Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 00000

 

*******ад холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 131/ШШ2017/00270 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ийн ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч *******ийн *******ад холбогдох

Гэрлэлт цуцлаж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 4 дүгээр сарын 24-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.

Нэхэмжлэгч *******ийн Алтансолонгоос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 1988 онд төрсөн. Би 2011 онд *******тай танилцаж, үерхэж байгаад 2012 оны 8 дугаар сард гэр бүл болсон. Хүү Б.Өсөх-Ирээдүй нь 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Гэр бүл болсноос хойш ******* нь намайг зодож дарамталдаг байсан. Хүүгээ төрүүлчихээд 14 хоноогүй байхад сандлаар, сандал эвдэрч унатал зодсон тэр үед миний бие хөх эрээн болсон байсан.

Би гэр бүлийн хүчирхийлэлд их удаан хугацаанд байж, эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд ч их хохирол амссан. Одоо 2 хүүхдийн маань хүмүүжилд ч муугаар нөлөөлж байгаа тул цаашид *******тай эвлэрэн амьдрах ямар ч боломжгүй байна. Иймд *******аас миний 2 хүүхдэд тэтгэлэг тогтоож, эцэг хүнийх нь үүргийг хүлээлгэж, 2 хүүхдийг минь орон байраар хангуулж, гэрлэлт цуцалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******ийн Алтансолонгоос анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгон, орон байраар хангуулах гэсэн шаардлагаа дэмжиж байна. Эвлэрэх боломжгүй. Шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгөхгүй байхыг хүсье. Бид хоёр 2012 оны 10 дугаар сарын 15-нд хүүтэй болсон.

Том охин маань *******ын хүүхэд биш юм. Энэ хүн том охиндоо тэтгэлэг төлөхгүй гэж байгаа бол миний хувьд энэ шаардлагаасаа татгалзаад орон байраар хангуулах шаардлагаа өөрчилж 5 ханатай гэрийн үнэтэй дүйцэх мөнгө болох 2.5 сая төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлүүлэх, бусад нэхэмжлэлийн шаардлагаа хэвээр үлдээж байна гэжээ.

Хариуцагч *******ийн *******аас шүүхэд гаргасан тайлбартаа:

У.Алтансолонготой 2011 онд танилцаж 2012 оны 08 дугаар сард гэр бүл болсон. Алтансолонго нь надтай гэр бүл болохдоо 4 настай охин Номин-Эрдэнэтэй хамт ирсэн. 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүү Б.Өсөх-Ирээдүй төрсөн.

У.Алтансолонго шүүхэд өгсөн өргөдөлдөө намайг байнга зоддог, харгис хэрцгийгээр загнаж дарамталдаг гэр бүлийн хүчирхийлэлтэй амьдарч байсан гэсэн ор үндэслэлгүй зүйлээр намайг гүжирдэж, зохиомлоор нэр хоч өгч бичсэн байсан. Надад гэр бүл үр хүүхдээ дарамталж, айлган сүрдүүлж байсан тийм зүйл огт байхгүй.

Би Алтансолонгыг сална гэж байгаа бол татгалзах зүйлгүй хүү Өсөх-Ирээдүйнхээ тэтгэлгийг хуульд заасны дагуу төлөхийг зөвшөөрнө гэжээ.

Хариуцагч *******ийн *******аас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний хувьд манай эхнэр надаас салах болсон гол шалтгааны хувьд надаас өөр хүнтэй болсон юм болов уу гэж бодсон, түүнээс биш би энэ хүнийг зодоод нүдээд байсан зүйл байхгүй. Хэрвээ гэрлэлтээ цуцлуулна гэж байгаа бол миний хувьд татгалзаад байх зүйл алга, гэхдээ би том охиндоо хүүхдийн тэтгэлэг төлөх шаардлагагүй гэж бодож байна. Учир нь том охин маань өөр эцэгтэй тул хуульд зааснаар тэр эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх байх. Гэр орноор хангуулах шаардлагын хувьд одоо байгаа 5 ханатай гэр маань миний хуваарьт өмч гэж бодож байна. Тиймээс би гэрээ өгөхгүй. Орон байраар хангах тухайд 2.5 сая төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулж, хүү Өсөх-Ирээдүйд тэтгэлэг төлөх болно гэжэээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Сартуул овогт *******ийн *******, Боржигон овогт *******ийн Алтансолонго нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2008 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин А.Номин-Эрдэнэ, 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Б.Өсөх-Ирээдүй нарыг эх У.Алтансолонгын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Б.Өсөх-Ирээдүйг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, *******аас гаргуулж сар бүр тэжээн тэтгүүлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь охин А.Номин-Эрдэнэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагаас татгалзаж, орон байраар хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч ******* 2.500.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч, зохигчид харилцан эвлэрсэн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Алтансолонгод олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар *******аас улсын тэмдэгтийн хураамж 29145 төгрөг гаргуулж, төвлөрсөн төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч *******ийн *******аас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Би У.Алтансолонготой 2011 онд танилцаж, 2012 оны 8 дугаар сард гэр бүл болж, тэр Номин-Эрдэнэ гэдэг 4 настай охины хамт ирсэн. Би хүний үрийг алагчилж үзээгүй, өөрийн үр шиг л хайрлаж халамжилж байсан. Шүүгч намайг эхнэр хүүхэддээ гэр бэлдэж өгөхийг санал болгосон.

У.Алтансолонго 2.500.000 төгрөг авна гэж хэлсэн. Тэгэхээр нь аль нэгийг нь өгөх л болж таарлаа гэж бодоод 2.500.000 өгье гэж хэлсэн. Гэхдээ энэ үг миний чин сэтгэлийн үг биш яах ч аргагүй шахалтанд ороод л хэлсэн байхад эвлэрсэн гэж худлаа бичсэн байна.

Би У.Алтансолонгод 2.500.000 төгрөг өгөхгүй энэ мөнгийг би төлөхгүй. Харин Алтансолонго явахдаа миний гэр эд хогшил, миний өөрийн дээл хувцас бүгдийг хамж аваад явсан байсан. Би тэр бүгдийгээ буцааж авмаар байна. Шүүх надаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, мөн 29.145 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор заасанд би эргэлзэж байна. Би яахаараа У.Алтансолонгын өргөдөл гаргахдаа өгсөн мөнгийг төлөх болдог байна. Энэ бүх асуудлыг та бүхэн эргэж харж хуульдаа нийцэж байгааг дахин нягталж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, миний хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.Алтансолонго нь *******ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгон, орон байраар хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Гэрлэгчид нь хоорондоо таарамжгүй, харилцан хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, тусдаа амьдарч байгаа зэрэг байдлуудыг харгалзаж үзээд шүүхээс гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “..2008 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин А.Номин-Эрдэнэ нь хариуцагч *******ын хүүхэд биш тул тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна гэсэн..” байна. Шүүх 2012 оны 10 дугаар сарын 15-нд төрсөн хүү Б.Өсөх-Ирээдүйг эх У.Алтансолонгын асрамжинд үлдээж, тэтгэлэгийг хуульд заасны дагуу тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хүүхдийн тэтгэлэг тогтоох болон асрамжийн асуудлаар нэхэмжлэгч болон хариуцагч аль аль нь зөвшөөрсөн, энэ талаар ямар нэг маргаан гаргаагүй байна.

Зохигчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар ямар нэг маргаангүй гэдгээ анхан шатны шүүх хуралдааны явцад илэрхийлжээ.

Хариуцагч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “..миний бие нэхэмжлэгчид 2.500.000 төгрөг төлөхийг зөвшөөрч эвлэрсэн нь үнэн гэхдээ одоо төлөх боломж муу байгаа тул төлөх хугацааг хойшлуулж өгнө үү..” гэсэн тайлбар гаргаж байгаа нь зохигч талууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тохиролцон шийдвэрлэж болох асуудал байгаа тул гомдолд дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дугаар сарын 6-ны өдрийн 131/ШШ2017/00270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                 Г.УЛАМБАЯР