| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2021/0111/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/104 |
| Огноо | 2021-01-26 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/104
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч С.Энхням, шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц овгийн Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 1526 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц овгийн Б.Л, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний багш мэргэжилтэй, хувиараа хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилладаг, ам бүл тав, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Баянхонгор аймгийн Галуут сум, *** оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, ** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 838 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял шийтгүүлж, уг ялыг биелүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Л нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний орой хохирогч Б.Ц-ын зөөврийн компьютерыг “түр хэрэглүүлээч" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авсны улмаас хохирогч Б.Ц-д 1,500,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Ц овгийн Б.Л нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний орой зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “зөөврийн компьютероо түр хэрэглүүлээч" гэж хохирогч Б.Ц-ыг хуурч, түүний 1,500,000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерыг шилжүүлэн авсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Л-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би Ц-ын зөөврийн компьютерыг аваад хичээлээ бэлдэж байсан. Гэтэл өмнөх хэргийн хохирогч маань одоо яг бэлэн мөнгө шилжүүлэхгүй бол маргааш шүүх хуралдаанд гомдолтой гэж хэлнэ, хэрэв гомдолтой гэвэл чи ял авна гэхээр нь айгаад Ц-ын зөөврийн компьютерыг барьцаалан зээлдүүлэх газарт 230,000 төгрөгийн барьцаанд тавиад буцааж авч өгч чадаагүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Б.Ц-оос цагдаагийн байгууллагад гаргасан: “...Л-д 2 хоногийн хугацаатай зөөврийн компьютероо хэрэглүүлэхээр өгөөд авч чадахгүй байна...“ гэсэн гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 2-3 дугаар хуудас);
3. “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ны гаргасан: “Laptop-1,500,000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 17-18 дугаар хуудас);
4. Хохирогч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Л 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр чатаар “найздаа 2 хоног зөөврийн компьютероо хэрэглүүлээч, би Солонгос хэлний хичээлээ бэлдэх гэсэн юм” гэж хэлсэн. Би ажилд хэрэглэдэг зөөврийн компьютер байгаа, амралтын өдрөөр ирээд авах юм уу, хэд хоног хэрэглэх юм бэ гэхэд 1 хоног хэрэглэнэ гэж хэлсэн. Тухайн оройндоо 17 цаг өнгөрч байхад 21-р хорооллын Миний захын үүдэн дээрээс ирж авсан. 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зөөврийн компьютероо авах гээд чат бичсэн чинь дүү хагалгаанд ороод эмнэлэг дээр сахиж байна, дүүгээ эмнэлгээс гарахаар би өөрөө аваачаад өгье гэж хэлсэн. 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дахин Л руу яасан бэ гэж чат бичихэд найз нь ажил явдал гараад хотоос гараад явж байна, хотод ирээд яръя гэж хэлсэн. Ирэхийг нь хүлээсээр байгаад 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр болгосон. Түүнээс хойш очиж байна, ажилтай байна гэж шалтаг хэлсээр өдийг хүргэсэн. Утсаа авахгүй хэрнэ мессеж бичээд байдаг. Очоод авъя гэхээр гэрийнхээ хаягийг зааж өгдөггүй, гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7-8 дугаар хуудас);
5. Шүүгдэгч Б.Л-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 47 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 33 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 35 дугаар хуудас), Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 838 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялаас үлдсэн 500,000 төгрөгийн торгуулийг төлж дуусгасан талаарх Төрийн банкны орлогын мэдүүлгийн баримт (шинээр гаргаж өгсөн);
6. Шүүгдэгч Б.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед залилангийн хэрэгт холбогдсон байсан. Шүүх хурал болох гээд хохирогч Н надаас мөнгөө нэхээд, өгөхгүй бол би шүүх хурал дээр гомдолтой гэж хэлнэ, тэгэхээр чи шоронд явна гэж хэлэхээр нь Ц-оос авсан зөөврийн компьютероо 250,000 төгрөгөөр ломбардад тавьсан. Буцааж авна гэж бодсон боловч 1 удаа сунгаад цааш нь сунгаж чадалгүй ломбардад хураалгасан. Ц-ын хохирлыг ямар ч байсан төлж барагдуулна. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Л-ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийн “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, ...өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Л-г “залилах” гэмт хэргийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Ц нь өөрт учирсан хохирлоо авсан бөгөөд нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн (хх-ийн 53 дугаар хуудас) байх тул шүүгдэгч Б.Л-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Л нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.
Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ц овгийн Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Л-д сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Л-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА