар үнэлсэн боловч үнэлгээг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн байдаг.  Миний бие нь эхнэрийн хамт амьдардаг залуу гэр бүл. Би өөрөө Өндөр алтайн зам ХХК-ийн Мандах нуур АЗЗА-д авто самсомол машины жолоочоор ажилладаг. Сарын орлого 1250000 төгрөг. Саяхан эхнэртэйгээ тусдаа гарсан. Тус гэмт хэрэгт холбогдон хорих ял авсанаар ажлын байр орхигдон амьдралын баталгаа алдагдах эрсдэл үүссэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Иймд гэм буруугаа ухамсарлан ойлгож дахин гэмт хэрэг үйлдэхгүй, цаашид чин шударгаар амьдрах тул залуу гэр бүлийг дэмжиж авсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ө.М давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 12 дугаар сарын дундуур А.Нын 1 тооны үхрийг хулгайлсан үйлдлийг үнэхээр мэдээгүй. Д.А ирээд машин бариад хөдөө манай дүүгийнд очоод үхэр ачаад ирье гэхээр нь явсан. Хулгайн үхэр гэдгийг сүүлд нь мэдсэн. Би 2 дахь удаагийн үйлдлээс эхэлж хулгай гэдгийг мэдсэн. Би энэ хулгайн үйлдлээс ямар нэг ашиг орлого олоогүй, зарж борлуулсан зүйл байхгүй. Би мал ахуй сайн мэдэхгүй. Малын талаар ямар нэг мэдлэг, мал ахуйтай ойр өсөөгүй. Мал алахад хутга, дэвсгэр, бугуйл зэргийг урьдчилан бэлдэж байсан удаа байхгүй. Надад бэлдсэн хутга байгаагүй. Д.А нь өгсөн мэдүүлэгтээ бүгд ярилцаад гэр гэрээсээ хутгаа авч гардаг гэж мэдүүлсэн байдаг, үнэхээр тийм зүйл байхгүй. Би Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрж, Эрдэнэт хотод өссөн. Эрдэнэт хотод сурч ажиллаж амьдардаг байсан. Дорноговь аймагт 2011 оны 11 сард анх айл болсон. 2011 оноос хойш амьдрахдаа хөдөө сумдаар явж байгаагүй. Одоо эхнэр охины хамт амьдардаг. Дорноговь аймгийн Эм эргэлтийн сан ОНӨААТҮ-ийн газарт жолоочоор ажилладаг. Сарын үндсэн цалин 478000 төгрөг. Эхнэр Цэцэгдэлгэр одоо 4 сар гарантай жирэмсэн. Залуу хүний хувьд цаашдаа дахин гэмт хэрэгт холбогдохгүй, хэрэг зөрчил гаргахгүй байж чадахаа илэрхийлж байна. Хохирогч нарт хохирлыг сайн дураараа төлж барагдуулж, гомдол саналгүй болсон тул миний анх удаа гэмт хэрэгт холбогдсоныг харгалзан надад оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Г давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 оны 12 сарын дундуур хөдөө явж мал авчирсан нь үнэн ч хулгайн мал гэдгийг мэдээгүй. Би мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ анх хөдөө явах уу гэхэд нь л хамт явсан, хамт явсан хүмүүстэйгээ үгсэн тохиролцсон зүйл байхгүй. Сүүлийн удаа явж авчирсан үхрүүдийг борлуулсаны дараа цагдаагийн байгууллага дээр ирсэн хойно нь хулгайн мал байсан гэдгийг мэдсэн гэж зөв мэдүүлсэн. Би эхнэр болон 6-10 насны хоёр хүүхдийн хамт Замын-Үүд суманд амьдардаг. Үр хүүхдээ тэжээхийн тулд Сайншанд сумын намын хороонд лангуу түрээслэж гар утас засварладаг, миний сарын орлого 400-450 мянган төгрөг. Би хойшид дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хийсэн хэрэгтээ маш их эмзэглэж, гэмшиж байна. Би бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, хохирогч нартайгаа биечлэн уулзаж өөрийн биеэр удаа дараа уучлалт гуйсан. Миний анх удаа гэмт хэрэгт холбогдсон болон хоёр хүүхдийн маань ирээдүйг бодож надад оногдуулсан хоёр жилийн хорих ялыг хорих ангид эдлүүлэхгүйгээр өөр төрлийн арга хэмжээгээр сольж өгнө үү. Мөн Навара 59-01 дугаартай авто машиныг байгууллагад нь буцаан олгосон. Тус байгууллага ямар нэгэн гомдол хохиролгүй гэсэн. Навара автомашины үнэлгээ маш өндөр тогтоогдсон тул шүүх хохирлын тал дээр анхаарч үзнэ үү гэв. Б.Г: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.

Шүүгдэгч С.Г давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч А.Н, А.Т, С.Ш нар нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн. Өмгөөлөгчийн хүсэлтийг авч хэлэлцэнэ үү. Миний бие 24 настай, эцэг, эхгүй бүтэн өнчин, насанд хүрээгүй 2 эмэгтэй дүүгийн хамт айлын мал маллаж амьдардаг. Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багт оршин суудаг. Гэм буруугаа ухамсарлан ойлгож дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Өнчин хоёр дүүгээ орхиод явж болохгүй байна. Цаашид хоёр дүүгээ асарч халамжлан, чин шударгаар амьдрах тул дээрх авсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч У.Мын өмгөөлөгч Т.Урангоо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх хуралдаан дээр Замын-Үүд суман дахь хууль зүйн туслалцаа үзүүлдэг Д.Энхтуяа өмгөөлөгч оролцсон. У.Мын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлбөрөө барагдуулсан. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн гэдэг утгаараа 5 сарын баривчлах ялыг анхан шатны шүүхээс оногдуулсан. Уг оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасны дагуу давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.М, Д.А, Б.Г, Э.Б, С.Г, У.М, Н.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Мөрдөн байцаалтын явцад цугларсан, хэрэгт авагдсан баримтыг хянаж үзэхэд энэхүү эрүүгийн хэрэгт хохирогч, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн, тэдгээрийн  мэдүүлэг, малын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, үйл баримтын талаар бэхжүүлсэн гэрэл зураг, бусад нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээлэл байх төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасан хуулийн шаардлагад нийцжээ.

Эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн байх ба гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг хэргийн талаарх нотолбол зохих байдлыг нотолж, тогтоожээ. 

 Гэхдээ анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч У.М, Н.Г нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасны дагуу баривчлах ял оногдуулж улмаар уг ялыг 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан “2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна” гэснийг үндэслэж, шүүгдэгч нарыг баривчлах ялаас чөлөөлсөн нь буруу юм.

Хуулийн энэхүү агуулгаас үзэхэд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө баривчлах ялаар шийтгүүлсэн этгээдэд хамааралтай буюу тухайн ялаас чөлөөлнө гэж ойлгох бөгөөд шинээр ял шийтгэл оногдуулахад нэгэнт хуульд байхгүй ялыг оногдуулсан нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн алдаа болжээ.

Мөн 2015 оны шинэ Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан “Ялын төрөл”-өөс үзэхэд гэмт хэрэг үйлдсэн хүнд “баривчлах” ял оногдуулах зохицуулалт байхгүй бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан баривчлах ял нь 2002 болон 2015 оны Эрүүгийн хуулиудад заасан “Эрүүгийн хариуцлага болон ялаас чөлөөлөх” үндэслэлд хамаарахгүйг дурдах нь зүйтэй байна.  

Түүнчлэн Анхан шатны шүүх 1/ Энэ хэрэгт Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХХК-иас “Иргэний нэхэмжлэгчээр томилж, итгэмжлэл олгосон” баримтад дурдсан, итгэмжлэл олгосон 6 сарын хугацаа /2хх-188/ дууссан, төлөөлөх эрхгүй Д.Алтайсайханыг шүүх хуралдаанд оролцуулсан нь Иргэний хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг,    

2/ Шинжээч томилсон тогтоол /2хх-106/ болон Ашид билгүүн ХХК-ийн автомашин, техникийн үнэлгээ хийсэн тайлан /2хх107,108/-гаас үзэхэд үнэлгээг хийхдээ “Nissan Navara” тээврийн хэрэгслийг биет байдлаар нь үзэлгүйгээр, зах зээл дээр тухайн хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгийн ашиглалтад орсон хугацаа, хийц, үнийн судалгааг ашиглан үнэлгээг тогтоосон нь “шинжилгээний объект нь эх хувь буюу биет байдлаар, эсхүл шинжилгээний шаардлага хангахуйц бусад хэлбэртэй байх, шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой хийх” Шинжилгээний тухай хуульд заасан журмыг тус тус зөрчсөнийг анхаараагүй байна. 

Харин тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж шийдвэрлэсэн тухайд анхан шатны шүүхийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т энэ талаар тодорхой тайлбарлаж, зохицуулжээ.

Иймээс дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 он 02 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцааж, хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар хэргийг шүүхэд очтол шүүгдэгч А.М, Д.А, Б.Г, Э.Б, С.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                  А.САЙНТӨГС

                                                                                 Н.БОЛОРМАА