Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/12

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа,

Нарийн бичгийн дарга: А.Батцог, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн шүүгдэгч ******** овогт ******** ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2127000000002 дугаартай, 146/2021/0009/Э индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******** овогт ******** ******** /РД: ********/ гэв.

                                       Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******** овогт ******** ******** нь 2019 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутаг Өвтийн мухар хуст гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 0.125 шоо метр нойтон шинэс мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклоор тээвэрлэн, 250 ширхэг гэрийн хана хийж 2020 оны 06 дугаар сард гэрч ******** гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдаж байгаль орчинд 206703 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******** шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2019 оны 09 дүгээр сард өөрийнхөө гэрийн ханийг сэлбэх гэж 5 ханатай гэрийн хананы мод бэлтгэсэн байсан. 2020 оны 06 дугаар сард хадам ах ******** гэрийг зусланд нь барьж өгөхөд гэрийнх нь хана муудсан байсан. Би өөрийнхөө гэрийн ханыг сэлбэх гэж байсан ханын модыг хадам ах ******** эхнэрт тодорхой үнээр зарчихсан гэв.

Иргэний нэхэмжлэгч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...******** гэдэг хүн надаас мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй. Тухайн хүний үйлдэл гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн нь байгаль орчинд учруулсан хохиролоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь байгаль орчны улсын байцаагчийн актанд тусгагдсан мөнгөн торгуулийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/,

Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би одоо Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд гэр бүлийн хүний хамтаар амьдарч байна. 2020 оны 06 дугаар сард манай бэр ******** сумын цагдаад шалгагдсан юм байна лээ энэ явдлыг би эхэндээ мэдээгүй байж байгаад сүүлд мэдсэн юм. Би тэгээд ********аас ямар учиртай цагдаа дээр шалгагдаж байгаа юм гэсэн чинь би мотоцикльтой хүнээс хананы мод худалдаж аваад тэгээд цагдаад шалгагдаж байгаа гэж хэлсэн. ...******** нь ямар нэгэн мод хийгээгүй юм байна лээ харин манай хүргэн ******** хийсэн модыг худалдаж авсан юм байна лээ. Тэгээд би ******** шүүх хурал дээрээ үнэн учир байдлаа хэл наад хэргээ үнэн зөвөөр шийдүүл гэж хэлсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар хуудас/,

Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2020 оны 06 дугаар сарын эхээр манай нөхөр ******** дүү болох ******** нөхөр ******** гэх хүнээс монгол гэрийн цуулбар 5 хананы бэлдэц худалдаж авсан юм. Тухайн модоо өөрийн төрсөн эгч болох ******** хашаанд буулгуулсан юм. Тухайн үед ******** хашаанд ******** охин болох ******** байсан. ******** цэнхэр өнгийн Хятад мотоцикльтой ирж эгчийн хашаанд бууулгаж өгсөн. 50000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд бага гэрт нь худалдаж авсан модоо хураасан. Тухайн үед ******** бид хоёр байсан. ...******** надад ямар нэгэн бичиг худалдаж авсан хананы модонд дагуулж өгөөгүй. Зөвшөөрөлтэй зөвшөөрөлгүй байсан эсэхийг мэдэхгүй гэхдээ өөрийн гэрийнхээ ханыг солих гээд л худалдаж авсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 73-74, 79 дүгээр хуудас/,

Өвөрхангай аймгийн Сум дундын Ойн ангийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаартай ...1.Тус мод нь нойтон шинэс модны төрөлд орно. 2. ******** бэлтгэсэн мод нь цуулбар хананы бэлдэц байна. З.Экологи эдийн засгийн нийт үнэлгээ нь 206703 төгрөг болж байна... гэсэн дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

Шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-37, 56-57 дугаар хуудас/,

Шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан сүх, татуургыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 49, 54-58 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар хуудас/,

зэрэг болно.

Шүүгдэгч ******** Прокурорын газраас 2019 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутаг Өвтийн мухар хуст гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 0.125 шоо метр нойтон шинэс мод бэлтгэж, өөрийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклоор тээвэрлэн, 250 ширхэг гэрийн хана хийж 2020 оны 06 дугаар сард гэрч ******** гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдаж байгаль орчинд 206703 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч ******** нь 2019 оны 09 дүгээр сард зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь хэрэгт авагдсан гэрч ********, ******** нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ******** мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн ...ойд мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй гэх мэдүүлгээр тогтоогдож байна.  

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа хэдий ч зөвшөөрөлгүй бэлтгэсэн модоо мотоциклиор тээвэрлэж ******** худалдсан үйлдэл нь 2020 оны 6 сард байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Учир нь 2020 оны 06 дугаар сард ойд зөвшөөрөлгүй бэлтгэсэн модоо өөрийн мотоциклиор тээвэрлэж ******** худалдсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч ******** мэдүүлэг, ******** мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ******** мэдүүлэг, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ******** 2020 оны 06 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багийн нутаг Өвтийн мухар хуст гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модоо өөрийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклиор тээвэрлэн, 2020 оны 06 дугаар сард ******** гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.    

Шүүгдэгч нь нойтон шинэс мод ойгоос бэлтгэж байгаль орчинд  206703 төгрөгийн хохирол учруулсан нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 48 дугаартай ойн байцаагчийн актаар тогтоогдож байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчинд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр ногдуулах хуулийн зохицуулалттай тул 620109 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулахаар шийдвэрлэсэн улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь нөхөн төлбөр 620109 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар мэдүүлсэн ********, ******** нарын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Бат-Өлзий сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд шүүгдэгчид торгох ял оногдуулбал төлөх чадвартай гэж дүгнэлт гаргасан зэргийг харгалзан шүүгдэгчийг торгох ялаар шийтгэв.               

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн эзэмшлийн даюун маркийн 700000 /долоон зуун мянга/ төгрөгийн үнэлгээтэй мотоциклийг хурааж, худалдан борлуулж төлөгдөөгүй нөхөн төлбөрийг төлүүлж илүүг улсын орлогод оруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн татуурга нэг ширхэг, сүх нэг ширхэгийг устгах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******** овогт ******** ******** гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овогт ******** ******** 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун  мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчинд учруулсан нөхөн төлбөр 620,109 төгрөгийг шүүгдэгч ******** гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай

            5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг  баримтлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн эзэмшлийн даюун маркийн 700000 /долоон зуун мянга/ төгрөгийн үнэлгээтэй мотоциклийг хурааж, худалдан борлуулж төлөгдөөгүй нөхөн төлбөрийг төлүүлж илүүг улсын орлогод оруулсугай.

6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн татуурга нэг ширхэг, сүх нэг ширхэгийг устгасугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                                                                              

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА