Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0398/З |
Дугаар | 821 |
Огноо | 2018-12-14 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 821
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х” ТББ
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Х” ТББ-аас гаргасан гэрээ, гэрчилгээ сунгах хүсэлтийг сунгахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, “Х” ТББ-ын гэрээгээр эзэмшиж байгаа ойн сан бүхий 673,24 га газрыг “Х” ТББ-д Ойн тухай хуульд заасан хугацаагаар эзэмшүүлэхээр байгаль хамгаалах чиглэлээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, гэрч Д.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Тус нөхөрлөл нь “Байгаль хамгаалах тухай хууль”, “Ойн тухай хууль”-д зааснаар Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2008 оны 92 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын 2008 оны 92 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар дүүргийн Засаг даргатай 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Сүхбаатар дүүргийн нөхөрлөлийн байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах” 01 тоот гэрээний дагуу тус дүүргийн 15 дугаар хороо Ойн сангийн 45, 46 дугаар хэсэглэл болох Хандгайт дахь “*********** ***”-ны 736 га талбай бүхий газар нутгийн байгаль орчин, байгалийн нөөц баялгийг хариуцан, хамгаалах зорилгоор эзэмшдэг бөгөөд байгаль хамгаалах болон ойн менежментийн хөтөлбөрийг таван жилээр төлөвлөн батлуулж, холбогдох байгууллагад хийсэн ажлаа тайлагнаж ирсэн.
“Х” нөхөрлөл нь энэ хугацаанд төлөвлөлтийн дагуу жилд 2 удаа буюу хавар, намрын улиралд 1500-2000 мод, нийт 16000 орчим мод тариалж, эзэмшил газрын 43 га ойд цэвэрлэгээ, нөхөн сэргээлт хийсэн. Энэхүү ихээхэн хөрөнгө, хүч шаардагдсан ажлыг гүйцэтгэхдээ нөхөрлөлийн гишүүд болон ОУ-ын сайн дурын нийгэмлэг “Х” ТББ, тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “О” ХХК, “Т” ХХК, “Ж” ХХК зэрэг байгууллагуудад санал тавьж нийгмийн хариуцлагын үүднээс хамтран ажиллаж хөрөнгө, хүн хүчний туслалцааг авч, байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйлсэд эдгээр байгууллага, хамт олныг татан оролцуулсан төдийгүй мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмж, туслалцаагаар ажлаа хэрэгжүүлж бодит үр дүнд хүрсэн. 2014 оноос ******-ийн Биологийн тэнхимтэй судалгаа, шинжилгээ, байгаль орчин хамгаалах, сурталчлах сургалтын бааз байгуулах зорилгоор 2014 оноос модыг үрээр урсгал эрхтэнгээр үрслэг бойжуулах туршилт судалгааны ажлыг хэрэгжүүлэхээр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулан ажилласнаар 2 ширхэг хүлэмжийг барьж үрээр суулгац бэлдэх зэрэг туршилт, судалгааны ажлыг гүйцэтгэж ирсэн үр дүнгээ өгч 80 хувийн ургалттай буюу “онцсайн” гэсэн үнэлгээг мэргэжлийн байгууллага дүгнэсэн тул гэрээг 10 жилээр сунгаж ажиллаж байна.
Мөн нөхөрлөлийн зүгээс таримал мод, суулгацыг усжуулах, цаашид суулгац бэлтгэх хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор гүний худаг гаргаж, туршилт судалгаа, нөхөн сэргээлт, байгаль хамгаалах ажилд ашиглахын зэрэгцээ эзэмшлийн газрыг бүрэн хашаалж, харуул-байгаль хамгаалагч идэвхтэнг цалинжуулан, харуулын байр барьж ажиллах нөхцөлийг нь ханган тогтмол ажлуулснаар эзэмшил газрыг бүрэн хяналтандаа авч, хамгаалалтыг сайжруулсан. 2008 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд тус газарт нэг ч удаа гал түймэр гараагүй төдийгүй 2016 оны хавар зэргэлдээ гарсан ойн түймрийг эзэмшил ойн сан руу оруулахгүй унтрааж чадсан ба урьдчилан сэргийлэх ажиллагаа эрс сайжирсан. Дотоодын аялал жуулчлал, самар жимс түүх гэсэн иргэдийн хөдөлгөөнд тавих хяналт сайжирсан ба хуурайшилт ихтэй цаг үед хязгаарлалт тавин ажилласан. Дотоод аялал жуулчлал, самар жимс түүх гэсэн иргэдийн хөдөлгөөнд тавих хяналт сайжирсан ба хуурайшилт ихтэй цаг үед хязгаарлалт тавин ажилласан.
Дураараа газар эзэмшиж, ашиглах хууль бус үйлдлийг цаг тухайд нь туслан зогсоож, хууль бус суурьшлын бүс үүсэх нөхцөлийг энэ хугацаанд бүрэн зогсоосон зэрэг бодитой үр дүнгээ өгсөн ажлуудыг гүйцэтгэсэн бөгөөд эдгээрт 70 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Бидний ажлыг дүгнэж, БОАЖЯамнаас “Шилдэг ойн сангийн нөхөрлөл” батламж олгосон.
Тус нөхөрлөл нь “Байгаль хамгаалах тухай хууль”, “Ойн тухай хууль” дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн, хууль бус ямарваа нэг зөрчил гаргаагүй тул “Байгаль хамгаалах тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.2.7, “Ойн тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.5-д “Энэ хуулийн 4.4.2-т заасан гэрээг зохих бэлтгэл хангуулах зорилгоор эхний ээлжид нэг жилийн хугацаагаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 60 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болно” гэж заасныг үндэслэн мэргэжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болох БОАЖЯ-ны 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 05/2039 тоот албан бичгээр дэмжиж, ойн санг эзэмших гэрээг сунгах тухай саналыг дүүргийн Засаг даргад хүргүүлсэн. Тус нөхөрлөлөөс Сүхбаатар дүүргийн ИТХ, Засаг дарга, холбогдох хүмүүс удаа дараа албан бичгээр үйл ажиллагаа явуулах гэрчилгээ, гэрээний хугацааг сунгуулахаар хүсэлтийг гаргасан. Мөн дээрхи хүмүүстэй удаа дараа уулзсан ба нөхөрлөлийн ажилтай газар дээр нь танилцах, тарьсан модыг дүүргийн ойн санд тооллого хийн хүлээн авах, хүлэмжээр бэлтгэж байгаа тарьц, суулгацыг байгууллага, иргэдэд нийлүүлэх санал, хүсэлтийг байнга тавьж байсан боловч УИХ болон орон нутгийн сонгуулийн жилтэй холбоотойгоор эрх бүхий албан тушаалтан нар өөрчлөгдсөн, шинээр томилогдсон Засаг дарга, албан тушаалтан, ажилтнуудаас “асуудлыг газар дээр нь танилцаж, судлаад гэрээ гэрчилгээг сунгана, хариу хүргүүлнэ...” гэх мэтээр ихээхэн цаг хугацаа алдаж хойшлуулсаар ирсэн боловч өнөөдрийг хүртэл нөхөрлөлийн ажилтай танилцаж, очиж үзээгүй төдийгүй ямар нэг шийдвэр, хариу өгөхгүй тодорхой бус байдлаар хандаж байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэж байна.
Засаг даргын энэхүү хууль бус эс үйлдэхүй нь тус ойн нөхөрлөлийн эрх зүйн байдлыг дордуулж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагаас нөхөрлөлөөс цаашид үйл ажиллагаа явуулахад саад учруулж бидний болон нийгмийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хохироогоод зогсохгүй энэхүү захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нөхөрлөлийн үйл ажиллагааг зогссон мэтээр иргэд ойлгож хууль бусаар газар эзэмших гэсэн этгээдүүд олноор ойн эзэмшилд дайрч нэвтрэн ойн санг гэмтээх болсон. Сүүлийн үед тодорхой нэр бүхий этгээд сонин хэвлэл, олон нийтийн мэдээллийн сүлжээгээр нөхөрлөлийн эзэмшил газарт эзэмшлийн гэрчилгээтэй 1 га газрыг 50 сая төгрөгөөр зарна гэх мэдээлэл гарах болсон ба дүүргийн Засаг даргаас бусдад газар эзэмшүүлсэн, газрын наймаа хийх ашиг сонирхол байгаа гэж хардах үндэслэлтэй. Энэ талаар Нийслэлийн Засаг даргад нөхөрлөлийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж хүссэн боловч дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын эрх хэмжээний асуудал гэж мөн л тодорхой бус байдлаар хандаж холбогдох арга хэмжээ авч өгсөнгүй.
Хариуцагч нь тус нөхөрлөлд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 92 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар 6000 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулж, гэрчилгээ олгосны үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байсныг хүлээн зөвшөөрсөн атлаа “...хуулийн дагуу газар эзэмшүүлсэн гэж үзэх боломжгүй бөгөөд ...газар эзэмшүүлсэн тухай хувийн хэрэг газрын албаны архивт хадгалагдаагүй байна” гэжээ. “Газрын тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах гэж томъёолсон байна. Гэтэл хариуцагч шүүхэд тодорхой бус, төрийн байгууллагад хуулиар хүлээсэн үүрэгтэй холбоотой тодруулбал: дүүргийн Засаг дарга, түүний газрын асуудал эрхэлсэн алба, хэлтэс, мэргэжилтэн нар хуульд заасан эрх, үүргээ огт хэрэгжүүлээгүй илт хууль бус үйлдэл, эс үйлдлээ хаацайлан нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.
Хариуцагч мөн тайлбартаа: “...иймд дээрхи шийдвэрээр нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газрын гэрээ, гэрчилгээ байхгүй, газрын мэдээллийн санд оруулсан эсэх нь тодорхойгүй байна." гэж илт худал мэдүүлжээ.
Тус ойн нөхөрлөлд дүүргийн Засаг дарга 07 тоот гэрчилгээ олгож, 2008 оны 09 дүгээр 05-ны өдөр “Сүхбаатар дүүргийн нөхөрлөлийн байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрээ”, 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдөр №01 гэрчилгээ олгож, №01 тоот “Сүхбаатар дүүргийн нөхөрлөлийн байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрээ”-г тус тус байгуулсан нотлох баримтууд байсаар атал үүнийг үгүйсгэсэн байна. Газрын мэдээллийн санд оруулах асуудал нь төрийн байгууллагын өөрийнх нь хуулиар хүлээсэн үүрэг юм.
Тус нөхөрлөл хуульд заасны дагуу дээрх газрыг эзэмшихдээ байгаль хамгаалах болон ойн менежментийн хөтөлбөрийг таван жилээр төлөвлөн хуульд зааснаар Нийслэлийн Байгаль хамгаалах газраар батлуулж, жил бүр хийсэн ажлынхаа тайланг дүүргийн Засаг дарга, холбогдох байгууллагад тайлагнаж ирсэн. Тодруулбал: Өмнө нь дүүргийн Засаг даргын шууд удирдлагад ажилладаг Байгаль орчин, ногоон байгууламжийн хэлтэс \мэргэжилтэн Ө\, 2016 оноос дүүргийн Хот тохижилт, дэд бүтэц хариуцсан хэлтэс \мэргэжилтэн Мөнхжаргал\-т ажлын тайлан, гэрээ гэрчилгээ сунгуулах хүсэлтээ байнга гаргаж байсан.
Мөн дүүргийн Засаг дарга Болормаа болон орлогч дарга Ш, холбогдох мэргэжилтэн нартай УИХ-ын гишүүн Б.Бийн хамт 2-3 удаа уулзаж байсан ба нөхөрлөлийн ажлыг газар дээр нь шалгаж, тарьсан мод суулгацыг тооллого, бүртгэлд авах хүсэлтийг ч удаа дараа гаргаж байсан.
Дээрх үйл баримтуудаас үзэхэд хариуцагчийн хариу тайлбар нь бодит байдалд үл нийцэх, үндэслэлгүй болохыг харуулж байна...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын “Х” нөхөрлөлөөс хууль тогтоомжид зааснаар нөхөрлөлийн үйл ажиллагааг явуулах, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гэрээ, гэрчилгээг сунгуулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллагын хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан, хэрэгжүүлэхгүй байгаагаас тус нөхөрлөлийн эрх зүйн байдлыг дордуулсан, хууль ёсны эрх ашгийг хохироосон байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох,
Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн буюу одоо эзэмшиж буй нэгж талбар, координат бүхий 6,732,396 м2 ойн сан бүхий газрыг “Х” нөхөрлөлд Ойн тухай хуульд заасан хугацаагаар эзэмшүүлэхээр гэрээ байгуулж, гэрчилгээг сунгахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаар тогтоолоор “Х” ББ нөхөрлөлд тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6000 га газрыг ойн сангийн зориулалтаар, 2008 оны *** дугаар Засаг даргын захирамжаар “Х” ТББ нөхөрлөлд 15 дугаар хороо, *********** ***ны ойн сан бүхий 6000 га газрыг эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.
Тус нөхөрлөл нь гэрээт газар дээрээ байгаль орчныг хамгаалах, орчны доройтол, байгалийн нөөцийн хомсдолоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулах зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулан, гэрчилгээ авч ажиллаж байсан. Энэ нь “Х” ТББ нөхөрлөлд Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшүүлсэн гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч “Х” ТББ-ын газар эзэмших хувийн хэрэг дүүргийн газрын албаны архивт хадгалагдаагүй байна.
Иймд дээрх шийдвэрээр нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газрын гэрээ, гэрчилгээ байхгүй, газрын мэдээллийн санд мэдээллээ оруулсан эсэх нь тодорхойгүй байна.
2008 оноос 2014 он хүртэл Х ойн нөхөрлөлтэй гэрээ хийсэн. Гэрээнд заасны дагуу жил бүр дүүргийн Засаг даргад ажлаа тайлагнаж гэрээг сунгахаар тусгасан. Гэтэл тус нөхөрлөл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тусгасан эрх ашиг сонирхлыг нь зөрчөөгүй юм.
Мөн гэрээг сунгах боломжгүй юм. Жил бүр хот төлөвлөлтийн ерөнхий газраас газрын эзэмшиж болох газруудыг баталдаг. 2017 болон 2018 онд энэхүү маргаан бүхий газар нь Хот төлөвлөлтийн төлөвлөгөөний газраас баталсан чиглэлүүдэд хамрагдаагүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буцааж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х” ТББ-аас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Х” ТББ-аас гаргасан гэрээ, гэрчилгээ сунгах хүсэлтийг сунгахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, “Х” ТББ-ын гэрээгээр эзэмшиж байгаа ойн сан бүхий 673,24 га газрыг “Х” ТББ-д Ойн тухай хуульд заасан хугацаагаар эзэмшүүлэхээр байгаль хамгаалах чиглэлээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэг: Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Анх Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаар “Зөвшөөрөл олгох тухай” тогтоолоор “Х” ТББНөхөрлөлд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хандгайт дахь *********** ***ны ойн сангийн 6000 га газрыг эзэмшүүлэхийг зөвшөөрснөөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар “Гэрчилгээ олгож, гэрээ байгуулах тухай” захирамж гаргажээ.
Уг захирамжид заасны дагуу “Х” ТББНөхөрлөлөөс Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай 4 зүйл бүхий гэрээг байгуулж, Байгаль орчныг хамгаалах иргэдийн нөхөрлөлийн гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар олгон, уг гэрчилгээгээ 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаатайгаар сунгажээ.
Учир нь Ойн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.2-д “сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг тогтоосон хугацаа, нөхцөл, болзолтойгоор гэрээний дагуу ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад”, 4.5-д “Энэ хуулийн 4.4.2-т заасан гэрээг зохих бэлтгэл хангуулах зорилгоор эхний ээлжид нэг жилийн хугацаагаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 60 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болно”, 18 дугаар зүйлийн 18.1.4-т “баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх, хяналт тавих; харин мөн хуулийн 18.2.6-д “энэ хуулийн 18.1.4-т заасан шийдвэрийг үндэслэн ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг болзол, хугацаатайгаар эзэмшүүлэх гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих” эрхийг Сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхээр зохицуулсан байна.
Энэ хуулийн үйлчлэлийн хүрээнд 2009 онд Монгол Улсын Засгийн газраас “ойн санг гэрээгээр эзэмшүүлэх журам” , 2010 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/250 дугаар тушаалаар “Байгалийн тодорхой баялгийг хариуцан хамгаалах, ашиглах, эзэмших талаар иргэдийн нөхөрлөлийн баримтлах журам” зэргийг тус тус баталсан байжээ.
Нэхэмжлэгч “Х” ТББНөхөрлөлөөс Сүхбаатар дүүргийн Засаг даргаас олгосон дээрх гэрчилгээний хугацаанд дээрх журамд нийцүүлэн байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тухайн газар дээр байгаль орчныг хамгаалах, доройтлоос урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч Д.Өын “...ажлын тайлангаа өгч байсан. Ирж уулзаад “...манай хугацаа дууссан байна” гэж сунгах хүсэлтээ өгч байсан...” гэх мэдүүлэг , *****тай байгуулсан “хамтран ажиллах гэрээ” , “М” ХХК-тай байгуулсан худалдах худалдан авах гэрээ , Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Биологийн тэнхимтэй байгуулсан “хамтран ажиллах гэрээ” , Нийслэлийн байгаль хамгаалах Газрын даргын баталсан “Х” нөхөрлөлийн ойн сан менежментийн төлөвлөгөө , “Х” ТББНөхөрлөлийн 2008-2013 оны тайлан , 2014, 2015 оны намрын тайлан , Ойн судалгаа хөгжлийн төв УТҮГ-н дүгнэлт , “Х” нөхөрлөлийн ойн тооллого, ой зохион байгуулалтын ажлын тайлан , Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тодорхойлолт болон тус нөхөрлөлийн гэрээгээр эзэмшиж буй газар дээр шүүхээс хийсэн үзлэг зэргээр тогтоогдож байна.
Гэтэл нэхэмжлэгч “Х” ТББНөхөрлөлөөс хариуцагчтай байгуулсан гэрээ, гэрчилгээний хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 039 , 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 26 , 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 010 дугаар хүсэлтүүдийг гаргасан хэдий ч хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас ямар нэг захиргааны шийдвэр гаргалгүйгээр орхигдуулсан байна.
Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О “...Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 213 тоот тогтоол гарсантай холбоотойгоор нийслэлийн ногоон бүсэд байгаль хамгаалах үйл ажиллагаа явуулж байсан “Х” ТББ болон нэр бүхий 6 нөхөрлөлийн гэрчилгээг дахин сунгаагүй. Өөрөөр хэлбэл газрын гэрээ, гэрчилгээг сунгах эрх зүйн орчин нь бүрдээгүй. Иймд Засаг даргын эс үйлдэхүй яригдахгүй...” гэж тайлбарлажээ.
Гэвч энэхүү тайлбар нь үндэслэлгүй байх бөгөөд хариуцагчийг хуульд заасан үндэслэлээр бус хэлбэрийн төдий шалтаг гарган татгалзсан гэж үзэхээр байна.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 213 дугаар "Жагсаал батлах тухай" тогтоол -ын 1 дэх заалтыг үзвэл “ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлж болох хамгаалалтын бүсэд хамаарах ойн сангийн нэршлийн жагсаалтыг баталсан” төдий байх бөгөөд энэхүү тогтоолоор дээр дурьдсан журмыг өөрчилж, хүчингүй болгоогүй, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, зохистой ашиглах”-ыг хориглосон утга санаа агуулагдаагүй болно.
Түүнчлэн хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч “Х” ТББНөхөрлөлд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хандгайт дахь *********** ***ны ойн сангийн зориулалтаар 6000 га газрыг эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар “Гэрчилгээ олгож, гэрээ байгуулах тухай” захирамжийг хүчингүй болгосон ямар нэг эрх зүйн актыг хариуцагчаас гаргаагүй.
Энэхүү захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т ”Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” заасны дагуу өнөөдрийг болтол хүчин төгөлдөр байгаа болно.
Өөрөөр хэлбэл хуульд заасан нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй гэж үзэхээр байна.
Нөгөөтээгүүр хариуцагчаас өөрийн тайлбарт дурьдсан Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 213 дугаар "Жагсаал батлах тухай" тогтоолыг үл ойшоон нэхэмжлэгч “Х” ТББНөхөрлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хандгайт дахь *********** ***ны ойн сангийн зориулалтаар эзэмшүүлсэн талбайтай зэрэгцүүлэн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/55 дугаар “Аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, талбай өөрчлөх тухай” захирамжаар иргэн Б.О /**-********/, Д.Б /РД:**-********/, Л.О /**-********/ нарт 10000м2 газрыг, Б.Д-д /**-********/ 3600м2 газрыг 15 жилийн хугацаатай “мод үржүүлэг" буюу аж ахуйн зориулалтаар тус тус олгосон болох нь тогтоогдож байх бөгөөд тэдгээр эзэмшигч нар газраа гэрээнд заасны дагуу ашиглаж байгаа эсэх талаар шүүхээс тусгайлан дүгнэлт өгөх боломжгүй болно.
Гэтэл нэхэмжлэгч гэрээгээр эзэмшиж буй ойн сан бүхий газрын гэрээ, гэрчилгээг сунгуулах хүсэлтээ журамд заасны дагуу хүргүүлсээр атал хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга гаргасан өргөдлийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулснаас “Х” ТББНөхөрлөл эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх боломжгүй болсон байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд хариуцагчид гэрээг сунгах, гэрчилгээ олгохоос татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “Х” ТББ-аас гаргасан “гэрээ, гэрчилгээ сунгах” хүсэлтийг сунгахгүй байгаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус, “Х” ТББ-ын гэрээгээр эзэмшиж байгаа ойн сан бүхий 673,24 га газрыг “Х” ТББ-д Ойн тухай хуульд заасан хугацаагаар эзэмшүүлэхээр байгаль хамгаалах чиглэлээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах” нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр: “Х” ТББ-ын гэрээгээр эзэмшүүлэх 673,24 га газрын талаар: Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаар “Зөвшөөрөл олгох тухай” тогтоол, Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн *** дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хандгайт дахь *********** ***ны ойн сангийн 6000 га газрыг эзэмшүүлэхийг зөвшөөрсөн хэдий ч нэхэмжлэгч нь бодит байдал дээр 736 га талбай бүхий газар нутгийн байгаль орчин, байгалийн нөөц баялгийг хариуцан, хамгаалах зорилгоор эзэмшиж байсан болох 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр “Байгаль хамгаалах нөхөрлөлийн гэрчилгээ” , “Х” ТББНөхөрлөлийн гэрээгээр эзэмших Ойн тархалтын зураг , 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01 дүгээр” Сүхбаатар дүүргийн нөхөрлөлийн байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрээ” болон бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.
Гэсэн хэдий ч дээрх талбайн хэмжээг баталгаажуулсан кадастрын зураг байхгүй, мэдээллийн нэгдсэн санд огт бүртгэн оруулах үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй байна.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа өөрийн хүссэн үр дүнд хүрэх буюу зөвшөөрөх боломжтой талбайг “673,24 га” гэж тодорхойлсон бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид гэрээгээр эзэмшүүлж байсан газрын хэмжээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нэгж талбарын зураг , түүнийг бусад иргэн, хуулийн этгээдийн газрын давхцалгүй эсэх талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэн “Х” ТББ-ын гэрээгээр эзэмшиж байгаа ойн сан бүхий 673,24 га газрыг олгохыг даалгаж шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ТББ-аас Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан хүсэлтийн дагуу
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хандгайт дахь *********** ***ны ойн сан бүхий газрын гэрээ, гэрчилгээг сунгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Х” ТББ-ын гэрээгээр эзэмшиж байгаа ойн сан бүхий 673,24 га газрыг “Х” ТББ-д Ойн тухай хуульд заасан хугацаагаар эзэмшүүлэхээр байгаль хамгаалах чиглэлээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР