| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2021/0088/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/80 |
| Огноо | 2021-01-20 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/80
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг, Ш.Бадмаараг, шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Д.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00492 0448 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овгийн Д.Х, Улаанбаатар хотод *** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, эмэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, өрх толгойлсон эх, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Д.Х 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 19 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Шунхлай ШТС-ын хойд талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Nissan Note маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөнөөс Г.Б-ын амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, шинжлэн судлагдсан эд мөрийн болон бичгийн нотлох баримт, талуудын хууль зүйн дүгнэлт бүхий мэтгэлцээнд үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Д.Х нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх үедээ “Nissan Note” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Шунхлай ШТС-ын хойд талын 4 эгнээ бүхий зорчих хэсэгтэй, тэгш гадаргуутай, үзэгдэлт хязгаарлагдмал бус нөхцөлтэй замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш зорчиж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэж заасныг зөрчиж буюу зогсоох арга хэмжээ авалгүйгээр зорчих хэсэг дээр хэвтэж байсан Г.Б-ыг 19 цаг 50 минутын үед дайрч амь насыг нь хохироосон” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Х-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би тухайн үед 50 орчим километр цагийн хурдтай явж байсан. Зорчих хэсэг дээр хүн хэвтэж байгааг хараагүй. Миний автомашины гэрлийн тусгал тааруухан байсан юм. Зам дээр хэвтэж байсан хүн гэнэт тулаад харагдсан бөгөөд би “зам дээр хог байна” гэж бодсон, тэгээд тоормос гишгэж амжилгүй дээгүүр нь гарсан. Замын гэрэлтүүлэг асаж байсан боловч хохирогч яг хоёр гэрлийн голд хэвтэж байсан учраас сайн харагдаагүй байх гэж сүүлд нь бодсон. Оршуулгын зардалд 8,500,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 1,000,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөгийг сайн дураараа төлсөн...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Тухайн өдөр болсон хэргийн талаар мэдээгүй. Урьд өдөр нь талийгаач ахынхаа хашааг цэвэрлээд ирье гэж хэлээд явсан. Ахынхаа гэрт хоносон юм байх гэж бодоод маргааш өдөр нь хайгаад олоогүй. Тэр хавийн хүмүүсээс асуухад зам тээврийн осол гарсан гэсэн мэдээлэл ирээд түүнийх нь дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиход “манай дээр мэдээлэл байхгүй, Замын цагдаагаас асуу” гэж хэлсэн. Цамбагаравын замын цагдаа дээр очиход жижүүрийн цагдаа нь У байцаагчтай холбож өгсөн. Надад зураг үзүүлэн таниулах ажиллагаа хийлгэж, би аавыгаа нас барсан гэдгийг мэдсэн. Манай гэр бүлийнхэн гомдолтой байгаа. Эмэгтэй хүн байж яагаад хүний эх хүн шиг хандаж, миний эхээс уучлалт гуйгаагүй юм бэ? Хэрэг гарснаас хойш 3 сар болох гэж байхад яагаад бид нараас уучлалт гуйж чадахгүй байгаа юм бэ? Танай аав, ээж, ах дүү нар чинь яагаад уучлалт гуйж болоогүй юм бэ? Оршуулгын зардал төлөхдөө, утсаар ярих болгондоо би хохирол төлсөн, одоо та нар намайг яах гэж байна гэж дарамталдаг байсан. Бид хуулийн мэдлэггүй. Гэхдээ зам дээр чулуу байсан ч жолооч тойроод л гардаг шүү дээ. Гэтэл хог байна гэж бодсон гэх юм. Эмэгтэй хүн, эх хүн ийм байж болохгүй. Миний аав хөгжлийн бэрхшээлтэй болоод ч хамаагүй хажууд минь байсан бол би гомдолгүй л байх байсан...” гэсэн мэдүүлэг;
3. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-11 дүгээр хуудас), Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн: “Дэмбэрэл Х “Эрх хасагдсан” Чингэлтэй, Зөрлийн тухай хууль 14.7-3.1, 2019.08.15- 2020.08.15. 1 жил” гэсэн лавлагаа (хх-ийн 121 дүгээр хуудас);
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрээсээ гарч явахдаа талийгаач ахынхаа хашааг янзална гээд муу хувцсаа өмсөөд гарсан, тэр өдрөө ирээгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-27 дугаар хуудас);
5. Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай: “...19:54:47 секундэд хашлага дээрээс босож урагшаагаа гуйван зорчих хэсгийн 1 дүгээр эгнээн дээр унан хэвтэж байхад нь ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байсан бараан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл 19:54:58 секундэд урд хэсгээрээ мөргөж байгаа нь дүрслэгдэнэ...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 66 дугаар хуудас);
6. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2243 дугаартай шинжээчийн: “ Талийгаачийн цогцост хавсарсан олон гэмтэл: Цээжний зүүн хөндий дэх сул цус (500 мл), гол судасны язарсан урагдал, зөөлөн эдийн хуралт, үнхэлцэг хальсны урагдал, зүрхний зүүн чих хэсгийн урагдал, элэгний язарсан урагдал, баруун зүүн уушгины доод, дунд дэлбэнгийн урагдал, бөөрний өөхөн эдэд цус хуралт, ходоодны чацархайн цус хуралт, өвчүү яс, зүүн эгэм ясны хугарал, баруун, зүүн талын олон хавирганы шууд болон шууд бус 1, 2, 3-сан хугарлууд, зүүн дунд чөмгөний хүзүү хэсгийн ил хугарал, зүүн шаант тахилзуур ясны далд хугарал, зүүн хөлийн шагайн үе, зүүн гарын мөрний үеийн бүрэн мултрал, зүүн дал ясны бяцарч үйрсэн хугарал, дээд эрүүний үүдэн баруун 1,2,3-р шүд, зүүн 1,2,3-р шүднүүд булгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт, зулгаралт, язарсан шарх, баруун хацарт зулгаралт, зүүн шанаанд язарсан шарх, хүзүү, тохой, хэвлий, ташаа, гуя, өвдөг, шанаа, тавхайд зулгаралт, зүүн өгзөгт яс ил гарсан шарх, зүүн өвдөг, баруун шагайд язарсан шарх зэрэг гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь авто ослын үед тээврийн хэрэгсэл цээж хэвлий дээгүүр дайрагдах үед үүсгэгджээ. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Талийгаачийг үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх оношинд дурдагдсан хавсарсан олон гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт (хх-ийн 40-46 дугаар хуудас);
7. 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 123 дугаартай мөрдөгчийн: “...Nissan Note маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч амь хохирогч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-д “аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна...” гэсэн магадалгаа (хх-ийн 59-61 дүгээр хуудас)
8. Шүүгдэгч Д.Х-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 118 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 137 дугаар хуудас), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 147-148 дугаар хуудас), оршин суугаа газрын “...Д.Х нь өрх толгойлж, 3 хүүхдийн хамт амьдардаг” (хх-ийн 120 дугаар хуудас) гэсэн тодорхойлолт зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Г.Б нь авто ослын үед тээврийн хэрэгсэл цээж хэвлий дээгүүр нь дайрах үед үүсгэгдсэн хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан хэмээн тогтоосон байх тул шүүх хууль зүйн хувьд зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Х нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчиж, зорчих хэсэг дээр аюул саад тулгарсан байхад зогсоох арга хэмжээ аваагүй учир шүүх түүний үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн болно.
Түүнчлэн, тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.41-д заасан үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хөдөлгөөнөө үргэлжлүүлэх ёсгүй буюу 300 метр зайд үзэгдэх орчноо хянаж явах үүрэгтэй тул шүүгдэгч Д.Х-гийн “...хохирогч хоёр гэрлийн тусгалын голын хэсэгт хэвтэж байсан болохоор харагдаагүй бөгөөд гэнэт тулж ирээд харагдсан...” гэсэн мэдүүлэг түүний гэм бурууг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарахгүй.
Явган зорчигч Г.Б нь хөл дээрээ тогтох чадваргүй болтлоо согтсон үедээ замын хөдөлгөөнд оролцож буюу зорчих хэсэг рүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй огтлолцох хөдөлгөөн хийж, улмаар зорчих хэсэг дээр хэвтэж байсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн үндсэн шалтгаан, нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Учир нь, замын хөдөлгөөний дүрмийн үндсэн зарчим бол хөдөлгөөний дараалал тогтоох явдал билээ. Амь хохирогч Г.Б-ын хувьд үзэгдэх хүрээнд буюу 81 метрийн зайд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах оролдлого хийсэн байх бөгөөд түүнд дарааллын хувьд давуу эрх байсангүй. Улмаар тэрээр зам хөндлөн гарах оролдлого хийх үедээ согтуурсны улмаас хөдөлгөөнөө үргэлжлүүлэх тэнхэлгүй зорчих хэсэг дээр хэвтэж байгаад тээврийн хэрэгсэлд дайруулжээ.
Шүүгдэгч Д.Х-гийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь насыг хохироосон байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Д.Х-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид хамаарахгүй боловч мөн зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарч байгаа болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Х-г “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Х нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-т оршуулгын зардалд 8,500,000.00 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 1,000,000.00 төгрөгийг тус тус сайн дурын үндсэн дээр нөхөн төлсөн байх тул шүүх талуудын үл маргах журмаар харилцан тохиролцох иргэний эрх зүйн зарчмыг баримтлан нөхөн төлсөн төлбөрийг хөндөөгүй болно.
Тодруулбал, шүүгдэгч талаас амь хохирогчийн өөрийнх нь илтэд хууль зөрчсөн үйлдлийг харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд зааснаар хариуцах гэм хорын хэмжээг багасгах талаар мэтгэлцэх эрхтэй байсан бөгөөд энэ тохиолдолд шүүх гэм буруутай этгээдийн хариуцвал зохих гэм хорын хэмжээг багасгах эсэх талаар дүгнэлт хийх хуулийн шаардлага үүсэх байсан юм.
Мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сонгон авсан өмгөөлөгчдөө төлсөн өмгөөллийн хөлс нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд үл хамаарах бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулан тооцдоггүй болохыг дурдах нь зүйн хэрэг.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нь амь хохирогчийн ирээдүйд олох байсан орлогыг сарын 1,200,000.0 төгрөгөөр тооцон жилд 14,400,000.0 төгрөг буюу тэтгэвэрт гарах хүртэлх 10 жилээр нийт 158,400,000.0 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх амь хохирогчийн эрхэлж байсан ажил, олж байсан орлого нь тодорхойгүй байх тул хууль ёсны төлөөлөгч Б.Э-ийн нэхэмжилсэн 158,400,000.0 төгрөгийг нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Х-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган үлдээх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг харгалзан үздэг гэдгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тайлбарлан хэлье. Энэ гэмт хэрэг гарахад амь хохирогчийн өөрийнх нь буруутай үйлдэл нөлөөлсөн болох нь тогтоогдсон. Бид шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дүрс бичлэгийг үзсэн. Амь хохирогч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зорчих хэсэг дээр хэвтэж байсныг бид бичлэгээр харсан. Явган зорчигчийн хувьд энэ нь хориглосон үйлдэл юм. Харин ийм аюултай нөхцөл байдлыг жолооч хараад зогсоох арга хэмжээ авах ёстой байсан боловч тоормос гишгээгүй гэдгээрээ буруудаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөнд оролцогч жолооч, явган зорчигчийн аль алиных нь буруутай үйл ажиллагааны улмаас зам тээврийн осол хэрэг гарсан. Улсын яллагчийн зүгээс амь хохирогчийн буруутай үйлдэл нь зам тээврийн осол хэрэг гарах шууд нөлөөлсөн, мөн шүүгдэгч өрх толгойлсон эмэгтэй, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаардаг тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй санал нийлэхгүй байгаа юм...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг гэмт хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэгт багтдаг. Шүүгдэгч холбогдсон хэргийнхээ талаар тодорхой ойлголт авсан байх. Хохирол төлөгдсөн, хүний амь насны хохирлыг оршуулгын зардлаар хэмжих боломжгүй. Амь хохирогч согтолтын зэрэг өндөртэй байсан буруутай үйлдэл байгаа боловч сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй. Сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн боловч шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зөвөөр ойлгох байх. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүх өөрийн эрх хэмжээндээ эрүүгийн хариуцлага оногдуулах байх...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.Бадмаараг: “...Хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Харин шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэхэд татгалзах зүйлгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа боловч бид хоорондоо ярилцаад Х нь бага насны хүүхэдтэй, нэг хүүхэд нь өвчтэй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл байна гэж үзээд бичгээр хүсэлт бичиж өгсөн юм. Тэр бичгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э: “...Улсын яллагчийн 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг хангалтгүй гэж үзэж байна. Би өөрийнхөө хэмжээнд холбогдох зүйл заалтыг судалж үзсэн. Би болон миний ар гэрийнхэн Х-д 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахыг хүсэж байна. Улсын яллагч 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасна гэж байна. Х тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа хүний амь нас хохироосон хүн шүү. Магадгүй гурван жилийн дараа дахиад ингээд зогсож байхыг үгүйсгэхгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Гэм буруугийн талаар маргахгүй, шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ гэмшиж хохирол төлбөрөө төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлын хувьд өрх толгойлсон эх хүн, өөрийн гэсэн орон гэргүй, айлын гэрт амьдарч байгаа, нэг хүүхэд нь 2 сард хагалгаанд орно. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар тэнсэж өгнө үү...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Х нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, 1.4-д заасан “гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн”, 1.6-д заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” болох нь тогтоогдож байх тул эдгээрийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Х зогсоох арга хэмжээ аваагүй шалтгаанаа тайлбарлахдаа “зам дээр гэнэт нэг зүйл харагдсан, би хог байна гэж бодсон” гэх агуулгатай мэдүүлэг өгдөг бөгөөд түүний тоормос гишгээгүй үйлдэл нь гэмт хэргийн үндсэн шинж болсон байдаг. Зорчих хэсэг дээр хүн хэвтэж байгаа нь хүний оюун ухаанд шууд төсөөлөгдөх энгийн зүйл огт биш бөгөөд буруугаар төсөөлөгдөх, андуурагдах эрсдэл маш өндөр байх тул шүүгдэгч Д.Х-гийн мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон.
Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн өрх толгойлж, гурван хүүхдийн хамт амьдардаг хувийн байдлыг нь харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн хүмүүнлэг энэрэнгүй байх зорилтод тулгуурлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Д.Х-д мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, түүний гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгыг хангана хэмээн дүгнэлээ.
Тодруулбал, амь хохирогч Г.Б нь зорчих хэсэг дээр согтуу хэвтэж байсан нь гэмт гарах ноцтой шалтгаан болсон учраас шүүгдэгч Д.Х-д хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ авах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болохыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тайлбарлан хэлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Х-д тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт үндсэн ял оногдуулахыг тогтоолоор сануулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсэн болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 9,500,000.0 төгрөгийг сайн дурын үндсэн дээр төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн Д.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Шүүгдэгч Д.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт үндсэн ял оногдуулахыг сануулсугай.
4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-ээс амь хохирогчийн ирээдүйд олох байсан орлого гэх 158,400,000.0 төгрөгийн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлд хамаарахгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Х нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 9,500,000.0 төгрөгийг сайн дурын үндсэн дээр төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Х-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Х-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА