Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01326

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00924 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1032 дугаар магадлалтай

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Б, Д.Ба, Б.С, Б.Б нарт холбогдох

Орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутайн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мөнх-Эрдэнэ, Б.Энхмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Б.Дашдаваатай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 15 дугаар байр 77 тоот хаягт байршилтай орон сууцыг худалдан авахаар тохирсон. Х нь уг Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 15 дугаар байр 77 тоот 40 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлж, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ү-2205003253 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан.

Гэтэл өмнөх өмчлөгч түлхүүрийг банкинд хүлээлгэж өгөөгүйн улмаас өнөөдрийг хүртэл орон сууцыг өмчлөгчийн хувьд эзэмшилдээ авч чадахгүй байна. Хариуцагч Б.Б нь орон сууцны өмчлөгч нарын нэг байсан бөгөөд 2012 оны 10 дугаар сард бэлэглэлийн гэрээгээр орон сууцыг Г.Мөнхбаярт, Г.Мөнхбаяр нь 2014 оны 11 дүгээр сард орон сууцын өмчлөх эрхээ Б.Дашдаваад орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр, Б.Дашдаваа 2016 оны 09 дүгээр сард өмчлөх эрхээ үл хөдлөх хөрөнгө, худалдах худалдан авах гэрээгээр Хинд тус тус шилжүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгө нь өмчлөх эрх шилжсэнээр өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог.

Иймд хариуцагч Д.Б, Д.Ба, Б.С, Б.Б нарын хууль бус эзэмшлээс Хны өмчлөлийн Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 15 дугаар байр 77 тоот 40 мкв талбайтай орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 15 дугаар байр 77 тоот 40 м.кв талбайтай орон сууц анх 1997 онд Б.Б, Б.Энхцэцэг, С.Эрхэмбаяр, С.Содбаяр нарын өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн. 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр С.Содбаяраас Г.Мөнхбаярт бэлэглэлийн гэрээгээр орон сууцыг шилжүүлсэн. Г.Мөнхбаяр орон сууцыг зээлийн барьцаанд тавьж 77 000 000 төгрөг зээлдэж аваад зээлээ төлөөгүй.

Орон сууц Г.Мөнхбаярын өмчлөлөөс 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Дашдаваагийн өмчлөлд шилжсэн. Б.Дашдаваагаас Г.Мөнхбаярт ямар нэг төлбөр төлсөн талаар баримт байдаггүй. Г.Мөнхбаяр, Б.Дашдаваа нар хуйвалдаж Хны зээлийг төлөхөөр орон сууцыг шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00924 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн Ү-2205003253 дугаартай 40 мкв талбайтай Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 15 дугаар байр 77 тоот орон сууцыг хариуцагч Д.Б, Д.Ба, Б.Б, Б.С нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, Д.Ба, Б.Б, Б.С нараас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1032 дугаар магадлалаар:  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00924 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 924 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1032 дугаар магадлалыг тус тус хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хяналтын шатны гомдлыг гаргаж байна.

Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 15 байр 77 тоот улсын 2205003253 дугаар бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө нь Д.Бадамцэцэг миний аав ээжийн гал голомт юм. Бид энэ байрандаа он удаан жил амьдарч байгаа билээ.

Энэ байр маань Д.Бадамцэцэг, Энхцэцэг, Эрдэнбаяр нарын нэр дээр өмчлөлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгө. Гэтэл бидэнд огт мэдэгдэлгүйгээр яаж яваад Б.Дашдаваа гэдэг хүний нэр дээр шилжсэнийг бид мэдэхгүй байн. Бид зүгээр байрандаа амьдарсаар байсан. Ингээд шүүхээс мэдэгдэх хуудас ирж бидний байр Х руу Б.Дашдаваагаас шилжсэн болохыг мэдсэн. Бид Улсын бүртгэлийн газарт очиж, материалыг харахыг удаа дараа хүссэн ч бидэнд өмчлөл шилжсэн гээд үзүүлээгүй. Мөн шүүхэд энэ талаар хүсэлт гаргасныг шүүх хангаж, ОӨУБЕГ-аас ирсэн лавлагаа нь дандаа худалдах худалдан авах гэрээ байсан.

Гэтэл яг үнэндээ банк энэ байрыг худалдаж аваагүй, Г.Мөнхбаяр, Б.Дашдаваа нарын зээлийн төлбөрт хураан авсан байсан. Б.Дашдаваа, Г.Мөнхбаяр нарын зээлийн гэрээний үүрэг хангуулах тухай шийдвэрт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа хийж байсан бөгөөд Д.Бадамцэцэг надад энэ талаарх баримтыг өгөөгүй.

Бид Б.Дашдаваа гэх хүн рүү өмчлөл шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ байгаа гэдэгт бат итгэлтэй байна. Учир нь өмчлөгч нарт мэдэгдэлгүйгээр шилжүүлсэн мөн зээлийн төлбөртөө шилжүүлсэн байгаа юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан гэдгийг хэрхэн мэдэх билээ.

Б.Дашдаваа, Г.Мөнхбаяр нар өөрсдийнхөө зээлийг төлж чадахгүй болоод бидний байрыг Хинд шилжүүлсэнд маш их гомдолтой байна. Мөн энэ байр угтаа бол Алтанцэцэгийн өмчлөлийн байр юм. Манай дүү энд байранд бас бидэнтэй хамт амьдардаг

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг үндэслэн Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 15 байр 77 тоот улсын 2205003253 дугаар бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгөний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 924 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1032 дугаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Д.Б, Б.Байгалмаа, Б.С, Б.Б нарт холбогдуулан орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Маргааны зүйл болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байрны 77 тоот хаягт байрлах 40мкв талбай бүхий 3 өрөө орон сууц нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Х” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна.

Тус орон сууц нь анх 1997 онд иргэн Б.Б, Б.Энхцэцэг, С.Эрхэмбаяр, С.Содбаяр нарын өмчлөлд бүртгэлтэй байсан боловч өмчлөгч нар өөрсдийн эрхийг С.Содбаярт шилжүүлснийг үндэслэн С.Содбаяр нь 2012 онд Г.Мөнхбаярын өмчлөлд Бэлэглэлийн гэрээгээр, Г.Мөнхбаяр нь 2014 онд Б.Дашдаваагийн өмчлөлд Худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн, улмаар Б.Дашдаваа 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээгээр “Х” ХХК-д орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлснээр тус орон сууцны өмчлөгч нь “Х” ХХК болсон үйл баримт тогтоогджээ.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа тохиолдолд уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, 183 дугаар зүйлийн 183.1.-д “эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж тус тус зохицуулсан.

Тус орон сууц тухай бүр хэлцлийн үндсэн нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжсэн, энэ үйлдэл бүр улсын бүртгэлд бүртгэгдсэн, бүртгэл хууль зөрчөөгүй, бүртгэлийг нэхэмжлэгч эсэргүүцээгүй тул “Х” ХХК нь хууль ёсны өмчлөгч байна.

Өмчлөгч нь өөрийн өмчөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул хариуцагч нарын хууль бус эзэмшлээс өмчөө чөлөөлүүлэхийг шаардсан нэхэмжлэгчийн шаардлага Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1. дэх заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2., 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагыг хангажээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцсэн байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00924 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1032 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутайн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                    Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                              Х.ЭРДЭНЭСУВД