| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2021/0044/э |
| Дугаар | 2021/ШЦТ/50 |
| Огноо | 2021-02-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Б даргалж
Улсын яллагч С.Б,
Шүүгдэгч Э.Ч,
Иргэний нэхэмжлэгч Ч.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ч-д холбогдох эрүүгийн 2125000230052 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.Ч нь 2020 оны 12 сарын 18-ны өдөр өөрийн “Chingvvn Chingvvn” гэх фейсбүүк хаягаас Дархан-Уул аймаг руу дайвар, ачаа авч явна гэсэн зарыг олон нийтийн сүлжээнд тавьж, өөрөө хот хоорондын тээвэр хийх үйл ажиллагаа явуулдаггүй, Дархан-Уул аймаг руу хүн болон ачаа тээвэрлэх өөрийн гэсэн тээврийн хэрэгсэлгүй, атлаа бодит байдлыг нууж, иргэн Г.М-ын Дархан-Уул аймаг руу хүргүүлэхээр өгсөн Самсунг Ультра Эйч Ди маркийн 50 инчийн зурагтыг залилан авч 1.200.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Э.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 12 сарын 18-ны өдөр өөрийн фейс хаягтаа пост оруулсан. Тэгээд зурагтыг дайвараар авч Дархан явах гэсэн боловч явахааргүй болж мөнгөний хэрэг гаргаад зурагтыг нь зарсан. Бүх хохирлоо төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
- Иргэний нэхэмжлэгч Ч.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ хүүхдээс зурагт худалдаж авсан. Одоо зурагтны үнэ 450.000 төгрөгийг надад төлсөн. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 12 сарын 18-ны өдөр Согоот багт үйл ажиллагаа явуулах Next electronics-ээс 50 инчийн Ultra hd маркийн зурагт 1.200.000 төгрөгөөр худалдан авч Дархан-Уул аймагт оршин суух А руу явуулахаар Эрдэнэтээс Дархан-Уул аймаг руу хот хооронд явдаг такси нарын групп дээр зар харж байхад “Chingvvn Chingvvn” гэх нэртэй хаягаас Эрдэнэтээс Дархан-Уул аймаг руу дайвар авч явна гэх зар байсан. Тэгээд 96741119 дугаарын утас руу залгаж асуухад эко авто угаалгын газар хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би яваад очтол машингүй 20 орчим насны залуу зогсож байхаар нь чи машингүй юм уу гэхэд Шанд багт хороололд байгаа гэхээр нь би хүргэж өгөөд зурагтаа өгчихөөд явсан. Тэгээд маргааш нь 96741119 дугаар руу нь залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь яахаа мэдэхгүй цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Samsung брендийн 50 инчийн зурагтыг Ч.Г гэх хүнээс хүлээн авсан тул ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Зурагтаа хүлээн авахад ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, ажиллагаа хэвийн байна гэсэн мэдүүлэг /хх 10-13 ху/,
-Гэрч Ш.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Ж 2020 оны 12 сарын 18-ны өдөр шинжилгээ өгөхдөө танилцсан гээд 20 орчим насны залуу дагуулчихсан манайд ирсэн. Тэр залуу манайд хоёр хоносон. Өөрийгөө П гэж танилцуулж байсан. ...Самсунг маркийн 50 инчийн зурагт хэнээс авсан гэдгийг нь мэдэхгүй гэсэн мэдүүлэг /хх 17-18 ху/,
-Яллагдагч Э.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Эрдэнэт-Улаанбаатар-Дархан гэсэн нэртэй фэйсбүүк группт Дархан-Уул аймаг руу дайвар авч явна гээд өөрийнхөө 96741119 дугаарыг үлдээтэл нэг танихгүй эмэгтэй хүн залган зурагт авч явах уу гэхээр нь тэгье гэж хэлэн бид хоёр 7 дугаар микрийн урд талд уулзахаар тохирч би зурагтыг авч явахаар болж намайг унаагүй байсан болохоор эгч танилцсан ахын найзын гэрт хүргэж өгсөн. Хаана хүргүүлсэн хаягаа хэлж мэдэхгүй, өөрөө явбал олж чадах болохоор эгчид зааж өгөн хүргүүлсэн. Би зурагтаа аван танилцсан ахын гэрт очоод байж байтал танилцсан ахын найз шөнө Дархан-Уул аймаг руу явахаар болчихлоо гээд намайг 7 дугаар микрийн Надеждад ачаагаа аваад хүрээд ир гэхээр нь би 22 цагийн үед танилцсан ахын гэрт байж байхдаа фэйсбүүкийн “Эрдэнэт хамгийн том зар” гэсэн нэртэй групп дээр байсан дуудлагын таксины дугаар луу залган уг таксийг дуудан таксиндаа зурагтаа ачин 7 дугаар микрийн Надежда руу явж байхад таксины жолооч ах зурагтаа зарчих гэсээр байгаад бэлэн 400.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож уг зурагтыг гэр лүү нь авч явсан гэсэн мэдүүлэг /хх 40-41 ху/,
-Далайван Аудит ХХК-ийн эд зүйлд үнэлгээ хийсэн дүгнэлтэнд:
1. Үнэлгээнд хамрагдсан Samsung Ultra HD 50 инчийн зурагт 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 1.200.000 / Нэг сая хоёр зуун мянган / төгрөгөөр үнэлэгдэв гэсэн дүгнэлт / хх 21-26 ху/,
- Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 3 ху/
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх 6-7 ху/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6 ху/,
- Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 60 ху/
- Эд хөрөнгө бүргэлтэй эсэх лавлагаа /хх 51 ху /,
- Орхон аймгийн автотээврийн төвийн тодорхойлолт /хх 53 ху/,
- Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийн тодорхойлолт /хх 55 ху/,
- Хаан банкны деспозит дансны хуулга /хх 78 ху/,
-Э.Ч-ийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 37, 39-43 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Ч нь 2020 оны 12 сарын 18-ны өдөр өөрийн “Chingvvn Chingvvn” гэх фейсбүүк хаягаас Дархан-Уул аймаг руу дайвар, ачаа авч явна гэсэн зарыг олон нийтийн сүлжээнд тавьж, өөрөө хот хоорондын тээвэр хийх үйл ажиллагаа явуулдаггүй, Дархан-Уул аймаг руу хүн болон ачаа тээвэрлэх өөрийн гэсэн тээврийн хэрэгсэлгүй, атлаа бодит байдлыг нууж, иргэн Г.М-ын Дархан-Уул аймаг руу хүргүүлэхээр өгсөн Самсунг Ультра Эйч Ди маркийн 50 инчийн зурагтыг залилан авч 1.200.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...нэг танихгүй эмэгтэй хүн залган зурагт авч явах уу гэхээр нь тэгье гэж хэлэн бид хоёр 7 дугаар микрийн урд талд уулзахаар тохирч би зурагтыг авч явахаар болж намайг унаагүй байсан болохоор эгч танилцсан ахын найзын гэрт хүргэж өгсөн. ... дуудлагын таксины дугаар луу залган уг таксийг дуудан таксиндаа зурагтаа ачин 7 дугаар микрийн Надежда руу явж байхад таксины жолооч ах зурагтаа зарчих гэсээр байгаад бэлэн 400.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож уг зурагтыг гэр лүү нь авч явсан” гэсэн, хохирогч Г.М-ын “...машингүй 20 орчим насны залуу зогсож байхаар нь чи машингүй муу гэхэд Шанд багт хороололд байгаа гэхээр нь би хүргэж өгөөд зурагтаа өгчихөөд явсан” гэсэн /хх 10-13 ху/, иргэний нэхэмжлэгч Ч.Г-ийн “...Энэ хүүхдээс зурагт худалдаж авсан. Одоо зурагтны үнэ 450.000 төгрөгийг надад төлсөн” гэсэн мэдүүлгүүд, гэрч Ш.С-ийн /хх 17-18 ху/ мэдүүлэг, Samsung Ultra HD 50 инчийн зурагт 1.200.00 төгрөгөөр үнэлэгдсэн шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Э.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг заасан цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.М-д 1.200.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Ч.Г 400.000 төгрөгийн хохирол учирч шүүгдэгч Э.Ч дээрх хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Э.Ч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Э-ын Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Ч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.Б