| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 185/2021/0060/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0069 |
| Огноо | 2021-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0069
2021 01 27 2021/ШЦТ/0069
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2021/0060/Э
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагчаар хяналтын прокурор П.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.
Г-д холбогдох эрүүгийн 21... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жасиун” төвийн баруун талын автобусны буудал дээр 84-36 УБТ улсын дугаартай цагаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэлд сууж байхад хохирогч Э.Б-т таксинд явах уу гэсний улмаас маргалдаж гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн дух, баруун шанаа, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт зулгаралт хамрын нуруу, баруун хацар цээжний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
улмаар зодооныг салгах таслан зогсоох үйлдэл хийсэн Э.Б-тийн эхнэр хохирогч Ш.Эийг өшиглөж баруун шуу баруун сарвууны 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, зүүн бугалганы цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жасиун” төвийн баруун талын автобусны буудал дээр 84-36 УБТ улсын дугаартай цагаан өнгийн приус маркийн тээврийн хэрэгсэлд сууж байхадаа, хохирогч Э.Б-т таксинд явах уу гэсний улмаас маргалдаж гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн түүний биед “дух, баруун шанаа, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт зулгаралт хамрын нуруу, баруун хацар цээжний цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
улмаар зодооныг салгах таслан зогсоох үйлдэл хийсэн Э.Б-тийн эхнэр, хохирогч Ш.Э-ийг өшиглөж түүний биед “баруун шуу баруун сарвууны 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, зүүн бугалганы цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Хохирогч Э.Б-ийн өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Жасиун төвийн автобусны буудал дээрээс такси барих гээд гараад хоёр залуутай таараад маргалдаж зодуулсан... Буудал дээр зогсож байхаар нь таксинд явах уу гээд асуусан юм. Гэтэл хөгшин төгцөг минь зайлаараа чам шиг юманд үйлчилдэггүй юм гээд маргалдсан. Юу гээд байгаа муу бацаанууд вэ гээд хэрэлдсэн. Тэгж маргаад бууж ирээд намайг зодсон. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12864 дугаартай: 1. Э.Б-тийн биед “дух, баруун шанаа, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт зулгаралт хамрын нуруу, баруун хацар цээжний цус хуралт, зулгаралт” бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 26-27 тал/
Хохирогч Ш.Э-ийн өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 20 цагийн үед такси барих гээд гар өргөөд зогсож байта такси зогсохгүй байсан. Гэтэл буудал дээр 1 машин ирээд зогсохоор нь түнээс таксинд явах уу гээд манай нөхөр асуусаагаад ахыгаа хүргээд өгчих гэхэд манай нөхрийг тэнэг мангараар нь дуудаад маргасан... бууж ирээд манай нөхрийг цохиж аваад хоёр залуу.. хоёр талаас нь өшиглөөд газар унагаагаад дэвсэлсэн. Тэгэхээр нь би та нар болиоч гэхэд намайг үсдэж аваад гар руу өшиглөж цохьсон... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 12863 дугаартай: Ш.Э-ийн биед “баруун шуу баруун сарвууны 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, зүүн бугалганы цус хуралт” бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 21-22 тал/
Гэрч Х.Даваадондогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шиг санаж байна. Орой 19, 20 цагийн орчимд 7 буудал дээр багийн найз Г.Г той тааралдсан юм. Бид... тус бүр 2 лааз пиво уусан... жолооч талын цонхоор нэг согтуу эрэгтэй таксинд явах уу гэж асуухаар нь би явахгүй гэтэл таксинд явахгүй бол яах гэж энд зогсдог новш вэ гэсэн. Г.Г машины хойд суудлаас бууж очоод тухайн эрэгтэйг заамдаж авахад хариуд нь тэр эрэгтэй Г.Г ыг цохиод харилцан зодоон болсон. Энэ үед би болон тухайн эрэгтэйтэй хамт явж байсан эмэгтэй тус зодооныг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,
Шүүгдэгч Г.Г ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн
: “...би тэр хүнийг 2-3 удаа цохисон. Тэр хүн намайг мөн 2-3 удаа цохисон. Тэгтэл тэр ахтай хамт явж байсан эмэгтэй мөн манай найз Даваадондог нар бид хоёрыг салгаад маргалдаж байх хооронд цагдаа ирсэн. Гараа цохисон нөгөө хүн ч гэсэн намайг гараараа цохисон. Эмэгтэйг бол цохиж зодсон зүйл байхгүй бид хоёрын дундуур орсон” гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээсэн зөвшөөрч байгаа тухай мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, өөрийгөө удирдан жолоодох чадвар дутмаг зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.
Шүүгдэгч Г.Г нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Г.Г нь согтуугаар Э.Б-тийн биед “дух, баруун шанаа, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт зулгаралт хамрын нуруу, баруун хацар цээжний цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол, Ш.Э-ийн биед “баруун шуу баруун сарвууны 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, зүүн бугалганы цус хуралт” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Г.Г ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ш.Э, Э.Б-т нар нь шүүгдэгч Г.Г ыг хохирол төлж барагдуулсан талаар прокурорт хүсэлт /хх-ийн 80, 81 тал/ гаргасан, шүүх хуралдаанд хохирогч нарт нийт нэг сая төгрөг өгсөн талаар мэдүүлж байгаа, хохирогч нарын гомдол саналгүй талаарх мэдүүлэг хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Г.Г ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Г.Г нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж эвлэрсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч Г.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд
мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Г.Г т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ