Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0070

 

  

 

 

 

  

 

2021         01             27                                     2021/ШЦТ/0070

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хэргийн индекс: 185/2021/0061/Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 200... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ:   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чонон Бөртэ төвд үйл ажиллагаа явуулах Сан стрийт бааран дотор Г.Б-тай “найзтай муудалцаж, цагдаа дуудлаа” гэх зүйлээр шалтаглан маргалдан, улмаар түүний толгойн дух хэсгээр нь шал мөргүүлэх, боох, өшиглөх санаатай үйлдэл хийж, Г.Б-ын биед “духны хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний цус хуралт, цэгцэлсэн цус харвалт, цээжний цус харвалт, цээжний цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чонон Бөртэ төвд үйл ажиллагаа явуулах Сан стрийт бааран дотор Г.Б-тай “найзтай муудалцаж, цагдаа дуудлаа” гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний толгойн дух хэсгээр нь шал мөргүүлэх, боох, өшиглөх зэрэгээр зодож, Г.Б-ын биед “духны хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний цус хуралт, цэгцэлсэн цус харвалт, цээжний цус харвалт, цээжний цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

Хохирогч Г.Б-ын өгсөн: “...2020 оны 10 дугаар сарынэ 10-ны өдөр 02 цагийн үед Чоно бөртэ төвд байрлах Сант стрийт бааранд үйлчлүүлээд ширээн дээр сууж байхад  үл таних нэг залуу ирээд нүүр рүү гараараа цохисон. Тэгэхээр нь яагаад цохиж байгаа юм бэ, цагдаа дуудна гэхэд нэг залуу ирээд нөгөө найзыгаа өмөөрөөд хойноос боогоод газарт шал мөргүүлээд, өшиглөөд өвдөглөсөн... намайг ширээн дээр сууж байхад ямар шалтгаагүйгээр миний баруун нүд хэсэгт гараараа нэг удаа цохисон залуугийн нэрийг нь Өгөөмөр гэсэн. Өгөөмөр гэх залуу цохисны улмаас биед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх учраагүй. Дараа нь Өгөөмөртэй хамт явж байсан малгайтай эрэгтэй намайг боож газар доош харуулж унагаад унасан хойно дагзан дээр өвдөглөөд дух хэсгээр шал мөргүүлсэн. Энэ үед дух гэмтчих шиг болсон. Мах их өвдөлт мэдрэгдсэн... тухай залуу 26-32 орчим настай, туранхай биетэй, 165 орчим өндөртэй, шардуу царайтай эрэгтэй байсан бөгөөд тухай үед кээпик малгайтай байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 17-18 тал/

Гэрч Б.Өгөөмөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр  22-23  цагийн орчим хамт ажилдладаг хүнтэй Чоно бөртэ төвийн б1 давхарт үйл ажиллагаа явуулдаг Сант стрийт бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд тамхины өрөөнөөс тамхи татаад гараад явж байтал хохирогч залуу намайг мөрлөхөөр нь зүгээр байгаарай гээд хоорондоо маргалдсан. Тэгээд намайг өөдөөс бацаан минь гэхээр нь дургүй хүрээд ширээн дээр нь очиж байгаад нүүр рүү нь 1 удаа цохисон. Тэр үед тэнд байсан хүмүүс салгасан...Би Нацгаа, Дамдинсүрэн, Бадрал, Доржоо нарыг тухайн үед бааранд дагуулж орсон бөгөөд өөрөө хүнтэй маргалдаж асуудал гаргасан болохоор асуудалд оруулж яахав гэж бодоод өмнө нь өгсөн мэдүүлэгтээ хоёулаа байсан гэж мэдүүлэг өгсөн... Дамдинсүрэн тухайн өдөр саарил кээпик малгайтай , ногоон өнгийн цамцтай, ногоон билүү саарал өнгийн өмдтэй байсан...” ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

Гэрч Д.Отгонбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 10 пугаар сарын 03-ны өдрөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Сант стрийт баарнд ажил дээрээ байх үед үйлчлүүлэгч нар муудаад байна гэхээр нь б1 давхар руу буугаад очиход баарны коридорт 4-5 хүн бөөгнөрсөн байсан. Тэгэхээр нь очоод юу болоод байгаа юм бэ гээд эвтэйхэн учираа олчихоо гэж хэлсэн. Тэгээд хоорондоо маргалдаж байсан хүмүүс манай баарны тек хавьцаа хоорондоо хэрэлдээд байсан бөгөөд зодуулсан гэх залуу нь ганцаараа явж байсан. Тухайн залуутай маргалдсан 3 залууг би баарнаас гаргаж явуулсан. Дараа нь зодуулсан гэх залуугаас юу болсон талаар асуухад Өгөөмөр гэх залуу зүгээр байж байхад намайг нэг удаа цохисон. Өгөөмөр гэх хүнтэй хамт явж байсан залуу намайг коридорт хавирч унагаагаад дээрээс өвдөглөөд дараад байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 14 тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11700 дугаартай: 1. Г.Б-ын биед “духны хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний цус хуралт, цэгцэлсэн цус харвалт, цээжний цус харвалт, цээжний цус хуралт, зулгаралт” бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 24-25 тал/

Шүүгдэгч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өгөөмөр болон хохирогч залуу 2 муудалцаад байгаа дуу надад сонсогдсон тул би тийшээ яваад орсон. Намайг ороход тэр хоёр маргалдаад байж байсан. Хэн хэндээ хүрээгүй хол байсан...хохирогч гэх залууг Өгөөмөрөөс холдуулаад түүнтэй ярилцахаар коридор руу аваад  явсан. Тэгээд коридорт гараад тэр залуугаас уучлаарай бид нар олуулаа байна, чи ганцаараа явж байгаа юм байна, хэн хэн маань архи уусан иймд ямар нэгэн байдлаар асуудал үүсгэхгүйгээр салаад явы гэж хэлсэн. Тэгэхэд тэр хохирогч гэх залуу тайвширахгүй байсан.  Биднийг өөрийнхөө өмнө өвдөг сөгдөөд уучилалт гуй гээд... байхаар нь би газар унагааж айлгаад дуугүй болгочихъё гэж дотроо бодоод тухайн залууг баруун гараараа энгэнээс нь заамдаж түүний зүүн хөл оүү өөрийн баруун хөлөөрээ хавирч унагаасан. Тухайн залуу унахдаа яг араараа унасан. Дахиж босож ирэх гэхээр нь би түүний зүүн мөр хүзүү хоёрын дунд хавьцаа дараад босгоогүй. Гэхдээ тийм их удаагүй бөгөөд ойролцоогоор 20 орчим секунт л дарсан байх. Тжэр залууг дарж байхад тэр залуугийн нүүр улайгаад эхлэхээр нь би татсан... ” гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/,
  • Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/,
  • Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/,
  • Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 54 дугаар хуудас/,
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /хх-ийн 55-56 тал/
  • Үл хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-47 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Б.Д нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.Д нь согтуугаар Г.Б-ын биед “баруун шуу баруун сарвууны 5 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, зүүн бугалганы цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Д-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч Г.Б шүүгдэгч Б.Д-д хохирол төлж барагдуулсан талаар мөрдөгчийн тэмдэглэл, хүсэлт  /хх-ийн 65, 67 тал/, шүүгдэгчийн шүүх хуралдаан хохирогчид 3 сая төгрөг өгсөн талаарх мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Д нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

5. Шүүгдэгч Б.Д-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ