Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/102

 

                          

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Х.Анхцэцэг, шүүгдэгч Г.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Э овгийн Г.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 02973 1458 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э овгийн Г.Ц, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, “***”-д программист ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сум, *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын ** дугаар байрны ** тоотод ганцаараа түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Ц нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын ** тоотод иргэн Т.Ж-гийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар ашиглан ХААН банкны *** дугаартай данснаас нь 360,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар шилжүүлэн авч покер тоглож, 360,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Э овгийн Г.Ц нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын ** тоотод иргэн Т.Ж-гийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг зөвшөөрөлгүйгээр ашиглан ХААН банкны *** дугаартай данснаас 360,000.0 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Ц-ы шүүх хуралдаанд өгсөн: “...Хохирогч Ж-гийн данснаас 360,000 төгрөгийг аваад покерын данс руу хийсэн нь үнэн, гэхдээ би покер тоглоогүй. Хохирогч урьд өдөр нь над руу салаавч гаргаад, доромжлоод байсан учир уур хүрээд түүнийг чадах гэж мөнгийг нь покерын данс руу шилжүүлсэн. Т 360,000 төгрөгийг авч хохирол төлсөн. Хэрэв би тэр мөнгийг үрээд покер тоглосон байсан бол Т надад 360,000 төгрөг өгөх шаардлага байхгүй байсан. Гэхдээ Ж-гийн данснаас мөнгө авсан гэдэгтэй маргах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Т.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр найзуудтайгаа хороололд паабад сууж байгаад өглөө 05 цагийн ганцаараа харих гээд явсан. Өргөө кинотеатрын автобусны ойролцоо гар өргөөд зогсож байтал урд талдаа буюу жолоочийн хажуу талдаа хүн суулгасан саарал өнгийн Prius 30 маркийн автомашин ирээд зогссон. Би машины арын суудал дээр суугаад Залуус хорооллын гадна талд очсон. Машины жолооч нь 20 орчим насны залуу байсан ба хажууд нь бас 20 орчим насны залуу сууж байсан. Жолооч нь надад таксины мөнгө 7000 төгрөг болсон байна гэж хэлсэн. Би таксины мөнгийг ХААН банкны мобайл банк ашиглаад өгөх гэтэл миний утасны цэнэг дуусчихсан байсан. Тэгээд жолоочийн гар утсаар орохоор болоод би өөрийнхөө ХААН банкны мобайл банкны нууц код болох *** гэсэн кодыг, гүйлгээний нууц үгийг мөн хэлсэн. Жолооч 7000 төгрөг шилжүүлчихлээ гэхээр нь би за за гээд машинаас буусан. Би гэртээ орж амраад 10 цагийн үед сэрээд утсаа цэнэглэж байгаад дансаа шалгаж үзэхэд 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 06 цаг 19 минутад таксины жолоочийн ХААН банкны *** тоот данс руу 7000 төгрөг шилжсэн байсан ба мөн 09 цаг 46 минутад “ЕВ Рууzdаа” гэсэн утгаар 360,000 төгрөгийг ХААН банкны *** тоот данс руу шилжүүлэн авсан байсан. Би тухайн үед согтуу байсан, миний бодлоор таксины жолооч миний дансны нууц үг нэвтрэх нууц үгийг мэдчихээд дараа нь өөр хүний данс ашиглаж миний мөнгийг авчихсан байх гэж сэжиглэж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуудас);

3. Гэрч Л.Э-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз Ц-тай Тоёота Аллион маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явсан. 2020 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө 06 цагийн орчимд хорооллын бичилд байдаг Энхбаярын замын орчмоос нэг эрэгтэйг авсан. Би жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан ба Ц машин жолоодож явсан. Тухайн эрэгтэй хүн машинд суугаад Залуус хороолол орно гэж хэлсэн. Залуус хороололд очоод зогсоол дээр зогсоод тооцоо хийх болоход утасны цэнэг дуусчихсан, бэлэн мөнгө байхгүй байна гэсэн. Тэгээд надаас гар утсаа өгчих, интернэт банк ашиглаад таксины мөнгөө өгчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн “Samsung С6 edge” маркийн гар утсыг өгсөн бөгөөд интернэт банкаар мөнгө шилжүүлэхдээ нууц үг болон кодоо хэд хэдэн удаа буруу хийгээд байсан. Тэр хүн Ц-ы данс руу 7000 төгрөгийг таксины мөнгө гэж шилжүүлсэн. Ц бид хоёр тэр хүнийг буулгаад Москва хороолол орж би унтаж амарсан, Ц өөрийнхөө гэрийн компьютероор интернэт орж байна гээд суусан. Хэд хоногийн дараа Ц надтай уулзахдаа би нөгөө Залуус хороололд хүргэж өгсөн хүний интернэт нууц үгийг нь цээжилчихсэн байж байгаад гэртээ очоод цахим тоглоомын данс руу тоглоом тоглох гээд мөнгө хийчихсэн чинь цагдаа сэргийлэх болоод байна гэж хэлж байсан. Залуус хороололд хүргүүлсэн залуу архи уучихсан нэлээн согтуу байсан шиг санагдаж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 34 дүгээр хуудас);

4. ХААН банкны *** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 12 дугаар хуудас), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 77, 85-86 дугаар хуудас);

5. Шүүгдэгч Г.Ц-ы иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 67 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 55 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Г.Ц-ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн буруутай үйлдэлд их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 49 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Ц-ы үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Гэмт хэргийн улмаас биет байдлаар нийт 360,000 төгрөг алдагдсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангасан гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Ц-ы үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Ц-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Т.Ж нь хохирлын мөнгөө бүрэн авсан, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн (хх-ийн 118 дугаар хуудас) байх тул шүүгдэгч Г.Ц-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Хохирогч Т.Ж нь шүүгдэгчтэй зүй бусаар харилцлаа гэхэд тухайн үед иргэний эрхээ эдлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөх бүрэн боломжтой байсан. Гэтэл хохирогчийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг цээжлээд 7000 төгрөгийг авснаас хойш 3 цагийн дараа гэрийнхээ компьютероос покерын веб сайтад нэвтэрч Т гэх хүний данс руу мөнгө шилжүүлсэн. Шүүгдэгчийн зүгээс покер тоглоогүй гэж мэдүүлж байна. Гэтэл покер тоглох санаа байсан гэдгийг гэрч Э мэдүүлсэн. Өнөөдрийн шүүх хуралдааны мэтгэлцээн хулгайлах гэмт хэргийн хүрээнд явагдаж байгаа. Цахим бооцоот тоглоом тоглох нь зөрчлийн гэмт хэргийн шинжтэй. Гэрчид хууль сануулж мэдүүлэг авсан. Шүүгдэгчийн таамаглалаар гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх боломжгүй. Э мэдүүлэхдээ хохирогч архи уусан, согтолттой байсан санагдаж байна гэж хэлсэн байдаг. Түүнээс биш манай найз Ц-ыг хэл амаар доромжилсон, зүй бус харилцсан гэх талаар мэдүүлээгүй. Иймд шүүгдэгч Г.Ц-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 хуудас дансны хуулгыг хэрэгт хавсарган үлдээх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...Гэм буруугийн талаар маргах зүйлгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Шүүгдэгч Г.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон тул тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Г.Ц-ыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Ц-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг сануулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дансны хуулга нэг ширхгийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Э овгийн Г.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Г.Ц-ыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ц-д гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

4.Шүүгдэгч Г.Ц-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг сануулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дансны хуулга нэг ширхгийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Ц-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                   

 ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА