Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/90

 

 

 

   2019          02        15                                                                              2019/ШЦТ/39

    2021          02             02                                      2021/ШЦТ/90

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2021/0079/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч: М.Отгонбаатар,

Шүүгдэгч Э.У  /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэчимэгийн Уянгад холбогдох эрүүгийн 2009023271358 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Э.У  нь 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Улаанбаатар зочид буудлын урд талд С.А “архи уух гэлээ, архи уулгасангүй” гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа цохих, усан оргилуур руу түлхэж унагаан С.А-гийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.У  нь 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Улаанбаатар зочид буудлын урд талд С.А- “архи уух гэлээ, архи уулгасангүй” гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа цохих, усан оргилуур руу түлхэж унагаан С.А-гийн биед “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүү, хамрын нуруу, зүүн бугалга, уруул, өгзөг, баруун чих, зулайн хуйхны зөөлөн эдийн  няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун, зүүн нүдний дотор салст, зүүн бугалга, баруун гуя, баруун шилбэ, зүүн бугалганы цус хуралт” бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Хохирогч С.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр багшийн дээдийн автобусны буудлын зүүн талын сааданд 2 найз болох ардын Зулаа, Оюунаа нар саданд сууж байсан. Ардын Зулаа, Оюунаа бид 3 “Хараа” нэртэй архи уусан. Ардын Зулаа намайг яагаад архи уугаад байгаа юм бэ гэж хэлэхээр нь би чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгээд миний нүүр ам руу цохиж, нүүр хавдаж цус гараад, зулайн тэнд хагарч цус гарч, бүх шүд хөдөлж уруулын дотор тал идээлж хавдаад хөхөрсөн байсан... Тэгээд нөхөр болох Энхтөр рүү залгаад “би энд зодуулчихлаа намайг ирж аваарай гэж хэлээд нөхөр ирж авсан. Тэгээд би Ардын Зулааг уучлалт гуйх болов уу гээд байж байтал нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Тэгээд би 4 хоногийн дараа цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/,
  • Гэрч Б.Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 22-ны орой ажил дээрээ буюу Гурвалжингийн гүүрний тэнд байрлах автобусны  компани дээр ажлаасаа буугаад явж байхад 20 цагийн үед эхнэр С.А- над руу залгаад Улаанбаатар зочид буудлын урд сааданд хүрээд ир би энд хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд 21 цаг 40 минутын үед байгаа газар нь очсон чяинь хувцас нь цус болчихсон байсан. Толгойноос нь нүүр рүү нь цус урссан байдалтай усан оргилуурын тэнд байдаг зүүн талын сааданд ганцаараа сууж байсан. Тэгээд би хэн яасан юу болсон гэж асуусан чинь эхнэр энэ хавиар явж байгаа гэж хэлээд бид хоёр 30-40 минут хайтал... эхнэр явж байна гээд Ардын Зулаа гэх эмэгтэй рүү заасан. Тэгээд би явж очоод чи одоо яагаад хүнийг зодчихсон юм бэ гээд асуусан чинь тэр эмэгтэй “би зодсон нь үнэн, би хоёр удаа усан оргилуур руу түлхэж унагаасан” гэж хэлсэн... тэр эмэгтэй би эхнэрийг чинь энэ хавиар битгий архи уугаад яваад бай харь гэж хэлээд бид 2 маргалдсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн 9811 дугаартай: “1. С.А-гийн биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүү, хамрын нуруу, зүүн бугалга, уруул, өгзөг, баруун чих, зулайн хуйхны зөөлөн эдийн  няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун, зүүн нүдний дотор салст, зүүн бугалга, баруун гуя, баруун шилбэ, зүүн бугалганы цус хуралт  бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. С.А-гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 12-14 тал/,

Шүүгдэгч Э.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би яг өдрийг нь сайн санахгүй байна. Намайг Хар хорингийн 32 дугаар байрнаас багшийн дээд дээр ирэхэд Р.Оюунчимэг, Д.Оюунаа, С.А эгч Энхээ нар архи уугаад байж байхад нь очсон. Тэгээд архи уух гэсэн чинь уулгахгүй С.А эгч татаж чангаагаад орилоод байсан. ... архиа тайван уумаар байна гээд усан оргилуур руу түлхэж унагаасан. Тэгээд С.А эгч нөхрөө дагуулж ирсэн... маргааш нь нүүр ам нь хөхөрсөн байна гэж хэлсэн. Би ийм болгосон юм чинь гомдол санал байвал хэлээрэй хуулиар шийдүүл, өөрөө мэд гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 32-33 тал/ гэх мэдүүлэг, шүүх хуралдаан гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Э.У-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-49 тал/
  • Шүүгдэгч Э.У-ын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 80 тал/,
  • Шүүгдэгч Э.У-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 73 тал/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Э.У  нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Э.У  нь 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Улаанбаатар зочид буудлын урд талд С.А- “архи уух гэлээ, архи уулгасангүй” гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа цохих, усан оргилуур руу түлхэж унагаан С.А-гийн биед “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацар, эрүү, хамрын нуруу, зүүн бугалга, уруул, өгзөг, баруун чих, зулайн хуйхны зөөлөн эдийн  няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун, зүүн нүдний дотор салст, зүүн бугалга, баруун гуя, баруун шилбэ, зүүн бугалганы цус хуралт” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч С.А- нь шүүгчдэгчээс эмчилгээний зардал гэж 128.000 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Э.У-ыг бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.

Хохирогч С.А-г гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.У д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан зэргийг харгалзан үзсэн болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.У  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөртэй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Э.У д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-ас 128.000 /нэг зуун хорин найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.А-д олгосугай.

6. Хохирогч С.А- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.АЗЖАРГАЛ