| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/1230/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/83 |
| Огноо | 2021-01-20 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/83
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ (томилолтоор), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа, шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овгийн Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003 00392 0393 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овгийн Д.Э, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Дархан хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “***” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл тав, эцэг, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Соёмбо хотхоны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 19 цаг 05 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн замд “Форд” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин, хурд хэтрүүлэн явсны улмаас явган зорчигч 33 настай, Н.М-ыг мөргөж, амь нас хохирсон Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Х овгийн Д.Э нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Ford Fusion” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км ...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчин, 96 орчим км цагийн хурдтай явсны улмаас 19 цаг 05 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сонсголонгийн зам дээр явган зорчигч Н.М-ыг мөргөж амь насыг нь хохироосон” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Э-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй, гэм буруу дээр маргахгүй, хурд хэтрүүлж явсан нь миний буруу. Хохирол төлбөрт 20,000,000 төгрөг өгсөн, үүнийг манай аав хохирогч талтай тохиролцоод өгсөн. Үүнд оршуулгын зардал багтсан байгаа...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б: “...Болсон хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй. Маш их гомдолтой байна. Хуулийн хүрээнд шийдэж өгнө үү. Нийт 20 сая төгрөг хүлээн авсан одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг;
3. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол хэмжилтийн бүдүүвч, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч (хх-ийн 5-15, 25-31 дүгээр хуудас), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 16 дугаар хуудас), цогцсын гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 18-21 дүгээр хуудас);
4. Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Уг бичлэгийг үзэхэд Улаанбаатар хотын цагаас 32 минутаар түрүүлж явах бөгөөд зорчих хэсгийн зүүн талын хашлага (боржур) дээр хүн сууж харагдах бөгөөд хар бараан өнгийн хувцастай хүн бичлэгийн цагийн 19:37:40 секундэд боржур дээрээс босож зорчих хэсгийн зүүн талын зорчих хэсгээр ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй алхаад, тусгаарлах зурвас дээр очиж зогсоод, ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих хэсгээр гэнэт гүйж 19:38:03 секундэд зорчих хэсгийн хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан тээврийн хэрэгсэлд мөргүүлж байгаа нь дүрслэгдэв...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 33, 35 дугаар хуудас);
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжээчийн 3520 дугаартай: “...дүрс бичлэгт дүрслэгдсэн 154 болон 155 тоот дугаартай гэрлийн шонгуудын хоорондох зайг ойролцоогоор 90.51 км/цаг-96 км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн...” гэсэн дүгнэлт (хх-ийн 120-125 дугаар хуудас);
6. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 131 дугаартай: “...Ford маркийн *** автомашиныг жолоодон явсан жолооч Д.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.4 Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй...” гэсэн магадалгаа (хх-ийн 128-129 дүгээр хуудас);
7. Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 132-137 дугаар хуудас), Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 111-116 дугаар хуудас);
8. Дотоод хэргийн их сургуулийн 202023 дугаартай: “...Ford маркийн *** улсын дугаартай автомашины жолооч Д.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.4 Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин суурин газар 90-96 км/цаг хурдтай явсан байна. Явган зорчигч Н.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-д заасан: “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: д/ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх” гэсэн заалтыг зөрчсөн болох нь дүрс бичлэгээс тодорхой харагдаж байна” гэсэн дүгнэлт (хх-ийн 165-167 дугаар хуудас);
9. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1529 дугаартай: “М-ын цогцост гавлын орой яс болон суурь ясыг бүхэлд нь хамарсан олон тооны сэлтэрсэн хугарал, тархины суурийн хэсэг дэх эдийн эвдрэл, хажуугийн ховдол болон 3,4-р ховдол дахь шингэн цус, зүүн шуу ясны ил, баруун шилбэ ясны ил хугарал, дух, зүүн сарвуу, зүүн өвдөгт шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, цээж хэвлий, зүүн гуянд зулгаралт, хуйханд цус хуралт, өвчүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүснэ. Талийгаачид шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархи, мөчдийн ил гэмтэл, хэвлий хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. ...Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэсэн дүгнэлт (хх-ийн 95-105 дугаар хуудас);
10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** ХХК-д борлуулагчаар ажилд ороод өдийг хүртэл ажиллаж байгаад нас барсан. Гомдолтой байна, жолооч замаа хараагүй учраас хүн мөргөсөн. Дээрээс нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хурд хэтрүүлсэн гэж үзэж байна...’’ гэсэн мэдүүлэг (хх-ийн 45-50 дугаар хуудас);
11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...үнэхээр их гомдолтой байна, жолооч машинаа бүрэн зогсоох боломжтой байсан гэж бодож байна. Тухайн үед тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хурд хэтрүүлсний улмаас осол гарсан гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 160 дугаар хуудас);
12. Гэрч Ж.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М бид хоёр “***” ХХК-д хамт ажилладаг юм. 2010 оноос үерхэж эхэлсэн. Тухайн өдөр М ажлаа хийж байгаад эртхэн тараад аавынхаа машиныг аваад бид хамт аялалд явах хүнсээ цуглуулахаар ярилцсан байсан. Өдрийн 14 цаг 40 минутын үед М руу залгахад утсаа авахгүй байсан. Би ажил дээрээ хүлээгээд байж байтал 22 цагийн үед М-ын дүү Б ирээд болсон зүйлийг хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 73-74 дүгээр хуудас);
13. Шүүгдэгч Д.Э-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 83 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 186 дугаар хуудас), жолоодох эрхийн лавлагаа (хх-ийн 84 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр “...амь хохирогч Н.М-ын биед цогцост гавлын орой яс болон суурь ясыг бүхэлд нь хамарсан олон тооны сэлтэрсэн хугарал, тархины суурийн хэсэг дэх эдийн эвдрэл, хажуугийн ховдол болон 3,4-р ховдол дахь шингэн цус, зүүн шуу ясны ил, баруун шилбэ ясны ил хугарал, дух, зүүн сарвуу, зүүн өвдөгт шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, цээж хэвлий, зүүн гуянд зулгаралт, хуйханд цус хуралт, өвчүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь зам тээврийн ослын үед үүснэ. Талийгаач нь гавал тархи, мөчдийн ил гэмтэл, хэвлий хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ...” хэмээн тогтоосон шүүхийн шинжилгээний дүгнэлт үндэслэл бүхий байх тул зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Д.Э нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км ...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн талаарх дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын гэрэл зураг, дүрс бичлэг-дүр зургийн шинжээчийн 3520 дугаартай дүгнэлтээр хангалттай нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч Д.Э-ийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.
Замын хөдөлгөөний дүрмийн үндсэн зарчим бол хөдөлгөөний дараалал тогтоох явдал бөгөөд хөдөлгөөнд оролцогчид нэг цэг дээр огтлолцох үед хэн нь давуу эрх эдлэхийг тогтоосон хэм хэмжээ юм. Энэ агуулгаар нь авч үзвэл явган зорчигч буюу амь хохирогч Н.М-ын хувьд осол гарах тухайн цаг мөчид тэрээр давуу эрхгүй байсан тул тусгай мэдлэг бүхий шинжээчид явган зорчигчийн буруугаас зам тээврийн осол, хэрэг гарсан байдлаар дүгнэсэн байна. Гэхдээ шинжилгээний үр дүнгээр гэм буруу тодорхойлогдохгүй, эрүүгийн эрх зүйн онолоор материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн тухайд хор уршиг учруулсан шалтгаант холбоо бүхий үйлдлээр гэм буруу тодорхойлогдоно.
Тодруулбал, шүүгдэгч Д.Э-ийн өөртөө найдан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хөнгөмсгөөр найдах байдлаар хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцсон үйлдлийн улмаас зогсолтын зам, жолоочийн анхаарал, самбаачлах хугацаанд аль алинд нь сөргөөр нөлөөлж, улмаар хүний амь нас хохирсон хор уршиг бий болоход хүргэсэн байх тул хурд хэтрүүлсэн үйлдэл хийгээд хор уршгийн хооронд шалтгаан холбоо байна гэж шүүх үзсэн юм. Хурдны хязгаарын заалт нь шинжлэх ухааны үндэслэл бүхий тогтоогдсон байдаг бөгөөд хот суурин газарт жолооч 60 км цагаас доош хурдтай явах үед аюулгүй байдлаа хангахад хангалттай авхаалж самбаа гаргах, үзэгдэх хүрээ, харагдах орчноо бүрэн хянах, тээврийн хэрэгслээ боломжит богино зайд зогсоох боломжтой, улмаар хохирол, хор уршгийн эрсдэлийг бууруулдаг. Товчхондоо, тээврийн хэрэгслийн хурд бол хохирол, хор уршгийн хэр хэмжээг нэмэгдүүлэх суурь шалтгаан.
Түүнчлэн, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “үзэгдэлт хангалтгүй нөхцөл”, “үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөл” гэсэн үзэгдэх хүрээний талаарх хоёр үндсэн ойлголт байх бөгөөд гэмт хэрэг гарах үед шүүгдэгчийн хувьд аюулгүй байдлаа хангахад нь нөлөөлөхүйц дээрх хоёр нөхцөл үүсээгүй байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, дүрс бичлэгээр тогтоогдсон. Гэтэл шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ явган зорчигчийг замын голд зогсож байгааг огт хараагүй, тулж ирээд гэнэт л гараад ирсэн хэмээн мэдүүлснээс үзвэл тэрээр үзэгдэх хүрээнд орчноо хянаж чадаагүй, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцсон гэж дүгнэх үндэслэл болж байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “жолооч авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэсэн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Э-ийг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-д 20,000,000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд “нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, *** дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий 3 ширхэг компакт дискийг хэрэгт хадгалах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Осол хэрэг гарсан шалтгааны талаар улсын яллагч хангалттай тайлбарлалаа. Хэргийн газрын үзлэг хийсэн дүгнэлтэд хэргийн нөхцөл байдлын талаар тодорхой тусгасан. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж хурд хэтрүүлэн явсан тул хүний амь нас хохирсон. Мөн явган зорчигч анхаарал болгоомжгүй явсны улмаас зам тээврийн осол гарсан гэж үзээд байна. Тэгвэл зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч анхаарал болгоомжгүй явсан байдал нь осол хэрэг гарахад нөлөөлсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ хэрэгт шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Техникийн шинжээчийн дүгнэлтэд жолоочийг анхаарал болгоомжгүй явсан гэх зүйл байхгүй тул шүүх анхаарч үзэх байх. Тухайн үед үзэгдэх орчин гэгээтэй байсан, ямар нэгэн автомашин саад болсон зүйл байхгүй байхад алхаад явж байсан явган зорчигчийг харахгүйгээр, ойролцоогоор 96 километр цагийн хурдтай явж хүний амь нас хохироосонд харамсаж байна. Зам тээврийн осол болгоомжгүй үйлдэгддэг гэдгийг бидний зүгээс ойлгож байгаа. Шүүгдэгч болгоомж, сэрэмжээ алдаж хүний амь нас хохироосон гэдэг дээрээ маш сайн дүгнэлт хийх хэрэгтэй. Хохирол төлбөрт 20,000,000 төгрөг өгсөн. Хүний амь насыг 20,000,000 төгрөгөөр үнэлэх боломжгүй боловч оршуулгын зардал, өмгөөлөгчийн болон ээжийнх нь эмчилгээний зардлыг шүүгдэгч тал төлсөн. Улсын яллагчийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийг олон удаа хэрэгсэхгүй болгон хааж байсан. Гэхдээ өнөөдөр шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгааг нь харгалзан үзнэ үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Зам тээврийн ослын улмаас эрдэнэт хүний амь нас хохирсон явдалд өөрийн болон үйлчлүүлэгчийнхээ өмнөөс дахин дахин уучлалт гуйж байгааг хүлээн авна уу. Хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлттэй холбоотой хэд хэдэн тайлбар хэлье. Нэгдүгээрт, хэргийг хэргийг хэд хэдэн удаа хэрэгсэхгүй болгосон зүйл байхгүй, хэрэг шалгагдаад талуудын хүсэлтийг шийдвэрлээд л явж байсан. Хоёрдугаарт, явган зорчигчийн буруутай үйлдлээс болж осол хэрэг гарсан гэж шинжээч дүгнэсэн байдаг. Гэхдээ миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, осол болсны дараа цагдаагийн байгууллагад өөрөө дуудлага өгсөн, хохирлоо бүрэн төлсөн. Зам тээврийн осол тохиолдлын шинжтэй болгоомжгүй үйлдэгддэг, санаатай үйлдэл биш. Анх удаа хөнгөн хэрэгт холбогдсон, осол гарахад амь хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, хувийн байдлын хувьд залуу хүн алдсан байна. Цаашид анхаарч дахин энэ алдааг давтах ёсгүй гэдгийг би өмгөөлөгчийн хувьд хэлсэн. Миний үйлчлүүлэгч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Өмгөөлөгчийн зүгээс хэргийн байдлыг өөр хүмүүст нялзаах гэсэнгүй. Гэвч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг бүх нийтээр дагаж мөрддөг. Шинжээчийн дүгнэлтээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2-б заалтыг зөрчсөн гэж гарсан. Амь хохирогч тэр өдөр эгчтэйгээ уулзсан бөгөөд эгч нь түүнийг согтуу байсныг мэдэж байсан талаар хэрэгт тусгасан байдаг. Тухайн үед эгч нь түүнд анхаарал тавьсан бол осол гарахгүй байсан. Хэргийг цагаатгах болон хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын талаар хэлэх зүйлгүй, харин 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Д.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан шууд бус хохирлыг нөхөн төлсөн болон гэмт хэрэг гарахад амь хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан Монгол Улсын Үндсэн хуулийн хүмүүнлэг энэрэнгүй байх зорилтод тулгуурлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Д.Э-т мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 3 сарын хугацаанд сургалтад хамрагдах, мөн зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, түүний гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгыг хангана хэмээн дүгнэлээ.
Тодруулбал, амь хохирогч Н.М нь согтууруулах зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцож, улмаар үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай зорчих хэсгийн гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах үйлдэл хийхдээ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйсэн нь энэ гэмт гарах ноцтой шалтгаан болсон учраас шүүгдэгч Д.Э-т хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ авах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэсэн болохоо амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тайлбарлан хэлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг тогтоолоор сануулав.
Эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий гурван ширхэг компакт дискийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 20,000,000.0 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Х овгийн Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь насыг хохироож үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, үндсэн ял болох хорих ялыг оногдуулахгүйгээр гурван жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Шүүгдэгч Д.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, мөн зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт үндсэн ял оногдуулахыг сануулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий гурван ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 20,000,000.0 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Э-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүний *** дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Э-т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА