Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/117

 

 

 

  

 

 

 

 

2021          02             23                                      2021/ШЦТ/117

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2021/0110

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч, хяналтын прокурор З.Энхжаргал,

Шүүгдэгч М.Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхамжав овогт Мягмардоржийн Буянжаргалд холбогдох эрүүгийн 2009024941501 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.Б  нь 2020 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цагаас 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн урд хохирогч О.Э- маргалдан зодож эрүүл мэндэд нь “биед хамрын таславчийн доод хэсгээс дээд уруулын хонхор луу үргэлжилсэн сорви, баруун, зүүн дээд үүдэн 1-р шүдний хугарал гэмтэл" хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Б  нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 03 цагаас 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн урд хохирогч О.Э маргалдан зодож эрүүл мэндэд нь “биед хамрын таславчийн доод хэсгээс дээд уруулын хонхор луу үргэлжилсэн сорви, баруун, зүүн дээд үүдэн 1-р шүдний хугарал  бүхий гэмтэл" хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Хохирогч О.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манхэттэн лоунжаас 2020 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 01:00 цаг болж байхад гарсан. Тухайн газраас гараад манай найз Баттогтох, Төгөлдөр, Төгөлдөрийн 3-4 найз бид нар Сүхбаатар дүүргийн 1-р хороо Бизнес Тауэрын 61 давхарт байрлах караоке орсон. Тэгээд караоке дотор ороод Эдэн гэх нэртэй архи ууж байгаад хажуу өрөөний залуучуудтай үл ойлголцол болоод маргалдаж байгаад салцгаасан. Нэг мэдсэн чинь Буянжаргал миний нүүр хэсэг рүү нэг удаа цохиод би газар унасан. Би ямар шалтгаанаар маргалдсанаа мэдэхгүй байгаа, тэгээд ГССҮТ-д очсон. Төгөлдөр, Баттогтох нар Буянжаргал чамайг цохиод чи газар унасан гэж бас надад хэлсэн. Энэ явдлын дараа Буянжаргал өөрөөсөө шүдний эмчилгээний мөнгө зураг авахуулах мөнгө, уруулны оёдол тавиулах эмчилгээнд нийт 500-600 орчим мянган төгрөг гаргасан. Тухайн дүгнэлтэн дээр тусгагдсан гэмтлийг Буянжаргал гэх залуу миний нүүрэн тус газар цохиж учруулсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 тал/,

- Гэрчээр О.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Минйи уруул сэтэрсэн, 6 оёдолтой байгаа, мөн үүдэн 2 шүд хугарсан. Би сэтгэл санааны хохирол, ажпын цалин мөнгө нөхөн төлүүлэх, өөрийн гэмтсэн хэсгүүдээ яаралтай хэвэнд нь оруулахыг хүсэж байна, гомдолтой байна... ” гэх мэдүүлэг /хх-ийн 04 тал/,

- Гэрчээр Г.Батчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр манай ажлын газрын ах Төгөлдөрийн төрсөн өдөр болоод бид нар ажлын газрын хамт олноороо болон Төгөлдөр ахын найз нарын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бизнес тауэрын Б1 давхарт байрлах караокед орж үйлчлүүлсэн. Би өөрийн найз Намуунаатай караокенаас гараад үүдэнд зогсож байсан чинь Баагий гээд манай ажлын газрын зохион байгуулагч Төгөлдөрийн 2 найзтай маргалдаад Бизнес тауэрын гадаа үүдэнд маргалдаад зогсож байсан. Тэгсэн чинь манай ажпын залуу Энх-Амгалан болиулах гээд очтол Баагийгийн маргалдаж байсан Буяка гэх Төгөлдөрийн найз Энх-Амгалангийн нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд уруул нь цус болчихсон байсан. Тухайн үйл явдал КРС түргэн хоолны газрын зогсоол дээр болсон гэж санаж байна”... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан 10788 дугаартай: “1. О.Э-н биед хамрын таславчийн доод хэсгээс дээд уруулын хонхор луу үргэлжилсэн сорви, баруун, зүүн дээд үүдэн 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 16-17 тал/,
  • Гэрч А.Энхжингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Б.Төгөлдөрийн төрсөн өдрийг Манхэттэн лоунжид тэмдэглэсэн.... Буянжаргал эрүүл намайг авах гэж ирсэн. Тэгээд кароаке дотор сууж байгаад бид нар бөөндөө гараад Драмын театрын автомашин зогсоол руу явсан. .. Төгөлдөр бид хоёрыг салгаад босоод ирсэн чинь Энх-Амгалан машины зогсоолын гол хэсэгт машины дугай хязгаарлагчийн хажууд хэвтэж байсан... тэгсэн амнаас нь цус гарчихсан байсан. Буянжаргал, Энх-Амгалан хоёр ГССҮТ рүү яваад өгсөн...” /хх-ийн 11 тал/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч М.Б-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч М.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27 тал/
  • Шүүгдэгч М.Б-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 28 тал/
  • Шүүгдэгч М.Б-ын Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 29 тал/
  • Шүүгдэгч М.Б-ын Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 30 тал/
  • Шүүгдэгч М.Б-ын Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 31 тал/,
  • Шүүгдэгч М.Б-ын Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 32 тал/
  • Шүүгдэгч М.Б-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 тал/
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /хх-ийн 70 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч М.Б  нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 03 цагаас 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн урд хохирогч О.Э маргалдан зодож эрүүл мэндэд нь “биед хамрын таславчийн доод хэсгээс дээд уруулын хонхор луу үргэлжилсэн сорви, баруун, зүүн дээд үүдэн 1-р шүдний хугарал  бүхий гэмтэл" бүхий хөнгөн хохирол учруулж санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч О.Э нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн талаар баримтыг гаргаж өгөөгүй, шүүгдэгч нь хохиролд нийт 660.000 төгрөг төлсөн талаар мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч О.Э нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан мөн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал зэргийг харгалзан үзсэн болно. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн анх удаа гэмт үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа 600.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнийг цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1. Шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч М.Б д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хохирогч О.Э нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                       

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.АЗЖАРГАЛ