| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 144/2017/0083/э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2018-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 32
Т.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор А.Амгалан
Шүүгдэгч Т.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа
Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,
Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Т.*******д холбогдох 1729000580024 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Т.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний орой Өмнөговь аймгийн ******* сумын төвд буюу *******ийн 8-1 тоотод иргэн С.*******тай маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүх: Т.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.*******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.*******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тус бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.*******гийн нэхэмжилсэн 200000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Т.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Т.*******гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Т.*******д урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.******* давж заалдах гомдолдоо: “...С.******* намайг хэл амаар доромжилж, миний болон миний хүү Анаржаргалын эрх чөлөөнд халдсан бөгөөд миний хүү Анаржаргалыг хойш урагш нь татаж байхдаа хүзүүнд нь байсан урт улаан утастай бөөгийн хамгаалалт болох мөнгөн толь, мөнгөн бөгж, мөнгөн шагайнд хамраа цохиж өөрөө өөрийгөө гэмтээчихээд намайг гэмтээсэн мэтээр сүүлийнхээ мэдүүлгийг өгч үүнийг нь шүүх үнэлэн намайг гэмтэл учруулсан гэж, гэм буруутайд тооцож, ял оногдуулсанд гомдолтой байна. С.*******гийн биед гэмтэл учирснийг нарийн шалгаж тогтоогоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. С.*******гийн биед гэмтэл учирсан гэх шинжээчийн дүгнэлтийг хангалтгүй гэж үзэж дахин дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Өмнөговь явж 2 удаа хамар тэгшлүүлсэн гэх боловч ямар ч баримт нотолгоогүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Ийм учир Өмнөговьд хамар тэгшлүүлсэн үгүйг шалгаж өгнө үү. Мөн миний бие мөрдөн шалгах ажиллагааг зайлшгүй нэмж хийх шаардлагатай гэж үзэж байгаа учир анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Т.*******гийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.
Шүүгдэгч Т.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний орой Өмнөговь аймгийн ******* сумын төвд буюу *******ийн 8-1 тоотод иргэн С.*******тай маргаж, улмаар эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдсон, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Т.*******гийн хүний эрүүл хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар хохирогч Т.*******гийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 204 /хх-29/ дугаартай дүгнэлтээр шинжээч нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна гэж тогтоожээ.
Шүүгдэгч Т.*******гийн ...Анаржаргалыг хойш урагш нь татаж байхдаа хүзүүнд нь зүүсэн бөөгийн толинд цохигдсон. Намайг холд зайл гээд байхаар нь би түлхсэн. Гэхдээ би нүүр рүү нь зодсон /хх-141/, хохирогч С.*******гийн ...ээж нь хүүхэд түлхлээ гээд дайраад миний нүүр, хамар орчимд 2-3 удаа гараараа цохисон /хх-14-16/, гэрч О.Занданбалын ...тэр эгч гарахгүй гээд маргалдаад С.*******г цээж рүү нь түлхсэн. С.******* түүний урдаас түлхсэн. Тэгж байтал нөгөө эгч С.*******гийн нүүр рүү гараараа цохиод авсан. С.******* нүүрээ дараад суухаар нь би та яаж байгаа юм бэ настай хүн байж гээд түүний цамцнаас таттал тэр эгч миний үснээс зулгаагаад доош нь дарсан байсан /хх-24-25/ гэж тус тус мэдүүлснээс дүгнэхэд шүүгдэгч Т.*******гийн “С.******* намайг хэл амаар доромжилж, миний болон миний хүү Анаржаргалын эрх чөлөөнд халдсан, Анаржаргалыг хойш урагш нь татаж байхдаа хүзүүнд нь байсан урт улаан утастай бөөгийн хамгаалалт болох мөнгөн толь, мөнгөн бөгж, мөнгөн шагайнд хамраа цохиж өөрөө өөрийгөө гэмтээсэн”, “С.*******гийн биед учирсан гэмтлийг тогтоох шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах”, “мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийх” тухай давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэж үзэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.*******гийн “дахин шинжээч томилох, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ
Х.ГЭРЭЛМАА