| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 185/2021/0065/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0073 |
| Огноо | 2021-01-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0073
2021 01 27 2021/ШЦТ/0073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2021/0065/Э
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Чинзориг,
Шүүгдэгч Ц.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ч-д холбогдох эрүүгийн 200... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. ХЯНАВАЛ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Ч нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 22 цаг 11 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон нуурын гудамж, “Турбо” авто сервисийн баруун талын замд “Хонда Инсайт” маркийн 39-18 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Т-ыг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Ч нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 22 цаг 11 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон нуурын гудамж, “Турбо” авто сервисийн баруун талын замд “Хонда Инсайт” маркийн 39-18 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн дүрмийн 12.3 дахь заалт “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Т-ыг мөргөж, эрүүл мэндэд нь “баруун дунд чөмөгт ясны хүзүү хэсгийн зөрөөтэй далд хугарал, дух, уруул, эрүүнд шарх, дух, хамрын нуруу, эрүү, баруун ташаанд зулгаралт, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Хохирогч Б.Т-ы өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 22 цагийн орчимд гэрийнхээ гадна замын эсрэг талд байдаг хүнсний дэлгүүрээс тамхи авах гээд баруунаас зүүн тийш зам хөндлөн гарах үедээ урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан машинд мөргүүлсэн.../ тухайн үед цагдаа нар намайг багажаар үлээлгэж шалгахад 2.175% согтолттой байсан. Би явган хүний гарцгүй газраас зам хөндлөн гарсан. Тэр хавьд явган хүний гарц байхгүй... Жолооч Ц.Ч ослын улмаас эрүүл мэндэд учирсан нийт 1.253.700 төгрөгийг төлж барагдуулсан. Би тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын гарцгүй газраар зам хөндлөн гарсан миний буруу бас байгаа... " гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 25 тал/
2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-13 тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “... Бичлэг эхлэхэд Улаанбаатар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 23:03:56 цаг болж байх ба “Турбо” авто сервисийн баруун талын зам бүрэн тод харагдаж байна. Бичлэгийн зүүн дээд буланд кам-7 гэсэн бичиглэлтэй байна. Автомашинууд хөдөлгөөн сийрэ, чөлөөтэй оролцож байна. 23:05:42 цагт явган зорчигч зорчих хэсгээр явж байгаа нь бичлэгт харагдаж байна. 23:05:54 цагт явган зорчигч мөргүүлж байгаа нь бичлэгт харагдаж байна...” /хх-ийн 18-21 тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12755 дугаартай: 1. Б.Т-ы биед “баруун дунд чөмөгт ясны хүзүү хэсгийн зөрөөтэй далд хугарал, дух, уруул, эрүүнд шарх, дух, хамрын нуруу, эрүү, баруун ташаанд зулгаралт, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 60-61 тал/
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн магадлагаанд: “...Хонда Инсайт маркийн 39-18 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Ч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн дүрмийн 12.3 дахь заалт “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг явган зорчигч Будын Тэгшжаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дахь заалт “ явган зорчигч нь явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгч хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.... гэжээ /хх-ийн 77 тал/
Шүүгдэгч Ц.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 22 цаг 10 минутын орчимд 39-18 УБИ улсын дугаартай Хонда Инсайт маркийн автомашин жолоодоод эхнэр, хүүхдийн хамт гэртээ харих гээд явж байгаад шинэ замын “Турбо авто” сервисийн баруун талын замд миний зүүн гар талаас буюу ертөнцийн зүгээр баруун талаас явган зорчигч машины урдуур гэнэт ороод ирсэн. Би тэр явган зорчигчийг замаар явж байгааг анзаараагүй байсан учир гэнэт машины урдуур ороод ирэхээр нь машинаа зогсоож амжилгүй тэр хүнийг машиныхаа урдуур мөргөөд унагаад машинаа зогсоосон. Тухайн үед миний өөдөөс ямар ч машин зөрж өнгөрөөгүй. Тэр явган зорчигч машинд мөргүүлэх үедээ машины урд талын салхины шилийг толгойгоороо мөргөөд буцаж урагшаа шидэгдээд машины баруун талд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд унасан... Би ойролцоогоор 50-55 км/цагийн хурдтай явж байсан. Би явган зорчигчийг хараад сандраад тоормослож амжаагүй мөргөж унагасан. Тэгээд явган зорчигчийг мөргөснийхөө дараа тоормослоод зогссон… Гадаа харанхуй болсон байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Замын хальтиргаа гулгаа байхгүй байсан. Замын гэрэлтүүлэг асаж байсан...” гэх мэдүүлэг, шүүх хуралдаан гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, хууль зүйн мэдлэг дутмаг, мөн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, хохирогчийн зүй бус үйлдэл буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дахь заалт “ явган зорчигч нь явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгч хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Ц.Ч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлтүүд зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэдгээ мэдсээр байж санаатай зөрчсөн ба бусдын биед хохирол учруулах нөхцөл байдлыг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Ц.Ч-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль журмыг зөрчиж, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.Т нь шүүгдэгч Ц.Ч-д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлж барагдуулсан талаарх хүсэлтээ /хх-ийн 113 тал/ өгсөн байх тул шүүгдэгч Ц.Ч-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Ц.Ч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчоос уучлалт гуйж эвлэрснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч Ц.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Ч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Ц.Ч ид оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ