| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2021/0008/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/10 |
| Огноо | 2021-01-04 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 21.2.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч М.Сайнзаяа, хохирогч Г.Ш , түүний өмгөөлөгч Х.Оюунбат, шүүгдэгч Б.Ц , түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн, шүүгдэгч Б.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.И нарт холбогдох 163/2021/0008/Э индекстэй, эрүүгийн 2015000000154 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 28-нд Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт амьдрах, Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багт суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй,
Т овогт Б.Ц,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 8 дугаар сарын 21-нд Булган аймгийн Булган суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, график дизайнч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, Булган аймгийн ... гэх газарт оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Б.И,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Булган аймгийн... ийн нутаг дэвсгэрт байх иргэн П.Л ын гэрт унтаж байсан Булган аймгийн Гурванбулаг сумын иргэн Г.Ш ын хэвлийн тус газарт өшиглөж, зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.И нь Б.Ц т холбогдох 2020 оны 06 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Булган аймгийн... ийн нутаг дэвсгэрт байх иргэн П.Л ын гэрт унтаж байсан Булган аймгийн Гурванбулаг сумын иргэн Г.Ш ын хэвлийн тус газарт өшиглөж, зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гэрчээр, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Г.Ш тай нүүрэлдэж мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.И гийн өгсөн: Мөрдөгч надаас хамгийн эхлээд Г.Ш ыг Б.Ц зодлоо гээд надаас мэдүүлэг авсан. Тухайн үед Л надаас эхлээд мэдүүлгээ өгсөн. Тэгээд мэдүүлгээ өгчихөөд над руу чат бичихдээ хоёулаа үгээ нийлүүлэе хүрээд ир гээд намайг дуудсан. Тэгээд одоо надад тэр үгээ би танай ээжтэй чинь таарсан. Тэгээд ээжид чинь хэлэх үгээ нийлүүлэе гэж хэлсэн гэж надад хэлсэн. Анхны мэдүүлгээ би тэгж худлаа хэлсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц ын өгсөн: Мэдүүлэг өгнө. 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Булган аймагт байж байгаад И тай уулзахаар очсон. Б.И , Г.Ш , С , Л нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байж байсан. Тэгээд орой 11 цагийн үед Б.И тай байшингийн гадна уулзаад байшин руу орсон. Ороход Г.Ш унтаж байсан. Г.Ш газар, орон дээр хүүхэдтэй хүн унтаж байсан. Тэгээд энэ хэн юм гээд Б.И гаас асуухад Б.И надад Г.Ш гэж хэлсэн. Г.Ш цээж нүцгэн унтаж байсан. Өмд нь уранхай жинс байсан. Тэгээд энэ хэзээ унтсан юм гэхэд дөнгөж сая тасраад унтчихсан гэж надад хэлсэн. Тэгээд Г.Ш ын нуруу хэсэг рүү өшиглөөд Г.Ш аа босоорой гэж хэлсэн. Тэр хугацаанд гаднаас С орж ирсэн. Тэгээд би буцаад гартал удалгүй Б.И над руу залгаснаа Ш үхэх гээд байна түргэн дууд гэж хэлсэн. Тэгээд буцаад очтол Ш машин дотор орчихсон байсан. Тэгээд жоохон байж байгаад түргэн дууд гэж хэлсэн. Тэгээд би хөдөө явчихсан. Тэгээд надаас хойш түргнэ цагдаа ирсэн гэж байсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ш ын өгсөн: 2020 оны 6 дугаар сарын 26ны өдөр Л ын гэрт очоод байж байхад Ц намайг 2,3 удаа өшиглөсөн. Тэгээд амьсгаа давчдаад хөдөлж чадахгүй байсан. Тэгээд Ц , И хоёр миний урд зогсож байсан. Гаднаас С орж ирсэн. Тэгээд Ц , И нар гараад явсан. Би үхлээ гээд орилж байхад Л Ц руу утсаар яриад энэ хүн чинь үхлээшдээ хүрч ирж эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Тэгээд би удалгүй машинд ороод суусан. Л машинаа асаагаад эмнэлэг орох гэтэл И , Ц хоёр хүрч ирээд байж бай, гайгүй байлгүй дээ гэж хэлээд Л С хоёрыг гэр рүү авч орсон. Би хэсэг хугацаанд машинд сууж байхад С , Ц нар гарч ирээд түргэн дуудчихлаа гээд намайг түшээд гэр рүү оруулсан. Тэгээд 2 эмч мөн цагдаа ирсэн. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын эмнэлэгт хүргэгдээд эмнэлэгээс нааш Булган аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүрч ирээд хагалгаанд орсон. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хагалгаанд орсноос хойш хааяа нэг хатгаж л өвддөг. Өөр зовиур байхгүй гэв.
2015000000154 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Г.Ш ын өгсөн: “...би 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Гурванбулаг сумаас Хишиг-Өндөр сум руу найз охин Л дээр очихоор найз С ийн хамт өөрийн эзэмшлийн **-** БУА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Л түүний хүүхэд бид гурав урд талын орон дээр унтаж байхад багтахгүй байхаар нь би орны урд газар унтсан. Байшингийн хаалга онгойхоор нь би сэрээд хартал И , Ц хоёр байшин дотор орж ирж байсан. Би буцаад унтсан нэг мэдсэн чинь гэдэс тасарцан юм шиг өвдөөд байхаар нь би миний гэдэс тасарчихлаа түргэн дуудаа гэж хэлсэн чинь Л түргэн дуудах гэсэн чинь Ц Л ын гар утсыг булааж аваад түргэн дуудуулахгүй байсан. Ц , И хоёр яваад өгсөн би бөөлжих гээд байхаар нь ус уучихаад гадаа гарч бөөлжөөд би газар унахад Л , Одноо хоёр намайг хоёр талаас өргөж байшин руу оруулсан. Миний гэдэс маш хүчтэй өвдөж байсан. Л И руу залгаад Ц та хоёр хүрч ирж Ш г үзүүл энэ хүн чинь үхлээ зүв зүгээр байсан хүнийг хүрч ирж зодчихоод би цагдаа, шүүхэд хэлнэ гээд утсаар яриад байсан. Л эмнэлэгт дуудлага өгсөн. Хишиг-Өндөр сумын түргэний эмч ирээд миний биеийг үзээд цагдаа дуудаад эмнэлэг рүү авч явсан... би гомдолтой байна. Эмчилгээнд зарцуулсан мөнгийг нэхэмжилнэ”,
...анх өгсөн мэдүүлэгтээ Ц намайг зодсон талаараа хэлэлгүй орхигдуулсан байна. Дараа нь Хишиг-Өндөр сумын хэсгийн төлөөлөгч Өлзийдалай аймгийн цагдаагийн газарт надаас мэдүүлэг авсан. Тэгэхэд би Ц намайг яаж зодсон талаар хэлсэн юм. Б.Ц эхлээд миний гэдэс хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн яг аль хөлөөрөө өшиглөснийг нь хараагүй тэгэхэд би гэдсээ бариад эвхрэлдээд толгойгоо орон доогуур хийсэн. Тэгэхэд цамцнаас татаж толгойг минь орны доороос гаргаж ирээд баруун хөлөөрөө толгойны орой хэсэгт хоёр удаа өшиглөсөн. Дараа нь зүүн нүд, хамар орчимд нэг удаа өшиглөсөн яг аль хөлөөрөө өшиглөснийг хараагүй. Б.И , Б.Ц ыг болиоч гэж хэлэхэд Ц миний урд зогсож байхад Б.С гаднаас орж ирээд зуухны хажууд зогсож байсан..., намайг Ц аас өөр хүн зодож цохиогүй...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 36-37, 114-115 дугаар хуудас/,
Гэрч Ц.Б ийн өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 26-ны орой шөнийн 03 цаг 30 минутын үед... ийн нутаг 2 дугаар хороонд “гэртээ унтаж байтал хүн орж ирээд зодсон” гэх дуудлагаар очиход Г.Ш гэх залуу байсан ба 21 настай эрэгтэй Гурванбулаг сумын харьяат иргэн байх ба уг иргэний биед үзлэг хийхэд зүүн талын нүдний доод хэсэг /зовхи/ шалбарсан, баруун талын хэвлийн хэсэгт бага хэмжээний хөхрөлт илэрсэн, биеийн цээжний хэсэгт бага зэрэг шалбарсан байхаар нь өөрийн гар утсаар 2 кадр зураг дарж баталгаажуулж авсан. Уг хүний хэвлийн тус газарт нь дарж үзэхэд өвдөлт ихтэй байсан. Ш нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны шөнийн 23- 24 цагийн орчим зодуулсан гэж надад хэлсэн ба дуудлага дуудахгүй байж байгаад 03 цаг 30 минутын үед эмнэлэгт дуудлага өгсөн юм. Уг хүний хэвлийн тус газарт дарж үзэхэд өвдөлт /эмзэглэл/ ихтэй байсан ба уг гэмтэл шинэ гэмтэл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
Гэрч П.Л ын өгсөн: “...2020 оны 6 сарын 26-ны орой 00 цагийн үед ... ийн нутагт байрлах манай гэрт Гурванбулаг сумын иргэн Ш нь унтаж байтал гаднаас Ц гэх зүс мэдэх залуу гэр лүү орж Ш г орноос татаж унагаагаад дээрээс нэлээд хэд дэвсэлж байгаад Ш гийн малгайтай цамцнаас нь чирээд гэрээс гаргаад..., гэрийн гадаа гараад цохиод байх шиг байсан ба би машин руу өргөж оруулахад нүүрнээс цус гарсан нүүр нь зурагдсан байдалтай байсан”,
...Ц шууд Ш ыг орноос татаж газар буулгаад 2-3 удаа өшиглөсөн яг хаана нь өшиглөснийг нь хараагүй,
... Ц манайд орж ирээд Ш ыг зодоход И , С , О , С нар байсан. Ц Ш ыг зодчихоод гараад явсан буцаж орж ирээд Ш , С хоёрыг энд юу хийж байгаа юм гээд загнаад С ийг зодох гээд дайрахад С нь Ц ыг боль агаа гээд хориод манайхаас аваад гарсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 44, 125-127 дугаар хуудас/,
Гэрч Т.О ийн өгсөн: “...Хишиг-Өндөр сумын түргэний тэрэг Булган аймгийн нэгдсэн эмнэлэг дээр 07 цагт ирсэн. Миний дүү Ш “ёооё ёооё” гээд гэдсээ дараад эвхэрээд хэвтээд байсан. Эмч нар Ш ын биеийг үзээд рентген, эход харуулаад яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гээд 09 цаг 30 минутанд хагалгаанд ороод 12 цагт хагалгаа дууссан. Зүүн талын гуяны дотор хэсэг нь хөхөрсөн, гэдэсний баруун тал нь хөхөрсөн байсан, баруун нүдний доод зовхи хэсэгт нь цус гарсан байдалтай байсан, хамраас нь цус гарсан байсан, өмд цамц нь урагдсан байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 49 дүгээр хуудас/,
Гэрч М.Б ий өгсөн: “...нарийн гэдсийг хөвөрдөн хөөх аргаар шалгаж байтал бүдүүн гэдэснээс нарийн гэдэс рүү 40-50 см орчимд 2.5 см урагдаж язарсан байсан тухайн орчмынх нь хөндийд эрхтнүүд хүчилд түлэгдэж улайж зарим хэсгээр нялайдсан байсан. Тухайн шархыг оёж 5 см газар хөвөрдөж оёсон, хэвлийг 5 л усаар угааж эдээ будааг цэвэрлэж хоёр талд нь хяналтын гуурс тавьж хагалгааг 12 цагт дуусгасан. М Ц гэх хүнд зодуулсан гэж хэлсэн. Уг хүчил нь гаднаас өшиглөх, цохих үед нарийн гэдэс язарч урагдсан үед хүчил хэвлийд гадагшилж ойролцоох эрхтнүүдийг түлсэн байсан. Уг хүчил нь урьд өмнө үүсэх боломжгүй. Мохоо зүйлийн хүчтэй үйлчлэлээр цохих, өшиглөх явцад үүснэ...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 52-53, 131 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч З.О ийн өгсөн: “...гаднаас орж ирсэн хөх өнгийн дээлтэй залуу нь Ш ыг унтаж байсан орноос нь баруун талын гараас нь татаж газар шалан дээр буулгаад цээж, гэдэс, нүүр хэсгүүд рүү нь 6-7 удаа өшиглөсөн. И бид 2 Ш ыг зодож байгаа хөх дээлтэй залууг болиулах гээд хориглоход дийлээгүй, С болон хөх дээлтэй залуутай хамт орж ирсэн бор өнгийн дээлтэй залуу хоёр хараад зогсож байсан. Би бор дээлтэй залууд хандан хүн зодоод байхад энийгээ аваач гэж хэлэхэд Бор дээлтэй залуу нь байшингийн довжоон дээр зогсчихоод “лай лай дараа нь надаа лай болно” гэж хэлсэн. Ш ын хамраас нь цус гарсан, зүүн талынх нь нүд нь цус болсон гэмээр улайсан байсан. Ш нь хоёр хөлөө цээжиндээ наагаад эвхэрч хэвтээд түргэн дуудаад өгөөч гэж орилоод байсан. Л эгч босоод И руу залгаад энэ зодсон хүн чинь үхлээ хүрээд ир гэж ярьсан чинь И , нөгөө хөх дээлтэй залуу хоёр хүрээд ирсэн. Хөх дээлтэй залууг нь Ц гэсэн...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 133-135 дугаар хуудас/,
Гэрч И.Г.өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 27-ны орой эхнэр бид хоёрыг Ш тай орж уулзаж болно гэхээр нь сэхээн амьдруулах тасагт орж уулзахад хүү, эхнэр бид хоёрт хандаж Ц намайг зодож гэмтээлээ, зүгээр байхад шалтгаангүйгээр яагаад зодчихвоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн
149 дүгээр хуудас/,
Гэрч Г.У гийн өгсөн: “...хүүг маань хагалгаанд орсны дараа би нөхөртэйгөө хамт сэхээн амьдруулах тасагт орж хүүтэйгээ уулзахад Ц намайг зүгээр байхад зодчихлоо гэж хэлж байсан"...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 151 дүгээр хуудас/,
Гэрч Г.Ж ы өгсөн: “...манай сумын эмч Б миний ******** дугаар луу 02 цагийн үед залгаад... 2 дугаар хороонд Л гэх айлд хүн зодуулсан байдалтай дуудлага ирлээ би дуудлага дээр ирсэн байна гэж ярихаар нь би уг хаягаар очиход байшин дотор Г.Ш гэх хүн элгээ тэврээд газар эвхрээд “ёооё” гэж дуугараад хэвтэж байсан. Би юу болсон талаар тэнд байсан хүмүүсээс асуухад Л , С гэх хүмүүс нь Ц зодчихоод зугатаасан гэж хэлсэн. Ц нь байшинд орж ирээд Ш ын цээж, гэдэс хэсэг рүү нь өшиглөсөн гэж ярьсан. Таныг дуудах гэхэд И миний гар утсыг булааж авчихаад Ц цагдаа дээр асуудалтай байгаа битгий цагдаа дуудаарай гэж хэлсэн гэж надад Л хэлсэн...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 153-154 дүгээр хуудас/,
Гэрч Т.У ийн өгсөн: “...Б.С найзтайгаа хамт явж байхад манай найзыг Ц зодсон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 155-156 дугаар хуудас/,
Гэрч М.О ийн өгсөн: “...би сумын хүмүүсээс Ц нь хүн цохиод цагдаа дээр шалгагдаж байна гэж сонсоод юу болоод байгаа талаар И гаас асуусан чинь И нь надад хэлэхдээ Ц нь хүн өшиглөж байгааг нь би харчихсан юм, намайг аймаг руу гэрчээр дуудаад байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 158-159 дүгээр хуудас/,
Шинжээч Ч.Буянзаяагийн өгсөн: “...дээрх гэмтэл нь тэр даруйдаа хэвлийгээр хатгаж өвдөх, хэсэг хугацааны дараа өвдөлт нэмэгдэх, халуурах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 151 дүгээр хуудас/,
Яллагдагчаар Б.И мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хамгийн анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө Л эгч үгээ нийлүүлэе гэж хэлэхээр нь би Ц нь Ш ыг зодсон гэж худал мэдүүлэг өгсөн нь үнэн, гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө Ц нь Ш ыг зодоогүй талаар мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 204-205 дугаар хуудас/,
Яллагдагчаар Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...яллагдагчаар татсан прокурорын тогтоол дээр дурьдагдсанаар бол С , Л , Ш , И нар бүгд худал мэдүүлэг өгсөн байна хоорондоо үгээ нэгтгэж мэдүүлэг өгсөн байна. Г.Ш ын биед учирсан гэмтлийг би учруулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 01-ний 188 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Г.Ш ын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндий дэх сул хуралдалт, цээжний баруун хэсэгт цус хуралт, нүүрэнд зулгаралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтлүүд ба тухайн хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндий дэх сул хуралдалт нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Цээжний баруун хэсэгт цус хуралт, нүүрэнд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх дүгнэлт, / 1-р хх-ийн 6163 дугаар хуудас/,
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл / 1-р хх-ийн 2 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа / 1-р хх-ийн 189 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 1-р хх-ийн 66, 187 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Булган аймгийн... ийн нутаг дэвсгэрт байх иргэн П.Л ын гэрт унтаж байсан Булган аймгийн Гурванбулаг сумын иргэн Г.Ш ын хэвлийн тус газарт өшиглөж, зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.И нь шүүгдэгч Б.Ц т холбогдох 2020 оны 6 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Булган аймгийн... ийн нутаг дэвсгэрт байх иргэн П.Л ын гэрт унтаж байсан Булган аймгийн Гурванбулаг сумын иргэн Г.Ш ын хэвлийн тус газарт өшиглөж, зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гэрчээр, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Г.Ш тай нүүрэлдэж мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Г.Ш , гэрч
Ц.Б , П.Л , Т.О , М.Б , насанд хүрээгүй гэрч
З.О , гэрч И.Гэндэнжамц, Г.У , Г.Ж , Т.У , М.О нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Ш.Ш ын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндий дэх сул хуралдалт, цээжний баруун хэсэгт цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 01-ний 188 дугаартай дүгнэлтүүд зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Ц , Б.И нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Ц ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, шүүгдэгч Б.И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирогч Г.Ш нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Ц ыг нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Ц ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, шүүгдэгч Б.И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Ц , Б.И нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ц , Б.И нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан, цэнхэр, цагаан, хосолсон энгэр хэсгээрээ урагдсан малгаатай цамц, саарал өнгийн урагдсан жинсэн өмд тус бүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Ц , Б.И нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН