Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0848/З |
Дугаар | 669 |
Огноо | 2018-10-29 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 669
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.С
Нэхэмжлэгч: “О” ТББ
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,
Гуравдагч этгээд: “С” ХХК,
Гуравдагч этгээд: “Х” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Геологи уул, уурхайн Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 345 тоот шийдвэр, 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “С” ХХК-д олгосон **-******* тоот тусгай зөвшөөрөл, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 653 тоот шийдвэр, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “С” ХХК-д олгосон **-******* тоот тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.С, нэхэмжлэгч Л.Сгийн өмгөөлөгч, нэхэмжлэгч “Оын зөвлөл” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, гуравдагч этгээд “С” ХХК-ийн төлөөлөгч н.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.С, “О” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагадаа: “...С овогт Лгийн С би Гурвантэс сумын ***** багийн иргэн бөгөөд тус сумын ******** хэмээх газар 2001 оноос эхлэн газар тариалангийн ажил эрхэлж ажиллаж, амьдарч байгаа юм. Миний харьяалагддаг ***** баг болон хувийн аж ахуй эрхэлж байгаа ********ын гол нь говийн бүсийн эмзэг экосистем, нэн ховор, ховор амьтад бүхий ***** Тосонбумбын нуруу орчмын нутаг бөгөөд уг нутаг дэвсгэрийг Монгол Улсын Их Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 35 тоот тогтоолоор Улсын тусгай хамгаалалтанд авч Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 91 тоот тогтоолоор хилийн заагийг тогтоосон билээ.
Л.С миний ажиллаж, амьдарч байгаа нутагт уул уурхайн ашиглалтын ажиллагаа эхлэж эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, хувийн аж ахуй эрхлэх эрхийг минь зөрчсөн үйлдүүд гарч байгаа учраас би өөрийнхөө Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б-д хандан Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 345 тоот шийдвэр болон уг шийдвэрт үндэслэн 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр олгогдсон **-******* тоот тусгай зөвшөөрөл, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 653 тоот шийдвэр болон уг шийдвэрт үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр олгогдсон **-******* тоот тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгуулах өргөдөл гаргасан юм.
Өргөдлийн хариуг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан авч танилцсан. Миний өргөдлийг “...шийдвэрлэх боломжгүй байна...” гэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Бын шийдвэрийг эс зөвшөөрсөн учраас энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна... "С” ХХК хайгуулын өрөм тавьж дээж авах зэргээр ухсан цооногийн нүхэнд зэрлэг ан амьтан, мал орж унаж эрсдэх асуудлууд ихээхэн гарч байсан. Уул уурхайн тээвэрлэлтийн улмаас олон салаа зам үүсч, шороо тоос дэгдэж, газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдснаар байгаль орчинд бохирдол үүсгэх үзэгдэл нэмэгдсээр байна. Уг компани олборлолтын ажиллагаагаа эхлүүлэхээр ********ын голын баруун зах буюу голын онцгой хамгаалалтын бүс дотор шаваа тавьсан бөгөөд тэр хавьдаа хоёр өрөм тавьсан.
Энэ нь цаашдаа усны нөөц багасч, булаг, шанд ширгэж, ундны усны чанар, аюулгүй байдал алдагдаж миний ундаалдаг болон тарьсан ногоогоо усалдаг ********ын гол бүхэлдээ ширгэх, түүгээр ч үл барам *****, Тосон бумбын нуруу бүхэлдээ усгүй болох эрсдэл үүсч байгаа учраас би хувийн аж ахуйгаа эрхлэх боломжгүйд хүрэх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхгүй болох бөгөөд одоо байнгын айдас түгшүүртэй амьдарч байна.
“О” ТББ нь 2010 онд байгуулагдсан нийгэмд үйлчилдэг иргэний нийгмийн байгууллага билээ. Бид байгуулагдсан үеэс эхлэн уул уурхайн үйл ажиллагаанаас зөрчигдөж байгаа нутгийн хүн амын уламжлалт байгалийн нөөц (бэлчээр, ус, тариалангийн газар) ашиглах эрх болон байгаль орчны тэнцвэрт байдал алдагдаж байгаа зөрчлүүд дээр хяналт тавьж, тогтоогдсон зөрчлийг арилгуулахад нөлөөлөх ажил хийж ирсэн.
Өмнөговь аймгийн Ханбогд суманд зэс-алт-мөнгөний олборлолт эрхэлж буй *** ****** төслийн уурхай болон дэд бүтцийн үйл ажиллагаа нь малчдын уламжлалт усны нөөц болох нийт 16 булаг задгайн ус ширгэх, гүехэн гүний худаг ширгэх, ундарга нь буурахад нөлөөлснийг хөндлөнгийн үнэлгээгээр тогтоолгох буюу уурхайн ам руу шүүрэх ус нь нутгийн хүн амын хэрэглээний усанд шууд нөлөөлж байгааг тогтоолгож зөрчил арилгуулах зөвлөмжүүд гаргуулах, зөвлөмжүүд хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулахад нөлөөлж ажилласан. Ийнхүү говийн бүсийн усны багахан нөөцөөс шууд хараат хүн амын буюу “уламжлалт хэрэглэгчийн”, “уламжлалт байгалийн нөөцөө” ашиглах боломжийг аливаа уурхайн олборлох ажиллагаа хааж байгаа нь тогтоогдоод байна.
2017 оны 12 дугаар сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын *****, ******** багт ажиллаж амьдарч байгаа иргэдийн төлөөлөл буюу иргэн Л.С бидэнтэй ирж уулзсан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бичгээр хүсэлт ирүүлсэн. Энэ үеэс манай байгууллага тухайн иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан “...эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, “...хувийн аж ахуй эрхлэх...”, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн захиргааны акт гарсныг мэдсэн бөгөөд уг актуудыг хүчингүй болгуулах өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэнд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлсэн юм.
Өргөдлийн хариуг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч танилцсан бөгөөд ирүүлсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Гурвантэс сум өнөөгийн байдлаар эрчимтэй хөгжиж буй уул уурхайн нөлөөнд хүчтэй өртсөөр байна. Говь цөлийн бүсийн эмзэг экосистем, нэн ховор, ховор амьтад бүхий ***** Тосонбумбын нуруу орчмын нутаг дэвсгэрийг Улсын тусгай хамгаалалтанд авч хилийн заагийг тогтоосон билээ. Гэтэл “С” ХХК-ийн эзэмшлийн **-*******, **-******* тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайнууд хамгаалалтын бүсэд оролгүй үлдсэн юм.
Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 345 тоот шийдвэр болон 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр олгогдсон **-******* тоот тусгай зөвшөөрөл, мөн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 653 тоот шийдвэр болон 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр олгогдсон **-******* тоот тусгай зөвшөөрлүүд Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байх үндэслэлүүд байна. Тухайлбал “Сауд гоби коул транс” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2, 25.1.6, 25.1.7 дахь заалтуудад заасан шаардлагыг хангаагүй тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан байх бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс өргөдлийг хянан үзэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1, 26.3.3, 26.3.4 дэх заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй учраас эрх зүйн зөрчил үүсч уг актууд хууль бусаар гарсан гэж үзэж байна.
Төрийн захиргааны байгууллагын хууль бус актуудын үндсэн дээр “С” ХХК ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаагаа 2017 оны 03 дугаар сараас эхлүүлсэн бөгөөд одоо Хөвд, ********ын голоос бараг 1 километр хүрэхгүй зайтай газар зам засах, уурхайн талбайгаа тойруулан ухах зэрэг ажлыг эхлүүлээд байна. “С” ХХК компани ашиглалтын үйл ажиллагаагаа эхлүүлснээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Хөвд, ********ын багийн газар тариалан эрхэлж ажилладаг 30 орчим өрх, мөн мал аж ахуй эрхлэн амьдардаг 32 өрхийн иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан “...эрүүл аюулгүй орчинд амьдрах..., “...хувийн аж ахуй эрхлэх...” эрх, эрх чөлөө зөрчигдөж байна.
Мөн “...орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах...” хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй дараах үр дагаварууд бий болсоор байна. Үүнд:
Уул уурхайн олборлолтоос шалтгаалан усны нөөц багасч, булаг, шанд ширгэж, ундны усны чанар, аюулгүй байдал алдагдаж иргэдийн ундаалдаг болон тарьсан ногоогоо усалдаг ********ын гол бүхэлдээ ширгэх, түүгээр ч үл барам *****, Тосон бумбын нуруу бүхэлдээ усгүй болох эрсдэл үүсч байна.
Уул уурхайн нөлөөллөөс болж Алтайн нурууны урд талын цэг болох ***** Тосон бумбын нурууны экосистемийн хэв шинж аюул эрсдэлд орсон бөгөөд ус, бэлчээр, ан амьтад, биологийн олон янз байдал тэдгээрийн амьдрах орчинд өөрчлөлт гарч болзошгүй болоод байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “...Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно...” гэж заасан байдаг. Мөн уг хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д “...бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн...” тохиолдолд хууль бус захиргааны актыг хүчингүй болгохоор заасан байдаг.
Нэхэмжлэгч “О” ТББ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нь нэхэмжлэлийн шаардлагаа “Ашигт малтмалын газрын Геологи уул, уурхайн Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 345 тоот шийдвэр, 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр “С” ХХК-д олгосон **-******* тоот тусгай зөвшөөрөл, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 653 тоот шийдвэр, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “С” ХХК-д олгосон **-******* тоот тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах гэж өөрчилж байна...” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: “...Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “******* ******-1” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ***** дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан “С” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагад 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гаргажээ.
Ашигт малтмалын газрын / хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 653 тоот шийдвэрээр Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг “***** ***** 1” нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын **-******* дугаартай тусгай зөвшөөрлийг “С” ХХК- д олгосон байна.
Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 434 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын **-******* дугаартай тусгай зөвшөөрлийг Хинд барьцаалсан байна.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “Баянтэс” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын ***** дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан “С” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг төрийн захиргааны байгууллагад 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан байна.
Ашигт малтмалын газрын / хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 345 тоот шийдвэрээр Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг “***** ***** 1” нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын **-******* дугаартай тусгай зөвшөөрлийг “С” ХХК- д олгосон байна.
Ашигт малтмалын газрын / хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын **-******* дугаартай тусгай зөвшөөрлийг Х-д барьцаалсан байна.
“С” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-25.7-д заасан хэсгийг хангасан тул Төрийн захиргааны байгууллагын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс /хуучин нэрээр/ нь “С” ХХК-иас ирүүлсэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг нь хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан ажиллагааг хийжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх” гэж заасан. Дээр дурдсан хуулийн заалтын дагуу кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 345, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 653 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах “Баянтэс” нэртэй 37221.42 га, “******* ******-1” нэртэй 12380.72 га талбайд “С” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг олгож шийдвэрлэсэн байна.
“С” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын **-*******, **-******* тусгай зөвшөөрлүүдийг Уул уурхайн кадастрын компьютержсон системээс шүүж үзэхэд Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай” 91 дүгээр тогтоолд хамрагдаагүй байна. Дээрх шийдвэрүүд нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчөөгүй хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болжээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд “С” ХХК нь нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан тайлбартаа:
“С” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт ашигт малтмалын ашиглалтын **-*******, **-******* дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг билээ. Тусгай зөвшөөрлүүдийн талбай нь Монгол Улсын Их хурлын 2016 оны 35 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 оны 91 дүгээр тогтоолоор баталсан Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хил болон Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалгүй болно.
Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн эзэмшиж, ашигладаг гэх тариалангийн талбай, эсхүл аль нэг хуулийн этгээдийн эзэмшдэг гэх ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалгүй юм.
Нэхэмжлэгч манай компанийг Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2, 25 дугаар зүйлийн 25.1.6, 25.1.7- д заасан шаардлагыг хангаагүй өргөдөл гаргаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд баримт нотолгоонд тулгуурлаагүй таамаг төдий болохыг хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлүүдийн хувийн хэрэг нотлож байна.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийг Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1, 26.3.3, 26.3.4 дэх заалтыг хэрэгжүүлэлгүй эрх зүйн зөрчил үүсгэсэн гэж буруутгасан нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна. Төрийн захиргааны байгууллага өөрт нь хуулиар харьяалуулсан чиг үүргийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу нягтлан үзэж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зөрчөөгүй юм. Нэхэмжлэгч Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр анх гомдол гаргаж, гомдлын хариуг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан болохоо нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байх ба нэхэмжлэлээ 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөр огноолон шүүхэд гаргаж, шүүх 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хэрэг үүсгэсэн байна.
Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт зааснаар тодорхойлж, захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан тохиолдолд 14.1-д заасан 30 хоногийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах журамтай. Гэтэл нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргаас гомдлын хариугаа 2017 оны 07 сарын 20-ны өдөр гардан авч мэдсэн атлаа сар гаруй хугацаа өнгөрч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зуйлийн 54.1.8-д заасан журмаар түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах учиртай юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан зорилтоос үзэхэд захиргааны байгууллагын буюу хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн байхыг шаардаж байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс манай компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, аж ахуй эрхлэх эрхийг зөрчсөн, хязгаарласан, дордуулсан үр дагаварт хүргээгүй байна. Манай компани өнөөдрийг хүртэл уурхайн олборлолт, ашиглалт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эхлүүлээгүй байгаа бөгөөд тухайн сум, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагаас акт тавьж үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, зөрчигдөх нөхцөлд хүргээгүй байхад нэхэмжлэл гаргажээ. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
“С” ХХК нь нэхэмжлэгч “О” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд өмнө нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд өгсөн хариу тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд Х нь нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад өгсөн хариу тайлбартаа:
“С ХХК нь Худалдаа, хөгжлийн банкнаас зээл авч, зээлийн үүргийг хангуулахаар ***** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл, **-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус барьцаалсан.
***** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл болон өөрчлөгдөж **-******* дугаартай болсон. Худалдаа, хөгжлийн банк ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3 дахь хэсгийн дагуу Төрийн эрх бүхий байгууллагаас олгосон “тусгай зөвшөөрөл”-ийн гэрчилгээ, холбогдох баримт бичиг, түүнчлэн барьцаанд бүртгэсэн тухай ашигт малтмалын газрын тодорхойлолтыг үндэслэн зээлдэгчийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор зээл олгосон болно.
Тус зээлийн үүрэг хангагдахгүй нөхцөл байдал үүсвэл банк барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болно. Гэтэл дээрх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх эсхүл хүчингүй болговол зээлдэгчийн үйл ажиллагаа зогсож, банкны зээл төлөгдөхгүйд хүрч, банк барьцааны зүйлээс үүргийг хангуулах боломжгүйд хүрнэ.
Банк бол санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулж, иргэн, хуулийн этгээдээс хөрөнгө татан төвлөрүүлж, түүнийг бусдад зээл хэлбэрээр дамжуулан үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд билээ. Хэрэв дээрх нөхцөл байдал үүсвэл “банк” маш их хохирол хүлээнэ. Тодруулбал, “ С” ХХК нь **-*******, **-******* дугаар тусгай зөвшөөрлүүдийг барьцаалж зээл авснаас хойш өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 19,188,231.19 (арван есөн сая нэг зуун наян найман мянга хоёр зуун гучин нэгэн ам.доллар арван есөн цент) ам.доллар, зээлийн хүү 4,087,818.39 (дөрвөн сая наян долоон мянга найман зуун арван найман ам.доллар гучин есөн цент) ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 779,725.60 (долоон зуун далан есөн мянга долоон зуун хорин таван ам.доллар жаран цент) ам.долларын нийт 24,055,775,18 (хорин дөрвөн сая тавин таван мянга долоон зуун далан таван ам.доллар арван найман цент) ам.долларын өр төлбөр хуримтлагдаад байна. Энэхүү зээл ямар ч барьцаагүй бол төлөгдөхгүй нөхцөл байдалд хүрэх юм.
Банк нь Иргэний хуульд заасан “шударга барьцаалагч” бөгөөд дээрх тусгай зөвшөөрлүүд анх олгогдсоны дараа болон банк барьцаалах үед тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой ямар нэгэн шаардлага үүсээгүй байсан. Түүнчлэн нэхэмжлэлд нэхэмжлэгчийн чухам ямар эрх ашиг нь хэрхэн зөрчигдсөн болохыг нотлох баримт байхгүй байна. Иймд Худалдаа, хөгжлийн банк нь Төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу барьцаалсан шударга барьцаалагч тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Л.С болон “О” ТББ-иас Ашигт малтмал, газрын Геологи уул, уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 345 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “С” ХХК-д олгосон **-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл,
“Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 653 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “С” ХХК-д олгосон **-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгуулах” гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно.
Шүүх уг хэрэг маргааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарууд, тэдгээрийн хууль зүйн үндэслэлийг хянахаас гадна үйл баримтын бодит нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.
Хэргийн талаар товч:
Хэрэгт авагдсан баримтаар анх Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших ***********-1 нэртэй 72.146.0 га талбай бүхий **-******* тоот тусгай зөвшөөрлийг /хуучнаар/ Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхай кадастрын албанаас 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдөр олгосон. Уг зөвшөөрлийг 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “С” ХХК-д шилжүүлсэн.
Харин Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 345 дугаар шийдвэрээр дагуу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт 37221,42 га талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “С” ХХК-д олгож , уг шийдвэрийг үндэслэж 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “**-******* тоот тусгай зөвшөөрлийг , 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн өдрийн 653 дугаар шийдвэрээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ***** *****-1 нэртэй газарт 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “С” ХХК-д **-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус олгосон олгожээ.
Энэ шийдвэртэйгээ холбогдуулан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч “...“С” ХХК-д олгосон **-*******, **-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг Уул уурхайн кадастрын хэлтсийн компьютержсон системээс шүүж үзэхэд Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай” 91 дүгээр тогтоолд хамрагдаагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасныг болон 25 дугаар зүйлийн 25.1-25.7-д заасан “Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам”-ыг зөрчөөгүй тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон...” гэж,
Харин гуравдагч этгээд “С” ХХК-иас “...Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт ашигт малтмалын ашиглалтын **-*******, **-******* дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбай нь нэхэмжлэгч Л.Сгийн эзэмшиж ашигладаг гэх тариалангийн талбайтай давхцалгүй, нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд баримт нотолгоонд тулгуурлаагүй таамаг төдий...” гэсэн бол гуравдагч этгээд Худалдааны хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...“С” ХХК нь тус банкнаас зээл авч, зээлийн үүргийг хангуулахаар ***** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл, **-******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус барьцаалсан. ***** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл нь 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл болон өөрчлөгдөж **-******* дугаартай болсоныг барьцаалсан. Тус төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийг үндэслэн нийт 25,000,000 долларын зээлийг “С” ХХК-д олгосон...” гэж тайлбарласан болно.
Нэг: Нэхэмжлэгч “О” ТББ-ийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
“О” ТББ-иас “...актууд гарсанаар Хөвд, ********ын голын байгалын тэнцэл алдагдаж, нутгийн иргэдийн Үндсэн хуульд заасан “...эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах...” эрх зөрчигдөж болзошгүй...”гэх үндэслэлээр дээрх тусгай зөвшөөрлийг олгосон шийдвэр, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна. 18.3.1-д “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх; 18.3.2”д “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэжээ.
Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч “О” ТББ анх 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд “*** ****** “төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, гэрээг хэрэгжүүлэхдээ талууд Монгол Улсын хууль, олон улсын гэрээ конвенци, олон улсын стандарт, гэрээний өөрийн зүйл заалтуудад хэрхэн нийцүүлж ажиллаж байгаад хяналт тавих, үнэлгээ өгөх, зөвлөмж гаргах, санал гомдол хүргүүлэх зорилготой” гэж зорилго, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон байжээ.
Харин дээрх үйл ажиллагааны зорилго чиглэлээ 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хурлаараа “...уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчин ба хүний нийгэмд учрах нөлөөллийг олон улсын байгаль орчин...стандартад нийцүүлж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчлийг арилгуулах нөлөөллийн үйл ажиллагаа, эрх нь хөндөгдсөн талуудын эрх ашгийг хамгаалах...” гэж, 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар “О” ТББ нь уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчин ба хүний нийгэмд нөлөөллийг Монгол Улсын хууль, олон улсын байгаль орчин ба хүний эрхийн гэрээ конвенцийн эрх зүйн норм, олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудын хамгааллын бодлогын стандартад нийцүүлж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчлийг арилгуулах нөлөөллийн үйл ажиллагаа, эрх нь хөндөгдсөн талуудын эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах судалгаа, сургалт явуулах, үндэсний, гадаадын болон олон улсын байгууллагуудын хүрээнд үйл ажиллагаа явуулна” гэж өөрчилсөн.
Түүнчлэн “О” ТББ-ийн үйл ажиллагааны тайлан бусад нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь дүрмийн зорилготой бүрэн нийцээгүйгээс гадна дүрэмд тодорхойлсон асуудлаар гурваас доошгүй жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагааг явуулсан байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн эрх ашгийг хөндсөн гэх маргаан бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, түүнийг олгохоор шийдвэрлэсэн шийдвэрүүдийг хүчингүй болгуулах асуудлаар нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий чиг үүргийг шүүхэд төлөөлөн хэрэгжүүлэх боломжгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх үндэслэлээр “О” ТББ-иас тус шүүхэд гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хоёр: Нэхэмжлэгч Л.Сгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Л.Сгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ”...миний амьдарч байгаа нутагт, уул уурхайн ашиглалтын ажил эхэлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдах, хувийн аж ахуй эрхлэх эрхийг маань зөрчсөн үйлдлүүд гарч эхэлсэн. Тиймээс Ашигт малтмалын газрын даргын шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарган...” маргажээ.
Харин нэхэмжлэгч Л.Сгийн өмгөөлөгч Г.Д шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...С” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2 “тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй; 25 дугаар зүйлийн 25.1.6 “хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт; 25.1.7.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ; хавсаргаагүй өргөдлийг хариуцагч хүлээн авч энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх; 26.3.3.хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгох...” гэж хууль үндэслэлээ тодорхойлон маргасан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар Захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, маргаан бүхий актыг хууль зүйн үндэслэлийг хянахаар байна.
2.1.Анх 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гуравдагч этгээд “С” ХХК-иас “Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл” гаргасныг хариуцагч Ашигт малтмалын газар хүлээн авч 2012 оны 5 дугаар сарын 17-ны дотор бичиг баримтыг шалгаж шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13–н тодорхойлт бүхий талбайн талаар “татгалзах зүйлгүй боловч тодруулах зүйл байгаа , шалтгаан нь Төсвийн хөрөнгийн хайгуул хийсэн талбайтай давхцалтай, Тусгай хэрэгцээний газартай болон усны эхтэй давхцалтай гэжээ.
Хэрэг авагдсан баримтаас үзвэл “С” ХХК-иас ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн бүрдүүлбэрт байх “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг өгсөн, дээрх шийдвэр гарах өдөртэй зэрэгцэн Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасан “хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт” заалт өөрчлөлтөөр орсноор энэ талаарх баримтыг хавсаргах шаардлагагүй, маргаан бүхий тусгай зөвшөөрөл бүхий газарт Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д заасан “усны нөөц, түүний сав газрын захиргаа” байдаггүй , тус компанийг “...хайгуулын өрөмдлөгийн ажил хийсэн бөгөөд үйл ажиллагаа явуулах хугацаандаа техникийн нөхөн сэргээлтийг зохих түвшинд хийж, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон бусад журмыг дагуу ажилласан...” болох нь тогтоогдож байна.
2.2.Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн **-**-** дугаар дүгнэлтээр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Баянтэсийн чулуун нүүрсний Хүрэнцавын хэсэгт 2014-2016 онуудад хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, ******* ******н хэсгийн нөөцийн тодотголыг хэлэлцэн Ашигт малтмалын газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн н-136 тушаалаар ******* ******, Хүрэн цавын хэсгийн чулуун нүүрсний нөөцийг бүртгэсэн байна.
Улмаар “С” ХХК-иас 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дээрх газар дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч дахин өргөдлөө бүрдүүлбэрийн хамт бүрэн гаргасны дагуу хариуцагчаас холбогдох баримтад шүүлт хийж үзээд “Татгалзах зүйлгүй боловч лавлах зүйл байгаа” гэж дүгнэсэн боловч Сонгон шалгаруулалтад орох талбайтай давхцалтай, Төсвийн хөрөнгийн хайгуул хийсэн талбайтай давхцалтай. Тусгай хэрэгцээний газартай болон хүчинтэй байгаа тусгай зөвшөөрөлтэй давхцалтай” гэх шалтгаануудыг заасан боловч үүнийгээ “...Кадастрын зураглалын тухай хуулийн 5.4-т зааснаар давхцалд тооцохгүй.Тусгай хэрэгцээний талбай, тусгай зөвшөөрлийг /2003 онд/ олгогдсоноос хойш авсан...” гэж тайлбарлажээ .
Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “С” ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийгдсэн, **-*******, **-******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн заагтай давхцалгүй болохыг тодорхойлжээ.
Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 345, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн өдрийн 653 дугаар шийдвэр түүнийг үндэслэн олгосон 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “**-******* тусгай зөвшөөрөл, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн өдрийн 653 дугаар шийдвэр, түүнийг үндэслэж олгосон **-******* тоот тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын хуульд заасан шаардлагад нийцсэн, олгохгүй байх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “шаардлага хангаагүй өргөдөл гаргасан” гэх тайлбар үндэслэлгүй болно.
3.Энэхүү маргааны үйл баримт болон бодит байдалд дүгнэлт хийхэд нэхэмжлэгч Л.С нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ***** багийн иргэн , тус сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар 50000 м.кв газрыг эзэмшдэг бөгөөд уг газар дээрээ төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал тарьж ургуулдаг болохыг тодорхойлжээ.
Гэвч нэхэмжлэгчийн эзэмшил газрын нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэн, газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицолжуулсан нэгж талбарын дугаар бүхий кадастрын зураг байхгүй , газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй байх тул /google earth/ интернэтээс татаж харуулсан зургаар түүний эзэмшиж, ашиглаж байгаа тариалангийн талбай нь гуравдагч этгээдийн ашиглалтын талбайтай ямар нэг хэмжээгээр давхцаж байгаа эсэхийг тогтоох боломжгүй байна.
Түүнчлэн тэрээр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...2017 оны 03 дугаар сард “С” ХХК миний тариалангийн талбай болон ********ын баянбүрдийн ойролцоо өрөм байрлуулсан...”, “Хөвд, ********ын голын энгийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй зам тавихаар газар хөндсөн...” гэж нэхэмжлэл гаргах болсон шалтгааныг тоочин хэлсэн бөгөөд энэ талаар Мэргэжлийн хяналт газраас хяналт шалгалт явуулж, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 16-04-317(01) актаар “С” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоосон байна .
Үүнээс үзвэл нэхэмжлэгч Л.С нь “С” ХХК-ийн явуулсан дээрх үйл ажиллагаатай холбогдуулан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүд болон **-*******, **-******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохоор шүүхэд хандсан гэж дүгнэхээр байна.
Мөн нэхэмжлэгчээс “С” ХХК-д олгосон **-*******, **-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ***** багийн *****, Тосон бумбын нуруунд орших Ирвэс хамгаалах сан ТББ-ын үйл ажиллагаа явуулж буй эзэмшил газартай давхцалтай гэж тайлбарлах боловч энэ талаар тус төрийн бус байгууллагаас тусгайлан ямар нэг гомдол гаргаагүй.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан СD дүрслэгдэх нүүрсний тээвэрлэлт хийж буй компани нь гуравдагч этгээд “С” ХХК биш болно.
Нөгөөтээгүүр гуравдагч этгээд “С” ХХК нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гарсан хуулиудад нийцүүлэн өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий анх болгосон 66228.31 га талбайгаас 2012 онд 15255.90 га, 2014 онд маргаан бүхий **-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас 2439.68 га,**-******* ашиглалтын тусгай зөвшөөрлөөс 6448.17 га, 2017 онд 12101.29 га газрыг орон нутагт буцаан хүлээлгэн өгсөн байна.
Дээрх нөхцөл байдлуудыг болон нэгтгэн дүгнэхэд хариуцагч Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэс нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжээс Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу гаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эрхэд халдаагүй, маргаан бүхий актууд нь холбогдох хуульд нийцсэн, тухайн үед эдгээр актуудыг гаргасан захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Л.Сгийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхэлнэ” гэж тус тус зааснаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлолтыг шууд явуулах эрх олгогдоогүй бөгөөд тусгай зөвшөөрлөөр тогтоогдсон эдэлбэр талбайд уурхай болон боловсруулах үйлдвэр барьсанаар олборлолт явуулах эрх үүсэх учраас нэхэмжлэгч Л.С нь цаашид оршин суугаа бүс нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг хууль бус үйлдлээс өөрийн зөрчигдсөн эрхээ хангуулахаар маргах эрх нээлттэй.
Харин гуравдагч этгээд “С” ХХК нь хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн бүс нутгийн экологийн тэнцвэртэй байдлыг илтэд алдагдуулахгүй байх иргэд, малчдын амьдрал ахуйд үзүүлж буй нөлөөлөл хүчин зүйлсийг анхааран авч үзэж байхыг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1, 18.3.2, 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ТББ-иас Ашигт малтмал, газрын Геологи уул, уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 345 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “С” ХХК-д олгосон **-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл,
“Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 653 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “С” ХХК-д олгосон **-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.7, 26 дугаар зүйлийн 26.3.1, 26.3.2-т заасныг баримтлан Ашигт малтмал, газрын Геологи уул, уурхайн Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 345 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “С” ХХК-д олгосон **-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл,
“Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 653 дугаар шийдвэр, түүнийг үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “С” ХХК-д олгосон **-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай иргэн Л.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Л.Сгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “О” ТББ-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР