Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0682

 

 

 

 

 

 

 

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дөлгөөн

Нэхэмжлэгч: “Г” ХХК

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “2019 оны 06 дугаар сард гаргасан газар эзэмшин хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2022/0580 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0265/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “2019 оны 06 дугаар сард гаргасан газар эзэмшин хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2022/0580 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн газар эзэмших хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгасан шийдвэр гаргахыг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дөлгөөн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2022/0580 дугаартай шийдвэрийг хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6, 114 дүгээр зүйл, 120 дугаар зүйлийн 120.3-д заасны дагуу гомдол гаргаж байна. Үүнд:

3.2. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01110-2014/00299 дүгээр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Д.Дагийсүрэн нь гарын үсэг зураагүй талаар мэдүүлсэн байхад дээрх мэдүүлэгт бодитой дүгнэлт хийж чадаагүй байна. Учир нь нэхэмжлэгчийн дээрх нотлох баримт гаргаж өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан “нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна.

3.3. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болоход газрын кадастрын мэдээллийн ЛМ программ хангамжид дуусгавар болсон төлөвт автоматаар бүртгэгдэж, e-gazar.gov.mn сайтад үзлэг хийхэд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг нэгэнт дуусгавар болгосны улмаас уг сайт руу нэвтрэх боломжгүй нь тогтоогдсон ба шүүх нэхэмжлэгч болон хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбарыг үндэслэн “Г” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон гэж үзсэн болно” гэж дүгнэснээс үзэхэд эрх зүйн харилцаа дуусгавар болсон байх ба Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим хэрэглэгдэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Г” ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорт төмс, хүнсний ногоо тариалах зориулалтаар 10 га газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 0143725 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байх ба 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г Баянзүрх дүүргийн газрын албаны дарга, газар зохион байгуулагч, нэхэмжлэгч компанийн төлөөлөл нар гарын үсэг зурж, 5 жилийн хугацаатай байгуулж, “Г” ХХК-аас жил бүрийн газрын төлбөрийг төлж байжээ.

2.2. Нэхэмжлэгчээс 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах” хүсэлт гаргасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/485 дугаар “Аж ахуйн зориулалтаар газар эзэмших эрхийн хугацаа сунгах, талбайн хэмжээ байршил өөрчлөх тухай” захирамжийн хавсралтаар “Г” ХХК-ийн 143725 тоот эрхийн гэрчилгээтэй 10.0 га газрын эзэмших эрхийг 5 жилээр сунгаж, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000304363 дугаар гэрчилгээг 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 5 жилийн хугацаатай олгож, газар эзэмшүүлэх гэрээг 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр мөн Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны дарга, газар зохион байгуулагч, нэхэмжлэгч компанийн төлөөлөл нар гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

2.3. 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/485 дугаар захирамжийн хавсралтаар “Г” ХХК-ийн газар эзэмших эрхийг 5 жилээр, газар эзэмшүүлэх гэрээг 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 5 жилээр тус тус сунгасан бөгөөд талуудын хэн аль нь цуцлах санал тавиагүй байна.

2.4. Хариуцагчаас “... нэхэмжлэгч компаниас хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон, энэ тохиолдолд Засаг даргаас ямар нэгэн эрхийн акт гаргадаггүй” гэж тайлбарлажээ.

3. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана” гэж заажээ.

3.1. Анхан шатны шүүхээс “Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ... “Г” ХХК-д газар эзэмшүүлэх гэрээг 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 5 жилийн хугацаатай байгуулж, гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газраа эзэмшсээр байгаа бол 1 жилийн хугацаанд хүчинтэй гэж үзэхээр тохиролцсон, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 5 жилийн хугацаатай олгосон зэргээс үзвэл ... нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр гэж тооцогдохоор байна” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.

4. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана” гэж тус тус заажээ.

4.1. Нэхэмжлэгчээс хуульд заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан болох нь түүний тайлбар, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01110-2014/00299 дүгээр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” зэргээр нотлогдож байх ба хариуцагч байгууллагаас уг хүсэлтийг шийдвэрлэсэн, татгалзсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчийн “... нэхэмжлэгч компаниас хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон, энэ тохиолдолд Засаг даргаас ямар нэгэн эрхийн акт гаргадаггүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.

5. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” бол газар эзэмших эрх дуусгавар болно гэж заажээ.

5.1. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлээгүй, Газрын тухай хууль, талуудын хооронд байгуулагдсан газар эзэмшүүлэх гэрээнд тусгайлан заасан хугацааг харгалзан үзэлгүйгээр “Г” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

6. Хэрэгт авагдсан 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01110-2014/00299 дүгээр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд “... Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/485 дугаар шийдвэрийг үндэслэн нэг талаас газар эзэмшүүлэгчийг төлөөлж Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Д.Дагийсүрэн, газар эзэмшигчийг төлөөлж “Г” ХХК-ийн захирал Б.Батзориг нар энэхүү гэрээг байгуулав, газар эзэмших хугацаа 5 жил ...” гэж Д.Дагийсүрэн, Б.Батзориг нар гарын үсэг зурж, нэхэмжлэгч компанийн тамгыг дарсан байна.

6.1. Хариуцагчаас “... гэрээнд эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй, хүчин төгөлдөр гэрээ биш”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчийн мэдүүлэг өгсөн Д.Дагийсүрэнгээс “... миний гарын үсэг биш, би нэхэмжлэгч нарт ийм гэрээ гаргаж өгснөө санахгүй байна” гэж тайлбарласан хэдий ч “... гэрээг нэхэмжлэгч компани өөрөө программаас хэвлэж авах боломжгүй, захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан гаргаж өгөх боломжтой” гэж талууд тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч компаниас газар эзэмших эрхийн хугацаа, гэрээний хугацааг сунгуулах хүсэлт гаргасан гэж үзэхээр байна.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн хугацааг 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хүчинтэй гэж дүгнэсэн ...” нь үндэслэлтэй гэж үзсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын “... эрх зүйн харилцаа дуусгавар болсон байхад хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй тул хууль буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.

7.1. Түүнчлэн нэхэмжлэгч “Г” ХХК нь 2007 оноос эхлэн тус газарт төмс, хүнсний ногоо тариалж эхэлсэн, хашаа татаж, хүлэмж, гүний худаг гаргасан, байшин, хүнсний ногооны агуулах барьсан, хүнсний ногоо тарих, хураах багаж, техник тоног төхөөрөмж худалдан авч их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд газар эзэмших хугацаандаа газрын төлбөрийг жил бүр төлж байсан нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

7.2. Нэхэмжлэгч компанийн 2007 оноос хойш эзэмшиж, үйл ажиллагаа явуулсан газрын эзэмших эрхийг сунгаснаар хариуцагч байгууллага болон аливаа гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхгүй бөгөөд нэхэмжлэгчийн явуулж буй үйл ажиллагаа нь нийтийн эрх ашигт эерэг нөлөөтэй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар “Г” ХХК-ийн хууль ёсны итгэл хамгаалагдах боломжтой гэж анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, холбогдох хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасантай нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2022/0580 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

             ШҮҮГЧ                                                                        А.САРАНГЭРЭЛ

    

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ