Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 00377

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэр 1 дүгээр гудамжны 09 тоотод оршин суух, РР64102161 дугаар регистртэй, эмэгтэй, Харуул овогт Бигэрийн Одонтунгалагийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 155/2017/00255/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргал нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1978 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн архивч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 34 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, РЛ78020802 дугаар регистртэй, Онход овогт Галбадрахын Баяржаргал шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Одонтунгалаг нь манай аавын хамаатан юм. Улаанбаатар хотоос ирэх боломжгүй учир итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Тэрээр 1964 онд эцэг А.Бигэр, эх Ж.Дарьсүрэн нарын охин болон төрсөн бөгөөд 1980 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар анги төгссөн. Тэгээд тус сумын “Цог” нэгдлийн 2-р бригадад эхийн хамт үнээ сааж эхэлсэн ба 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байгаад, “Цог” нэгдлийн халуун усанд 1984 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажилчин, “Цог” нэгдлийн талхны газарт 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл талхчнаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа хүүхэд төрүүлж байсан. Түүний эцгийн нэрийг Агвааны Бигэр, эхийг Жамъяангийн Дарьсүрэн гэдэг. Сургуулиа төгсөөд 16 настайдаа ээжийгээ даган анх саальчин болсон учраас эх Дарьсүрэнгийн нэр дээр цалин бөөнөөр бичигдэж, мөн Дарьсүрэнгийн Одонтунгалаг, Одонтунгаа гэсэн нэрээр цалин хөлс олгож бичигдсэн байдаг. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр алга болсон, одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан жил тооцогдохгүй болоод байна. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын архив 1976, 1983, 1997 онуудад тус тус шатаж, шатаагүй үлдсэн цөөхөн хэдэн баримтаас шүүж үзэхэд 1981 оны хэдхэн баримтыг олсон болно.

Иймд Б.Одонтунгалагийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цог” нэгдэлд 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар, “Цог” нэгдлийн халуун усанд 1984 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчин, “Цог” нэгдлийн талхны газарт 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд талхчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Одонтунгалаг нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Одонтунгалаг “Дарьсүрэнгийн Одонтунгалаг, Б.Одонтунгаа” нэрээр ажиллаж амьдарч байсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “рр64102161, эцгийн овог нэр: Агваан Бигэр, эхийн овог нэр: Жамъян Дарьсүрэн нарын гэр бүлд 1964/10/21-нд төрөхөд төрүүлсэн Бигэрийн Одонтунгалагийг 1964/11/25-нд Хөвсгөл аймаг Цагаан-Үүр сум дүүргийн 64-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэх бичилттэй төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Бигэрийн Одонтунгалаг /рр64102161/ нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын 1964 оны төрсний бүртгэлд Бигэрийн Одонтунгалаг овог нэрээр бүртгэгдсэн байх ба Дарьсүрэнгийн Одонтунгалаг, Одонтунгаа гэсэн бүртгэлгүй болно” гэх бичилттэй 1/323 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “Тус сумын Үүр багийн уугуул иргэн Бигэрийн Одонтунгалагийн /рр64102161/ ажиллаж байсныг гэрчлэх бичиг баримтад тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудын хариуцлагагүй үйлдлийн улмаас Дарьсүрэнгийн Одонтунгалаг /төрсөн эхийн нэрээр овоглох/, мөн Дарьсүрэнгийн Одонтунгаа гэхчилэн хэллэгээр ташаарсныг иргэний үнэмлэх дээр бичигдсэн Бигэр овогтой Одонтунгалаг гэсэн нэрээр ойлгоно уу” гэх бичилттэй 03/11 дугаартай тодорхойлолт, гэрч Т.Төрмөнхийн “...Жинхэнэ нэр нь Дарьсүрэнгийн Одонтунгалаг гэдэг юм. Ээжээрээ овоглодог байсан юм. Хүмүүс л Одонтунгаа гэж дууддаг байхгүй юу. Дуудлагаар нь тэгж бичсэн байх... гэрийнхэн дотор нь Одонтунгаа нэртэй хүн байхгүй. Нэгдэлд ч Одонтунгаа нэртэй хүн байгаагүй... ийм ижил нэртэй хүн байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Даянжалбын  “...Дарьсүрэнгийн Одонтунгалаг гэдэг юм. Нийтийн дуудлагаар хэлэхэд амар байсан юм байлгүй, Одонтунгаа л гэж дууддаг. Тэр нэрээр нь бүртгээд биччихгүй юу. Гэрийнхэн дотор нь болоод хамт ажиллаж байсан нэгдлийн хүмүүс дотор яг Одонтунгаа нэртэй хүн байгаагүй. Одон гэсэн нэр ховор л доо...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Иймд “Дарьсүрэнгийн Одонтунгалаг” нэрээр гарсан Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цог” нэгдлийн даргын 1984 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” №59 дугаартай, 1987 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Нярай хүүхэдтэй эхэд чөлөө олгох тухай” №41 дугаартай, 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Ажлаас  чөлөөлөх  ба ажилд томилох тухай” 26 дугаартай, 1988 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” №47 дугаартай, 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” №7 дугаартай тушаалуудын хуулбарууд, “Д.Одонтунгаа” нэрээр бичигдсэн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар дансны хуулбаруудыг нотлох баримтад үнэлсэн болно.

Нэхэмжлэгч Б.Одонтунгалаг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цог” нэгдэлд 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд саальчин, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цог” нэгдлийн халуун усанд 1984 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчин, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цог” нэгдлийн талхны газарт 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд талхчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Одонтунгалагийн 1981 оны 6 дугаар сараас 8 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цог” нэгдлийн даргын 1984 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “...2. Нэгдлийн халуун усны ажилчнаар Дарьсүрэн овогтой Одонтунгааг 1984 оны 10-р сарын 04-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай...” гэх бичилттэй “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” №59 дугаартай тушаалын хуулбар, 1987 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “1...халуун усны ажилчин Дарьсүрэн овогтой Одонтунгалагийн өргөдлийг харгалзаад хүүхдээ 6 сартай болтол асрах чөлөөг 1987 оны 5 сарын 08-наас 1987 оны 9 сарын 18-ныг дуустал чөлөө олгосугай...” гэх бичилттэй “Нярай хүүхэдтэй эхэд чөлөө олгох тухай” 41 дугаартай тушаалын хуулбар, 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “1. Халуун усны ажилчин Д.Одонтунгалагийг 1988 оны 4 сарын 20-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн талхны газар талхчнаар ажиллуулсугай...” гэх бичилттэй “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” №26 дугаартай тушаалын хуулбар, 1988 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “...3.  Нэгдлийн талхны ажилчин Дарьсүрэн овогтой Одонтунгалаг жирэмсний амралтаа авсан тул 1988 оны 7-р сарын 16-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...” гэх бичилттэй “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” №47 дугаартай тушаалын хуулбар, 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “...2. Нэгдлийн талхны ажилчнаар Дарьсүрэн овогтой Одонтунгалагийг 1989 оны 5 сарын 01-нээс эхлэн ажиллуулсугай...” гэх бичилттэй “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” №7 дугаартай тушаалын хуулбар, 1982 онд “нэгдлийн бригадуудын дундах урлагийн тэмцээн”-д авахуулсан гэрэл зураг, 1983 оны 4 сард “Залуучуудын чуулга уулзалтад оролцох 2-р бригадын малчид”-ын хамт авахуулсан гэрэл зураг, гэрч Т.Төрмөнхийн “...Б.Одонтунгалаг Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цог” нэгдэлд 1980 оны 07 сараас 1984 оны 10 сар хүртэл хугацаанд үхэрчин, саальчнаар ажиллаж байсан. Тэгээд 1984 оны 10 сардаа сумын төвд орж нэгдлийн халуун усны газар болон талхны цехэд ажилтнаар ажиллаж байсан. 1990 он хүртэл ажилласан юм… 1980-1984 онд саальчин, 1984 оноос 1990 он хүртэл хугацаанд сумын төвд нэгдлийн туслах үйлдвэрийн халуун ус болон талхны цехэд ажилтнаар ажилладаг байсан юм... Цагаан-Үүр сумын контор олон удаа шатсан, түүнээс болоод цалингийн баримт тушаал юм гарч ирэх юм байдаггүй юм билээ. Бие биенээ гэрчилж л гэрчийн мэдүүлэг өгдөг. Зарим галаас үлдсэн баримтууд бас ховор байдаг... Би  Цагаан-Үүр сумын “Цог” нэгдэлд  1972 оноос туслах ажилтнаар ажиллаж байгаад, 1981 оноос 1990 он хүртэл хугацаанд жолоочоор ажиллаж байсан. ...Бид нэгдэлд хамт л ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Даянжалбын  “...Б.Одонтунгалаг 1980 оны 07 сараас 1984 оны 10 сар хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цог” нэгдэлд үхэрчин, саальчнаар ажиллаж байгаад, 1984 оны 10 сараас 1990 он хүртэл хугацаанд  сумын төвд нэгдлийн халуун усны газарт ажилтан,  талхны цехэд ажилтнаар тус тус ажиллаж байсан... Тасралтгүй ажиллаж байсан... “Цог” нэгдлийн архив шатсан, түүгээр устаж үрэгдсэн гэдэг. Хамгийн сүүлд сумын контор 1997 онд мөн шатсан байсан. Манай сумын хүмүүс тэгээд баримт материалгүй л болсон юм билээ... Би  Цагаан-Үүр сумын “Цог” нэгдэлд  1960 оноос жолоочоор 1990 он хүртэл ажилласан. Нэгдлийн тээврийн тэрэг барьдаг байлаа. Нэгдэлд тарахад УАЗ-469 машинтай байсан…” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээр хугацаанд ажиллаж байсан байдлыги тогтоох үндэслэлтэй байна.  

Б.Одонтунгалагийн ажиллаж байсан үеийн баримт материал шатаж устсан болох нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн “Манай сумын захиргаа, нэгдлийн контор 1976, 1983, 1997 онуудад шатаж архивт болон холбогдох албан тушаалтан хүмүүст хадгалагдаж байсан тус сумын иргэн Бигэрийн Одонтунгалагийн /рр64102161/ бичиг баримтууд шатсан тул цалингийн тодорхойлолтыг гаргаж өгөх боломжгүй” гэх бичилттэй 03/10 дугаартай тодорхойлолт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн “Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Засаг даргын тамгын газрын контор нь 1997 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр шатаж төрийн өмчид 1737205 төгрөгийн хохиролтой гал түймрийн хэргийг шалган эрүүгийн хэрэг үүсгэж прокурорт шилжүүлсэн нь үнэн” гэх бичилттэй №04 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Булган багийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн “Манай сумын малчны хөдөлмөрийн хөлсний 70 дугаар данс, нэгдлийн ажилчдын цалингийн цэс 1982 оноос хойшхи байхгүй тул Бигэрийн Одонтунгалагт холбогдох цалингийн тодорхойлолтыг гаргаж өгөх боломжгүй” гэх бичилттэй 03/16 дугаартай тодорхойлолт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харуул овогт Бигэрийн Одонтунгалагийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цог” нэгдэлд 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд саальчин, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цог” нэгдлийн халуун усанд 1984 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчин, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Цог” нэгдлийн талхны газарт 1988 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд талхчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА