Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 195

 

 

 

 

 


2017 оны 04 сарын 04 өдөр           Дугаар 156/ШШ2017/00195    Хэнтий аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:156/2017/00095/И

    Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
           Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 08-03 тоотод оршин суух, Бор овогт Дамдингийн Энхзул /РД:ЛИ86101868/-ын нэхэмжлэлтэй, 
            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Тээвэрчдийн 2-12 тоотод оршин суух, Хачид овогт Базаррагчаагийн Байгалцогт /РД:СЗ62092110/-д холбогдох

           “3 220 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                                      
                                                                                                             
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Энхзул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
 Миний бие 2016 оны 02 дугаар сард Б.Байгалцогтоос Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 11-05 тоотод байрлах хашаатай газрыг 3 000 000 төгрөгөөр үнэ тохирч худалдаж авсан. Уг газрыг авахдаа бичгийн гэрээ байгуулаагүй, мөнгийг бэлнээр төлж тэр өдөртөө уг газрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан юм. Анх тухайн хашаанд айл буусан байхаар нь би Байгалцогтоос хэзээ нүүх айл вэ гэхэд    4 сараас нүүнэ гэсэн боловч намайг 6 сард очиж нүүх тухайг хэлэхэд энэ Байгалцогтын газар бишээ гээд нүүхгүй байсан. Ингээд 8 сард очиход газар нь Цогтбаатар гэх хүний газар байсан бөгөөд хууль бусаар Байгалцогтыг авсан гэж шүүхэд хандсан байсан. Ингээд Хэнтий аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр миний худалдаж авсан газрыг Б.Байгалцогтоос буцаан гаргуулж, Цогтбаатарт олгуулах тухай шийдвэр гарсан тул би өөрт учирсан хохирол 3 000 000 төгрөг, банкинд төлсөн хүү     220 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1х/  
Хариуцагч Б.Байгалцогт нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Д.Энхзултай хашаа, байшингийн наймаа хийж 3 000 000 төгрөгийг авсан нь үнэн. Уг газрыг чөлөөлж өгөх гэж 2016 оны 08, 09 дүгээр сард хөөцөлдсөн боловч маргаан гарч, шүүхээр гэрээг хүчингүй болгож, дээрх газрыг буцаан хуучин эзэнд нь шилжүүлэх болсон. Иймд Д.Энхзулын нэхэмжилсэн мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст харуул, хамгаалалтын ажилд орсон. 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс цалингийн зээл авах эрх үүсэх ба Д.Энхзулын нэхэмжилсэн 3 000 000 төгрөг, хүү 220 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60 750 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ. /хх-ийн 11, 17х/

Шүүх хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               
                                                                                                      
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Энхзул нь хариуцагч Б.Байгалцогтод холбогдуулан 3 220 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Б.Байгалцогт нь Д.Энхзулд 2016 оны 06 дугаар сард Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 11-05 тоотод байрлах хашаа, 1149 мкв газрыг худалдах, худалдан авах хэлцэл хийсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар /хх-ийн 1, 13х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 11, 17х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Энхзулын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Байгалцогт нь бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч 3 220 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60 750 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийг дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон              
                                                                                                                                                                                          
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Д.Энхзулын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Байгалцогтод холбогдох 3 220 000 /гурван сая хоёр зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч Б.Байгалцогтын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Энхзулаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 60 750 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Байгалцогт нь нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 60 750 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.


             
ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР