Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/47

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Б даргалж,

 

Улсын яллагч Ц.Л,

Хохирогч Я.З,

Шүүгдэгч М.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нарыг оролцуулан,

 

 Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-т холбогдох эрүүгийн 2025004290022 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.Б нь 2020 оны 08 сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-4-7-7 тоотод оршин суух Я.З-ын гэрээс Хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч данснаас нь бэлэн мөнгө авч 808.300 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч М.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогч Я.З-ыг 2 жилийн өмнө таньдаг болсон. Виза картны кодыг хамт юм худалдаж авч байхдаа мэдсэн. Хот явахдаа картнаас нь авсан 800.000 төгрөгийг найздаа өгсөн. Буцааж аваагүй. Би буруу үйлдэл хийсэн. Хохирогчид 808.000 төгрөгийг шүүх хурлын өмнө өгсөн. Картны үнэ 50.000 төгрөгийг одоо төлье гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Я.З-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 08 сарын 24-нд М.Б манайд ирсэн. Заамараас буцаж явна гэсэн. Харина гээд явсан боловч 1 хоноод буцаад ирсэн. Унаа олдсонгүй гэсэн. Тэгээд надтай хамт Хутаг-Өндөр явахаар болсон. Өглөө эрт болоод намайг дуудсан удаагүй гараад явсан. Би 09 цаг өнгөрөөж босоод утсаа хартал мессеж ирсэн. Картнаас мөнгө гарсан байсан. Карт алга болсныг мэдээд картаа хаалгасан. Тэгээд М.Б-ийг эрээд олоогүй. Ээж рүү нь ярьсан боловч манай хүүхэд ийм юм хийхгүй гээд байсан. Уг нь цагдаад өгөхөөсөө өмнө ээжтэй нь ярьсан боловч мэдэхгүй гэсэн. Тэгээд цагдаад хандсан. М.Б уг нь гайгүй хүүхэд байсан. Гэртээ хонуулсан нь буруу болсон. 808.000 төгрөг төлөгдсөн. Үлдэгдэл картны 50.000 төгрөг нэхэмжилснийг төлчихлөө гэсэн мэдүүлэг,  

 

-Яллагдагч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Я.З ахын хажуудаа тавиад унтчихсан байсан картыг 08 сарын 27-ны өглөө гэрээс нь гарахдаа аваад гарсан. Тэгээд Я.З ахын гэрээс гармагцаа төв Хаан банкны салбараас очиж картнаас нь 800.000 төгрөгийг бэлнээр гаргуулан аваад барилгачингийн талбайгаас Улаанбаатар хот руу явдаг Sonata-7 загварын тээврийн хэрэгсэлд суусан. Уг тээврийн хэрэгслээр Орхон аймгаас гарахдаа Содон нэртэй хүнсний дэлгүүрээс 8.300 төгрөгөнд тамхи, ундаа авсан. 8.300 төгрөгийг Я.З ахын картнаас нэмж уншуулсан гэсэн мэдүүлэг /хх 76-78 ху/,

 

-Ашид Билгүүн ХХК-ний 2020 оны 08 сарын 31-ний өдрийн 20/124 дугаартай Алтан карт /хаан банк/-ны үнэ 50.000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх 22 ху/

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 81 ху/

-Хохирогч Я.З-ын 5094462595 тоот хаан банкны дансны хуулга /хх-ийн 29-30 ху/,

-Мөрдөгчийн тэмдэглэл /хх 64-73 ху/,

-М.Б-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 76-78 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 08 сарын 26-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-4-7-7 тоотод оршин суух Я.З-ын гэрээс Хаан банкны хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч данснаас нь бэлэн мөнгө авч 808.300 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хохирогч Я.З-ыг 2 жилийн өмнө таньдаг болсон. Виза картны кодыг хамт юм худалдаж авч байхдаа мэдсэн. Хот явахдаа картнаас нь авсан 800.000 төгрөгийг найздаа өгсөн. Би буруу үйлдэл хийсэн” гэсэн,  хохирогч Я.Зоригтбаатарын “...Өглөө 07-08 цагийн хооронд Зоригоо гэрээ явахыг би мэдсэн. Тэгээд сэрээд хартал миний Хаан банкны карт алдагдсан байсан... Тухайн залуу миний картнаас бэлнээр 800.000  төгрөг, Содон дэлгүүрээс 8.300 төгрөгийг уншуулсан байсан” гэсэн мэдүүлгүүд,  алтан картны үнэлгээ 50.000 төгрөг болохыг тогтоосон “Ашид Билгүүн” ХХ-ийн 20/124 дугаартай дүгнэлт,  хохирогчийн 5094462595 тоот дансны хуулга /хх 29-30 ху/, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

Орхон аймгийн прокуророос шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

 

           Шүүгдэгч М.Б нь  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

            Энэ хэргийн улмаас хохирогчид бэлэн 808.300 төгрөг, Хаан банкны алтан картны үнэ болох 50.000 төгрөг, нийт 858.300 төгрөгний хохирол учирсныг шүүгдэгч нь шүүхийн шатанд төлж барагдуулсан тул хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт М-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийн эдлэх 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.Б