Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/114

 

2019          02        15                                                                              2019/ШЦТ/39

 

 

2021          02             23                                    2021/ШЦТ/114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2021/0112

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч Б.Н , түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох эрүүгийн 200... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Яллагдагч Б.Н  нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн орой Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пантам”-ын ойролцоо Ч.Б-ын эзэмшлийн “Самсунг галакси жи-5 прайм” загварын гар утсыг авахаар түлхэж газар унагаан хүч хэрэглэн довтолж, гар утсыг нь дээрэмдэн авч, бусдад 233.700 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н  нь 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн орой Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пантам”-ын ойролцоо Ч.Б-ын эзэмшлийн “Самсунг галакси жи-5 прайм” загварын гар утсыг авахаар түлхэж газар унагаан хүч хэрэглэн довтолж, гар утсыг нь дээрэмдэн авч, бусдад 233.700 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01 тал/,
  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 02 тал/,
  • Хохирогч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өчигдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн оройн 23 цагийн орчимд гэртээ харих гээд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цэрэндоржийн хөшөөний баруун талд утсаа оролдоод явж байсан юм. Тэгээд гэрлэн дохион дээр нилээн дөхөөд ирэхэд нэг эрэгтэй хүн мини хажуугаар явахдаа миний утсыг шүүрч намайг түлхэж унагаачихаад зам дагуу хойшоо чиглэлтэй надтай зөрөөд гүйсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан бөгөөд нэг хүнтэй маргалдаад байх шиг байсан. Би өөр зүйл сайн санахгүй байна. Тэгээд байж байтал манай байрны ойролцоо амьдардаг нэг залуу над дээр ирээд миний утсыг надад авч ирж өгсөн байсан. Тэр хүний нэр хаягийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/
  • Гэрч Н.Энхтайваны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...2020 оны 09 дүгээр сарын 15-ны орой 02:30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Пантамын голын замаар алхаад явж байтал, Циркийн гэрлэн дохионы баруун хойд талын явган хүний уулзвар дээр хар куртик, эрээн малгай өмссөн 50 орчим насны эрэгтэй /Боогий гэж нэрлэж дууддаг/ гар утсаар яриад явж байтал ертөнцийн зүгээр зүүн урд талаас нь эрэгтэй, эмэгтэй хүн зөрсөн зөрөхдөө хойд талд нь явж байсан эрэгтэй Боогий гэх хүний гар утсыг булааж аваад, улмаар түүнийг зам руу түлхэж унаган Боогийтой зууралдаж байхад нөгөө эмэгтэй нэг шил хагалж “миний найз залуу” гэж орилоод “ална хядна” гээд байсан. Боогий руу дайрч байхад нь би очиж эмэгтэйг холдуулж болиулсан тухайн эмэгтэй удалгүй зугтаагаад явсан. Би Боогийтой зууралдсан залууг дээрээс нь дарж байгаад цагдаад дуудлага өгсөн. ...Боогий гэх хүний утсыг булаасан эрэгтэй Боогийгийн нүүр, шанаа хэсэгт 1-2 удаа гараараа цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/
  • Гэрч Г.Баянбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:   “...дуудлага өгсөн Энхтайван нь Болдбаатар бид хоёр ^айрны хүмүүс байгаа юм. Намайг харьж явахад Болдбаатарыг нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн хамт явж байгаад эрэгтэй нь Болдбаатарыг түлхэж унагаагаад утсыг нь аваад зугтааж байхад нь би барьж авчихаад байна, тухайн үед нь утсыг нь би нөгөө залуугаас буцааж аваад Болдбаатарт өгчихсөн” гэж хэлсэн. Утас нь Болдбаатарын халаасанд байсан. Биднийг очиход тэр утас булаагаад зугтаасан гэх эрэгтэй нь ганцаараа байсан. Хамт байсан гэх эмэгтэй нь дуудлагаар очиход байгаагүй. Энхтайван нь хамт явсан гэх эмэгтэйг пивоны шилийг аваад хагалаад дайраад байсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 тал/
  •  
  • Хөрөнгө үнэлгээний Дамно ХХК-ийн тайлан /хх-ийн 55-56 тал/
  • Гэрч Л.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:   “..Энхтайван нь Болдбаатар бид хоёр нэг байрны хүмүүс байгаад эрэгтэй нь утсыг нь Болдбаатарыг түлхэж унагаагаад утсыг нь аваад зугтааж байхад нь би барьж авчихаад байна” гэж хэлсэн бөгөөд биднийг очиход тэр утас булаагаад зугтаасан гэх эрэгтэй нь ганцаараа байсан. Хамт байсан гэх эмэгтэй нь пивоны шилийг аваад хагалаад дайраад байсан гэж хэлсэн боловч тухайн эмэгтэй дуудлагаар очиход байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 тал/ шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Н ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Б.Н-ийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг эсэх талаарх Авто тээврийн үндэсний төвийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 529 дугаартай албан бичиг,
  • Шүүгдэгч Б.Н-ийн өмчлөлд үл хөдлөх хөрөнгө байгаа эсэх талаарх Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 09 дүгээр сарын 7/8581 тоот албан бичиг,
  • Шүүгдэгч Б.Н-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа,
  • Шүүгдэгч Б.Н-ийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 87 тал/,
  • Шүүгдэгч Б.Н-ийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 тал/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн ухамсар дутмаг байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Дээрх гэмт хэргтийг шүүгдэгч нь ганцаараа үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

 Шүүгдэгч Б.Н  нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хохирогч Ч.Б нь “утсаа буцаан авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтээ хавтаст хэргийн 105 дугаар талд өгсөн, мөн шүүгчийн туслахын мэдэгдэх хуудаст өгсөн хариу тайлбар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Н--ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн орой Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Бын эзэмшлийн “Самсунг галакси жи-5 прайм” загварын гар утсыг авахаар түлхэж газар унагаан хүч хэрэглэн довтолж, гар утсыг нь дээрэмдэн авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх,  хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, шүүгдэгчийн хувьд учруулсан хохирлыг төлсөн байдал болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Н-ийг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, цагдан хоригдсон хугацаа зэргийг тус тус харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэснийг журамлан шүүгдэгчийн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн” үйлдэлд нь 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.Н-д ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг тус тус харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.Н-ийн цагдан хоригдсон 160 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, довтолж дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н  нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон 160 /нэг зуун жар/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ