| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/1153/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/86 |
| Огноо | 2021-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/86
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Г.Яндаг, хохирогч, шүүгдэгч И.Э, түүний өмгөөлөгч Л.Батаа, хохирогч, шүүгдэгч С.Ц, түүний өмгөөлөгч С.Отгонгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн И.Э, З овгийн С.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 0889 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Б овгийн И.Э, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “**“ ХК-нд оёдолчин ажилтай, ам бүл тав, нөхөр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лаа, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
2. З овгийн С.Ц, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, “***” ХХК-нд худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл гурав, нөхөр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч С.Ц нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Мон-Лаагийн ** тоот хашаанд И.Э-ийн эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булан, хамрын нуруу, баруун бугалга, умдагт цус хуралт, баруун, зүүн эгэмд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булан, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий нь хөнгөн хохирол санаатай учруулсан.
Шүүгдэгч И.Э нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Мон-Лаагийн ** тоот хашаанд С.Ц-ын эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь дух, зүүн нүдний зовхи, цох, эрүү, хүзүүнд зулгаралт, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, цээжинд цус хуралт, баруун өвдөг, баруун чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Б овгийн И.Э, З овгийн С.Ц нар нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Мон-Лаагийн ** тоот хашаанд маргалдан харилцан зодолдож, шүүгдэгч С.Ц нь хохирогч И.Э-ийн бие махбодод “...хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булан, хамрын нуруу, баруун бугалга, умдагт цус хуралт, баруун, зүүн эгэмд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булан, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал...” бүхий нь хөнгөн зэргийн гэмтэл, шүүгдэгч И.Э нь хохирогч С.Ц-ын бие махбодод “...дух, зүүн нүдний зовхи, цох, эрүү, хүзүүнд зулгаралт, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, цээжинд цус хуралт, баруун өвдөг, баруун чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч И.Э, С.Ц нарын шүүх хуралдаанд өгсөн: “...Гэм буруу дээр маргах зүйлгүй, нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Шүүгдэгч С.Ц-ын шүүх хуралдаанд хохирогчийн хувиар өгсөн: “...Манай гэрийн хаалгыг Г цохиод намайг хэл амаар доромжилсон, би Э-тэй өөртэй нь уулзъя гэхэд Э чи миний охин юм уу гээд бас хэл амаар доромжилсон. Э, Г, түүний эхнэр, Э-ийн нөхөр гэсэн дөрвөн хүн тухайн үед байсан. Э намайг үсдээд, нөхөр нь өшиглөсөн. Намайг явах гэхэд Г-ийн эхнэр миний хувцаснаас татаж хойшоо унагасан. Миний бие хөхөрч няцраад, зулгарсан байсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг;
3. Шүүгдэгч И.Э-ийн шүүх хуралдаанд хохирогчийн хувиар өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би ажлаа тараад ирсэн. Манай гэр бүлийн 2 найз ирсэн байсан. Би Г-ийг энэ айл руу ороод “хогоо цэвэрлэ” гэж хэл гээгүй. Намайг гэрээсээ гараад ирэхэд Ц гүйж ирээд цохисон. Ц-т намайг ална гэсэн өш хонзон байсан байх. Миний тархи доргисон, хагалгааны зардал нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг;
4. Хохирогч И.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Мон лаагийн ** тоотод байх гэртээ ирэхэд нөхөр Б согтуу байсан. Удалгүй найзууд болох Г, Ж хоёр 1 шил архи аваад ирсэн. Бид дахиж нэг шил архи авчирч ирээд хувааж уугаад байж байгаад манай нөхөр согтоод унтсан. Би Г, Ж хоёрт манай хашаанд амьдардаг айл их ухамсаргүй юмаа, өчигдөр хашааныхаа хогийг ачих гээд байхад хажуу айлын эмэгтэй Ц утсаа оролдоод хэвтэж байснаа намайг хараад гэрийнхээ хаалгыг хаачихсан гэж ярьсан. Тэгээд байж байтал Г “нойл орчхоод оръё” гээд манай гэрээс гараад явсан. Би удалгүй тамхи татах гээд гарсан чинь Ц урдаас ирээд шууд миний нүүрэнд гараараа нэг удаа цохисон. Намайг газарт унасан чинь Ц миний дээр гарч суугаад үснээс зулгааж байгаад гараараа нүүрэнд цохиод байсан. Ж Ц-ын гараас татаад салгах гэж оролдсон. Г ирээд бид хоёрыг тавиулсан чинь Ц гэртээ ороод хаалгаа түгжсэн. Намайг гэртээ ороод цусаа угаачхаад гараад ирэхэд Ц-ын нөхөр нь хэдэн хүмүүстэй ирээд хашаан дотор байж байсан. Тэгтэл Ц“янхан Э хаана байна” гэхээр нь би “чи намайг янхандаад явж байхыг хаана харсан юм бэ” гэж хэлээд Ц-ын хацарт 1 удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-13, 15 дугаар хуудас);
5. Хохирогч С.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Мон-Лаагийн ** тоот хашаанд гэртээ ганцаараа байж байсан. Манай хашаанд тусдаа гэрт амьдардаг Э-ийн гэрт ирсэн нэг залуу (сүүлд нэрийг нь мэдэхэд Г) манай гэрийн хаалгыг нүдээд онгойлгоход “чи одоо айлын хашаанд байж хогоо аятайхан хая, цэвэрхэн амьдар” гэхээр нь би “хогоо хаях газар нь хаяж байгаа та ирсэн айл руугаа ор” гэж хэлсэн. Тэгтэл манай гэрийн үүдэнд Г-ийн эхнэр болох Ж ирээд “чи одоо жоохон юм байж яасан хэл амтай юм бэ” гэхээр нь “та нар юу яриад байгаа юм бэ, би Э-тэй өөрөө орж уулзъя” гээд гэрээсээ гарахад Э өөдөөс гарч ирээд шууд намайг үснээс зулгаасан. Тэгэхээр нь би Э-ийн үснээс бас зулгаасан. Би “Б ахаа, та эхнэрээ аваач ээ” гэсэн чинь Б ”чи миний эхнэрийн үснээс зулгаалаа” гэж хэлээд миний хөл рүү 1 удаа өшиглөсөн. Э миний үснээс зулгаачхаад тавихгүй байхаар нь би Э-ийн нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон. Э үснээс тавихаар нь цаашаа явах гэсэн чинь Ж гэх эмэгтэй миний цамцнаас татаад газар намайг унагаасан. Тэгтэл Э миний дээр гарч суугаад миний цамцнаас татаад газар унагаасан. Бас миний дээр гарч суугаад нүүрэнд 1 удаа алгадсан. Дараа нь би босоод гэртээ орж хаалгаа түгжээд нөхөр С руу залгаад дуудсан. Миний биед учирсан гэмтлүүдийг Э надтай маргалдаж миний дээр гарч сууж байгаад цохиж зодож учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21 дүгээр хуудас);
6. Гэрч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Э гэрийнхээ гадна байж байсан чинь Ц гүйж очоод Э-ийн нүүрэнд нь гараараа 1 удаа цохисон. Э-ийг газар унахад Ц дээр нь гарч суугаад үсдэлцээд байсан. Тэгэхээр нь манай нөхөр Г бид хоёр салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Э нь Ц-ыг газарт явган сууж байхад нь хацарт нь гараараа 1 удаа алгадсан. Ингээд байж байхад гаднаас цагдаа нар орж ирсэн. Тухайн үед Ц, Э-ийн нүүрэнд нь гараараа 1 удаа цохиход Э-ийн хамраас нь цус гараад хамар нь хугарч гэмтсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар хуудас);
7. Гэрч П.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Э Ц-ыг сууж байхад өшиглөөд үснээс нь зулгаагаад гараараа гар хөл рүү нь цохиод байсан. Намайг хашаанд орох үед Э-ийн хамрын доод хэсэгт нь цус болсон байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45-46 дугаар хуудас);
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5492 дугаартай: “...С.Ц-ын биед дух, зүүн нүдний зовхи, цох, эрүү, хүзүүнд зулгаралт, зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, цээжинд цус хуралт, баруун өвдөг, баруун чамархай, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 59-60-р хуудас);
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 5578 дугаартай: “...И.Э-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булан, хамрын нуруу, баруун бугалга, умдагт цус хуралт, баруун, зүүн эгэмд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булан, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 61-62 дугаар хуудас);
10. Шүүгдэгч И.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 79-81 дугаар хуудас), шүүгдэгч С.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 89-92-р хуудас);
11. Шүүгдэгч И.Э-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 105 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 102 дугаар хуудас), шүүгдэгч С.Ц-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 125 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 122 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч И.Э, С.Ц нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч И.Э, С.Ц нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэд харилцан бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тус бүр тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч тус бүрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.Ц, И.Э нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд шүүх шүүгдэгч С.Ц-аас 304,000.0 төгрөгийг гаргуулж хохирогч И.Э-т олгох, хохирогч И.Э цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Шүүгдэгч С.Ц нь шүүх хуралдааныг 20 минутаар завсарлуулах тухай хүсэлт гаргаж уг хугацаанд 304,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, мөн шүүгдэгч И.Э-ийг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Ц, И.Э нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц, И.Э нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Отгонгэрэл эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эдийн засаг хүнд, цар тахалтай холбоотой онц байдал зарлаж хөл хорионы дэглэм тогтоосон зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа эрүүгийн хариуцлагын дүгнэлдээ: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргаагүй. Ц-ын зүгээс 304,000 төгрөгийн хохирол төлсөн, тодорхой ажил эрхэлдэг боловч хөл хориотой холбоотой орлого багассан байгаа. Шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг арилсан зэргийг харгалзан үзэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүх өмгөөлөгч нарын саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц, И.Э нарт тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, тэдний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Ц нь хохирогч И.Э-т 304,000.0 төгрөгийг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч И.Э нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тэдэнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн И.Э, З овгийн С.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц, И.Э нарт тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц, И.Э нарт оногдуулсан торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч С.Ц, И.Э нарт шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч И.Э нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй заасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Ц нь хохирогч И.Э-т 304,000.0 төгрөгийг төлсөн бөгөөд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч И.Э нь төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Ц, И.Э нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА