Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0683

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Д.Батмагнай

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын хайгуулын XV-021320 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 45 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хугацаа сунгахыг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 610 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0382/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь “Ашигт малтмалын хайгуулын XV-021320 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 45 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хугацаа сунгахыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 610 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, тус компанийн хайгуулын XV-021320 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 45 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, тус компанийн эзэмших ашигт малтмалын хайгуулын XV-021320 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад даалгаж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 610 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... тус компанийн өргөдлийг хуульд заасан дээрх хугацаанд шийдвэрлээгүй, өргөдлийг хүлээн авсан 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 3 сар 7 хоногийн хугацаанд өргөдлийг огт хянан үзээгүй гэдэг нь тус байгууллагаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 8/5919 дугаар албан бичиг ... нотлогдож байгаа тул хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан хугацааг зөрчсөн хууль бус үйлдэл гаргасан байна” гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана, 22.1.1..., 22.1.4..., 22 дугаар зүйлийн 22.2-д ...” гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж өөрөөр хэлбэл “М” ХХК нь тусгай зөвшөөрлийн сунгах өргөдөл гаргах үед компанийн улсын бүртгэлийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2383 дугаар дүгнэлтээр хүчингүй болгосон байсан.

Төрийн захиргааны байгууллагаас улсын бүртгэлийн гэрчилгээгээ сунгах тухай 2021 оны 10 дугаар сарын 06, 11 дүгээр сарын 17-ны өдөр тус тус аж ахуйн нэгжид удаа дараа мэдэгдсэн.

Энэ тухайгаа тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан дотоод хяналтын хуудсанд тэмдэглэсэн.

Гэтэл анхан шатны шүүхээс сунгах өргөдөл хүлээн аваад 3 сар 7 хоногийн хугацаанд өргөдөл хүлээн авч огт хянан үзээгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... “М” ХХК нь өөрийн компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болсныг мэдсэний дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан ... гаргасныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагч хянаад 8 хоногийн дотор шийдвэрлэж өгсөн болох нь ... бичгийн нотлох баримтаар нотлогдож байна” гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч компанид компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болсныг удаа дараа мэдэгдэж байхад улсын бүртгэлийн гэрчилгээгээ сунгуулж ирүүлээгүй тул 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 8/5919тоот албан бичгээр “М” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 2383 дугаар дүгнэлтээр хүчингүй болгосон тухай мэдээллийг ирүүлсэн байна.

Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийн бүртгэлээс хасах тухай” 45 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-021320 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Нийслэл дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 610 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 725 дугаар шийдвэрээр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг, Эрдэнэ-4 нэртэй 10593.59 га талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах XV-21143 дугаар тусгай зөвшөөрлийг “Алтайн хар азарга групп” ХХК-д олгож, мөн даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 168 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн тодорхой хэсэг болох 7469.49 га талбайг нэхэмжлэгч “М” ХХК-д шилжүүлж, XV-021320 дугаартай тусгай зөвшөөрлийг олгожээ.

3.1. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2021 оны 10 дугар сарын 23-ны өдрөөр дуусгавар болохоор байх ба нэхэмжлэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргасныг хариуцагч нь өргөдлийн бүртгэлийн EX-009016 дугаарт бүртгэсэн байна.

3.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 8/5919 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт “М” ХХК-ийн бүртгэлийн лавлагааг гаргуулахаар хандахад тус газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5/96 дугаар албан бичгээр “М” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2383 дугаар дүгнэлтээр хүчингүй болгосон байна” гэсэн хариуг өгчээ.

3.3. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 45 дугаар шийдвэрээр “М” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан нөхцөлийг хангахгүй байх тул мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзжээ.

4. Хариуцагч байгууллагаас “М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хянах хугацаанд түүний хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон байсан хэдий ч энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл биш бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн зөрчил арилгах тухай” 728 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг сэргээж, бүртгэсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

4.1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж ...”, 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заажээ.

4.2. Нэхэмжлэгч “М” ХХК нь өөрийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ хуулийн дээрх хугацааны дотор гаргасан боловч захиргааны байгууллагын ажиллагаа нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэхээс илүү нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар бүртгэлтэй холбоотой асуудал үүссэнээс тусгай зөвшөөрлийг сунгахгүй гэсэн хариуцагчийн шийдвэр нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

4.3. Өөрөөр хэлбэл, “... нэхэмжлэгч “М” ХХК нь тусгай зөвшөөрлийг хүчинтэй байх хугацаанд сунгуулах өргөдлөө гаргасан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хүчин төгөлдөр байх шаардлага нь тус компанийн одоогийн хувьцаа эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, хариуцагч нь тус компанийн өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүйгээс болж хуулийн этгээдийн бүртгэлийн алдааг засах хугацаа хэтэрсэн зэрэг нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа гэж үзэхгүй тул төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас үүдсэн нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй ...” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

5. Хариуцагчаас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “... Төрийн захиргааны байгууллагаас улсын бүртгэлийн гэрчилгээгээ сунгах тухай 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр, 11 дүгээр сарын 17-ны өдөр аж ахуйн нэгжид удаа дараа мэдэгдэж байхад ... улсын бүртгэлийн гэрчилгээгээ сунгуулж ирүүлээгүй тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй” гэх боловч хариуцагчаас нэхэмжлэгч компанид энэ талаар мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

                                                                  ТОГТООХ нь:                                      

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 610 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ШҮҮГЧ                                                                        С.МӨНХЖАРГАЛ

    

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ