Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 193

 


2017 оны 03 сарын 29 өдөр     Дугаар 156/ШШ2017/00193    Хэнтий аймаг

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                     Хэргийн индекс:156/2016/00558/И

     Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж тус шүүхийн “А”” танхимд хийсэн шүүх хуралдаанаар: Н.Одмаагийн нэхэмжлэлтэй, “хариуцагч Б.Онончимэгийг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Одмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

          Нэхэмжлэгч Н.Одмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:..Би хариуцагч Б.Онончимэгт 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 8 хувийн хүүтэйгээр 1 000 000 төгрөгийг, 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 500 000 төгрөгийг тус тус зээлүүлсэн. Хүүнд 160 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдсэн мөнгийг өнөөг хүртэл төлөхгүй байгаа тул 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр зээлүүлсэн 1 000 000 төгрөг, түүний хүү 320 000 төгрөг, алданги 500 000 төгрөг, мөн 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зээлүүлсэн 500 000 төгрөг, түүний хүү 120 000 төгрөг, алданги 250 000 төгрөг бүгд 2 690 000 төгрөгийг Б.Онончимэгээс гаргуулж өгнө үү гэжээ.(хх-ийн 1 тал)    

Нэхэмжлэгч Н.Одмаа нь шүүхэд гаргасан тайлбартаа:..Би хариуцагч Б.Онончимэгээс зээл, зээлийн хүүгийн 2 690 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Б.Онончимэг нь дурдсан хаягтаа оршин суудаггүй болох нь Хэнтий аймгийн Хурх тосгоны захирагч Г.Нацагдоржийн тодорхойлолтоор тогтоогдож байна. 
Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Б.Онончимэгийг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулахыг хүсч байна гэв.(хх-ийн 20 тал)   

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:
Иргэн Н.Одмаа нь хариуцагч Б.Онончимэгээс зээл, зээлийн хүүгийн 2 690 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан
 нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Б.Онончимэгийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хэргийн үйл баримтаас үзэхэд Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн Б.Онончимэг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож оршин суугаа газраа өөрчилсөн, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, (хх-ийн 20 тал) шүүхийн мэдэгдэх хуудас,(хх-ийн 14-18 тал) Хэнтий аймгийн Хурх тосгоны захирагч Г.Нацагдоржийн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт (хх-ийн 19 тал) зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн  хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                 

ТОГТООХ НЬ:
 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг, Гурванбаянд оршин суудаг бүртгэлтэй, СВ-81081907 регистрийн дугаартай, Мудар овогт Батдаваагийн Онончимэгийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128 500 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж илүү төлсөн 58 000 төгрөгийг буцаан олгосугай.
            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Мудар овогт Батдаваагийн Онончимэгийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хэнтий аймгийн цагдаагийн газарт  даалгасугай.
4. Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Онончимэгийн иргэний үнэмлэхийн хуулбарыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах З.Отгонбаярт даалгасугай.
 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ЦЭРЭНДУЛАМ