Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/81

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч О.Пүрэвсүрэн, шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н овгийн Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 02748 1489 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Н овгийн Г.Б, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Завхан аймгийн Цагаан чулуут суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зээлийн ** тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас /нөхрийг нь уруу татаж архи уулгадаг гэсэн шалтгааны улмаас/ иргэн Ц.Ц-ын толгойн тус газар аягаар цохиж биед “тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, духны дэлбэнгийн суурь хэсгийн атираа ховил, сильвиевийн ховил орчмын /голомтлог/ аалзан хальсан доорх цус харвалт, дух, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, толгойн хуйханд шарх” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:эгэг

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Н овгийн Г.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зээлийн ** тоотод “нөхрийг нь уруу татаж архи уулгадаг” гэсэн шалтгааны улмаас иргэн Ц.Ц-ын толгойн тус газар аягаар цохиж, түүний бие махбодод “...тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, духны дэлбэнгийн суурь хэсгийн атираа ховил, сильвиевийн ховил орчмын /голомтлог/ аалзан хальсан доорх цус харвалт, дух, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, толгойн хуйханд шарх...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Хохирогчийн толгойг аягаар цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 750,000 төгрөг өгсөн, үлдсэн мөнгийг нь боломжоороо төлнө. Би одоогоор ажилгүй, орлогогүй байгаа...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн ** тоотод Гх гэх айлд очсон. Га, Гх бид гурав 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэднийд урьд зүс таних Б гэх эмэгтэй согтуу орж ирсэн. Би Гх-ийн гэрээс гарах гээд явж байтал араас Б архины шилээр цохиод би ухаан алдаад унасан. Толгойдоо 2 оёдол тавиулсан. Мөн миний нуруу болон гар хөхөрсөн байсан. Миний эмчилгээний зардалд 2,692,090 төгрөг болсон, баримтууд нь байгаа. Б надад 750,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 5-15 дугаар хуудас);

3. Гэрч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хүү Гх-ийн хамтаар гэртээ байж байсан чинь зүс таних Га гаднаас нэг том пиво барьчихсан орж ирсэн. Бид гурвыг байж байтал гаднаас Б нөхөртэйгөө хамт орж ирээд хамт пиво уусан. Б-гийн нөхөр нь би машинаа тавьчхаад ирье гээд яваад өгсөн. Б Ц-т чи манай нөхрийг уруу татаж байнга архи ууя гэж хэлдэг, архины мөнгө нэхдэг, яв гэхээр явдаггүй гээд байсан. Нэг хэсэг би согтоод тасраад унтсан байсан. Сэрээд ирэхэд Ц-ын толгойноос нь цус гарчихсан байхаар нь би Ц-ын гэр лүү нь очиж хүүхдийг нь дуудсан... Намайг өглөө босоход гэрт аяга болон архины шил хагарсан байдал харагдаагүй, харин 2 ширхэг аяга байхгүй байсан. Тэгэхээр би аягаар цохисон юм байна даа гэж дотроо бодсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-24 дүгээр хуудас);

4. Гэрч Д.Гх-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед нэлээн муудсан байсан болохоор ядраад унтаад өгсөн. Орой харанхуй болсон хойно гэрт нэг юм түжигнээд маргалдаад байгаа дуу гарахаар нь харсан чинь Б, Ц хоёр маргалдаад хоорондоо зодолдоод байсан. Боссон чинь Ц-ын нүүрнээс цус гарсан байхаар нь би тэр хоёрыг салгачхаад буцаад хэвтсэн. Ц-ын хүүхэд нь гэрт орж ирээд цагдаа, түргэн дуудсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-26 дугаар хуудас);

5. Гэрч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Оройхон Д эгчийн гэрт очсон чинь Ц гэрээс нь цусаа гоожуулчихсан байдалтай гарч ирэхээр нь юу болов гэсэн чинь зүгээрээ гээд байсан. Би цусаа арилга гээд гэр лүү нь дагуулж ороход гэрийн дотор талын хогийн саванд аяга хагалаад хаячихсан байсан. Ц-ын цусыг угааж өгчхөөд байж байхад хүүхэд нь ирсэн. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар хуудас);

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10182 дугаартай: “...Ц.Ц-ын биед толгойд шарх, зүүн тал бөмбөлөг чамархай аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 35-36 дугаар хуудас);

7. Материалаар хийсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1173 (№10182 тоот актын нэмэлт) дугаартай: “...Ц.Ц-ын биед тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, духны дэлбэнгийн суурь хэсгийн атираа ховил, сильвиевийн ховил орчмын (голомтлог) аалзан хальсан доорх цус харвалт, дух, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, толгойн хуйханд шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтлийн улмаас Ц.Ц-т амь тэнссэн байдал илрээгүй учир амь насанд аюултай гэмтэлд хамаарагдахгүй (Гэмтлийн зэрэг тогтоох журам 3.1.3-д) Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх Ц.Ц-ын биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 40-44 дүгээр хуудас);

8. Шүүгдэгч Г.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 86 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 83 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 119-121 дүгээр хуудас);

9. Шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн өдөр Ц-ын толгой руу аягаар 1 удаа цохиж авсан, өөр зүйлээр цохиж зодоогүй. Ц бид хоёр зүүн талын орон дээр цуг сууж байхаар нь ширээн дээр байсан аягаар толгой руу нь цохисон. Тухайн өдөр нөхөртэйгөө хамт очиход Ц байхгүй байж байгаад манай нөхрийг явсны дараа орж ирсэн. Бид хоёрыг маргалдаж байхад Д, Га, Гх нар байсан. Хүмүүс бүгд унтаж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 112-114 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Ц.Ц-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Г.Б-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ц.Ц-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ц.Ц нь баримтаар 2,073,190.0 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Г.Б 750,000.0 төгрөгийг нь төлсөн байх тул түүнээс үлдэгдэл 1,323,190.0 (нэг сая гурван зуун хорин гурав нэг зуун ер) төгрөгийг арван сарын дотор гаргуулан хохирогч Ц.Ц-т олгохоор шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1,323,190 төгрөгийн хохирол төлөгдөөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Н овгийн Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б-д сануулсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-аас 1,323,190.0 (нэг сая гурван зуун хорин гурав нэг зуун ер) төгрөгийг арван сарын дотор гаргуулан хохирогч Ц.Ц-т олгосугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Б-аад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА