| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2021/0110/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/103 |
| Огноо | 2021-01-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/103
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Х.Анхцэцэг, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ө овгийн Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 1500 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ө овгийн Б.Б, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ойжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эцэг, эх, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баацагаан сум, ** багт оршин суудаг, регистрийн дугаар: ***,
-урьд Баянхонгор аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 6 сарын хугацаагаар хойшлуулсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ** их сургуулийн оюутны байрны ** тоот өрөөнөөс Б.П-ын “Samsung А10S” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 350,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Ө овгийн Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ** их сургуулийн оюутны байрны ** тоот өрөөнөөс Б.П-ын “Samsung А10S” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш буюу 350,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр таксинд явж байгаад хохирогчийг гар өргөхөөр нь авсан. Хохирогч намайг шөнөжин үйлчлээд өгөөч мөнгийг чинь хангалттай өгнө гэж хэлээд 21 дүгээр хороололд орж 2 охин аваад, Цамбагарав орж шар айраг аваад буцаад 21 дүгээр хорооллын оюутны байранд очсон. Хохирогч надтай хамт байж бай, буцаад явна гээд хамт айл руу орсон. Тэгснээ нэг шар айраг уугаад надад агсам тавиад, намайг нэг цохисон, таксины мөнгөө ч өгөөгүй. Би явах гэж байгаад үүдэнд нь гар утас байхаар нь уурласандаа аваад гарсан...” гэсэн мэдүүлэг;
2. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан: "...Манай найзууд болох Ө, Н нар манай гэрт ирж хоносон. 11-ний өглөө миний утас олдоогүй. Манай найзууд авчихсан юм шиг байна. Энэ хэргийг шалгаж өгнө үү...” гэсэн өргөдөл (хх-ийн 3 дугаар хуудас);
3. Хохирогч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр ** их сургуулийн оюутны байрны ** тоот өрөөг хөлслөн амьдардаг. 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 21 цагийн үед манай найз Ө манайд ирээд бид хоёр 22 цагийн үед гэрээсээ гараад хороололд “**” нэртэй бааранд сууж хэдэн шил пиво ууж байгаад баар хаах үеэр буюу 04 цагийн үед гараад гэр лүү такситай харьсан. Баарнаас гарах үед найз Ө Н гэх залуу руу залгаад хаана байгаа юм, би найзтайгаа явж байна гээд уг залууг манай гэрт дуудсан. Гэтэл Н эргэж залгаад би нэг найзтайгаа хамт явж байна, цуг яваад очих уу гэхээр нь бид 2 тэг тэг гэж хэлээд байрныхаа урд такситайгаа хүлээж байсан. Удалгүй Н найзтайгаа ирээд бид 4 манайд орж 2 ширхэг том пиво уугаад хоносон. Н-тай цуг ирсэн залуу өөрийгөө Б гэж танилцуулж байсан. Өглөө 07 цагийн үед Н-тай ирсэн залуу гараад явсан. Гараад явсны дараа манай ээж чиний утас холбогдохгүй байна гээд манайд байсан Ө, Н хоёрыг хөөгөөд гаргасан. Ээж ч удалгүй явсан. Би хэсэг унтаж байгаад утсаа хайтал байхгүй, хүний утсаар залгахад холбогдохгүй байсан. Тэгээд би цагдаад хандсан. Миний бодлоор миний утсыг Н-тай ирсэн Б гэх залуу хулгайлсан байх. Миний утас Samsung А-10S загварын хөх өнгийн гар утас байсан ба 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мобикомоос 499,000 төгрөгийн лизингээр авсан. Би авсан газраасаа үнийг нь асуухад хэрэглэж байсан нь 459,000 төгрөгийн үнэтэй гэсэн тул 459,000 төгрөгөөр утсаа үнэлж байна. Харин утасны гэрийг үнэлүүлэхгүй....Би Samsung А-10S загварын гар утас болон ягаан өнгийн цэцэгтэй гэрийг дэслэгч Б Чинбатаас хүлээн авсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10, 13 дугаар хуудас);
4. Гэрч О.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 02 цагийн орчимд П, Ө нар над руу залгаад хүрээд ирээч хамт ууя гэсэн. Би 10 дугаар хорооллоос такси бариад замдаа жолоочтой танилцаад манай эмэгтэй хоёр найз намайг дуудсан, чи хамт орох уу гэж асуухад харж байгаад болъё гэж хэлсэн. Тэгээд манай хоёр найзыг хараад хамт орохоор болсон. Гэрт нь ороод бид дөрөв Сэнгүр нэртэй пиво томоос нь хоёрыг хувааж уусан. Нэг мэдэхэд нөгөө таксины жолооч явлаа гэдгээ хэлэлгүй явсан байсан. Намайг гэртээ очоод байж байтал П, Ө хоёр над руу залгаж утас алга болчихлоо гэж хэлсэн. Тухайн үед жолоочид хамт орохыг би санал болгосон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21 дүгээр хуудас);
5. Гэрч Б.Ө-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 11-ний 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, ** оюутны байрны ** тоотод байх найз П-ын гэрт Н болон түүний найзын хамт орсон. Бид хоёр том Сэнгүр пиво авч орж ууж дуусаад байж байтал манай дүү уурлаад гараад явахад нь би араас нь гарч хайж байгаад орж ирсэн. Орж ирэхэд П, Н-ын найз нь хамт байж байсан. Н бид хоёр урьд нь үерхэж байгаад салсан, уулзаагүй удсан байсан. Харин найз гээд байгаа залууг нь тухайн өдөр анх удаа харсан. Н хамт орж ирсэн залуугаа Б гэж танилцуулсан. Б Н-аас таксины мөнгө нэхээгүй, тэд хоорондоо маргалдсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18, 78 дугаар хуудас);
6. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний 2718, 2858 дугаартай тайлан (хх-ийн 40, 45 дугаар хуудас), эд мөрийн баримт хураан авсан хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 36, 38 дугаар хуудас), “Бан бан” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний бичиг (хх-ийн 60 дугаар хуудас);
7. Шүүгдэгч Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 70 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 66 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 85-90 дүгээр хуудас);
8. Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би хувьдаа саарал өнгийн “Sonata 6” загварын авто машинтай. 2020 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 02 цагийн үед ганцаараа халтуур хийгээд явж байхад үл таних залуу гар өргөхөөр нь суулгасан. Ингээд ** дээд сургуулийн оюутны байранд ирсэн. Би мөнгөө авъя гэж бодоод тэр залууг дагаад тус байрны ** тоотод орсон. Орсон хойноо тэр залуу надтай хэрүүл маргаан хийх гээд байхаар нь би гарах гэтэл үүдний хэсэгт нь очтол нэг ширхэг гар утас байхаар нь аваад гарсан. Утсыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ** нэртэй ломбардад өөрийн нэр дээр 150,000 төгрөгөөр барьцаалсан. Ломбардад 160,600 төгрөгийг, хохирогч Б.П-т гар утсыг нь буцааж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 54 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох “Samsung A-10S” загварын гар утсыг 350,000 төгрөгөөр үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 350,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-ийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.П нь хохирлоо биет байдлаар хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...тусгайлан хэлэх зүйлгүй...” гэв.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн урьд мөн өмчийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан боловч засрал хүмүүжил аваагүй хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ө овгийн Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА